Монголыг тойрон аялахад үзэх газрууд
Урин дулаан цаг ирж аялал зугаалга эхлэх гэж байгаатай холбогдуулан Монгол улсын 21 аймгуудын гайхамшиг болсон заавал очиж үзэх учиртай үзэсгэлэнт газруудыг түүвэрлэн толилуулж байна.
УВС АЙМАГ
1.Увс нуур
Нуурын талбай нь 3350 хавтгай дөрвөлжин километр бөгөөд далайн төвшнөөс дээш 759 метрт оршдог. Урт нь 84 километр, өргөн нь 79 километр, гүн нь 10-20 метр гүехэн нуур юм. Увс аймгийн зүүн хойд хагаст орших, Монгол орны хамгийн том талбайтай, гадагшаа урсгалгүй, давстай, тогтмол нуур юм. Далайн давснаас тав дахин их давстай нуур хэмээдэг. Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн зэрэг 38 гол горхи цутгана. Алтайн сугас, эрээн жараа зэрэг загастай. Нуурын хөвөөнд зэгс, дэрс, бут, сөөг, өлөн, шагшуурга, бургас улиас зэрэг ургамал ургана. Ханхөхийн нуруу нь Их нууруудын хотгор уруу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана.
Увс нуур, түүний цутгал голуудын ай сав, дагуу хар мод, хуш, улиас, зэгс, чацаргана, чихэр өвс, үхэр манжин зэрэг олон зүйлийн ургамал ургана. Бор гөрөөс, гахай, буга нутагшсаны гадна олон төрлийн жигүүртэн шувууд, загас жараахай байдаг. 245 зүйл шувууд энэ бүс нутагт бүртгэгдсэн бөгөөд нэн ховорт тооцогдох халбаган хошуут, цасч дэглий, ямаан сүүлт, итэлгэн цахлай, ухаа шумбуур, усны цагаан сүүлт бүргэд зэрэг ус намгийн шувууд бий.
2.Хяргас нуур
Увс аймгийн Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумын нутагт Их нууруудын хотгорт, Ханхөхий нурууны урд хэсэгт, Нуурын гадаргын талбай нь 1407 хавтгай дөрвөлжин километр, хамгийн урт нь 75 километр, өргөн 31 километр, дундаж өргөн нь 19 километр, усны мандал нь далайн төвшнөөс дээш 1028 метр өндөрт оршино.
Хяргас нуур нь тектоникийн хотгорт тогтсон учрахас эргийн шугам хэрчилт ихтэй. Тийм учраас хэд хэдэн нарийн хошуу түрж орсон байдаг. Тэдгээрийн дотор хамгийн том нь Нуурын шугам бөгөөд 7 километр байдаг бол Чацарганы шугам нь 4 километр, Могойн шугам нь 5 километр байдаг.
Нуурын эргээс жаахан гүн рүү ороход 40-50 метр хүртэл гүнзгий болно. Хамгийн гүнзгий нь Чацарганы шугам орчимд 80 метр хүрнэ. Хяргас нуур нь гүн эзлэхүүн зэргээрээ Их нууруудын хотгорын бусад нуураас хавьгүй томд тооцогдоно. Хар ус нуурын системийн дотор хамгийн нам дор орших том нуур бөгөөд Алтайн хангайн уулархаг нутгаас эх авч Их нуурын хотгор руу урсах бүх голуудын төгсгөл болно.
Алтайн нурууны зүүн ба хойд хажуу, Хангайн нурууны баруун хажууг бүхэлд нь хамарсан 170 мянган хавтгай дөрвөлжин уудам нутгаас усжина. Энэхүү талбайгаас эх авсан гол горхинууд Их нууруудын хотгорын бүлэг нууруудаар дамжсаар эцэстээ Айраг нуурт очиж, тэндээс Нуурын хоолой гэдэг ганц хоолойгоор Хяргас нуурт цутгана. Гадагш урсгалгүй тогтмол нуур бөгөөд нуурын мандал асар их ус ууршуулах давсны уусмалаар ханасан байдаг. Түүнд илүүдэл усаа өгөх Айраг нуур нь 143.3 хавтгай дөрвөлжин километр талбайтай бөгөөд Айраг нуурыг Хяргас нуураас 50-80 метр өндөртэй урт ухаа толгод тусгаарлах бөгөөд 5 километр урт, 200-300 метр өргөн Нуурын хоолойгоор холбогдоно.
3.Хэцүү хад
Аймгийн төвөөс зүүн урагш 230 километр, Завхан сумаас 60 километр зайд Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр өндөр хадан цохио байх бөгөөд түүнийг Хэцүү хад гэнэ. Тэрхүү хадны зарим орой нь уснаас цухуйн гарч арал мэт сүртэй харагдана. Тэрхүү цухуйж гарсан орой нь усны шувуудын диваажин бөгөөд тэнд үүрээ засаж өндөглөнө. Оросын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн гойд сонин тогтоц, үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн өөрийн тэмдэглэлдээ бичжээ.
Хяргас нууранд Алтайн сугас, осман, монгол хадран, хайруус, шар загас зэрэг элбэг тул Хэцүү хаданд үүрээ зассан шувуудын гол хоол тэжээл болдог. Хэцүү хад рүү хүрэх нуурын эрэг орчмын зам сул элс, дэржигнүүр ихтэй тул мосттой машин унаа хэрэглэх нь тохиромжтой.
4.Алтан элсний дархан цаазат газар
Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг дэл элсний зүүн хэсэгт Баруунтуруун сумын нутагт Алтан элс оршдог. Элсний нийт талбай нь 177.5 мянган га. Элсэн доороос эх аван урсдаг цэнгэг устай гол горхи, булаг шанд, баян бүрдүүд болон элсний нүүлт зэрэг гадны нөлөөнд автахгүйгээр орших элсэн манхан юм.
Нэг талаас нуур-пролювын гаралтай дөрөвдөгч галавын хурдас, баруун хойд зүгээс байнга үлээх салхиар хийсэн хуримтлагдсантай, нөгөө талаас суурь чулуулгийн өгөршилтэй холбоотой. Сөөгөнцөр, дэгнүүлт үетэн, алаг өвс бүхий элсний бүлгэмдэл голлоно. Хиаг, ерхөг, агь, ганга, цагаан бургас зэрэг ургамал ордог. Элсний урд хаяа дагуу хэсэг нарс, шинэс, чацаргана ургах бөгөөд тухайн орчинг маш үзэсгэлэнтэй болгодог. Алтан элс нь дов толгодлог гадаргатай, элсний зүүн хэсэгт Эрдэнэтолгой, Залаа толгой, Хөх толгой зэрэг нам уулс шиг толгойнуудтай.
5.Ханхөхий уулс
Ханхөхий нурууг 2205 ам километр талбайгаар, Хяргас нуур орчмыг 3320 ам километр талбайгаар 2000 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ. Ханхөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой газар юм. Хангайн нурууны баруун хойд залгаа болж оршино. Оргил нь Дуулга уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2928 метр өндөр. Ханхөхий уул нь ой мод, ус, гол элбэгтэй томоохон уул бөгөөд Увс аймгийн Зүүнхангай, Өвөрхангай, Цагаанхайрхан сумын нутагт оршдог. Ханхөхийн нуруу нь их нууруудын хотгорлуу түрж орон Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Алмас эрдэнээс эхлээд олон төрлийн эрдэнэс бий.
6.Чандмань уулын дурсгал
Улаангомын сав газар бол эртний их түүхтэй, соёл иргэншлийн өлгий болсон нутаг юм. Хархираагийн нуруунаас буусан олон голуудын үржил шимт хөндий. Улаангомын сав нутаг нь нэн эртнээс хүн оршин амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн бүс нутаг байж түүхийн олон үеийн дурсгалыг өөртөө агуулсаар иржээ. Монгол алтайн нуруу, их нууруудын хотгор нь эртний хүмүүсийн өлгий нутгийн нэг байсан нь Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд яригдах цөөн хэдэн дурсгалууд эндээс олдсонтой холбоотой. Тэр дундаа Улаангомын хэмээн тодотгогдох Чандманий соёл бол Монгол, Төв ази төдийгүй дэлхий дахины хэмжээнд яригдах бие даасан цогцолбор соёлын нэгэн мөнөөс мөн ажээ.
Эл дурсгал нь хүрэл, төмрийн түрүү үеийн хоёр томоохон иргэншил болох дорнод монголын дөрвөлжин булш, дундад азийн скифийн соёл иргэншилийн холбоосон дээр оршиж тэр утгаараа энэ хоёр соёл иргэншлийн агуулгыг аль алины нь онцлогийг өөртөө агуулсан ихээхэн өвөрмөц онцлог бүхий дурсгал. Монголын төмөр зэвсгийн түрүү үе буюу мэө VII-III зууны үед холбогдох иж бурэн дурсгал бол Увс аймгийн Улаангом хотын дэргэдэх Чандмань ууланд буй цогцолбор соёл юм. Анх 1972 онд Улаангом хотноо газар шорооны ажил хийж байсан хүмүүс барилгын шороо хайрга Чандмань уулын бэлээс авах үед дүнзэн хашлагатай булш ил гарч, ийм булш байгааг олж мэдсэн ажээ.
7.Гоожуурын хүрхрээ
Ховд сумын нутагт Хархираа, Түргэний уулсын баруун урд оршино.Байгалийн үзэсгэлэнт газар. Гоожуурын хүрхрээ 17м өндрөөс унана. Олон нуурын уулс нь д.т.д 3000м өндөр. Мөнх цас, сүрлэг хад уулс, улаан номд орсон нэн ховор ирвэс, аргаль, янгир, буга зэрэг 20 зүйлийн ан амьтан, 30 гаруй зүйлийн ургамалтай. Том жижиг 108 нууртай. Шар, ногоон, сүүн цагаан зэрэг олон өнгөтэй. Мөн Вансэмбэрүү цэцэг харах боломжтой.
8.Мөнгөт цахир уул
Давст сумын төвөөс 50 орчим км-т цагаан саарал өнгийн шохойн гантиг чулуунаас тогтсон мөнгөлөг цагаан өнгөтэй д.т.д 1600 метр өндөрт орших уулыг Мөнгөт цахир уул гэдэг. Монгол улсын дархан цаазат энэ уулын аманд байрлах зурагт буга, янгир ямаа, олон тооны тамга тэмдэг, хүний нүүрийг дүрсэлсэн байдаг.
Уулын зүүн талын аманд хадны дээд хэсэгт эгц урдаас нь харсан хүний нүүрийг дугуйд багтаан хөмсөг, нүд, хамар амтай дүрсэлжээ. Түүний доор цаашаа хараад зогсож буй шовгор оройтой малгай өмссөн хүний их биеийн хэсгийг хөвөөлөн гаргасан эдгээр дурсгалыг МЭӨ 3-1 мянган жилд холбогдоно гэж судлаачид үздэг.
9.Дэглий цагаан уул
Монгол Алтайн нурууны цавчим хаднуудаас үүсэлтэй Түргэний уулсын ноён оргил Цагаан дэглий уул нь далайн төвшнөөс дээш 4096 метр өндөр. Түргэний уулс нь Бөхмөрөн, Сагил сумыг дамжин 70 орчим километр үргэлжлэх уулс бөгөөд Цагаан дэглий уулаас зүүн тийш Хавцалын боом хүртэлх 145.1 мянган га талбайг хамарна.
Цагаан дэглий уул нь ой тайгатай, уулын түргэн урсгалт гол горхиудтай, мөнх цастай, мөсөн голтой, бэлээрээ үзэсгэлэнт нууруудтай, өвөрмөц тогтоц бүхий хадан хясаатай, ховор болон ховордсон ургамал амьтны аймагтай. Энэ уулнаас Түргэн, Буурал, Хархираа, Ямаатын голууд эх авна. Түрэгийн үеийн болон өмнөх үеийн хүн чулуун хөшөөнүүд, хадны сүг зураг, хиргисүүр, булш бунхан, Төгс буянт хийдийн туурь зэрэг түүх соёлын дурсгалуудтай.
10.Зураагийн улаан хадны зураг
Увс аймгийн Зүүнхангай сумын төвөөс хойш 14 километрт орших Зураагийн хошууны өвөр талын таван том улаан хадыг “Зураагийн улаан хад” хэмээнэ. Дунд талын хоёр хаданд эртний хүмүүсийн улаан зосоор зурсан зургууд бий.
Эдгээр хаданд нисэж яваа шувуу мэт дүрс, зөв буруу солбисон дэгрээ тэмдэгнүүд, хавирган сар мэт дүрс, дундаа цэгтэй гурвалжин дүрс, Х үсэг мэт дүрс, олон тооны цэг зураас, дугуй цагираг босоо зурааснууд, янгирын толгой бүхий урт иштэй эдлэл, амьтны арьс дэлгэсэн мэт дүрс, алцайж зогссон хүний дүрс, хоёр гараа унжуулан зогссон хүн, цээж их биеийг гурвалжин дүрсээр гаргасан зэрэгцээ хоёр хүн, хоёр гараа дэлгэж нэг гартаа юм барьсан хүн, салаа оройтой малгай өмсөөд бүжиглэж байгаа мэт хоёр хүн, хөлөө өвдгөөр нь нугалан дутуу явган сууж хоёр гараа дэлгээд нэг гартаа ямар нэгэн юм барьсан хүн зэрэг дүрслэлүүд байдаг.
Эдгээр нь шинэ чулуун зэвсгийн үед холбогдох дурсгал хэмээн тодорхойлжээ. Мөн овог отгоороо ан хийж буй дүрслэл бий. Дэлхий дээр ийм утга агуулгатай зураг 2 байдаг бөгөөд нөгөө нв Америкийн Аляскад байдаг байна. Салхи, ус бороо зэрэг байгалийн элэгдэлд орж дүрслэл нь нилээд бүдгэрсэн байдаг.
ХӨВСГӨЛ АЙМАГ
1. Соёны бүс нутаг
Алтай Соёны экобvс нутаг нь Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гаас тодорхойлсон дэлхий дээрх зайлшгvй хамгаалбал зохих 200 экобvс нутгийн нэг бөгөөд Монгол, ОХУ, Казах, БНХАУ-ын нутгийг дамнан оршдог онцлогтой. Нийт нутгийн хэмжээ 862000 км2, тvvнээс Монголд 29%, ОХУ-д 62%, Казах-т 5%, БНХАУ-д 4% тус байна.
Энэхүү бүс нутаг нь газар зvйн хувьд дотроо Алтайн нурууны ойт хээр, тундр, Соёны нурууны тундр, шилмvvст ой, Их нууруудын сав газрын цөлжvv хээр зэрэг эх газрын дэд экобvс нутгуудаас бvрддэг.
Vvний дотор Монгол Улсын нутагт хамаарагдах бvс нутгаас өндөр уулын болон хээр, цөлжvv хээр, ус намгархаг газрууд хосолсон Их нууруудын сав газар болон олон нуур, усны өлгий болсон Дархадын Хотгор чухал байр суурь эзэлдэг.
2. Хөвсгөл нуур
Хөвсгөл нуурын ай сав бүхий байгалийн цогцолбор газрыг 1992 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд нийцүүлэн дэлхийн байгалийн цогцолбор газрын ангилалд оруулжээ. Хөвсгөлийн ай савд 59 зүйлийн хөхтөн амьтан, 244 зүйл шувуу, 750 зүйл ургамал байдаг. Ургамлын 60 орчим төрөл нь эмийн ургамал байдаг. Ой тайгад нь булга, ойн солонго, нохой зээх, шилүүс, хүдэр, хандгай, хүрэн баавгай, зэрлэг гахай, бор гөрөөс, халиун буга, хэрэм, хадны суусар, өмхий хүрэн, мануул, хярс, ирвэс, үнэг, чоно, цаа буга, аргаль, янгир зэрэг амьтад амьдардаг. Гангар хун, явлаг сар, Алтайн хойлог, итэсгэн цахлай, хар тоншуул, сондор гургалдай, Монгол болжмор, ятга шаазгай, дагуурын ятуу зэрэг Улаан номонд нэн ховор гэж тэмдэглэгдсэн шувууд бий. Хөвсгөлийн ай сав газрын 28 хувийг ой мод эзэлдэг бөгөөд 255 420 га талбайг хамран улиангар, хавтага навчит хус, анхилуун улиас, сибирийн гацуур, сибирийн шинэс, эгэл нарс, сибирийн хуш, сибирийн жодоо ургадаг.
3. Даян дээрхийн агуй
Даян Дээрхийн агуй нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойно Үүр голын зүүн цутгал, Дээрх гэдэг хавцал голын дунд хавьд зүүнээс нийлэх хавцлын аманд орших, Монгол орны хамгийн том агуйн нэг юм. Агуй дотроо 450 шоо метр хэмжээтэй, арав гаруй тасалгаатай, зүг бүртээ олон ам бүхий “хаалгатай”. Төрөл бүрийн рашаантай, нарийн шороон будагтай, “эхийн умай” хэмээх эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай дэлхийд ховор байгалийн “үзмэр” юм.
Агуй том жижиг гурван амтай. Агуйн том ам 3х4 метрийн хэмжээтэй, нөгөө хоёр нь түүнээс бага юм. Агуй орчмын уул нь шохойн чулуулаг юм. Агуйн их ам дотор талдаа 1 метр орчим өндөр чулуун босготой, босгыг давж ороход төвөгтэй учир зориуд чулуун шат тавьсан. Энэ босгыг давангуут 7 метр орчим өргөнтэй , 15 метр өндөр дөрвөлжин хэлбэртэй том хөндий тасалгаа байна. Үүнээс өнгөрмөгц эхний тасалгаанаас нарийхан нам боловч урт, тал тал тийш олон хонгилтой тасалгаа байна. Энэ хоёр тасалгаа нийт урт 32,5 метр болно. Хоёр дах тасалгааны эцэст эгц дээш өгсөж ордог хоёрдахь давхрын тасалгаа байна.
Үүн рүү орохын тулд тусгай модон шат хэрэглэдэг. Агуй нэгдүгээр давхраас хоёрдугаар давхар хоёрын хооронд босоо зай 14,7 метр өндөр юм. Хоёрдугаар давхрын том тасалгаа нь баруун хойш чиглэсэн 4 метр өндөр, 3-5 метр өргөн 24 метр урт юм. Эл тасалгаанд олон жижиг хонгил тал тал тийш салбарласан байдаг. Эл тасалгааны шалан талын хэсэг гүн худаг мэт жижиг нүхтэй, гурван том баганатай. Энэ нь шил мэт тунгалаг өнгөтэй. Нэгийг нь хүмүүс зориуд хугалсан байна. Энэ тасалгаанаас зүүн өнцөгт 2 метр өндөр нарийн босгыг давж, нүүхээр шургаж буугаад нарийн хонгилоор явсаар дараагийн тасалгаанд орно. Эл тасалгаанаас агуйн мухар хүртэл том жижиг найман тасалгаа байдаг. Агуйн мухарт хана дээврээс нурсан хад чулуу байдаг. Үүнийг нутгийнхан цагаан асга гэдэг. Энэ нь нилээд сүүлийн үед нурсан. Түүнээс цааш үргэлжилж хил гардаг байсан тухай нутгийн хүмүүс ярьдаг. Агуйн амнаас энэ хүртэл агуйн 170 метр орчим гэж судлаачид тогтоосон. Агуйд хүмүүс орохдоо лаа барьж ордогоос агуйн хана тортог хөө болсон байдаг.
4. Уушгийн өврийн буган хөшөө
Аймгийн төвөөс 25 км зайтай орших Уушиг уулын өвөрт нэг дор 14 буган хөшөө байдаг. Буган хөшөөнүүд хойноосоо урагш цуварч байрласан. Хөшөөнүүд хоорондоо 3-20 метрийн зайтай. Улаавтар өнгийн боржгон чулууг дөрвөн тал гарган тэгшлэн засаж, буга, нум, бамбай, морь, хутга, нар,сар, толь, хээтэй бүс зэргийг дүрслэн сийлж хөшөөнүүдийг бүтээсэн байдаг. Хөшөөнүүд гонзгой урт бөгөөд 1,5-4,8 метр өндөртэй, 0,4-1 метр өргөнтэй, 0,2-0,5 метр зузаантай байна. Нийт 14 хөшөөнд 109 буга дүрслэн сийлсэн. Уг дурсгал нь нэг дор олноороо цогцолсон гэдгээрээ онцлог бөгөөд Монгол орны хамгийн тод дүрслэлтэй буган хөшөө юм. Хөшөөний зарим нь дундуураа хугарсан, суурьнаасаа хөдөлсөн, хазайсан, зарим хөшөөний сийлбэр нь элэгдэж бараг мэдэгдэхээ байсан байна.
1999-2000 он, 2003-2004 онуудад Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Уушгийн өвөрт Монгол-Японы хамтарсан хээрийн шинжилгээний анги хиргисүүр болон буган хөшөөний цогцолбор судалгааг хийж гүйцэтгэсэн байна . Тэд Уушгийн өврийн 1-р хиргисүүрийг бүхэлд нь малтаж, гадаад дотоод зохион байгуулалт, бүтцийг нягтлан шинжилжээ . Малтлагын үр дүнд хиргисүүрийн тахилын байгууламжуудаас хойлголон тахисан адууны яс, шавар ваар савны хэлтэрхий зэрэг олдвор, хэрэглэгдэхүүн гарсан.
Дээрхийн агуйг үзэж сонирхох гадаад, дотоодын жуулчид их ирдэг төдийгүй агуйн орчимд олон тооны хиргисүүр, булш бий. Байгалийн хосгүй иж бүрдэл болсон энэ сайхан нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан нь шинжлэх ухааны болон байгаль, түүх, соёлын хувьд ихээхэн ач холбогдолтой юм.
5. Улаан толгойн буган хөшөө
Аймгийн төвөөс 35 км-ын зайд орших Эрхэл нуурын баруун талд Улаан толгой уулын бэлд таван ширхэг буган хөшөө, ойр орчим нь нилээн хэдэн 1-2 м өндөр дөрвөлжин болон дугуй хиргисүүр бий. Энэхүү буган чулуун хөшөөний хоёр дахь нь 3.40 см өндөр бөгөөд монголын хамгийн өндөр буган чулуу гэдгээрээ алдартай. Энэхүү буган чулуун хөшөөний дээд талд нар, еёөн ширхэг ташуу бөөрөнхий нүх хонхойлгон цохисон буганы дүрс тод дүрспэгдсэний дээр ойролцоо орших 4 буган чулуунаасаа хэмжээ, хийц урлалаараа өвөрмөц онцлогтой юм. Монгол оронд 550 гаруй буган хөшөө байдгийн 70 гаруй нь буган чулуун хөшөө Хөвсгөл аймагт байдаг ажээ. Үүгээрээ эртний Түрэгийн соёлын төв байсныг гэрчилж байгаа юм.
6. Дархадын 13 овоо
Хатгалаас Улаан-Уул руу явах замд Өлийн халзан даваа байдаг бөгөөд 13 овоотой. Өлийн халзан даваа нь 2110 м-ийн өндөрт оршдог.
Дархад овгийн хүмүүс манай улсын олон аймаг сумаар тархсан байдаг гэж угсаатан зүй судлаачид өөр өөрсдийн бүтээлд тэмдэглэсэн байдаг. Дархад овгийн хүмүүсийн уг гарал XII-XIII зуунаас улбаатай. “Монголын нууц товчоо”-нд дархад аймаг гэж гардаг. Одоогийн Улаан-Уул, Ринченлхүмбэ, Баянзүрх, Цагааннуур суманд аж төрж байгаа дархдууд дархад ястны зан үйл, хэл аялгуу, аж төрөх ёсон, сүсэг бишрэл зэргийн үүх түүхийг хадгалж иржээ.
Дархадууд нь түүхэн тодорхой цаг үед ойрад, хотгойдын бүрэлдэхүүнд багтаж байжээ. 1549-1786 онд дархадууд Засагт хан аймагт харъяалагдаж, хотгойдын Алтан ханы харъяа байжээ. 1786 онд дархадууд богд Жавзандамба хутагтын дархан шавь болж, Хөвсгөлийн их тайга, Шишгэдийн өргөн уудам хөндийд аж төрөх болсон юм. Дархад нь уг гарлаараа хотогойд, урианхайтай үүсэл нэгтэй бөгөөд найман удаагийн Жавзандамба хутагтын дархан шавь байсан нь дархад ястны нэр болсон хэмээн үздэг эрдэмтэд байдаг.
7. Цаатны нутаг
Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумдуудад нутагладаг Тува угсааны монголжсон ойн соёд урианхай нарыг Цаатан гэдэг. Цаатангууд анх Монголын түүх бичигт тэмдэглэгдэх болсон нь ердөө 200 гаруй жилийн өмнөөс юм.
Анх Улиастайн амбан сайдын шавийн захиргааны данс бичигт 1764 онд “Дархад аймгийн хэмжээнд Эүкэ гэрт уулын хүмүүс ам бүл 22, цагаан буга 192 байна” гэж тэмдэглэгджээ. Тэд өөрсдийгөө уйгар хүмүүс гэж нэрлэдэг бөгөөд тэдний нутаг нь Монгол шарын даваа, Шишгэд гол болох юм. Хөвсгөлийн их тайгад 4 улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж аж төрдөг тайгын иргэдийг цаатангууд гэдэг. Цаатангуудыг Тувагаас нүүдэллэн ирж Хөвсгөлийн тайгад суурьшсан гэж түүхчид үздэг.
Цаатангууд өөрийн гэсэн хэл, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх өвөрмөц арга барилтай үндэсний цөөнх юм. Тэд уйгар хэлтэй. Тайгадаа бол өөр хоорондоо уйгараар ярьдаг. Бөөгийн шашин шүтнэ. Аж төрөх гол арга нь бол цаагаа маллан, түүнийхээ ашиг шимийг хүртэж ан гөрөө хийж амьдардаг.
Өдгөө 200 гаруй хүн буюу 40 гаруй өрх цаатан айл өвөлдөө хасах 31-50 хүртэлх хүйтэн цаг уурын хүнд нөхцөлд амьдардаг. Цаатангуудын хувьд өөрсдийн бичмэл түүх гэж байхгүй, уламжлалт зан заншил нь алдагдаж байгаа гэж судлаачид үздэг. Эрт цагаас цаатан ард түмний амьдарч ирсэн сууц нь урц юм. Нууц товчоо болон Рашид Ад дины судрын чуулганд ан гөрөөгөөр амьдардаг эртний аймгууд холтсон бүрээстэй гэрт амьдардаг гэж дурдсан байдаг.
СЭЛЭНГЭ АЙМАГ
1. Амарбаясгалан хийд
Сэлэнгэ аймгийн Бүрэнхаан уулын өвөрт Ивэн голын эхэнд байдаг. Монголын анхдугаар Богд Г.Занабазарын үйлс, эрдэм билэг, авъяас, ур ухааныг сүсэглэн дээдэлж, түүнд зориулсан хийдийг бариулахаар 1725 онд Манжийн эзэн хаан Энх-Амгалан зарлиг гаргаж улсын сангаас 10 түмэн лан мөнгө гаргажээ. 1726 онд Монголын олон уран дархчуул барилгын ажлыг эхлүүлж тоосго модоор барьж 1737 онд дуусгажээ. Амарбаясгалант гэдэг нэр нь Монгол нэр бөгөөд анх энэ хийдийг байгуулахаар хэсэг лам нар газар шинжиж явахдаа одоо тус хийдийн байгаа газарт эрэгтэй эмэгтэй 2 хүүхэд чулуугаар гэр барин тоглож байсантай тааралджээ. Тэр 2 хүүхдийн нэр нь Амар, Баясгалант гэдэг байжээ.
Амарбаясгалант хийдэд сургалтын 10 дацан ажиллаж, хурал ном хурж ид цэцэглэж байхдаа 50 гаруй дугантай, 6000 гаруй лам хуврагтай шашны их орон байжээ. Бурхан багшийн сүм, Аюуш, Махгал, Майдар, Нархажидын сүм, Богд гэгээний ордон, Өндөр гэгээний бунхан зэрэг 40 гаруй сүм дуганыг 175 х 207 метр хэрмэн хашаан дотор барьснаас одоо 28 сүм дуган үлджээ. 1937-1938 оны хэлмэгдүүлэлт хийдийг нөмөрч олон зуун лам нар нь хэлмэгдэн 200 гаруй жилийн турш хуримтлуулж цогцлоосон ховор нандин бурхан шүтээн, судар бүтээлүүд нь дахин сэргээх боломжгүйгээр устгагджээ. Хожим 1943 онд Амарбаясгалант хийдийг улсын хамгаалалтанд авч сэргээн засварласан байна. Одоо тус хийдэд Янпай хаалга, Махранзын сүм, Түүхийн сүм, Сангийн бойпор, Монгол уран барилгын цогц бүтээл болох Цогчин дуган, Лаврин сүм, Монголын гал голомт хэмээгддэг Шар өргөө зэрэг байшин барилгууд бий. Тус хийдэд Өндөр гэгээн Занабазарын бүддэн, мөн III, IY Богдын шарилыг хадгалж байжээ. Амарбаясгалант хийдэд бас нэг чухал дурсгал болох Ганжуурын 108 боть, Данжуурын 226 ботийн Монгол эх хадгалагддаг. Эдгээр Монгол эхийг 1628 онд бүтээсэн бөгөөд эртний гүн ухаан, анагаах ухаан, газарзүй, урлаг судлал, дуу хөгжим, одон орон зэргийг агуулсан 1260 гаруй бүлэгтэй байна.
2.Соронзон хад
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Соронзон хад нь Монголдоо төдийгүй дэлхийд ховорхон тогтоцтой хад юм. Эрт үеэс шүтэн биширч ирсэн бөгөөд уламжлалт анагаах ухаанд ч хэрэглэж иржээ. Нутгийн ардууд Соронзон хаданд ирж үе мөч, гар хөл, нуруу бөөрний өвчингөө засдаг байна. Цус харвасан хүн хүртэл эмчилгээ засал авдаг байна. Ингэхийн тулд Соронзон хадан дээр хэвтэх, суух, ойр орчмын шороогоор биеэ булах, хажууд нь урсах Төмөртэйн голоос ундаалах зэргээр өөрөө өөрсдийгөө эмчилж иржээ.
3.Хувьсгалын өлгий Алтанбулаг
Ардын хувьсгалын ялалтын өлгий нутаг Алтанбулаг сум. 1921 оны гуравдугаар сарын 18-ны үүрээр Ардын журамт цэрэг Алтанбулаг хотыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн нь Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн гавьяа болж үлдсэн юм.
Тус суманд хувьсгалын музей, манай улсын анхны бага сургууль, анхны банкны болон Шүүхийн байшин, Дөрвөлжин сүм, Ардын журамт цэргийн анхны байшин зэрэг түүх, дурсгалын газрууд бий.
Төгсгөө булаг: (Мааньт чулууны хөтөл) Сүхбаатар хотоос Алтанбулаг сум орох замын өмнө талд Алтанбулаг сумын төвөөс 5-6 км зайд Сэлэмт хөшөө байдаг. Хөшөө босгосон өндөрлөгийг Мааньт чулууны хөтөл гэж дээр үед нэрлэж байсан ба түүний баруун урд талд элсэн довцогоос эх авсан булгийг Төгсгөө булаг гэдэг. Зүүн гар талаар үргэлжилсэн төгөл бургасыг Улаанбургас, элсэн доторхи бөөн нарсыг зуун цэргийн дугны нарс гэдэг.
1910 оны сүүлчээр нутгийн монголчуудыг Хятадын түрэмгийлэгч гамин цэргүүд дээрэмдэн тонож, орон гэр, мал хөрөнгийг нь булаан авч энэ нутгийг цэргийн хуаран болгосон байна. Улаанбургасны ойр газарт 600 орчим цэрэгтэй гамингийн I, II-р морин хороо байв. 1921 оны 3-р сарын 18-ны үдээс хойш ардын журамт цэргийн II, IV-р хороо ба гамингийн цэргийн хооронд болсон ширүүн тулалдаанд журамт цэргүүд ялж Хиагтын баруун урд тал руу давшилтаа үргэлжлүүлсэн юм. Энэ тулаанд ардын журамт цэргийн Б.Самбуу, З.Балдан, Гончиг нарын цэрэг дайчид баатарлагаар тулалдаж амь үрэгдсэн байна.
4. Халуун рашаан
Сэлэнгэ аймгийн нутагт Хэнтийн ууланд Ерөө голын савд далайн түвшнээс дээш 1150 м-ийн өндөрт оршдог халуун рашаан юм. Карбонат, сульфат, натрийн найрлагатай 42 градусын халуунтай бөгөөд үе мөч мэдрэлийн өвчнийг анагаадаг.
Рашаан маань том жижиг 3-н худагтай. Том нь хамгийн халуун. Худагнуудыг чулуугаар хөвөөлж хүн ороход эвтэйхэн болгож янзалсан байдаг.
5. Тужийн нарс
Тужийн нарс хэмээх байгалийн цогцолбор газар нь 65548.56 га талбайг хамарсан Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт байдаг бөгөөд гал түймрийн аюул, ашиг хонжоо хайгчдын гарт өртөн нилээд сүйджээ. Сүүлийн жилүүдэд 7500 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд 40-50% нь байгалийнхаа аясаар сэргэн ургажээ. Тужийн нарс нь байгалийн зүй тогтоцын хувьд өвөрмөц бөгөөд Сибирийн их тайгын зүүн өмнөд төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл болдог.
Тужийн нарс нь тэгш тал газрын элсэрхэг хөрстэй нарсан ой бөгөөд эгэл нарс зонхилон ургана. Цагтаа хүн явахын аргагүй шигүү, ойн гүнд нь хээрийн салхины исгэрээ мэдрэгдэхгүй байсан гэгддэг энэ нарсан ой устаж мөхөхийн ирмэгт ирсэн нь саяхан билээ. Тужийн нарсыг экосистемийнх нь хувьд иж бүрэн цогцолбороор нь нөхөн сэргээх зорилгоор 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтанд авсан. Тужийн нарс байгалийн цогцолбор газрын нутаг нь Орхон Сэлэнгийн бэлчир орчмын бэсрэг нам уулс, гүвээ толгод бүхий хээр нутаг юм. Уул толгод, ухаа гүвээнүүдийн хажуу нь налуу, хоорондох ам хөндийнүүд нь өргөн. Энд хуурай хээрийн хар хүрэн хөрс голлон тархсан байдаг.
6. Ээж мод
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд орших хүн дүрст модыг "Ээж мод" хэмээн нэрийддэг бөгөөд Улаанбаатар хотоос 310 км зайд оршдог. Ээж мод хэмээн тахих болсны учир шалтгаан тодорхойгүй бөгөөд зөвхөн таамаг, үлгэр домог л байдаг аж. Эрт үед нэгэн эр ээж модонд сүслэн залбираад явахдаа, татаж байсан тамхиа унтраалгүй явснаас модонд уяатай хадганд гал авалцаж ээж мод шатжээ.
Харин өнөөх эр буцах замдаа машинтайгаа онхолдон нас барсан хэмээдэг. Энэхүү догшин үзэгдлийг нутгийн нэгэн алдартай лам аргалахаар болж хажууд нь ургаж байсан модыг аргадан байж одоогийн "Ээж мод" болгосон гэдэг. Тэрхүү шатсан ээж модонд "Хувьсгалын долоо" гэгдэх хүмүүс очиж мөргөөд цааш Улаан Оросоос тусламж авахаар явж байсан гэсэн яриа ч бий.
Монголын сүсэгтэн олон жил бүрийн ханш нээх өдрөөр буюу дөрөвдүгээр сард нэг удаа ээж модыг тахидаг ба зорин очсон сүсэгтнүүд ээж модонд сүү өргөж гурван хүслээ гуйдаг юм. Хатуу архийг модруу бус ёроолын элсэнд өргөх ёстой ба хүслээ шивнэхдээ алгаа хавсарч мөргөж болохгүй хоёр алгыг өөд харуулан хүслээ шивнэж гуйдаг байна.
7. Сайханы хөтөл
Сэлэнгэ аймгийн төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайтай Монгол Оросын бараг хил дээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сайханы хөтөл хэмээх сайхан газар бий. Өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болсон гэдэг.
Сайхны хөтөлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир. Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг. Энд мөн Сайн эрс цуглаж байсан хэмээх агуй ч бий.
Сэлэнгэ аймаг бол Чингис хааны хайртай Хулан хатны төрсөн нутаг. Чингис хаан Хулан хатанд зориулж дурсгалын хөшөө бүтээж мөн буугаа үүрэн элдвийг хуучлан суух партизаны хөшөөг ч босгосон байна.
Мөн монгол гуталтай 170 см орчим өндөртэй орос хүүгийн барималыг бүтээжээ. Энэ хөтөлд Орос хүүхэд төөрч эсэн мэнд олдсоныг ийнхүү бэлэгшээн барималаар дүрсэлсэн ажээ.