Коронавирусын хөл хорионы үеэр гэрээсээ ҮР БҮТЭЭЛТЭЙ ажиллах 4 зөвлөмж
Коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор манай улсад хөл хорио тогтоогоод байгаа энэ үед олон байгууллагууд ажилчиддаа гэрээс ажиллах үүрэг өгч, уулзалт, хэлэлцээрүүд онлайн хувилбар луу шилжээд байгаа билээ. Гэрээс ажиллах нь эхэндээ таатай мэт санагдах боловч олон хоног үргэлжлэх үед ажлын бүтээмж буурах эрсдэлтэй юм. Тиймээс бид танд ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд туслах дөрвөн зөвлөмжийг бэлтгэлээ.
Гэртээ тусгай ажлын талбар гарга
Гэртээ ажлын талбар гаргана гэдэг нь заавал тусдаа өрөөнд, хаалгаа хаах боломжтой орон зайг хэлэхгүй. Харин таныг ажлын горимд ороход туслах тусгай булан, ширээ байхад л хангалттай. Ингэхдээ болж өгвөл амарч, тухалдаг унтлагын өрөө, зочны өрөөний буйдан зэрэг тав тух мэдрүүлсэн байршлуудаас татгалзаарай.
Тогтсон дүрэм, хэвшил бий болго
Гэрээс ажиллаж байгаа үедээ өдөр бүр ажлаа тогтсон нэг цагт эхлүүлж, мөн дуусгаж, өдрийн туршид авах завсарлагаануудаа ч тодорхой цагийн хуваарьт оруулах хэрэгтэй. Цагийн хуваарь гаргахаас гадна гэртээ бий болгосон ажлын талбар дээрээ хоол идэхгүй байх, өдрийн туршид дор хаяж нэг удаа гадаа гаран тархиа сэргээх, ажлын хамт олноосоо тусгаарлагдахгүй холбоотой байх, ажлын бус цагаар ирсэн и-мэйлд өглөө ажлаа эхлүүлэхдээ хариулах зэрэг хэвшлүүдийг тогтоохыг зөвлөж байна.
Хувцаслалтандаа анхаар
Гэрээс ажиллахын хамгийн том давуу тал нь хөдөлгөөн хорьсон албаны хувцас өмсөх шаардлагагүйд оршдог. Тэгсэн хэдий ч дээр дурдсан ажлын дүрэм, хэвшлээ алдагдуулахгүйн тулд өглөө бүр ажлаа эхлүүлэхдээ гэрээс гарч буй мэт хувцаслаарай. Гэрийн хувцасны оронд биед эвтэйхэн жийнсэн өмд, даавуун цамц гээд тав тух алдагдуулахгүй атлаа хэт амралтын төлөв рүү оруулахгүй энгийн хувцас байхад л болно. Мөн хачирхалтай санагдаж болзошгүй ч гэрийн шаахайн оронд гэрээс гадуур өмсөхөд зориулагдсан цэвэрхэн кет, эсвэл өөр хөлд эвтэйхэн гутал өмсөх нь оффис дээрээ очсон мэт мэдрэмж төрүүлж, анхаарал төвлөрөхөд тусалж болзошгүй.
Эвтэйхэн сандал ол
Оффис дээрээ байгаа мэт эвтэйхэн сандал дээр суун ажлаа хийхийн хажуугаар ойр, ойрхон завсарлага аван сандлаасаа өндийж сунгалтын дасгал хийх, мэргэжилтнүүдийн зөвлөдгөөр 20 минут тутам компьютерын дэлгэцээс нүдээ салган хол байгаа объект дээр харцаа 20 секунд төвлөрүүлэх зэрэг дадлуудыг хэрэгжүүлээрэй.