Gucci, Versace-гийн нүүр царай болсон АХ ДҮҮ ДӨРӨВ
Германы Дюссельдорф хотод чечень гаралтай ах дүү дөрөв амьдардаг. Тэд дөрвүүлээ хувцас загварын бизнест ажилладаг ба Gucci, Versace, Lanvin зэрэг дэлхийн томоохон брэндүүдийн нүүр царай болжээ.
Гэсэн хэдий ч ах дүү дөрөв үүнийг түр зуурын ажил гэж үздэг ба тэд бүгдээрээ холимог тулааны аваргууд болохыг мөрөөддөг.
БиБиСи агентлагийнхан ах дүү дөрөвтэй загварын ертөнц, тулааны ринг, шашин шүтлэг, шүүмжлэлийн талаар ярилцжээ.
Үүнээс 3 жилийн өмнө Жабраилийн аав ээж таван хүүхдийнхээ хамтаар Чечениэс Германд нүүж иржээ. Жабраил Дулатов 16 настайдаа анх удаа супермаркетад ажилд орж, цагт 6 еврогийн цалин авч эхэлжээ. Тэрээр олсон мөнгөө үрэлгүй Дюссельдорфийн Gucci брэндийн дэлгүүрт харсан тэлээгээ авахаар цуглуулж байж.
Жабраил, “Надад маш хэцүү байсан. Бүх хамаатан садан, найзууд, сургууль маань тэнд үлдсэн. Энд бидэнд юу ч байгаагүй.” хэмээн дурсчээ.
Gucci брэндийн дэлгүүрт явж байсан Жабраил дээр нэгэн бүсгүй өөрийгөө загварын агент хэмээн танилцуулан иржээ. Тэрээр Жабраилд ажил санал болгосон аж.
Жабраил эхлээд эмэгтэйг тоглож байна, өөрийг нь нууц камераар бичиж байна гэж бодсон аж. Тоглоом биш болохыг мэдсэн тэрбээр бүсгүйд өөрийгөө загвар өмсөгч болоход тохирохгүй, чечень хүн, исламын шашин шүтдэг талаар тайлбарласан ч эмэгтэй түүнээс утасных нь дугаарыг авч, гэрийнхэнтэйгээ энэ талаар ярилцахыг гуйжээ.
Тэрбээр, “Би энэ талаар эцэг эхдээ хэлэхэд тэд ч бас тоглоом шоглоом байх гээд инээлдээд өнгөрсөн. Удалгүй аав гэнэт л хамт очоод үзье, ямар ажил болохыг нь харъя гэж санал болгосон.
Тэгвэл одоо дээрх хувцас загварын брэндүүдтэй Жабраил, Сулумбек, Ислам, Тамерлан ах дүү дөрөв дөрвүүлээ ажиллаж байна.
Бидний хийж болохгүй зүйл байвал ажиллахаас татгалзана гэж шийдсэн. Тэгээд загвар өмсөгчдийн анхны сонгон шалгаруулалтдаа орохоосоо өмнө би өвдөгнөөс дээш урттай өмд өмсөхгүй, дан дотуур хувцастай бол бүр ч ажиллахгүй гэдгээ хэлсэн юм. Тэд ч зөвшөөрсөн. Ингээд л бүх юм эхэлсэн юм даа. Би загварлаг хувцсанд дуртай. Чеченьчүүд ер нь л загварлаг хувцас өмсөх дуртай.” хэмээн ярьжээ.
Ингээд сарын дараа Жабраил хувцас загварын төв болсон Парис, Милан хотын загварын долоо хоногт оролцож, Alexander McQueen, Lanvin брэндүүдийн загварын тайзнаа алхаж, Gucci-гийн Хятадад зохион байгуулсан загварын тусгай шоунд тус тус оролцжээ.
Тэгвэл одоо дээрх хувцас загварын брэндүүдтэй Жабраил, Сулумбек, Ислам, Тамерлан ах дүү дөрөв дөрвүүлээ ажиллаж байна. Ах дүү дөрвийн хамгийн том нь 24, бага нь 18 настай аж.
Өнгөрсөн долоо хоногт Vogue сэтгүүлийн цахим хуудсанд Versace брэнд Ислам Дулатовтай гэрээ хийсэн талаар дурджээ.
Өвдөгнөөс дээгүүр урттай хувцас өмсөж зураг авалтанд оролцохгүй гэсэн дүрмийг ах дүү дөрөв дөрвүүлээ ягштал баримтална. Жабраилийн ярьж байгаагаар нэг удаа Armani брэнд түүнийг үнэртэй усныхаа зар сурталчилгаанд тоглохыг урьжээ.
Тэрээр Лос-Анжелес хотод болох хоёр өдрийн зураг авалтад оролцсоноор 70 мянган ам. долларын хөлс авах байжээ. Тэрээр, “Би доогуураа дан дотуур өмдтэй, дээгүүрээ хүрэм, малгай өмсөөд хагас нүцгэн эмэгтэй загвар өмсөгчтэй зургаа авахуулах байсан юм. Надад сая доллар амласан ч тэгж зургаа авахуулахгүй гэдгээ хэлээд татгалзсан” хэмээн дурсчээ.
Чеченьд эрэгтэйчүүд богино өмд буюу шорт огт өмсдөггүй. Исламын шашны зарчмаар эрэгтэй хүмүүс хүйснээс өвдөг хүртэлх хэсгийг халхлах ёстой аж. Ах дүү 4 ч хувцас загварын брэндүүдтэй гэрээ хийхдээ энэхүү ёс журмаа дагаж, дотуур хувцастай алхах, зураг авахуулахаас татгалздаг гэнэ. Түүнчлэн ирсэн ажлын саналуудаа хүлээн авах эсэхээ гэр бүлээрээ бүгдээрээ ярилцаж байж шийддэг аж.
“Хамгийн түрүүнд бид хамгийн том ахаасаа зөвлөгөө авдаг. Яагаад гэвэл тэр бидний багш, дасгалжуулагч, бидэнд бүгдийг заасан хүн. Тэр их туршлагатай” хэмээн Ислам Дулатов ярьжээ.
Исламыг анх загвар өмсөгчдийн сонгон шалгаруулалтад ирж, хэдэн зураг авахуулахыг хүсэх үед тэрээр исламын шашны хувьд хүний зургийг авах нь хориотой гэж бодон татгалзах гэж байсан аж.
Гэсэн хэдий ч том ахтайгаа үүний талаар ярилцаж, эцэст нь зөвшөөрчээ. Тэрээр, “Энэ ажлыг би хэсэг хугацаанд хийх байх. Гэхдээ би нэн түрүүнд исламын шашинтай чечень хүн гэдгээ үргэлж санаж явдаг.” хэмээн ярьсан байна.
Холимог тулаан нь чеченьчүүдийн дунд хамгийн алдартай спортын төрөл юм. Ах дүү дөрөв өглөө болгон бэлтгэл хийж, хоолны дэглэм барьж, оролцох тэмцээн уралдаанаа хоорондоо ярилцана.
Түүнчлэн тэдний нэг мөрөөдөл нь Дюссельдорф хотод чеченьчүүдэд үнэгүй үйлчлэх бэлтгэлийн танхим нээх гэнэ. Жабраилийн гаргасан энэхүү санааг дүү нар нь ч дэмжиж байгаа аж.
Тэрээр, “Манай залуус шөнийн цэнгээний газруудаар тэнэж, өвс татаж, архи уухгүй байгаасай гэж хүсч байна. Ийм зүйл бидэнд тохирохгүй. Спортын танхимтай болсноор залуус спортоор хичээллэж, муу зүйлд уруу татагдахгүй.” гэжээ.
Бэлтгэлийн танхимаа үнэгүй болгох нь зарчмын хувьд чухал гэнэ. Учир нь Германд тулааны урлаг, бөхөөр хичээллэхэд хамгийн хүндрэлтэй байдаг аж.
“Хөл бөмбөгөөр хичээллэх сонирхолтой хүнд бол энд жилд 100 евро төлөөд л хичээллэх боломжтой. Гэтэл рингэн дээр бэлтгэл хийх нь сард 50 евро гэдэг. Гэтэл 4-5 хүүтэй гэр бүл байна гээд төсөөл дөө. Сардаа 200-250 евро төлөх нь байна шүү дээ. Энд байгаа чеченьчүүд дотор ганцхан хүүхдүүдийнхээ бэлтгэлд тийм их мөнгө гаргаж чадах хүн байхгүй.” гэнэ.
Загварын карьераа ах дүү дөрөв 4-үүлээ түр зуурынх гэж хүлээн авдаг. Жишээ нь Жабраил том, урт хугацааны гэрээ хийхээ больсон ба хааяа л нэг зураг авалтанд оролцдог гэнэ. “Би том нь учраас илүү чухал зүйлийн талаар бодох хэрэгтэй. Дүү нарт маань харин цаг байна.” хэмээн 24 настай Джабраил дурджээ. Тэрээр тэмцээн уралдаанд оролцдог ч ихэнх цагаа дүү нарыгаа дасгалжуулахад зарцуулдаг аж.
Исламын хувьд Versace брендийн загварын шоунд оролцох болсондоо баяртай байгаагаа нуусангүй. Тэрээр Германаас өөр орнуудаар аялахыг үргэлж мөрөөдөж байсан гэнэ.
Сулумбек, Тамерлан хоёрын хэлж байгаагаар тэд хэзээ ч загварын бизнест хөл тавина гэж төлөвлөж байгаагүй ба загварын агентууд тэднийг өөрсдөө олж ирдэг гэнэ.
Хувцас загварын нэгэн брендийн менежер Алексей Компаниецийн хэлж байгаагаар ах дүү дөрөв эрүүл чийрэг бие хаа, гудамжны хэв маяг, царай төрхөөрөө олны анхаарлыг татаж чаддаг гэнэ. Тэднийг бусад загвар өмсөгчдөөс онцгой харагдуулж чаддаг зүйлс нь яах аргагүй тэдний гарал үүсэл, шашин шүтлэг хэмээн А. Компаниец онцолжээ. Тэд ёс заншлаа хатуу дагаж, мөргөл үйлдэж, архи тамхи хэрэглэдэггүй аж.
Чечень хүн Versace брендтэй хамтран ажиллаж байна гэсэн мэдээ хурдацтайгаар тархан, чечений цахим хэрэглэгчдийн дунд багагүй шуугиан тариад байгаа аж.
Чечень хүн загвар өмсөж болохгүй гэсэн нэг хэсэг байхад хэтэрхий ил задгай хувцаслалгүй, шашны зарчмаас гадуурх зүйл хийхгүй бол загвар өмсөхөд муу зүйл байхгүй гэсэн хэсэг ч байв.
Ислам Дулатовын загварын карьерийг дэмжсэн үгсийг ихэнхдээ эмэгтэйчүүд бичсэн байх ба эрэгтэйчүүд дийлэнхдээ шүүмжилсэн өнгө аястай зүйлс бичжээ.
Энэ талаар Ислам, “Би тэднийг ойлгож байна. Би Чеченьд амьдарч байгаад манай Чечень залуу загвар өмсөгч боллоо гэж уншсан бол би ч бас ойлгохгүй байх байсан. Яагаад гэвэл манай соёлд тийм зүйл байдаггүй. Намайг дотуур өмдтэйгээ л яваад байдаг гэж боддог юм шиг байна лээ. Гэхдээ би хэзээ ч тэгэхгүй. Би өөрийгөө хэн гэдгийг мэднэ. Нэн түрүүнд би исламын шашинтан, чечень хүн, тамирчин хүн бас өнөөдөр би Versace брендтэй ажиллаж байна.” хэмээн ярьжээ.
Германд амьдардаг чеченьчүүд хүү нараа дагуулан Жабраилийн гэрт ирж, хүүхдүүдийг нь загварын агентлагт оруулж өгөхийг, сонгон шалгаруулалтанд хамт авч явахыг гуйдаг аж. “Гудамжинд хэд хэдэн удаа над дээр энд амьдардаг чеченьчүүд ирж чечень хүн байж загвар өмслөө гэсэн утгатай зүйл хэлж байсан. Ажлын нөхцлийнхөө талаар, хамгийн гол нь бид хэн гэдгээ, хаанаас ирсэнээ байнга санаж явдаг талаараа хэлэхэд тэр бүх хүмүүс биднийг ойлгож, хийж буй зүйлсийг маань хүлээг авдаг.” хэмээн Джабраил ярьжээ
Европын орнуудад амьдарч буй чеченьчүүдийн тоогоороо ХБНГУ эхний 5д багтдаг ба энд Чечений дайны үеэр болон дараа нүүж ирсэн хэдэн 10 мянган чеченьчүүд амьдран сууж байна. Хэдэн жилийн өмнө Европт нүүж ирсэн Муса Тутаевын хэлж байгаагаар Чечениэс дүрвэн ирэгсдийн ихэнх нь Чеченьд байгаа иргэдээсээ илүү Чечень хүн гэдгээ батлахыг оролддог гэнэ. Түүнчлэн амьдарч буй нийгэмдээ “уусах” гэж оролдож буй цөөхөн хэдэн чеченьчүүд ч байдаг гэнэ.
Баасан гараг болгон Жабраил, Ислам, Сулумбек, Тамерлан дөрөв сүмд мөргөл үйлдэхээр явдаг ба мөргөл үйлдэхээр явж буй хотын иргэд Исламыг Versace брэндтэй гэрээ хийсэнд баяр хүргэх болжээ.
Эх сурвалж: www.news.gogo
|