COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 4 сарын 26

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Татварын Ерөнхий газартай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Татварын Ерөнхий газрын дарга Л.Зориг нар 2017 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хотын дарга хэлэхдээ “Хүн ам болон бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжийн төвлөрөл ихтэй Улаанбаатар хотын хувьд татварын бааз суурийг өргөтгөх, татварын орлогоо нэмэгдүүлэх талаар хийх ажил их. Үүнээс гадна татвар төлөгчдөө дэмжих тал дээр Татварын Ерөнхий газар хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Нийслэлийн зүгээс татварын байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх, тэнд ажиллагсдын ажиллах нөхцөл бололцоог хангах чиглэлээр тодорхой үүрэг хүлээдэг. Түүнийгээ хангаж ажиллах болно.” гэлээ.

Татварын Ерөнхий газрын дарга Л.Зориг “Өнөөдрийн байгуулсан санамж бичиг бол Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар цаашид дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар хооронд хамтран ажиллах үндсийг тавьсан чухал баримт бичиг гэж харж байна. Бид татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих, төсвийн орлогыг бүрдүүлэх үүрэгтэй. Уг санамж бичгийн хүрээнд бид нийслэл, дүүргийн хэмжээнд татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, НӨАТ-ын хууль, Нийслэл хотын албан татварын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ.” хэмээн ярилаа.

 

Баянгол дүүрэгт 72 айлын орон сууц ашиглалтанд орлоо

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хэмжилт, дүгнэлтийг үндэслэн  Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай ашиглахыг хориглосон 172 барилгын жагсаалт гарсан байдаг. Үүний 52  барилга нь  Баянгол дүүргийнх юм. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй  17,18, 20 дугаарыг байрыг дахин барилгажуулах “Багц-БГД-9” гэсэн төслийн  хүрээнд “Дахин барилгажуулах барилгажилтын төслийн ажлын даалгавар” боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Тэргүүн чансаа” ХХК-ийг батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгосон байна.

Дахин барилгажуулах ажлын хүрээнд “Тэргүүн чансаа” ХХК нь оршин суугчид, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, эхний ээлжинд 20 дугаар байрыг буулган 12 давхар 72 айлын орон сууц барьж, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өглөө. Шинэ байранд орж байгаа оршин суугчиддаа нэг өрхөд 9-11 метр квадрат нэмж олгосон байна. Гэрээний дагуу 20 айлд орон сууц, 4 айлд үйлчилгээний талбай өгөхөөр тохиролцож, хуучны барилгад амьдарч байсан 24 айл шинэ орон сууцтай болсны зэрэгцээ 48  өрх айл ч нэмж тохилог байртай болох боломжийг нээсэн байна.

Ц.Сандуй: Эдийн засгийн боломждоо тулгуурлан бүх хүчээ дайчлан хамтарч ажиллавал бидэнд асуудлыг шийдэх боломж бүрэн бий

УИХ, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар болон бусад холбогдох албаныхан өчигдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Тус уулзалтын үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй “2016 оны шат шатны  сонгуулиар монголчууд МАН-д итгэл үзүүлсэн. Энэ үнэмлэхүй их итгэлийн цаана маш том хариуцлага бий. Энэ жилийг бид бүхэн сахилга хариуцлагын жил болгон зарласан. Хариуцлагатай ажиллаж байж бид иргэдийн итгэлийг зүтгэлээр хариулна. Нийслэлийн иргэдийн хурал долоон удаа хуралдаж олон асуудлыг шийдлээ.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын Хөгжлийн банктай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга, Хөгжлийн банк хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсгийн төлөөлөл БНХАУ-д энэ сарын 16, 17-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү БНХАУ-ын Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтын талаар тохиролцож, хамтран ажиллахаар болсон байна.

Мөн айлчлалын хүрээнд  БНХАУ-ын Хөх хотын орлогч дарга ноён Цай Юу Донтой уулзаж, дэд бүтэц, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар болжээ.

Шадар сайд У.Хүрэлсүх: Төрийн үүрэг бол иргэдээ аюулгүй орчинд амьдруулах. Шаардлага гарвал нүүлгэн шилжүүлнэ

Өчигдөр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон холбогдох бусад албаныхан Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Усанд автсан айлууд болон шар усны үер бууж болзошгүй газруудын нөхцөл байдалтай танилцав.

Шадар сайдаар ахлуулсан баг Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Амгалан” дулааны станцын зүүн хойд хэсэгт орших айл өрхүүдийн нөхцөл байдлын талаар иргэдтэй уулзсанаар ажлаа эхэлсэн юм. Тус хэсгийн айлуудын дороос булгийн ус оргилж гарсны улмаас идэр есийн хүйтнээр усанд автаж, хөлдөн, нөхцөл байдал тун хүнд болоод байгааг онцгой байдлын албаныхан дуулгалаа. Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр булгийн ус хальж, айлуудын дороос ус ундарсныг оршин суугчид нь хэлж байна. Газрын албаны мэдээлснээр энэ хэсэгт зөвшөөрөлгүй 30 гаруй айл байдаг бөгөөд булгийн эхэнд зөвшөөрөлгүйгээр шороо асган буусан айлууд ийнхүү өвлийн хүйтэнд  усанд автжээ.

Нийслэлийн захирагчийн ажлын албаны Геодези, усны барилга байгууламжийн газрын 20 албан хаагч 2016 оны 12 дугаар сарын 25-наас 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажиллаж,   нөхцөл  байдлыг харьцангуй сайжруулан дүүрэгт  нь хүлээлгэн өгсөн байна. Ажиллах хугацаандаа 2 метр өндөртэй, 830 метр урт шороон далан босгож, усыг соруулжээ.  Өвлийг  арайхийн давж чадсан өрх айлууд хаврын улиралд  мөс  хайлж, шар усны үерт өртөх магадлал маш өндөр байгаа гэдгийг иргэд, онцгой байдлын албаныхан  Шадар сайдад дуулгалаа. Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх  хэлэхдээ ” Баянзүрх дүүргийн  10 хорооны өнөөгийн нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа нь  ойлгомжтой. Төрийн үүрэг бол иргэдээ аюулгүй орчинд амьдруулах. Тиймээс холбогдох байгууллагынхан хурдтай ажиллаж, шар усны үерээс хамгаалах арга хэмжээнүүдийг авахын зэрэгцээ  шаардлага гарвал  нүүлгэн шилжүүлэлтийг хийх ёстой. 

Засгийн газрын гишүүд нийслэлд ажиллалаа

Д.Ганбат: Нийтийн тээврийн парк шинэчлэлийг үе шаттай хийхдээ агаар, орчны бохирдолыг бууруулах чиглэлд анхаарна

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр  Нийтийн тээврийн  газрын дарга Д. Отгонбаатар нар өчигдөр  Хан Уул дүүрэгт ажиллах үеэрээ “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т ажиллалаа. Нэгтгэлийнхэн үйл ажиллагаа болон шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа салбарын сайддаа танилцуулав.

 Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатар хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар нэгтгэлийн хэмжээнд 367 тээврийн хэрэгсэл бий.  Нийтийн тээвэрт явдаг автобусны дийлэнхи нь насжилтын хугацаа дуусч байгаагаас гадна тоног төхөөрөмж  нь  ч олдохоо больсон, хэтрүүлж хэлбэл  үйлдвэрлэж, нийлүүлсэн улсдаа ч байхгүй  болсон учраас парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгааг  хэллээ. Хамгийн сүүлд 2009 онд парк шинэчлэлт хийсэн. Тухайн үед шинэчилсэн тоног төхөөрөмж эхнээсээ муудсан. Нөгөө талаар парк шинэчлэлийг хийхдээ засвар үйлчилгээний сервис хамтдаа  байлгах зарчмыг барих нь чухал  гэдгийг инженерүүд  салбарын сайдад хэлсэн.  Манайхан парк шинэчилнэ гээд баахан автобус аваад ирдэг. Гэтэл шинэ автобусаа дагаад сэлбэг, засвар үйлчилгээнд орхигдож  байдаг.  Орос ах нарын, урд хөршийн, Солонгос, Японы автобусыг засварлах шинэчлэхэд  манай инженерүүд  мундаг. Түүнчлэн парк шинэчлэлээс гадна боловсон хүчнийг бэлтгэх, сургах хэрэгтэй байна.” гэлээ.

Засгийн газрын гишүүд нийслэлд ажиллалаа

Б.Бат-Эрдэнэ: Ахмад дайчид, офицеруудын мэргэжил чадамжийг эх орны бүтээн байгуулалтад бүрэн дүүрэн ашиглана

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын  Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхан Сонгинохайрхан дүүргийн ахмад дайчид, бэлтгэл  офицеруудтай уулзаж, батлан хамгаалах бодлогын талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, монгол цэргийн дэлхий дахинд гүйцэтгэж байгаа үүргийн талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариуллаа.

Энэ үеэр Хилийн цэргийн хурандаа Ц.Пунцагдорж “Өнөөдөр салбарын сайд бидэнтэй  ирж уулзаж байгаа явдалд талархаж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Батлан хамгаалах бодлого, Батлан хамгаалах багц хууль, болон Хилийн тухай шинээр гаргасан хуулиуд нь Монгол төрөөс Батлан хамгаалахын салбарт хийж хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний хамгийн чухал зүйл гэж би боддог. Ингээд нийт зэвсэгт хүчнийхэндээ баярын мэнд хүргэе” гээд 1990 онд мөрдөс  зүүсэн 26 хүн Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан. Үндсэн хуулийг бид бүрэн дүүрэн ашиглаж чадаж  байна уу үгүй юу. Энэ талд цаашид ямар бодлого авч хэрэгжүүлэх талаар тэрээр сайдаас асуув.

Засгийн газрын гишүүд нийслэлд ажиллалаа

Д.Оюунхорол сайд Баянзүрх дүүрэгт ажиллалаа

Засгийн газрын гишүүн БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр болон харьяа агентлагийн газрын дарга, бусад албаныхан өчигдөр Баянзүрх дүүрэгт ажиллав. Тэд дүүргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар болон цаашид тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, санал солилцлоо.

Нийслэлийн хүн амын 30 гаруй хувь нь буюу 350 орчим мянган хүн Баянзүрх дүүрэгт оршин суудаг бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газар нь 65 төрийн албан хаагчаар дамжуулан төрийн үйлчилгээг хүргэж байна.

Тус дүүрэгт 2-5 насны 10 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжгүй ба улсын сургууль, цэцэрлэггүй 6 хороо байгаа аж. Мөн байгаль орчин, агаарын бохирдлыг бууруулах талаар “Цагаан давааны хогийн цэг”-ийг нүүлгэн шилжүүлэх, “Амгалан” дулааны станцын салбар шугам болон дэд станцын тоог нэмэгдүүлэх зэрэг ажлын талаар тус дүүргийн удирдлагууд албаныханд танилцуулав.

Засгийн газрын гишүүд нийслэлд ажиллалаа

Г.Мөнхбаяр сайд Сонгинохайрхан дүүргийн дахин төлөвлөлтийн ажилтай танилцав

Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн  29 дүгээр хороонд байрлах 7,  8,  9 дүгээр байрны нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.  Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 9 дүгээр байрны гадна талын өнгөлгөөний тоосгон хана 2014 оны зургаадугаар сард нурсан тул нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарчээ. Одоогийн байдлаар 9 дүгээр байрны барилгын нуралт үүссэн хэсгийн өнгөлгөөний тоосгон хана нь үргэлжлэн нурах аюултай тул нуралт үүссэн хэсгийн тоосгон өнгөлгөөг буулгах, 7 дугаар байрны 7 давхрын дунд хэсэгт зэргэлдээх хоёр цонхны ялуу өнгөлгөөний тоосгон ханын хамт үндсэн хананаасаа хөндийрч цүлхийсэн, 7, 8, 9 дүгээр байрны өнгөлгөөний тоосгон хананд хагаралт цууралт үүссэн, хэд хэдэн газар үндсэн хананаасаа хөндийрч унахад бэлэн болжээ.

Засгийн газрын гишүүд нийслэлд ажиллалаа

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг: ХУД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж байна

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Дүүргийн Эрүүл мэндийн төв нь 16 хорооны 150 мянга гаруй хүн амд нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эрүүл мэндлийн нэгдлийн эмч мэргэжилтнүүд тулгамдаж буй асуудлаа сайдад танилцууллаа. Тухайлбал,  Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн урсгал, зохион байгуулалт стандартын бус. Мөн хөнгөвчлөх болон хүнд өвчтөний өрөөний тоног төхөөрөмж хангалтгүй, тоног төхөөрөмж хангалтгүй, эмнэлгийн барилга зэрэг асуудлуудыг тавьлаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Засгийн газрын гишүүд дүүргүүдийн асуудалтай зүгээр нэг танилцаад өнгөрөх биш тодорхой хэмжээнд асуудлуудыг шийдээд явж байгааг хэллээ. Тэрбээр “ХУД-ийн нэгдсэн эмнэлгийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барья. “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр 6” төслөөр барья гэсэн нэг шийдэлд хүрлээ. Мөн ХУД-т байгаа, олон жил зогссон, хууль хяналтын байгууллагаар явагдаж байгаа байрыг үргэлжлүүлж барих талаар Засгийн газрын хуралдаанд оруулж, концессын гэрээгээр эхэлсэн. Тендер зарлагдсан учраас барилгын улирал эхэлмэгц хэрэгжээд явна гэж үзэж байна. Дэд бүтэцтэй нь болон хүн амын тусламж үйлчилгээний хүртээмжтэй нь холбоотойгоор энэ 2 асуудлыг шийдээд явж байна.” хэмээлээ.

Засгийн газрын гишүүд нийслэлд ажиллалаа

Чингэлтэй дүүргийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудалтай танилцлаа

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан орлогч Д.Энхтөр болон бусад албаныхан өчигдөр Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, спортын барилгын асуудалтай газар дээр нь очиж танилцлаа. Чингэлтэй дүүргийн 5, 23, 24 дүгээр сургуулийн ачаалал ихэсч 3 ээлжээр хичээллэж байгааг дүүргийнхэн онцолж байв. Тухайлбал, 5 дугаар сургуульд 1200 сурагч суралцах хүчин чадалтай харин одоогоор 2992 хүүхэд сурч байна. 23 дугаар сургууль 1120 сурагч суралцах хүчин чадалтайодоогоор 3324 хүүхэд сурч байгаа гэнэ. Мөн тус дүүргийн 61 дүгээр сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилгын ажил 2012 онд эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтанд оруулаагүй байгаа аж. Барилгыг ашиглалтад оруулахад 580 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай. 18 дугаар цэцэрлэгт 2013-2014 оны хичээлийн жилд мэргэжлийн байгууллагаас дүгнэлт хийж, үйл ажиллагааг нь зогсоожээ. Энэ асуудлыг төрийн өмчийн концессийн жагсаалтад оруулсан ч асуудал шийдэгдэхгүй байсаар байгаа гэнэ.

Батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчлах өдөрлөг боллоо

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан зохиож буй “Батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчлах өдөрлөг” өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Нийслэлийн хэмжээнд батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлж, батлан хамгаалах багц хуулиуд, цэргийн штабын үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой аж. Өдөрлөгт Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ЗХЖШ-ын удирдлагууд болон албаны төлөөлөгчид хүндэт зочноор оролцов. Мөн нийслэлийн иргэд, ахмад дайчид, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчид, ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид хүрэлцэн ирсэн байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ өдрийн үйл ажиллагааг нээж үг хэлсэн. Тэрбээр “Батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэгдэж, мэргэжлийн чиг хандлагатай, чадварлаг зэвсэгт хүчинтэй болж, энхийг дэмжих үйлст идэвхтэй оролцож, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа нь Монголын зэвсэгт хүчний нэг гол үр дүн гэж дүгнэдэг. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зүгээс 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгох зорилтыг дэвшүүлэн эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, аз жаргалтай иргэдтэй нийслэлийг бүтээн байгуулахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байдаг” гэлээ.

Нийслэлийн харьяа агентлагуудын гадаад харилцааны мэргэжилтнийг сургалтад хамруулав

Гадаад харилцааны яамны Консулын газар нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэс хамтран “Виз болон гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах тухай журам” сэдвийн хүрээнд нийслэлийн харьяа газар, агентлагын мэргэжилтнүүдийн дунд сургалт зохион байгууллаа. Сургалтад “Монгол Улсын иргэн гадаад улс оронд зорчих, “Гадаадын иргэн, жуулчид Монгол Улсад зорчих” сэдвийн хүрээнд ГХЯ-ны Консулын газрын орлогч захирал Л.Мөнхтүшиг, “Гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам” сэдвээр ГХЯ-ны 2 дугаар нарийн бичгийн дарга  Д.Батбилэг, Консулын газрын мэргэжилтэн Ц.Майцэцэг нар лекц тавьсан юм. Сургалтын дараа мэргэжилтнүүд холбогдох сэдвийн хүрээнд асуулт асууж, тус сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын орлогч захирал Л.Мөнхтүшиг “Гадаадад байгаа Монгол Улсын иргэний эрх ашгийг хамгаалах, тэдгээр иргэн янз бүрийн асуудалд орсон тохиолдолд Консулын газар ар гэрийнхэнд нь хамгийн түрүүнд дуулгах, холбогдох арга хэмжээ авч, туслалцаа үзүүлэх үүрэгтэй байдаг. Одоогийн байдлаар гадаадын 75 улсад Монголын 144 мянган иргэн оршин сууж байгаа бөгөөд гадаадад 46 Элчин сайдын яам Консулын газар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагаар дамжуулан гадаадад суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байгаа юм. Монгол Улсын виз олгох журам, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Дипломат буюу албан ангиллын 2 визийг Гадаад харилцааны яам хариуцаж өгдөг. Үлдсэн 9 ангиллын визийг Гадаадын иргэн харьяатын газар хариуцдаг. Иргэд консулын газартай холбоотой бүхий л мэдээллийг www.consul.mn цахим хуудсаар дамжуулан авах боломжтой” гэв.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41721
0 эможи
keyboard_arrow_up