Б.Ганболд пара цанын ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
Герман улсад пара цанын насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 9-нөөс 20-нд болох гэж байна. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ж.Дондогийн удирдлага дор Б.Ганболд цанын гурван төрөлд уралдах юм. Тухайлбал, Б.Ганболд ойрын зайн 1.5, дундын зайн 10, холын зайн 20 км-т хурд сорино. Тэрээр тус тэмцээнд зориулж 11.500 км-ын бэлтгэл сургуулилт хийжээ.
Энэ тэмцээн Б.Ганболдын хувьд ирэх жил БНСУ-д болох өвлийн паралимпийн наадамд эрхээ авч оролцох гол шалгуур болох юм. Үүний дараа БНСУ-д ирэх сарын 7-ноос 16-нд болох Дэлхийн цомын тэмцээнд паралимпийн наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдөх боломжтой. Тэрээр паралимпийн наадмын 130 оноо цуглуулаад байгаа бөгөөд нөгөөдөр эхлэх ДАШТ-ээс нэмж 50 оноо авбал “Пёнчан-2018” өвлийн паралимпийн наадамд оролцох боломжтой болох аж.