Францыг Дэлхийн Аварга болоход нөлөөлсөн Погбагийн үгс
Спортын амжилтад бие бялдрын бэлэн байдлаас гадна сэтгэл хөдлөл, урам зориг нөлөөлдөг нь гарцаагүй.
Тэмцээний өмнө дасгалжуулагчид, багийн ахлагчид тамирчдаа зоригжуулсан үгийг хэлдэг ч эдгээр нь ихэвчлэн хаалганы цаана өрнөдөг. Харин саяхан Францын хөлбөмбөгийн шигшээ багийнхан ДАШТ-ий финалын тоглолтод гарахын өмнө хувцас солих өрөөндөө ямар урмын үгс сонссоныг нэгэн видео бичлэг өчигдөр ил болгожээ.
Долдугаар сарын 15-нд бичигдсэн уг видеонд Францын шигшээгийн 25 настай тамирчин Пол Погба богино хугацаанд бусад тамирчдадаа ямар хүчтэй урмын үгсийг хэлж байгаа нь харагдаж байна.
Тэрээр Францын шигшээгийн Евро 2016-д үзүүлсэн тааруу үр дүнг бусдадаа сануулаад “Би энэ оройг биднийг үзэж буй бүх Франц хүмүүсийн мартагдашгүй дурсамж болгомоор байна. Тэдний хүүхдүүдэд, хүүхдүүдийн хүүхдүүдэд, хүүхдүүдийн хүүхдүүдийн хүүхдүүдэд бас. Өнөөдөр бид энэ түүхийг бүтээхэд 90 минутын хугацаа байна” гэж хэлжээ.
Погба бас багийнхаа тамирчин бүрийн гуниг харууслын бус, баяр хөөрийн нулимсыг тэмцээний дараа харахыг хүсэж байгаагаа эцэст нь хэлсэн байна.
Ингээд 90 минутын дараа Францчууд Хорватын шигшээ багийг 4:2 харьцаатай хожиж, түүхэнд нэрээ бичицгээсэн юм.