COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийн салбарын хүрээнд ХЭН, ЮУ хэлэв

2016 оны 5 сарын 03

Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн салбарын хүрээнд ХЭН, ЮУ хэлсэн талаар хүргэж байна.

 

Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү: Импортын тарифын зохицуулалтаар үйлдвэрлэгчид зах зээлээ эргүүлж авна

2015 оны наймдугаар сард таван бүлгийн бараанд импортын 20 хувийн татвар оногдуулж байсан. Өөрөөр хэлбэл, дотооддоо үйлдвэрлэх боломжтой, чанар, стандарт бүрэн хангасан барааг импортын ижил бараанаас хамгаалах үүднээс татвар тавьж байгаа юм. Энэ нь Дэлхийн худалдааны байгууллагаар зөвшөөрөгдсөн байдаг. Монгол Улсын хувьд Дэлхийн худалдааны байгууллагад элсэх үедээ нэр төрлийн барааг татвартай болгож болно гэж хэлэлцээртээ суулгасан.

Үүний дараа сая дахин 14 бүлгийн 28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн барааг дахин 15-20 хувийн татвартай болгохоор шийдвэр гарсан. Засгийн газрын гуравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар 185 дугаар тогтоол гарсан юм.

Нийтдээ 14 бүлгийн бараа бий. Сахар болон бусад амтлагчийн хольцгүй, шингэн сүү, цөцгийний төрлийн бараа бүтээгдэхүүн. Мөн төмс, сонгино, шар лууван, шар манжин зэрэг хүнсний ногооны төрөл, зайрмаг, бусад мөсөн бүтээгдэхүүн, модон хаалга, цонх, блокон хавтан, бүх төрлийн хэвлэмэл хуанли, хонины ноосон ээрмэл, шивсэн эсгий, нэхмэлийн бусад материал, эрдэс чулуун хөвөн, барилгын блок, силикат тоосго, зам талбайн бетонон хашлага, албан газрын зориулалттай модон тавилга гэх мэтчилэн бараа, бүтээгдэхүүн багтсан.

Энэ дундаас замын хажуугийн брожурыг онцолъё. Брожурын дотоодын хэрэгцээ 300 мянга гаруй м3 байдаг. Гэтэл дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал 589 мянгад хүрчихсэн. Бид өөрсдөө чанартай, баталгаатай үйлдвэрлэх хангалттай хүчин чадалтай мөртлөө БНХАУ-аас чулуун хашлага худалдаж авдаг. Тиймээс замын хажуугийн брожурыг татварын зохицуулалтад оруулсан. Үүнээс гадна төмс хүнсний  ногооны хувьд өмнө нь хаврын эд тариалалтын үед манайх импортын тариф тэглэдэг байсан. Гэтэл  хөдөө аж ахуй баримталж буй бодлогоор байгуулсан  хүнсний ногоо хадгалах  зоориуд нь  их хэмжээ импортын ногоогоор дүүрдэг. Хаврын тариалалт намрын ургац хураалтын үеэр манай тариаланчдад  ногоогоо хадгалах сав болон борлуулалтын боломж хумигдаж байдаг гэсэн үг. Энэ удаа импортын тарифын зохицуулалтаар манай   тариаланчдад ногоогоо хадгалах сав болон борлуулалт нэмэгдэх боломж нээгдэж байгаа юм.

https://www.news.mn/r/300664

ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр: Манай байгууллагаас явуулсан судалгаагаар шатахууны зах зээлд голлох үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд үнээ 50-100 төгрөгөөр буулгах боломжтой гэж гарсан. Эдийн засгийн хямралтай, иргэдийн амьжиргааны түвшин өдөр ирэх бүр муудаж байгаа энэ үед шатахууны үнэ буурах нь өргөн хэрэглээний барааны үнэ буурхад түлхэц болох юм. Тиймээс манай байгууллага шатахуун түгээх компаниудад үнээ бууруулахыг уриалсан.

Уриалгыг маань нааштай хүлээн авч зарим компани үнээ бууруулж эхэллээ. Цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч мөн үнээ бууруулна гэдэгт итгэлтэй байна.

Бид үнээ бууруулж хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлж байгаа “Монсуль” ХХК , “Петрожамп” ХХК , “Тэс петролиум” байгууллагуудад “Хэрэглэгчээ дээдэлсэн хамт олон” өргөмжлөл гардуулсан. Бид байгууллага, ААН-үүдийг заавал торгох биш энэ зарчимаар харилцан ойлголцож ажиллах зорилтыг тавьж ажиллаж байна.

http://www.ikon.mn/n/q2n

Эдийн засагч, судлаач Х.Батсуурь: 250 саяас доош орлоготой байгууллагууд НӨАТ төлөх шаардлагагүй

НӨАТ гэдэг бол үндсэндээ бол манай улсын эдийн засгийн онцлогт төдийлэн сайн тохирсон татварын хэлбэр биш л дээ. Яагаад гэвэл нэмүү өртөг шингэсэн албан татвар гэдэг утгаараа эцсийн дүндээ НӨАТ-г хэрэглэгч төлдөг. Хоёрдугаарт, нөат-ын нэг онцлог нь бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэл хөгжсөн бүтэц бүхий эдийн засагтай улс орнуудад ашигтай байдаг татварын төрөл юм. Өөрөөр хэлвэл, Засгийн газрын хувьд үйлдвэрлэлд хяналт тавих, тэр дундаа үйлдвэрлэлийн дамжлага явагдаж буй процессыг хянах онцлогтой татварын төрөл. Гэтэл манай улсад хэрэгжээд нилээд удаж буй НӨАТ-ын энэ төрөл нь өндөр хөгжилтэй улс орнуудад мөн хэрэглээ ихтэй улсуудадхамгийн ашигтай байдаг татвар юм. Жишээлбэл, Франц, Англи мэтийн өндөр хөгжилтэй улс орнуудад НӨАТ нь улс орных нь нийт татварын орлогын 50 орчим хувийг бүрдүүлдэг. Манай улсын хувьд ч ялгаагүй улсын татварын орлогын 30 хувийг бүрдүүлдэг онцлог бүхий татвар юм. Мөн татварын төрлүүдээс улсын орлогод хамгийн их орлого төвлөрүүлдэг төрөл юм.

Гэтэл манайд хэрэгжиж буй шинэ татварын систем нь бага дунд орлоготой иргэдэд ихээхэн дарамт болсон систем болж хувирсан байна.

НӨАТ-н шинэ систем бол манай улсад сөрөг үр дагавар үзүүлсэн гэхэд болно. Нэгдүгээрт, бараа бүтээгдэхүүний үнийг 20-50 хувь өсгөчихлөө. Хоёрдугаарт, татварын хувийг өсгөлөө гээд татварын орлого өсөөгүй. Харин улсын төсвийн татварын орлого нэгдүгээр улирлын байдлаар 260 тэрбумаар багасч алдагдалтай гарсан. Иймд, нөат-н систем сөрөг дүн авчирч буй учраас 250 саяас доош орлоготой байгууллагууд нөат төлөх шаардлагагүй юм. Тэгвэл эдийн засагт эерэг үр дүн авчирна гэж тооцож байна.

http://newsmongolia.mn/index.php?newsid=2955

ОУ-ын СоцИнтерний эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч  Д.Энхжаргал: Монголд олон улсын санхүүгийн төв байгуулах боломжтой

Москвагаас Улаанбаатар, Улаанбаатараас Бээжин хүрэх энэ бүс нутгийг хамарсан олон улсын санхүүгийн төвийг Монголдоо байгуулах явдал. Санхүүгийн чөлөөт бүсийг байгуулах. Лондон, Дубай, Хонконг гээд олон улсын санхүүгийн төвүүд алгын чинээ газарт ажилладаг туршлагыг бид нэвтрүүлэх боломжтой. Тухайлбал, Дубайн олон бусын санхүүгийн төв шиг чөлөөт бүс байгуулах хэрэгтэй. Тэд энэхүү бүсдээ 50 жил татваргүй санхүүгийн бизнесийн үйл ажиллагааг явуулах эрх олгосон. Мөн чөлөөт бүсэд явуулах бизнесийг Английн хуулиар хэрэгжүүлэхийг зөвшөөрч чадсанаар одоо дэлхийн 400 гаруй банк санхүүгийн томчуул тэнд үйл ажиллагаа явуулж байна. Монголын дэд бүтцийн томоохон төслүүдийг энэ банкны санхүүжилтэд хамруулах бүрэн боломжтой. Зөөлөн дэд бүтэц буюу эрүүл мэнд, боловсролын салбарт ч зээл хөрөнгө оруулалт татах боломжтой. Олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээл авахад төслийг үр өгөөжөөрөө эргэж санхүүжигдэх чадвартай гэдгийг л нотолсон байхаар мэргэжлийн түвшинд бичих ёстой. Мөн заавал барьцаа хөрөнгө шаардахгүй. Шаардлагатай гэж үзвэл улсаас баталгаа гаргаж өгсөн тохиолдолд төслүүдийг мөн санхүүжүүлэх боломжтой. /Үндэсний шуудан 2016.05.02 087/2528//

Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн захирал Вивек Патак: Хөрөнгө оруулагчид тогтвортой байдалд сэтгэл зовж байна

Би жил орчмын дараа Монгол Улсад дахин ирж байна. Энэ оны Монголын эдийн засгийн чуулганд эерэг уур амьсгал, өөдрөг энерги давамгайлж байлаа.

Банкны төлөөлөл, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчидтай уулзахад өнгөрсөн оныхоос илүү өөдрөг байгаа нь мэдрэгдсэн. “Оюутолгой” төсөл дотоод төдийгүй гадаадад эерэг ойлголт түгээж байна. Тиймээс өөдрөг уур амьсгал Монголд эргэн иржээ.

Монголын эдийн засаг 10 гаруй хувиар тэлж байсан тэр үеийг би тогтвортой өсөлт гэж бодохгүй байна. Аль ч улс энэ хэмнэлээр тогтвортой өсөхөд хүндрэлтэй. Одоогоор 6-8 хувийн өсөлт ч нэлээд өндөрт тооцогдож байна. Миний бодлоор энэ хэмжээнд дунд болон урт хугацаандаа хүрэх боломжтой.

Үнэндээ Засгийн газар болон улстөрчидтэй уулзахад тэдний хариулт нэлээд ялгаатай байсан. Тэдний ихэнх нь сонгуульд их санаа зовниж байсан. Бизнес эрхлэгчид харьцангуй өөдрөг хүлээлттэй байгаа. Тэд цаашид ч улс төрийн бодлого тогтвортой байна гэж найдаж буй.

Мөн гадаадын хөрөнгө оруулагчид ч тогтвортой байдалд сэтгэл зовж байгаа.

Хэрэв шинэ Засгийн газар байгууллаа гэхэд өнөөгийн бодлогод томоохон өөрчлөлт орохгүй байхыг хүсэж байна. Монголын ардчилал залуу, тогтворгүй байна. Мэдээж үүнд олон сайн тал байгаа. Гэхдээ ардчилал гэдэг бол нөгөө талаас Засгийн газар хурдан солигдож, шинэ хүмүүс тэс өөр зүйл хийхийг хэлж байгаа юм.

http://www.ikon.mn/n/q2m

“Би Ди Сек” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн: Бид санхүүгийн бүтээгдэхүүнийг үргэлж харддаг буруу хандлагатай

Бизнес эрхлэгчдэд цаг хугацаа бол алт. Хүссэн санхүүжилтийг нь хэн түрүүлж олгож чадах вэ гэдэг шалгуурыг л бизнес эрхлэгчид баримталдаг. Харин хөрөнгийн зах зээл тэр шалгуурыг нь давж чадахгүй байна. Банкууд харилцагчидтайгаа түргэн шуурхай харилцаад сурсан байна. Гэтэл үнэт цаас гаргах харилцаа хэдэн жил үргэлжилдэг учраас энэ хугацаанд бизнесийнх нь утга, үнэ цэн алдагддаг, зах зээлийн нөхцөл нь өөрчлөгддөг. Бид бизнес эрхлэгчдэд хандсан зөв хандлагыг үүсгэж чадаагүй. Санхүүгийн бүтээгдэхүүнийг үргэлж харддаг хандлагатай. Манай Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хуульд байгаа үүсмэл үнэт цаас, янз бүрийн гэрээ сэлттэй холбоотой заалтууд зах зээлийн харилцаа үүсгэх, хэрэгжүүлэх үндсийг бүхэлд нь хаачихсан. Ямар ч бизнесийн жингийн туухайн нэг талд эрсдэл, нөгөө талд нь итгэл байдаг. Гэтэл энэ хоёр туухай тэнцэхгүй яваад байна. Бүх эрсдэлийг нь заагаад хаагаад өгчихсөн. Тэгэхээр итгэл үүсэхгүй бол эрсдэл хэн ч хийхгүй. Хөрөнгийн зах зээлд хэн ч туухайн нэг талд итгэлээ тавьж орж ирэхээргүй. Хууль эрхзүйн орчин маань яг л авдран дотор цэцэг тарих тухай ярьж байгаатай адилхан. Авдран дотор агаар байхгүй, хөрс, чийг байхгүй. Тэр дотор нэг сайхан цэцэг тарих тухай яриад байгаа юм. Бид бизнес эрхлэгчдэд зөв хандлага үүсгээд хууль эрхзүйн орчноо өөрчилчихвөл тэд хөрөнгийн зах зээлд хөл тавиад ороод ирэхэд асуудалгүй гэж боддог.

http://morningnews.mn/modules.php?name=News&file=article&sid=25533

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32592
0 эможи
keyboard_arrow_up