Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Лионел Месси: Би үхэн үхтэлээ Аргентины шигшээ багийн тоглогч байх болно

2018 оны 6 сарын 28

Испанийн Ла лигийн “Барселона"- гийн довтлогч, Аргентины шигшээ багийн тоглогч Лионел Месси энэ сарын эхээр “MARCA” сэтгүүлд ярилцлага өгчээ. Түүний ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-13 настайдаа анх “Барселона”-гийн өсвөрийн шигшээ багт урам зоригтойгоор орж ирж байсан тэр хүү одоогийн Месси хоёр юугаараа ялгаатай вэ?

-Хэдийгээр олон жил өнгөрч, олон зүйл өөрчлөгдсөн ч миний мөрөөдөл, хүсэл зорилго одоо ч хэвээрээ.

-Өнгөрсөн гуравдугаар сард гурав дахь хүү тань мэндэлсэн. Хүүхдүүдтэйгээ хамтдаа хэр их цагийг өнгөрөөж байна. Саяхан Тиаготай хамтдаа ном уншиж байгаа зураг нэгэн сэтгүүл дээр нийтлэгдсэн байсан?

-Хүүхэд амьдралд маш том өөрчлөлтийг авчирдаг. Дэлхий дээрх хамгийн сайхан зүйл нь аав байх гэж би хувьдаа боддог. Бэлтгэл, сургуулилт багатай үедээ аль болох хүүхдүүдтэйгээ хамт байхыг хичээдэг. Тиагог өглөө хичээлд нь хүргэж егөөд бэлтгэлдээ ороод хичээл нь тарахаар очиж аваад оройн хоол болтол хүүхдүүдтэйгээ байдаг. Ер нь бэлтгэл, сургуулилт багатай үедээ жирийн гэр бүл шиг л байна. Харин тэмцээнд бэлдэж байх үеэр бол бараг л цаг гаргаж чаддаггүй.

-Хүүхдүүдтэйгээ гэртээ хэр их хөлбөмбөг тоглодог вэ?

-Тиаго хөлбөмбөгийн бэлтгэлд явж байгаа. Харин нөгөө хоёр нь жаахан байгаа учраас бараг хөлбөмбөг гэж юу болохыг ч сайн мэдэж амжаагүй л байна.

-Гэртээ, тэр тусмаа эхнэртэйгээ хөлбөмбөгийн талаар ярьдаг уу?

-Бараг л ярьдаггүй.

-Таны хүүхдүүд аавыгаа хэн гэдгийг мэдэх үү?

-Тиаго л мэддэг, нөгөө хоёр нь огт мэдэхгүй. Заримдаа хүмүүс манай гэр бүлтэй зургаа авхуулахыг хүсэх, эсвэл хүмүүс надтай зургаа авхуулах үед маш гайхаж харцгаадаг. Харин Тиагогийн хувьд бол өөр. Заримдаа тэр яг миний фэн шиг Месси гэж дууддаг.

-Ирээдүйд юу хийхээ төлөвлөсөн үү. Дасгалжуулагч болох уу, эсвэл чимээгүйхэн гольф тоглож амьдрах уу?

-Би яг юу хийхээ одоо болтол шийдээгүй л байна. Намайг карьераа дуусгасны дараа юу хийж болох талаар гэр бүлээрээ хэд хэдэн удаа ярилцсан. Гэхдээ ямар ч шийдэлд хүрч чадаагүй. Хоёр, гурван жилийн дараагаас байдал өөрчлөгдөж магадгүй.

-Хөлбөмбөгийн тэмцээнийг хэр их үздэг вэ?

- Ер нь алгасахгүй үздэг шүү.

-Тусгайлан аль нэг багийн тэмцээнийг давтаж үздэг үү?

-Ерөнхийд нь үздэг ч Испани, Английн багийн тоглолтод их анхаарал хандуулдаг.

-Та “алтан пүүз”-ний эзнээр дөрвөн удаа тодорч байсан. Эдгээр цомоо хараад яг юу гэж боддог вэ?

-Энэ бол хамгийн дээд шагнал биш шүү л гэх бодол төрдөг.

-Аргентины шигшээ баг дэлхийн аваргад амжилт үзүүлж, сайн өрсөлдөгч байхын тулд юун дээр анхаарах хэрэгтэй гэж бодож байна вэ?

-Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд гурван дасгалжуулагч солигдсон. Дасгалжуулагч бүрийн хөлбөмбөгийн талаарх үзэл баримтлал, философи өөр. Өнгөрсөн оноос Жорж Сампаоли дасгалжуулж эхэлсэн.

-2014 оны ДАШТ-д Германы багт хожигдсон. Энэ жил Германтай дахин таарах болов уу?

-Германтай дахин таарч тоглоход бэлэн байна.

-Алдартай олон хөлбөмбөгчин “Барса”-гаас Реал”-д урваж байсан. Та хэзээ нэгэн цагт “Реал Мадрид”-ад тоглоно гэж боддог уу?

-Надаас хэзээ ч тийм муухай зан гарахгүй байх. Би урвалтыг үзэж чаддаггүй муу зантай. Дэлхийн хөлбөмбөг сонирхогчид намайг “Барса"-гийн нэрийн хуудас гэж бодсон байхад би яаж “Реал”-руу явах вэ дээ. Бүр тодорхой хэлбэл би чинь каталонийн бахархал шүү дээ.

-Танд анх “Реал” санал тавьсан бол тоглох байсан уу?

-Тэгвэл өөр хэрэг. Бодож үзэх л байсан. Гэхдээ нэгэнт болоод өнгөрсөн зүйл шүү дээ. Намайг “Барса” Испанид авчирсан, эмчилсэн, эдгээсэн. Харин одоо би өөрийн чаддаг бүхнээ “Барса”-д зориулах ёстой.

-Таныг Роналдутой үргэлж харьцуулдаг. Үүнд та эмзэглэдэг үү? Мөн Криштиан нэг ярилцлагадаа таныг дэндүү даруухан гэсэн байна билээ?

-Хүн бүр л байгаагаараа байхыг хүсдэг. Роналдугийн хувьд онгироо зан нь надад таалагддаггүй. Харин түүний бөмбөг эзэмшилт, төрөлхийн ур чадвар нь таалагддаг. Түүнээс суралцах зүйл ч их бий. Ер нь би их дуугүй хүн л дээ. Хэрэв би онгироод явж байвал дэндүү хиймэл харагдана. Зарим хэвлэлд намайг тийм загвар өмсөгчтэй ингэж зугаалж, тэр дуучинтай амрагийн холбоотой байж гэх мэтээр бичдэг. Яг үнэнийг хэлэхэд би тийм хүн биш шүү дээ.

-Роналду ирээдүйд тантай сайн найзууд болно гэдэгтээ итгэлтэй байгаа гэж ярьсан байдаг. Энэ боломжтой юу?

-Сайн хэлж мэдэхгүй байна. Бидэнд хамтдаа цагийг өнгөрөөж, шар айраг ууж, харилцан бие биеэ таних хугацаа байгаагүй. Бид ёслолын ажиллагаа, хүлээн авалт дээр л таарахдаа ганц нэг үг сольдог. Гэхдээ амьдрал баялаг. Сайн найзууд ч болохыг үгүйсгэхгүй юм.

-Та өөрийгөө дэлхийн шилдэг хөлбөмбөгчин гэж боддог уу?

-Одоогоор Роналдугаас илүү хөлбөмбөгчин байхгүй гэж бодож байна. Би өнгөрсөн хугацаанд түүнээс маш их зүйл сурсан. Түүний хөлийн ажиллагаа, хурд, техник дахин давтагдашгүй. Роналдугийн эзэмшсэн рекордыг эвдэх хүн байхгүй болов уу. 33 настай ч одоо хүртэл багийнхаа хамгийн чухал хүн байсаар байна. Түүнчлэн Роналду дэлхий дээрх хамгийн их үзэн ядагчтай тамирчин байх. Учир нь, түүнийг давж гарах хүн одоог хүртэл тодроогүй байна шүү дээ. Тэр тусмаа чөлөөт цохилтоор Роналдутой энэ зэрэгцэх хүн нэг ч байхгүй.

-Гэхдээ та ч гэсэн чөлөөт цохилтоороо Роналдугоос дутахгүй шүү дээ?

-Маш хэцүү чөлөөт цохилтыг хүртэл Роналду амархан гүйцэтгэдэг. Энэ тал дээр Роналдуг гүйцэх хүн байхгүй. Тэр бол яах аргагүй дэлхийн шилдэг хөлбөмбөгчин. Роналду нэг удаа “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд над шиг сайн хөлбөмбөгчин байсангүй” гэж хэлж байсан юм. Тухайн үед би юу ч бодолгүй инээсэн. Харин эргээд бодоход тэр үнэн хэлж.

-Аргентины шигшээ дэлхийн аварга, тивийн аваргад төдийлөн амжилттай тоглохгүй байгаа. Үүнийг тантай холбож яриад байх шиг?

-Би үүнтэй санал нийлдэггүй. Хөлбөмбөг багийн спорт шүү дээ. Би ганцаараа 11 хүний эсрэг тоглоогүй. Манай багийнхан бүгд л ялалт, ялагдлыг үүрэлцэх ёстой. Эхлээд ямар нэг асуудал гарахад надад огт хамаагүй мэт санагддаг байсан. Харин хүмүүс надаас болсон мэтээр яриад байгаа нь утгагүй санагдсан. Би хэзээ ч, хаана ч байсан Аргентины шигшээ багт сайн сайхныг л хүснэ. Бүр хатуугаар хэлбэл, би үхэн үхтэлээ Аргентины шигшээ багийн тоглогч байх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59031
8 эможи

зочин
2018-06-28 13:31
Үнэхээр ухаантай даруухан юмаа. Бурхан ивээг
Иргэн
2018-06-28 12:29
Ухаантай.
keyboard_arrow_up