COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 4 сарын 26

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

 

С.Батболд: Нийслэлчүүдийн хүнсний хангамжид онцгой анхаарна

Нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэд жилийн 4 улиралд шинэ, эрүүл хүнс, ногоо хэрэглэх тал дээр хотын удирдлагууд онцгой анхаарч  байна. Энэ хүрээнд өчигпөр хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг нийслэлчүүдэд өдөр тутамд шинэ сүү, ногоо нийлүүлдэг фермийн болон хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа. Манай улс 1972 онд анх хүлэмжийн аж ахуйг бий болгож байсан бол сүүлийн 10 гаруй жилд эрчимтэй хөгжиж, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн, дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн хөрсгүй технологитой зэрэгхүлэмжийн аж ахуйнууд олноор бий болж байгааг хотын дарга сайшаасан юм.

Энэ онд нийслэлд 70 орчим байршилд АВТО ЗОГСООЛ байгуулж, 4 давхар 400 автомашины дулаан зогсоол БАРИНА

Улаанбаатар хотод тулгамдсан томоохон нэг асуудал нь автозамын түгжрэл. Түгжрэлийн гол шалтгаан нь стандартын шаардлага хангасан зогсоолгүйтэй холбоотой гэсэн судалгааны дүн гарчээ. Тиймээс хотын түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх явдал гэж хотын удирдлагууд үзэж байна. Бүтээн байгуулалтын улиралд ч автозогсоол олноор байгуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, энэ онд нийслэлд 70 орчим байршилд зогсоол байгуулна. Ялангуяа гуравдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг улсын томоохон эмнэлгүүдийн гаднах зогсоолыг шийдэхээр төлөвлөж байна.

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн авто замын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох газар, агентлагийн дарга нар Улаанбаатар хотод хийгдэхээр төлөвлөгдөж буй авто зогсоол, тохижилт, ногоон байгууламжийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Авто зогсоолыг нэмэгдүүлж, зорчих хөдөлгөөний эрчмийг сайжруулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн  ээлжит хурал Хангарди ордонд 2017 оны 04 дүгээр сарын06-ны өдөр боллоо. Хуралдаанаар нийслэл хотын авто зогсоолыг нэмэгдүүлж, зорчих хөдөлгөөний эрчмийг сайжруулах талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Д.Сүхбаатарын талбай орчмын 500 метр радиуст буюу Бага тойруу доторх 84.2 га талбайг 11 блок болгон хувааж, судалгаа хийсэн байна. Судалгаагаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн газрыг хайс, хашаа барьж хамгаалснаар зорчих хөдөлгөөний нэвтрэлийг хязгаарлаж, галын болон түргэний машин зорчиход хүндрэл үүсгэж байгаа дүн гарчээ. Мөн авто зогсоолууд стандартын шаардлага хангахгүй, тэмдэгжүүлээгүй зэргээс үүдэн жолооч нар автомашинаа эмх замбараагүй байрлуулдаг. Энэ нь явган хүний болон авто замын зорчих хөдөлгөөний эрчмийг сааруулах гол шалтгаан болж байна. Тиймээс бага тойруу орчмын автомашины ил зогсоолыг стандартын шаардлага хангахуйц тэмдэгжүүлж, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах судалгааг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа.

Хотын дарга хороодод хүрч ажиллаж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жаргалант тосгонд ажиллаж, иргэд, фермерүүдтэй уулзлаа.  Хуучнаар Партизаны сангийн аж ахуй гэж нийслэлийн иргэд нэрлэж заншсан энэ тосгонд  анх удаа  хотын дарга ирж байгаад баяртай байна гэдгээ  иргэд хэлж, хотын хөдөө болсон хорооны амьдралтай танилцаж, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхээр ажиллаж байгаад талархалл илэрхийлсэн юм.  Учир нь  үе үеийн  Нийслэлийн засаг дарга нар  энэ тосгоны иргэдтэй уулзахаас илүүтэй  дайраад өнгөрчихдөг байсан гэнэ.  Ийм байдлаар  35 жил өнгөрсөн байна гэж  тус тосгоны ахмадууд хэллээ. “Хотын дарга нар голцуу фермер, газар тариаланчид, ногоочдын  хашаа,  аж ахуйгаар  танилцаад өнгөрдөг байсан. Харин энэ удаад хорооны иргэдтэй уулзаж, зовлон жаргалыг нь сонсож байгаа анхны хотын дарга та боллоо.” гэж  Сонгинохайрхан дүүргийн  21 р хорооныхон хэлсэн юм.  2 цаг гаруй үргэлжилсэн уулзалтыг нээж  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотын иргэдийг экологийн хүнснээр хангах нь бидний тулгамдсан сэдэв. Ялангуяа газар тариалан, эрчимжсэн мал  аж ахуй хөгжиж байгаа өнөө үед бид 19 р зууны үе шигээ явж болохгүй. Тиймээс хотын даргын хувьд нийслэл хотод сүү, цагаан идээ,  төмс хүнсний ногоо, нарийн ногоо нийлүүлдэг Жаргалант тосгоны иргэдээ зорин ирж уулзаж байна. Тулгамдсан асуудлаа нээлттэй ярилцаж, шийдвэрлэх  асуудлыг ч цаг алдалгүй хийх ёстой.” гэдгийг онцолсон юм. Мөн “Хотын даргын эрх мэдлийн хүрээний асуудлыг шийднэ. Харьяа яам, тамгын газраар шийдүүлэх асуудлыг уламжлан,  шийдүүлэхийн төлөө ажиллана.”  гэв. 

Нийслэлийн хаврын бүтээн байгуулалт Яармагийн гүүрийн барилгын ажлаар эхэллээ

Нийслэлийн 2017 оны бүтээн байгуулалтын ажил 1959 онд баригдаж ашиглалтад орсон Яармагийн гүүрийг засварлаж, шинэ гүүр барих ажлаар эхэлж байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн шав тавих ёслол 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр боллоо.

Монгол Улсын Засгийн газар,Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дөрвөн жил хэрэгжүүлэх  үйл ажиллагааны хөтөлбөрт  туссан  томоохон зорилтын нэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэх юм. Уг зорилтын хүрээнд хэрэгжиж байгаа төслийн захиалагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газар, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп корпораци ажиллаж байна. Хяналтын зөвлөх үйлчилгээг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Эс Ар Пи Консалтинг Монголиа” ХХК  үзүүлж байна.

Өндөр настан Ө.Тамирт “Алтан гадас” одонг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигиар Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Казак түмний Наурызын баяр болон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аж үйлдвэр, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт, харилцаа холбоо зэрэг салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын одон медиалаар шагнах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан  Чингэлтэй дүүргийн иргэн, өндөр настан Ө.Тамирт “Алтан гадас” одонг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр гардуулан өглөө. Ө.Тамир нь эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажиллаж, өдгөө гавьяаныхаа амралтад гараад байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч Роберт Глассерыг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр, НЗДТГ-ын Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү нар оролцов. Тэд 2018 онд Улаанбаатар хотод  зохион байгуулах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын  2 дугаар бага хурал”-ын талаар санал солилцлоо.  Энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч Роберт Глассер “Тантай танилцаж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Засгийн газар “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурал”-ыг 2018 онд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Учир нь уг хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд энэ сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” маш амжилттай үргэлжилж байгааг хэлье” гэлээ.

Элчин сайд Кобландин Калыбек Ибрагимовичийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Ц.Сандуй Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобландин Калыбек Ибрагимовичийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэд Астана-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийх, Казахстаны Элчин сайдын яамны шинэ барилга барих газрын маргааны асуудлыг шийдвэрлэсэн талаар ярилцав.

Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн босгон дээр уулзаж байгаагаа онцлоод “Нийслэлийн өмнөх удирдлагууд Казахстаны Элчин сайдын яамны шинэ байр барих газрыг давхардуулан олгосноос маргаан үүслээ. Гэхдээ бид энэ асуудлыг шийдсэн. Та бүхэн зөвшөөрөл авсан газартаа Элчин сайдын яамныхаа барилгыг барих боломжтой болсон. Астана-Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэхэд нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ шууд нислэгийн зөвшөөрөл олгоход шаардлагатай техникийн асуудлаар хоёр талын мэргэжлийн байгууллагууд харилцан тохиролцсоны дараа дэмжлэг үзүүлэх болно” гэлээ.

“Тоёота мотор” корпораци Наадмын ивээн тэтгэгчээр ажиллах хүсэлтээ илэрхийллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Тоёота мотор” корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Цүёоши Авай болон холбогдох албаны хүмүүсийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Ноён Цүёоши Авай “Бид 2014 оноос хойш Монгол наадмыг ивээн тэтгэж хамтран ажилласаар ирсэн. Энэ удаа дөрөв дэх жилдээ ивээн тэтгэж хамтран ажиллахыг хүсч байна. Үүнээс гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах саналтай байна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Юуны өмнө Үндэсний их баяр Наадмын албан ёсны түншээр хамтран ажилладаг та бүхэнд нийт Улаанбаатарчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Бид энэ тал дээр татгалзах зүйлгүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдаж, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийн хөтөлбөрт “Замын хөдөлгөөний дүрэм” орсонтой  холбогдуулан ном, сурах бичиг, сургалтын материал, гарын авлага шинээр боловсруулан гаргаж батлуулах, хэвлүүлэх, сургалт сурталчилгааны ажил зохион байгуулахад хамтран ажиллах саналтай байна” гэлээ.  

Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд ажиллалаа

Нийслэлийн засаг даргын орлогч, Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах байнгын зөвлөлийн дарга П.Баярхүү ОБЕГ болон Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд ажиллалаа. ОБЕГ-ын дарга Т.Бадрал, НОБГ-ын дарга Н.Уламбаяр нартай уулзаж, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах бэлэн байдал, болзошгүй газар хөлдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажил, төсөл, хөтөлбөрүүдтэй танилцан, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцлаа. Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв нь болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах болон аврах мэдлэг, дадлыг иргэд, олон нийтэд олгож, сургалтанд хамруулдаг юм.

Хотын дарга иргэдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдийг хүлээн авч уулзах ээлжит уулзалтаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт хийлээ. Уулзалтад нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх болон холбогдох албаны хүмүүс байлцлаа. Энэхүү уулзалтын гол зорилго нь иргэдэд тулгараад буй асуудлыг шийдвэрлэх цаашлаад нийслэлд хийж хэрэгжүүлж болох шинэ санал, санаачлагыг сонсч хамтран ажиллах боломж нөхцөлийн талаар ярилцах юм.

"Нэг өрхөд-нэг ажлын байр" хөтөлбөрийг хэлэлцлээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр  боллоо. Хуралдаанаар Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний тоог батлах, 2017 онд нийслэлийн нутаг дэвсгэрийн ойгоос мод бэлтгэх хэмжээг батлах, “Эхийн алдар” одонд тодорхойлох, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгах, “Ухаалаг Улаанбаатар”, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Түүнчлэн “Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөрийг хэлэлцэв.

Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дэлхийн банкны төлөөлөгчид болох Техникийн туслалцааны багийн удирлагч, Доктор Чен Ян, Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн тэргүүлэх зөвлөх, Доктор Ольга Каганова, Дэд бүтцийн бодлогын зөвлөх Б. Халиун, Судалгааны шинжээч Д.Баттуяа нарыг хүлээн авч уулзлаа. Тэд Монгол Улсын Засгийн газартай хэрэгжүүлж байгаа Дэлхийн банкны “Улаанбаатар хотын Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтын үнэлгээ” төслийн техникийн туслалцааны хүрээнд хэрэгжих үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах боломжит чиглэлийн талаар харилцан мэдээлэл солилцов.

Б.Баярсайхан: 29 дүгээр сургуулийн багш нар дохионы хэлний мэдлэг, чадвар муу гэдгээ хүлээн зөвшөөрсөн

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, НИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ц.Байгалмаа болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургуулийн багш ажилчид, сурагчидтай уулзлаа.

29 дүгээр сургуулийн сурах орчин болон хүүхдүүдийн зөрчигдөж буй эрхийн талаар сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Сурагчдын зүгээс багш нарын дохионы хэлний мэдлэгийг сайжруулах, сурагчидтай зүй бусаар харьцаж, тэдэнд гар хүрч, хэл амаар доромжилдог, ажлын байран дээр архидан согтуурдаг гэх мэт асуудлуудыг хөндөж тавьсан юм. Уг асуудал дээр БСШУСЯ, НИТХ дахь МАН-ын бүлгээс анхаарал хандуулан, яаралтай арга хэмжээ авч, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан өнөөдөр ажлын хэсгийн дүгнэлтийг тус сургуулийн багш, сурагчдад уншиж танилцуулсан юм. Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг маргааш хэвлэлийн хурлаар дамжуулан олон нийтэд ил болгох аж.

НИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга хэлэхдээ “НИТХ дахь МАН-ын бүлгээс энэ асуудал дээр онцгой анхаарч ажлын хэсэг байгуулан хяналт шалгалтын ажлыг хийж байна. Миний бие ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаагийн хувьд сургуулийн нөхцөл байдалтай газар дээр нь ирж танилцаж, багш, сурагчдын санал бодлыг сонсохоор ирээд байна. БСШУСЯ-аас гаргасан ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас судалгаа явуулсан. Гаргасан дүгнэлтүүдийг үзэхэд багш ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлж, ажлыг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байна. Түүнчлэн 29 дүгээр сургуулийн хашаанд 2015 онд Газрын тухай хууль зөрчиж, газар олгосон байсан. Үүнийг нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр цуцлах шийдвэр гаргасан. Энэ газрыг сургуулийн хүүхдүүдэд зориулж тохижуулах ажлыг шат дараатайгаар хийх болно” хэмээн ярьлаа.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42349
0 эможи
keyboard_arrow_up