Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Уламжлалт VS цахим зээл

2019 оны 11 сарын 21

Arslan.mn

Санхүүгийн зах зээлд технологид суурилсан зээл олгодог lend.mn, zeel.mn, mobifinans, ard.mn гэсэн аппликейшн олноор нэвтэрч эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хүссэн үедээ гар утаснаасаа аль нэг аппликейшнийг сонгож орлогын болон цалингийн данс, регистрийн дугаараа оруулахад л таны орлогод тохирсон хэмжээний зээл хэдхэн минутын дотор харилцах данс руу тань ордог. Хэрэглээнд тань тохирсон зээл авахад хялбар болсон гэсэн үг. Ийм сонголтгүй үед мөнгө барьцаалдан зээлдүүлэх газар буюу ломбард руу өөрт байгаа үнэтэй гэсэн эд зүйлээ барьж гүйдэг байсан үе ард хоцорсон. Өнгөрсөн оны эхэн үеэс Төвбанкнаас арилжааны банкуудад иргэдийн хэрэглээний зээлд хязгаар тавьснаас үүдэж ББСБ-аас зээл авагчдын тоо нэмэгдсэн.Банкны хэрэглээний болон бизнесийн зээлийн хүү харилцан адилгүй байдаг. Банкны цалин болон хэрэглээний зээлийн хүү ББСБ-аас бага байдаг. Гэсэн хэдий ч шаардлага өндөр бүрдүүлэх бичиг баримт ихтэй байхаас гадна явдал чирэгдэлтэй. Иймээс банкнаас зээлийн үйлчилгээ авах боломжгүй иргэд, аж ахуйн нэгж ББСБ-аас үйлчилгээ авч өөрийн санхүүгийн хэрэгцээгээ хангаж байна. Гэхдээ  ББСБ, банк хоёрын үйлчилгээ, зээл олголтын системийн ялгаатай болон давуу сул талыг иргэдэд ойлгуулах хэрэгтэй санагдсан юм. Монголын бизнесийн зөвлөлийн эдийн засагч С.Ганзоригоос энэ тухай тодруулав. Тэрээр “ББСБ зөвхөн хэрэглээний зээл гаргах боломжтой бол банк нь арилжааны болон хөрөнгө оруулалтын гэсэн хоёр төрөлтэй зээлийн үйлчилгээ үзүүлдгээрээ ялгаатай. Арилжааны /commercial/ банк худалдааг санхүүжүүлдэг бол хөрөнгө оруулалтын банк /Investment/ байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх, төсөл хэрэгжүүлэх нөхцөлд санхүүжилт олгодог. ББСБ-аас иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад ихэвчлэн богино хугацааны эргэлтийн хөрөнгийг буюу хэрэглээний зээл олгодог. Энэ нь тухайн зээлдэгч этгээдийн тогтмол мөнгөн урсгал, орлогыг тооцож зээл олголт хийдэг.  Өөрөөр хэлбэл, энэ хүн зээлээ тогтмол төлөх орлоготой байгаа эсэхийг л анхаарч  үүн дээр суурилсан технологийн платформ бий болгоход харьцангуй хялбар болсон. Харин банкны хувьд төслийн зээл олголтыг ихэвчлэн хийдэг. Үүнд Монголын нөхцөлд барилга, орон сууцны хороололд өгөх санхүүжилт, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, цементийн үйлдвэр, уул уурхайн салбарын гэх мэт. Энэ тохиолдолд банкнаас олон хүчин зүйлийг судлах шаардлагатай байдаг. Үүнд макро эдийн засгийн нөхцөл байдал, төсөв, мөнгөний бодлого, гадаад худалдааны нөхцөл, импортын бүтээгдэхүүний үнэ ханш, эрэлт, нийлүүлэлт, уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ ханшийг судалдаг. Дээрх тохиолдолд технологиос илүүтэй зээлдэгчийг судлах шинжлэх шаардлагатай байдаг” гэсэн юм. Харин технологийн шийдлийн тухайд банк болон ББСБ-ууд аль аль нь  технологийн шийдлийг ашиглаж, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх төлбөр тооцооны шийдэлд анхаарч дэвшил гарч байна. ББСБ-ын хувьд дүрмийн сан нь 2.5 тэрбум төгрөг. Үүнээс хувьцаа эзэмшигчид өөрсдийн хөрөнгөөр зээл олгох үйлчилгээ эрхэлдэг гэж ойлгож болно. Тухайн хөрөнгийг хэрэглээний эргэлтийн зээлд байршуулах бүрэн боломжтой. Харин  зээлийн мөчлөг /loan-life cycle/ харилцан адилгүй байдаг учраас зээлдэгч хэзээ санхүүгийн чадавхтай болно тэр тохиолдолд зээлээ төлж, зээлийг хаах тохиолдол нь банктай харьцуулахад боломжгүй. Банкны тухайд хугацаатай болон хугацаагүй харилцах, хадгаламжийн бүх хөрөнгийн зээлийн хугацаа төлөлт харилцан адилгүй учраас хэрэглээний зээлд байршуулах ямар ч боломжгүй аж.

Учир нь банкны татан төвлөрүүлсэн хөрөнгийн 75-80 хувь нь хугацаатай хадгаламж хэлбэрээр ангилагдаж, энэ хэрээр тогтмол зардал төлөлт хийдэг. Энэ тохиолдолд банк төлөвлөсөн хугацаанд эргэн төлөлт хийх, төслийн зээлд, зээл олгох санхүүжилт хийх шаардлага үүсдэг байна. Эдгээр  ялгаа, үндэслэлээс шалтгаалж ББСБ болон банкуудын зээл олгох бодлого үүнийгээ дагасан автоматжуулалт, технологийн шийдлийг ашиглах хандлага нь өөр байдаг гэж эдийн засагч Б.Гантиг ярьсан юм. Тодруулбал, ББСБ-ын хэрэглээний зээл 95-100 хувь, арилжааны банкных 15-30 хувийг эзэлдэг. Хэрэглээний зээл олгох үндсэн аргачлал нь банкны тухайд үндсэн судлагдахуун шаарддаг бол ББСБ цалин, бизнесийн тогтмол орлого, дансны хуулга, цахим хэрэглээг онцолдог аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.21  ПҮРЭВ  №232  (6199)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610757
0 эможи

keyboard_arrow_up