COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийн салбарын хүрээнд ХЭН, ЮУ хэлэв

2016 оны 5 сарын 24

Эдийн засгийн салбарын хүрээнд өнгөрсөн долоо хоногт ХЭН, ЮУ хэлсэн талаар хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Сангийн сайдын ажлыг аваад эдийн засгийн нөхцөл хүндэрчихсэн байгаад нэлээд гайхсан

Сангийн сайдын ажлыг аваад нэлээд гайхсан. Эдийн засгийн нөхцөл хүндэрчихсэн байсан.Тийм болохоор засч эхлэхээр оролдсон. Эхний ээлжинд бодит нөхцөл байдлыг УИХ-ын гишүүд, ард иргэдэд танилцуулах ёстой юм байна гэж бодсон. Тэр ч утгаараа танилцуулсан. Төсвийн тогтвортой байдлын хуульд нийцүүлэх ёстой өрийн 40 хувийн босго л гэхэд алдагдчихсан. Бодит байдал дээр 58.3 болчихсон байна гэдгийг тодорхой болгосон. Төсвийн адлагдал нь 2-3 жил хэтэрхий өндөр байсан учраас түүнийгээ буюу төсвийн цоорхойгоо нөхөхийн тулд өндөр хүүтэй бонд гарган дотоодын зах зээлд гаргачихсан байх жишээний.

Өөрөөр хэлбэл бизнесээ дэмжих ёстой хөрөнгийг Засгийн газар нь татаж аваад банкуудын захирлын сэйфэнд цаас болгоод хийчихсэн. Энэ мэтээс шалтгаалаад гадаад өр, төсвийн асуудал зэрэг нь хүндэрчихсэн. Дээр нь бизнесийн салбарынхан маш олон ажил эхлүүлээд гацчихсан, хөрөнгө оруулалт нь хүндэрчихсэн байлаа. Төрөөс ажил авсан юм чинь мөнгөө авч л таарна гээд байсан хөрөнгөө барьцаанд тавиад зээл авчихсан аж ахуйн нэгж, компаниуд засаг мөнгийг нь өгч чадахгүй болохоор өрөө төлж чадахгүй, хөрөнгөө хураалган, дампуурлаа зарлахаас аргагүйд хүрчихсэн байсан шүү дээ. 

/Өглөөний сонин, 2016.05.24 099/2360//

 

МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн захирал, эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс: “Оюутолгойн санхүүжилт орж ирвэл ЭЗ 3.5 хувиар өснө”

Бодлогын хүүг бууруулсан нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх эерэг нөлөөлтэй. Хүү багасахаар аж ахуйн нэгжүүдийн зээл авах сонирхол нэмэгдэж, мөнгөний нийлүүлэлтийг өсгөнө гэсэн үг. Сүүлийн жилд мөнгөний нийлүүлэлт багассан байгаа. Бодлогын хүү буурсан нь инфляцад сөрөг нөлөөтэй гэж үзэж байна. Бид сүүлийн нэг хоёр жил орчимд нам дор инфляцтай байлаа. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх тул инфляц өсөх хандлагатай болно. 1.9 хувь биш, 2.9 хувиас дээш өсөх ч юм уу. Банкуудын олгож буй зээлийн хүү багасах эерэг нөлөөтэй. Нөгөө талаас хадгаламжийн хүү ч доошилно. Энэ талаас нь харвал төгрөгийн үр өгөөжийг хумьж байгаа хэрэг. Төгрөгөөр хадгалуулахаар үр өгөөж нь хумигдах учраас хүмүүс ам.доллароор хадгалуулах сонирхолтой болж магадгүй. Эдийн засаг долларжих сөрөг нөлөө бий. 1.5 хувь буюу бодлогын хүүг нэлээд далайцтай хэмжээгээр бууруулсан нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй. “Оюутолгой” төслийн санхүүжилт орж ирвэл энэ онд эдийн засаг 3.5 хувиар өснө. Харин валютын ханшид сөрөг нөлөөтэй. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш өснө гэсэн үг. Яагаад гэвэл зээл нэмэгдэх учраас тэр. Аливаа зээлийн 50 орчим хувь нь импортыг санхүүжүүлдэг тул ам.доллар, юанийн эрэлтийг өсгөдөг. Эрэлт нэмэгдэхээр ханш нь өснө.

 

/https://www.news.mn/r/303814/

Эдийн засагч А.Мөнхбат: Монголд шууд хөрөнгө оруулагчид бүгд оффшор гайхах зүйл биш

Оюу толгойг анх нээсэн Айвенхоу Майнз ч, бас Рио Тинто ч оффшор компаниар дамжуулж орж ирсэн, хөрөнгө оруулалт хийсэн. Худалдаа хөгжлийн банкыг авсан Жералд Металз компани бас л оффшор компаниар авсан. Капитрон банкинд Финайленд гэж оффшор компани хөрөнгө оруулалт хийж байсан. Оффшор бүртгэлтэй компаниас Хөрөнгө оруулалт хийнэ гэдэг чинь Монголд татвараа төлнө, харин гадаад оронд татвар төлөхгүй буцаагаад Монголд бизнесээ өргөжүүлэхэд хэрэгцээтэй мөнгөө оруулна гэсэн үг. Яахаараа тэд Монголд ашиг олчихоод Англи, юм уу Австралид татвар төлөх ёстой юм. 

Дэлхийн эдийн засаг даяаршиж байна, түүнийг дагаад шинэ үзэгдэл гарч байгаагийн нэг нь оффшор компани юм. Оффшор бүс гэдгийг чинь дэлхийн өндөр хөгжилтэй орнууд сэдэж гаргасан юм шүү дээ. АНУ, Их Бртани зэрэг. Үүнийг байж болохгүй буруу зүйл гэж тэд үзсэн бол оффшор бүсүүд аль хэдийнээ алга болсон байгаа. Тэгэхээр эдгээр улс орнууд энэ тогтолцоог байх ёстой гэж үзэж буй бөгөөд цаашид ч байлгана.

Наваан-Юндэн сангийн тэргүүн, Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь: Улсынхаа аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалах ёстой хүмүүс бол гадаад харилцааны мэргэжилтэн гэж боддог

Эдийн засгийн коридорын талаар манайхан бүрэн гүйцэд ойлголтгүй байх шиг байна. Энэ хөтөлбөр нь Монгол, Орос, Хятадын хоорондох дэд бүтцийг сайжруулахтай хол­боотой санаач­лага юм. Асар хурдтай хөгжиж байгаа хоёр их гүрэн, цаашлаад Европын холбоо-Зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засгийн харилцааны зам гүүрийн тухай бодлого. Энэ бол Сэлэнгэ аймгийн нутаг руу орж ирж улмаар БНХАУ, Зүүн өмнөд Азийн бүс нутаг хүрдэг транссибирийн төмөр зам, авто замтай шууд холбоотой яриа. Бас Монгол Улс, сэлэнгэчүүдийн хувьд ч алдаж болохгүй, ухаалаг ашиглах ёстой өргөн боломж юм. Бид урагшгүй унхиагүй байдлаасаа болж ашиглаж чадахгүй байгааг ОХУ манай хоёрын хоорондын худалдааны эргэлт 2015 онд 1,16 тэрбум ам.доллар болоод байхад манай экспорт 67 сая ам.дол байгаа явдал нотолно. Дэндүү тэнцвэргүй харагдаж байгаа биз. Бас үүн дээр нэмж хэлэх зүйл бол манай гаргаж байгаа бараа бүтээгдэхүүнийг үндсэндээ хилийн худалдааны журмаар хийж байна. Төрийн цэгцтэй тогтвортой бодлого дутагдаж байгаагийн сонгодог жишээ. Шаардлага хангах талаар ажил хийхгүй мөртлөө мах гаргамаар байна гээд ДХБ-ын гишүүн гэдгээрээ далайлгаад хошуугаа унжуулж суугаад байж яаж болох билээ.

Гурван талт хамтын ажиллагаа нь олон улсынхтай салшгүй холбоотой. Гурван талт, бүс нутгийн, олон улсын хамтын ажиллагаа ч бай, бүгд л Монгол Улсын улс төр, эдийн засгийн байдлыг сайжруулах зорилготой. Гурван талт хамтын ажиллагаанаас эхэлж байгаа энэ хандлагыг зөв ашиглавал эдийн засгийн асар их боломж Монгол Улсад гарч ирнэ.

/Монголын үнэн, 2016.05.23 096/23118//

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Л.Оюунцэцэг: Мэдлэгийн эдийн засаг руу яаралтай шилжих нь бидний гол зорилго

Эдийн засгийн хямралд олон хүчин нөлөөлдөг. Яагаад гэвэл эдийн засаг өөрөө маш том ухагдахуун шүү дээ. Харин манай улсын хувьд эдийн засгийн уналтад ерөөсөө хоёр том хүчин зүйл нөлөөлж байна гэж би хувьдаа боддог. Нэгдүгээрт, манай эдийн засаг бол түүхий эдийн эдийн засаг. Уул уурхай буюу бараг ганцхан салбараас хамааралтай гэсэн үг шүү дээ. Үүнийг нотлохын тулд эрдмийн зэрэг цолтой, судалгаа хийдэг байх шаардлагагүй. Статистикийн мэдээлэл, ДНБ-ий бүтцийг харахад л экспортын 70-аад хувийг уул уурхайн болоод хөдөө аж ахуйн түүхий эд эзэлж байгаа нь харагдана. Би таны асуултад хариулахын өмнө бяцхан оршил, тайлбар хэлэх нь зүйтэй болов уу гэж бодлоо.

Манай улсын эдийн засаг цөөхөн хэдэн салбараас хамааралтай. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн салбар маань дэлхийн зах зээлээс бүрэн хамааралтай учир алт, зэсийн үнэ хэлбэлзэнгүүт манай эдийн засаг шууд дагаад хэлбэлздэг. Яагаад гэвэл Эрдэнэт гэдэг том үйлдвэр чинь манай төсвийн орлогын 30-аад хувийг дангаараа бүрдүүлж байна шүү дээ. Нэг ёсондоо улсын маань эдийн засаг олон тулгуурт бус хөдөө аж ахуй, уул уурхай гэсэн хоёрхон хөлтэй гэсэн үг. Тэр тулгуур нь биднээс бараг хамаарахгүйгээр дэлхийн зах зээлээс хамаардаг. Дэлхийн зах зээлээс түүхий эдийн үнэ хөдлөнгүүт манай орлого ашиг шууд буурч байгаа юм. Эдийн засгийн уналтын нэг том хүчин зүйл бол энэ.  Эдийн засгийн бүтэц маань өрөөсгөл байгаагийн илрэл л дээ.

/http://www.tusgal.mn/ediin-zasgiin-shinjlekh-ukhaanii-doktor-l-oyuuntsetseg-medlegiin-ediin-zasag-ruu-yaaraltai-shiljikh-/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33735
0 эможи
keyboard_arrow_up