COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Лхагважав: Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг хэлэлцэж байна

2016 оны 11 сарын 07

“Ипотекийн зээлийн төлөлтөөр сар бүр 20-25 орчим тэрбум төгрөг орж ирдэг. Банкуудаас ирсэн захиалгыг харахаар үүнээс илүү санхүүжилт хүсч байна. Тиймээс Монголбанкны Ерөнхийлөгч Мөнгөний бодлогын газарт оновчтой шийдэл олох үүрэг даалгавар өгсөн. Тун удахгүй тодорхой шийд гарна.

Монголбанкны ОН-ийн боловсрол, мэдээллийн төвийн захирал Б.Лхагважавтай  валютын ханш,  эдийн засгийн  хүндрэлээс гарах боломж нөхцөл,  орон сууцны зээлийн санхүүжилт зэрэг олны анхаарал татсан асуудлаар ярилцлаа.   

-Валютын ханш сүүлийн хоёр сард 20 хүртэл хувиар чангарлаа. Өнгөрсөн 8 сарын дундуур нэг америк доллар  2100 орчим төгрөгийн ханштай байсан бол өнөөдөр 2400 орчим төгрөгт хүрээд байна. Одоо  яах вэ, юу хийх вэ Монголбанк?  

-Юуны түрүүнд нэг юмыг ойлгох хэрэгтэй байна. Валютын  ханш гэдэг нь эдийн засагт эрсдэл хэрхэн хуримтлагдсаныг л харуулж байгаа хэрэг. Шалтгаан нь биш үр дагавар нь юм. Валютын ханш нилээн хурдацтай чангарч байгаа нь төлбөрийн тэнцэл  хүнд  байгааг харуулж байгаа үзүүлэлт. Монголбанк ямар зохицуулалт хийж байна вэ гэхээр долоо хоног бүрийн 2, 4 дэх өдөр бүр гадаад валютын дуудлага худалдаа хийдэг. Өнгөрсөн долоо хоногт нилээд хэмжээний  доллар, юань  зарлаа.  Тэгэхээр   Монголбанк валютын ханшийн огцом савлагааг зөөлрүүлэхэд оролцдог.  Түүнээс биш ханшийг хүчээр ямар нэг түвшинд барих зорилго агуулдаггүй. Иймээс ч ирэх оны Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд “төгрөгийн ханш зах зээлийнхээ суурь хүчин зүйлсээрээ тодорхойлогдоно” гэсэн заалтыг оруулсан.   

Валютын ханш нилээн хурдацтай чангарч байгаа нь төлбөрийн тэнцэл  хүнд  байгааг харуулж байгаа үзүүлэлт.

Энэ ханш хэний асуудал вэ гэсэн асуулт их гарч байна. Ханштай холбоотой асуудал Монголбанкны ч, Засгийн газрын ч асуудал. Ханш өөрөө төлбөрийн тэнцэл гэдгээс хамаардаг. Экспорт, импорт, гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой. Тиймээс энэ талаасаа Засгийн газрын үүрэг, хариуцлага байдаг. Ханшийн огцом савлагааг зөөлрүүлэх, огцом савлагааг бий болгохгүй байх, түүнээс зайлсхийх  зохицуулалтыг Төв банк хариуцаж ажилладаг. Төв банкны тухай хуулиндаа заачихсан байгаа. Монголбанк  төгрөгийн  тогтвортой байдлыг хангана. Гэхдээ нэг талдаа инфляцийн тогтвортой байдал,  нөгөө талдаа ханшийн тогтвортой байдлыг гэж ойлгодог. Ханшийн тогтвортой байдал гэдгээ эргээд Төв банкны тухай хуулийн 22-р зүйлээр зохицуулж тайлбарлаж байгаа юм. Мөнгөний бодлогоо хэрэгжүүлэхдээ төгрөгийн ханш уян хатан байх, макро эдийн засгийн суурь хүчин зүйлсээрээ тодорхойлогдох тэр нөхцөлийг бүрдүүлж ажиллана гэсэн  заалтууд байдаг. Тэгэхээр эцсийн дүндээ ханш гэдэг бол Засгийн газрын ч, Төв банкны ч хариуцах ажил. Төгрөгийн ханшийг тогтворжуулахад аль алиных нь оролцоо маш чухал.

Мөн ОУ-ын санхүүгийн байгууллагуудтай гэрээ хэлэлцээр ид үргэлжилж байна. Цаана нь нилээд хэмжээний мөнгөний асуудал яригдаж байна. Энэ гэрээ хэлэлцээр амжилттай болвол валютын ханш тогтворжих  үндэс бүрдэнэ. Цаана нь макро эдийн засгийн тохироо бүрдэх юм бол  валютын ханшийн дарамт буурна.

-Ханш тогтворжих цаг хугацааг Монголбанк хэдий үе гэж харж байна вэ? 

-Асуудал бол цаг хугацаандаа л байна. Хэзээ гэдэгт. Хэнтэй хамтрах уу, хэзээнээс вэ л гэдэгт  байна. Тухайлбал, ОУВС манайд хоёр дахь долоо хоног дээрээ ажиллаж байна. Урд хөрштэйгээ ярьсан зүйл байна. Мөн Япон зэрэг донор орнуудтай  ярьсан зүйлүүд байна. Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч хоёр мөн Вашингтонд ажилласан.  Хугацааг  хэлэхэд  хүндрэлтэй  байна.

-Өнгөрөгч наймдугаар сард Монголбанк бодлогын хүүгээ чангатгасан. Сар бүр интервенци хийж байна. Үүний үр дүнг өнөөдөр ямар хэмжээнд гарсан гэж Төв банк дүгнэж байгаа бол?  

-Монголбанк тодорхой үр дүн гарсан гэж үзэж байна. Бодлогын хүүг 15 хувь болгож нэмэхээс өмнө иргэд, аж ахуйн нэгжийн төгрөгт итгэх итгэл суларч, төгрөгийн хадгаламжаа доллар руу хөрвүүлэх  нь нэмэгдсэн байсан. Харин бодлогын хүүг нэмсэний дараа энэ хөдөлгөөн зарим талаар саарсан. Ззарим талаар бүр зогссон байдал ажиглагдсан.  Бас нэг нотлох баримт бол Монголбанк 1.2 тэрбум ам.долларын нөөцтэй  байна.  Энэ  нөөц  доошлоогүй. Энэ нөөцөө авч үлдэх боломж бодлогын хүүг нэмснээр бий болсон.  

Бодлогын хүүг 15 хувь болгож нэмэхээс өмнө иргэд, аж ахуйн нэгжийн төгрөгт итгэх итгэл суларч, төгрөгийн хадгаламжаа доллар руу хөрвүүлэх  нь нэмэгдсэн байсан.

Харин үүний  араас жаахан дутуу явсан юм  бий.  Ханшийг зөвхөн мөнгөний бодлогоор  хамгаалах аргагүй. Төсвийн бодлого ч гэсэн хүчтэй нөлөөтэй байдаг. Тиймээс төсөв дээр  алдагдлыг бууруулах, төсвийн сахилга батыг баримтлах, зарлагыг багасгах гээд дэмжиж ажиллах шаардлага байна. Ингэж чадвал төгрөгийн сулрах дарамт нилээд хэмжээгээр багасах боломж бүрдэнэ. Тиймээс л ханшийн өөрчлөлтийг Монголбанк, Засгийн газар аль аль нь  хариуцна.  Зэрэг  хөдөлж байж л  төгрөгөө хамгаална. 

-Өнөөдрийн валютын нөөцийн хэмжээг эдийн засаг энгийн байх үетэй харьцуулж хэлвэл?

-Гурван  сарын импортын хэрэгцээг хангах түвшинд байна. Тэгэхээр одоо Төв банк  валютын нөөцийг үүнээс доош оруулах нь эрсдэлтэй тулгарна гэсэн үг. Манайх шиг хөгжиж байгаа оронд валютын нөөц их байх тусмаа л сайн. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байх үед манай валютын нөөц 4 тэрбум доллар гарчихсан явж байсан шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн нөөц бол  наад захын хэрэгцээг  л  хангах  хэмжээ. Тиймээс нөөцийг нэмэхийн төлөө явах хэрэгтэй. 

-Ер нь Монголбанкны хувьд эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг юу гэж тодорхойлж байна? 

-Эргээд л нөгөө хамтын ажиллагаагаа ярихгүй бол болохгүй нь. Эдийн засгийг  зохицуулдаг төсөв,  мөнгөний гэсэн хоёр арга бий.  Нэг бодлого нь хэрэгжээд  нөгөөх нь хоцорчихвол  эдийн засаг засагдах боломжгүй болно. Одоогоор  Монголбанк, Сангийн яамны хамтарсан ажлын хэсэг эдийн засгийн хүндрэлийг даван туулах   төлөвлөгөөнийхээ  дагуу  ажиллаж байна.  Хоёр тал боломжийнхоо хэрээр ажиллаж байна. Хуримтлагдсан хүндрэл, бэрхшээл том байгаа учраас ОУ-ын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллахгүйгээр дангаараа  энэ  хүндрэлээс гарах боломж манайд  хомс байна.  Мөн төсөв мөнгөний бодлогыг хямралын эсрэг уялдуулахгүй бол  үр дүн гарахгүй гэдэг нь улам л тодорхой болж байна. Хугацаа алдах тусам асуудал хүндрэх аястай болчихлоо.  Маш хурдан ажиллахгүй бол  нөхцөл байдал улам л муудна.

Хамгийн түрүүнд учрах бэрхшээл төсөв талдаа байгаа юм. Төсөвт асар том хэмжээний алдагдал хүлээсэн. Огцом бууруулах ямар ч боломжгүй. Тэгэхээр тэр алдагдлыг нөхөх эх үүсвэр байхгүй л бол болохгүй байна. Тэгээд алдагдлыг алгуур бууруулах ийм л чиглэл барихгүй бол болохгүй байна. Ер нь Монголын эдийн засаг их жаахан шүү дээ. Засал авахдаа их хурдан. Нэг жил, нэг жил хагасын хугацаанд бүрэн засал авч  хүндрэлээс гарах бүрэн боломжтой. Дээр нь мега төслөө хөдөлгөчихвөл  хүндрэлээс маш  хурдан гарч  болохыг  бид 2009 оны хямралаас  харж болно л доо.              

-Монголбанкны Ерөнхийлөгч мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ бид зах зээлд суурилсан хэрэгслүүдийг голлон ашиглана. Өмнөх уламжлалт аргуудаас бусад  аргыг хэрэглэнэ гэж  байсан. Чухам ямар аргыг сонгож байна вэ?

-Үүнийг Төв банкны тухай хуулиар заасан. Монголбанк  арилжааны  банкуудад зээл олгож болно. Банкуудын заавал байлгах нөөцийг хөдөлгөх, нээлттэй захын үйл ажиллагаа явуулах, үнэт цаасаа зарж борлуулах гээд. Өнгөрсөн дөрвөн жилд Монголбанк  Засгийн газартай хамтраад “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”  хэрэгжүүлсэн.  Санаа нь зөв боловч хэрэгжүүлсэн арга, хэлбэр, хэрэгсэл нь зах зээлийн биш байдлаар хэрэгжсэн. Монголбанк Засгийн газрын хөтөлбөрт оролцож санхүүжүүлэгч талаас нь дэмжиж  явсан.  Эцсийн үр дагавар нь валютын нөөцийг дундруулсан. 7-8 их наяд төгрөг зах зээлд нийлүүлчихээр тэр мөнгө буцаад  доллар болж  хөрвөж гарсан. Сүүлийн дөрвөн жилд  6 тэрбум доллар зарчихсан байгаа юм. 

Ингэж  явах боломжгүй юм байна гэдэг нь өнөөдөр харагдаж байна л даа. Ингэж Төв банк төсөвтэй адилтгах үйл ажиллагаанд оролцохгүйгээр сонгодог арга хэлбэр рүүгээ оръё гэсэн үг л дээ.

-Ер нь өнгөрсөн 4 жилд УИХ-ын харьяаны байгууллагууд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мэт ажилласан гэсэн шүүмжлэлийг хаана хаанаа тавьж байгаа. Дэлхийн банк зэрэг ОУ-ын байгууллага ч ингэж анхааруулж байсан?  

-Би бол бараг зарим талаараа энэ гашуун туршлага нь хэрэгтэй байсан ч юм болов уу гэж харж байна.  Засгийн газрын зорилго  ондоо шүү дээ.  Эдийн засгийн  өсөлтийг өндөр байлгахын төлөө.  Гэтэл  улс төр, улс төрийн амлалтад хөтлөгдөн эдийн засагт халалт  бий болоход зогсоох механизм нь Засгийн газарт байдаггүй. Монголбанкинд бий. Тухайлбал, 2008 онд инфляци жилийн 30 хувь давж халж байсан шүү дээ.    

-Гэсэн ч эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд Монголбанк Засгийн газартай хамтарч ажиллах  нь  дамжиггүй. Тэгвэл одоо ямар арга хэлбэрээр гар нийлж  ажиллах юм бэ?  

-Ерөөсөө төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёр мөчлөг сөрөх хэрэгтэй байгаа юм.  Эдийн засаг доошоо уруудаж байх үед  төсөв ч тэр, мөнгө ч тэр тэлж байх ёстой. Харин хэт халалттай үед аль, аль нь хатуу чанга байх ёстой. Саяхан банкны төлөөллүүд Монголбанкны удирдлагууд уулзах үеэрээ “Нэг болохоор мөнгөний бодлого ч тэр, төсвийн бодлого ч тэр аль, аль нь тэлээд, нэг бол аль, аль нь  байхгүй болчих юм. Зөрж болдоггүй юм уу” гэж шүүмжилж байсан. Яг ингэж шууд уялдуудахад зовлон байдаг. Төсвийн бодлого дээр шийдвэр гарах нь удаан. Гарсан үед нөлөө нь маргаашнаас нь л мэдрэгддэг. Мөнгөний бодлогын хувьд шийдвэр гарах процесс маш хурдан. Хэрэгжилт нь  маш удаан байдаг.  Бодлогын хүүгийн өөрчлөлт гэхэд л 6-12 сарын дараа  нөлөөлж байх  жишээтэй.

Ерөөсөө төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёр мөчлөг сөрөх хэрэгтэй байгаа юм. 

-Сүүлийн үед олны дунд өрнөж байгаа нэг сэдэв нь гадны банк манайд арилжааны хэлбэрээр ажиллах нь зөв эсэх байна л даа. Хятадын “Банк оф Чайна” манайд  арилжааны хэлбэрээр ажиллах хүсэлтээ  тавьсаар байгаа. Энэ хүсэлтийн талаар Монголбанкинд ямар нэг  яриа  хэлэлцээ өрнөж байгаа юу?  

-Төв банкны хувьд ийм яриа хэлэлцээ гараагүй. Энэ бол УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэлэлцэж  шийдэх  асуудал.  Монголбанк дангаараа шийдвэр гаргахгүй. Ямар нэгэн яриа эхлээгүй.

-Ипотекийн зээлийн санхүүжилтийг яаж үргэлжлүүлэх гэж байна. Зээлийн болзлоо хангачихаад байрандаа орчихсон ч санхүүжилт нь ороогүй айл өрх цөөнгүй байна. Тэдний үүдийг  барилгын компани, харин барилгын компанийг банк, банкийг иргэд байнга л тогшоостой байна даа?

-Засгийн газрын болоод Монголбанкны журам тус тусдаа бий. Гэхдээ хамтарч ажилладаг. Саяхан гарсан УИХ-ын 40-р тогтоолоор эзэмшлийг нь буцаагаад Монголбанкинд шилжүүлсэн. Уг нь зах зээлийн зарчмаар бол Монголбанк эхэлж   санхүүжилтийг нь хариуцаж байгаад гарах байсан. Харамсалтай нь төсөвт мөнгө байхгүй ч  хөтөлбөрөө үргэлжлүүлэх шаардлагатай байдаг. Тиймээс  УИХ 40-р  тогтоол баталж эзэмшлийг нь  Монголбанкинд шилжүүлсэн.  Засгийн газрын зүгээс бидэнд ирэх он гартал  санхүүжилтийг  хариуцаад  явж байгаач, 2017 он гаргаад гадны эх үүсвэрээс санхүүжүүлэх боломж бүрдэх байх гэсэн байдлаар саналаа илэрхийлсэн. Монголбанкны захирлуудын зөвлөл  олон удаа авч хэлэлцээд эхний ээлжинд 5 хувийн хүүтэй зээлийг зогсоох шийд гаргасан. Харин 8 хувийн хүүтэй зээлийг үргэлжүүлэхийн тулд  яах вэ  гэдгээ ярьж байна. Зээлийг хүссэн хэмжээгээр нь санхүүжүүлэх боломж өнөөдөр алга байна. Бидний зүгээс ядаж ипотекийн зээлийн эргэн төлөлтийн  хөрөнгөөр санхүүжүүлье, эргэлдүүлээд явъя гэсэн  байр суурьтай байна. Сар бүр ипотекийн зээлийн төлөлтөөр 20-25 орчим тэрбум төгрөг  орж ирдэг. Банкуудаас ирсэн захиалгыг харахаар  үүнээс илүү санхүүжилт хүсч байна. Тиймээс Монголбанкны Ерөнхийлөгч Мөнгөний бодлогын газарт  оновчтой шийдэл олох үүрэг даалгавар  өгсөн. Тун  удахгүй тодорхой шийд гарна. 

-Ипотекийн зээлийн энэ нөхцөл байдал зах зээлийн журмаар зохицуулагдах боломж бүрдлээ гэж өмнөх Засгийн газар мэдэгдэж байсан.  Хэдийгээр эдийн засаг хүндрэлтэй  байгаа ч ипотекийн зээлийн эргэн төлөлт 99 хувьтай байгаа  гэсэн  биз дээ.  Тиймээс ч гадны хөрөнгө оруулагчид сонирхохгүй байна уу?

-Харин зах зээлийнхээ зарчмаар явж чадахгүй болоод ингээд зогсчихож байгаа юм л даа. Найман хувийн хүүтэй энэ хөтөлбөр нилээн хөнгөлөлттэй хөтөлбөр. Зах зээлийн байдалтай жишихээр  ипотекийн зээл  15-22  хүүтэй  байхаар байгаа юм. Тэгэхээр ийм хөтөлбөрийн механизмийг нь зөв олохгүй бол зогсчихож байна л даа. Хоёрдугаарт, Төв банк ийм төрлийн үйл ажиллагаанд ерөөсөө оролцдоггүй. Энэ их зохимжгүй. ОУ-ын туршлагаас харахад  ипотекийн захыг хөгжүүлэхэд оролцож байсан хоёр банк л  байгаа юм.  Малайз, Чилийн төв банк энэ зах зээлийг эхлүүлж өгөөд замаасаа гарсан байдаг.  Монголбанк мөн ийм л арга замаар ажиллахаар төлөвлөж байсан. 

Миний хувийн бодлоор бид  бүгдээрээ НД-ийн шимтгэл төлдөг шүү дээ. Тэр шимтгэлийн мөнгөөр  урт хугацаатай ипотекийг санхүүжүүлэх нь зөв байсан юм. Хажуугаар нь хувийн тэтгэврийн санг өөгшүүлж дэмжээд явах ёстой л доо.  Хугацааны хувьд хамгийн тохирсон санхүүжилт  нь  НД-ын сан байгаа юм.  

Зах зээлийн байдалтай жишихээр  ипотекийн зээл  15-22  хүүтэй  байхаар байгаа юм.

-Хэрэглэгчид  арилжааны  банкуудыг   мөнгө хүүлэгчид  гэх  байдлаар харж  хандах нь нэмэгдээд байх шиг.  Монголчууд  олны үг ортой ч гэдэг.  Үүн  дээр  та  ямар   санаа бодолтой  байгаа бол?

-Би бол маш буурай ойлголт. Мөнгө хүүлэгч, шулаачид гэх зэргээр яагаад банкуудаа ад шоо үзээд  байдаг юм бол.  Банкны өөрийн хөрөнгө гэж нэг үзүүлэлт бий. Энэ бол банкийг эзэмшиж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь мөнгө л дөө. Тэр нь 12 хувь л байдаг.  Үлдсэн 88 хувь нь аж ахуйн нэгж, иргэд та бидний мөнгө. Магадгүй зээлийн  хүү өндөр байгаатай  холбоотойгоор ийм  сөрөг хандлага гарч байж болох юм. Гэтэл зээлийн хүү хадгаламжийн хүүтэй холбоотой. Нэг зоосны хоёр тал гэдгийг манайхан мэднэ. Бид бас нэг юмыг ойлгох ёстой. Банк бол эдийн засгийн нэг хэсэг, салшгүй “амьд бодьгал”-ын нэг хэсэг нь. Та нар чанаргүй зээлийн хэмжээ ямар хурдацтай өсч байгааг хараарай.  Эдийн засаг муудаад ирэхээр зээлдэгчид зээлээ төлж чадахгүй болно. Хугацаа нь хойшилно.  Энэ бүхэн банкинд эрсдэл болж очдог. Өнөөдөр чанаргүй, хугацаа хэтэрсэн зээл хоёр  их наяд төгрөг рүү ойртлоо. Банкуудаа ингэж ад шоо үзэх биш,  энэ хүндрэлийн үед аюулгүй аваад гарах нь их чухал. Хадгаламжийн хүү яагаад өндөр тогтдог вэ  гэхээр өндөр савлагаатай, тогтворгүй инфляциас үүдэлтэй  шүү дээ. Ингээд  хадгамжийн хүүг  дагаад зээлийн хүү өндөр гээд “чөтгөрийн тойрог” л  яваад байгаа юм. Банкууд тасархай ашигтай ажиллаж байгаа гэдэгтэй би огт санал нийлэхгүй. Манай арилжааны 14 банк  эдийн засгийн  бусад салбаруудын адил хүнд нөхцөлд  байна.  Зээл өгөх боломж байсан ч  тэд  зогсоогоод байна  шүү дээ.  

-Ярилцсанд баярлалаа.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37860
0 эможи
keyboard_arrow_up