Боксчид Казахстанд амжилтаа үргэлжлүүлж байна
Олон улсын боксын холбооны нэг одтой дасгалжуулагч, спортын мастер Х.Хайнарын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчид Казахстан улсад цуврал тэмцээнд оролцож байгаа. Алматы хотод болж өндөрлөсөн ЗХУ-ын Армийн генерал Сагадат Нурмаганбетовын нэрэмжит XXII Олон Улсын А зэрэглэлийн тэмцээнээс ОУХМ Э.Цэндбаатар (64 кг)-д алтан медаль хүртлээ. Мөн спортын дэд мастер Ц.Мөнхбаатар хүрэл медалийн эзэн боллоо. Энэ тэмцээнд ОХУ, Узбекстан, Кыргызстан, Тажикстан, Казахстан, Монгол зэрэг улсуудын шилдэг ширэн бэлийтнүүд 10 жинд нийт 128 боксчин хүч үзсэн юм.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агенттлаг, Биеийн тамир, спортын газар, Казахстан улсын БТС-ын Яамны хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын боксын холбооны дасгалжуулагч Х.Хайнар баг тамирчдаам удирдан хамтарсан бэлтгэлд оролцож байгаа юм. Багийн бүрэлдэхүүнд боксын үндэсний шигшээ багийн тамирчин, “Рио-2016” олимпийн наадмын 5-р байрын шагналт ОУХМ Э.Цэндбаатар, ОУХМ А.Нурлан, спортын мастер Б.Сүххуяг, спортын мастер Ц.Мөнхбаатар нар 4-р сарын сарын 18-наас 6-р сарын 18-ны хооронд 2 сарын хугацаанд хамтарсан бэлтгэл хийхээс гадна Казахстан улсад болох олон улсын “А” зэрэглэлийн 3 том тэмцээнд тулалдах хуваарьтай байгаа. Казахстан улсад өнгөрсөн 1 сарын хугацаанд болсон Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс ОУХМ Э.Цэндбаатар 1 алт, 1 хүрэл, ОУХМ А.Нурлан 1 алт, спортын мастер Б.Сүххуяг 1 хүрэл медаль, спортын мастер Ц.Мөнхбаатар 1 хүрэл медаль тус тус хүртсэн амжилтыг үзүүлээд байна.
Боксын үндэсний шигшээ багийн тамирчид Астана хотод хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаад 6-р сарын 6-11-ний өдрүүдэд Казахстан улсын Ерөнхийлөгч Назарбаевийн нэрэмжит тэмцээнд оролцоод эх орондоо ирэхнээ. Мөн боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч МУГД.Д.Батсүрэн, Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй боксын шигшээ багийн тамирчид Киргиз улсын Ош хотод олон улсын хамтарсан бэлтгэл болон олон улсын тэмцээнд оролцохоор энэ сарын 10-ны өдөр хилийн дээс алхсан юм.
Эх сурвалж: Ssport








