COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлнэ

2017 оны 2 сарын 20

Монгол Улсын Сангийн яам, Монголбанк нь Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгчидтэй хөтөлбөрт хамрагдах хэлэлцээрийг 2017 оны 2 дугаар сарын 1-нээс 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж ажиллав.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд удааширч, төсөв, төлбөрийн тэнцэлд алдагдал үүссэн бөгөөд ирэх онуудад бондын эргэн төлөлтүүд хийгдэхээр байна. Гадаад, дотоод эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, уул уурхайн хэт хамаарал, төсвийн сахилга бат, нэгдмэл байдал хангалтгүйгээс төсвийн алдагдал ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, үүнийг дагаад өндөр хүүтэй үнэт цаас гаргах замаар төсвийн алдагдлыг санхүүжүүлж байсан зэрэг нь Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлж, хүүгийн төлбөрийн дарамтыг өсгөснөөр төсвийн тэнцвэргүй байдлыг бий болгоод байгаа юм. Үүсээд байгаа хүндрэлийг даван туулж макро эдийн засгийг тогтворжуулах, цаашид дунд хугацаанд өсөлтийг хангахын тулд Олон Улсын Валютын Сантай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болоод байна.

 “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”- нь бүтцийн алдаанаас хамаарч эдийн засгийн өсөлт саарсан, төлбөрийн тэнцэл ихээхэн хүндрэлтэй байгаа улс, орнуудад зориулагдсан бөгөөд урт хугацаанд өргөн хүрээний арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдүүлдгээрээ онцлог юм.

ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь 3 жилийн хугацаатай бөгөөд энэ хүрээнд ОУВС-аас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд, ОУВС болон олон улсын байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн зориулалтаар авч ашиглана.

Төлбөрийн тэнцлийг сайжруулан макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг өөрчлөх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлснээр, дунд хугацаанд эдийн засгийн өсөлт нэмэгдэж 8.1 хувь, инфляцийн түвшин 6.1-7.0 хувь болно.

Төсвийн нэгдмэл байдлыг хангах, сахилга батыг чангатгах, төсвийн тогтвортой орлогын эх үүсвэрийг бий болгох, төсвийн зарлагын үр ашгийг  сайжруулах замаар дунд болон урт хугацаанд төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж, төсвийн тогтвортой байдлыг хангана.

Энэ хүрээнд татварын бодлогын шинэчлэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тохирч, ингэхдээ эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг аль болох бага байлгах, иргэдийн орлогын ялгааг нэмэгдүүлэхгүй байх, нийгэм, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг зарим төрлийн хэрэглээг хязгаарлах зарчмыг баримтална.

Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох бүхий л боломжийг дайчлах үүднээс хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, зарим бараа бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэх, импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмэх зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Төсвийн зарлагыг үе шаттай бууруулах хүрээнд нийгмийн хамгаалал, халамжийг хавтгайруулахгүй буюу хүн амын орлого багатай эмзэг хэсэгт түлхүү чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц болон хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн улмаас төсөвт үүсэх зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг эдийн засгийн бодит өсөлт, орлогын боломжоос түрүүлж нэмэгдүүлэхгүй байх, удирдлагын  зардлыг царцаах, үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ.

Өрийн тогтвортой байдлыг хангах хүрээнд төсвийн алдагдлыг үе шаттай бууруулж, урт хугацаатай, хүү багатай гадаад зээлийн санхүүжилтийг түлхүү ашиглах замаар богино хугацаатай өндөр хүү бүхий дотоод үнэт цаас гаргалтын хэмжээг бууруулж, төсөв дэх хүүгийн зардлыг багасган, төсөвт учруулах төлбөрийн дарамтыг жигдлэх бодлого баримтална.

Хөгжлийн банкны төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй бондын эх үүсвэрээс санхүүжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр шилжүүлэн, засаглалыг сайжруулан, бие даасан хараат бус байдлыг ханган, арилжааны чиглэлийн үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзсэн.

Инфляцийг нам, тогтвортой түвшинд хадгалах мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, Төв банкны засаглалыг сайжруулах, валютын ханш макро эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцтэй уян хатан тогтох, төсвийн шинж чанартай хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх зэрэг бодлогын арга хэмжээ авахаар тусгасан.

Санхүүгийн салбарын тогтвортой байдал, санхүүгийн зуучлалын үр ашгийг тодорхойлох үүднээс банкуудын активын чанарын үнэлгээг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэнэ. Тус үнэлгээг үндэслэн санхүүгийн салбарын тогтвортой, үр ашигтай тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээг авна.

ОУВС-тай энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснээр төсвийн сахилга бат сайжирч, төсвийн нэгдмэл байдлыг ханган, өрийн дарамтнаас гарч, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй болгон, бизнес хөгжих таатай орчин бүрдэж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41088
0 эможи
keyboard_arrow_up