2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дууг Холливүүдийн од Уилл Смит дуулна
Ирэх сард ОХУ-д эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу “Live it Up”-ийг Холливүүдийн од Уилл Смит, Латин Грэммигийн шагналт Ники Жэм, Албаний дуучин Эра Истрэфи нар дуулна гэдгийг ФИФА өчигдөр зарлажээ.
ДАШТ-ий албан ёсны дууг DJ, хөгжмийн зохиолч Diplo зохиосон юм байна.
Долдугаар сарын 15-ны өдөр Москвагийн Лужники цэнгэлдэх хүрээлэнд болох аваргын төлөө тоглолтын өмнө 80,000 үзэгчдийн өмнө энэ дууг амьд хоолойгоор дуулж, мөн нэг тэрбум орчим телевиз үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.
Тавдугаар сарын 25-нд дууг цацаж эхлэх бол зургаадугаар сарын 7-нд албан ёсны видеог нь гаргах юм байна.
Хөлбөмбөгийн ДАШТ-д зориулж дуу гаргадаг уламжлал 1962 оноос эхлэлтэй. 2018 оны ДАШТ Москвад эхэлж, 22 өдөр үргэлжлэх ба Оросын Москва, Санкт Петрбург, Сочи, Казань, Саранск, Калининград, Волгоград, Ростов на Дону, Нижний Новгород, Екатеринбург, Самара гэсэн 11 хотуудад зохион байгуулагдах юм.
Эх сурвалж: ТАСС