COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэлээ

2017 оны 1 сарын 19

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2017.01.19/ хуралдаан 14 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Тус хуулийн төслийн талаар Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс ирүүлсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн, бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцуулсан юм.

2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа СЕХ-оос бүх шатны сонгуулийг нэг хуулиар зохицуулах боломжгүй хэмээн танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ асуудлыг шийдвэрлэн, тус тусдаа хуулиар зохицуулах шаардлагатай талаарх хууль зүйн үндэслэл тайлбарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлжээ. Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг 2016 оны арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа юм. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцын талаарх мэдээллийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.8, 22.5 дахь заалтуудыг баримтлан дээрх хуулийн төслийг дараахь үндэслэлээр хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ.

Үүнд, Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар буюу Сонгуулийн тухай хуулиар зохицуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү нэгдсэн хуулиас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн талаарх зохицуулалтуудыг салган, дангаар нь хэлэлцэх явцад одоо мөрдөгдөж буй хуулийн зохицуулалтдаа хэрхэн хүчингүй болгох асуудлыг нарийвчлан тусгаагүй нь хуулийн төслийг батлахад хүндрэл үүсгэж байгаа аж. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийг асуудлыг тус тусад нь зохицуулсан тухайлсан хуулиудын төслийг хамтад нь хэлэлцэн шийдвэрлэх нь хуулийн техник, хууль батлах үйл явцад нийлэмжтэй гэж үзсэн байна. 

Мөн Монгол Ардын Нам нь улс орны нийтлэг эрх ашгийг дээдлэн аливаа асуудалд үндэсний зөвшилцөл, ойлголцлыг эрхэмлэн ирсэн улс төрийн хүчин гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга танилцуулгадаа онцоллоо. Сонгуулийн тухай хуулийг парламентын зөшилцөл, Улсын Их Хурлын гишүүдийн нийтлэг ойлголцолд тулгуурлан батлах нь зүйд нийцнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад улс төрийн намуудын байр суурь, ард иргэдийн санал хүсэлт, хэвлэл мэдээллээр гарч буй шүүмжлэл, ялангуяа Улсын Их Хурлын гишүүдээс хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 149 санал гаргасан нь уг асуудлаар парламентын түвшинд нэгдсэн ойлголтод хүрээгүй байгааг илтгэж байна хэмээн үзсэн байна.

Уг хуулийн төслийг хэлэлцэх явцад завсарлага авсан, зарчмын зөрүүтэй олон санал гарсан, одоо мөрдөгдөж буй хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох үйл явц хүндрэлтэй зэргээр хуулийн төслийн хэлэлцүүлэг сунжирсан нь Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгасан хуулийн хугацаануудтай зөрчилдөн, цаашид хуулийн хугацааг өөрчлөх шаардлага үүсэхээр байгаа юм байна. Хуулийн төслийг хэлэлцэн баталж, хэрэгжүүлэх нь цаг хугацааны хувьд боломжгүй боллоо хэмээн үзжээ. Иймд уг хуулийн төслийг хэлэлцэх явцдаа Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн шийдвэрийг харгалзан зохих шийдвэрийг гаргаж өгөхийг хүсэн санал хүргүүлжээ.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг байнгын хорооны гишүүдэд танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл батлагдсан ч хэрэгжих боломжгүй учраас хуулийн төслийг санаачлагчид нь буцаахыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив. Иймээс уг хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, энэ талаархи санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагаар ахлуулан байгуулахаар шийдвэрлэснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40141
0 эможи
keyboard_arrow_up