COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Эрдэнэбилэг: Амьдралынх нь хамгийн чухал цаг үед ингэж үймүүлж, турхирч байгаа нь жинхэнэ хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл

2017 оны 4 сарын 27

“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны тэргүүн Д.Гэрэл нарын хүмүүс энэ сарын 18-нд хэвлэлийн бага хурал хийж, БСШУСЯ-нд шаардлага хүргүүлсэн юм. Тэд шаардлагадаа хэд, хэдэн асуудлыг тусгасан бөгөөд энэ сарын 24-нд Төрийн ордны гадна мөн л жагсаал цуглаан зохион байгуулаад байна. Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн эргэн тойронд чухам юу болоод байна вэ. Энэ талаар тодруулахаар тус сургуулийн Хөгжмийн багш Л.Эрдэнэбилэгтэй уулзаж, ярилцлаа. Л.Эрдэнэбилэг багш ярилцлагын эхэнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг турхирч, хамгийн хариуцлагатай, чухал үед  үймүүлж байгаа нь жинхэнэ хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл болчихоод байна” гэлээ.

-Ойрын өдрүүдэд тусгай сургуулийн асуудал яах аргагүй “халуун” сэдэв болчихоод байна. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр  тусгай сургуулийн асуудлаар телевизийн нэвтрүүлэг цацагдлаа. Гэтэл “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-оос мөн хэвлэлийн бага хурал зарлаж, жагсаал цуглаан зохион байгууллаа. Танай сургуулийн эргэн,  тойронд яг юу болоод байна вэ, эндээс ярилцлагаа эхэлье?

-Хичээл, сургалтын үйл ажиллагаа урьдын адил хэвийн үргэлжилж байсан. Гэтэл “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-оос гэнэт хэвлэлийн бага хурал зарлаж,  Төрийн ордны гадаа жагссан. Би өөрөө харааны бэрхшээлтэй, тус сургуульд хөгжмийн багшаар ажилладаг хүн. Бидэнд огт мэдэгдэлгүйгээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БСШУС-ын сайдад бичиг хүргүүлж, улмаар хэдхэн хоногийн өмнө хэвлэлийн бага хурал хийлээ. Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн түүх 1964 оноос эхтэй. 40 гаруй жилийн түүхтэй, улсын хэмжээний ганц сургуулийн талаар ийм буруу, зөрүү мэдээлэл түгээж, олон нийт, нийгэмд бухимдал үүсгэж байгаад багш хүний хувьд, харааны бэрхшээлтэй иргэний хувьд үнэхээр харамсч байна.

-Танай сургууль хэчнээн багш, суралцагчтай вэ. Хэвлэлийн бага хуралд оролцсон Д.Сарантөгс танай сургуулийн багш юм билээ?  

-Манай сургууль 102 сурагчтай, 40 орчим багш ажиллаж байна. Эдгээрээс харааны бэрхшээлтэй дөрвөн багш бий. Тэдний нэг нь Д.Сарантөгс багш. 116 дугаар сургуулийн 40 орчим багшийг Д.Сарантөгс төлөөлж чадаж байна уу, бодох л асуудал. Асуудалд нэг өнцгөөс хандаж, өөрийнхөөрөө зүтгэж байгаа нь адилхан багш хүний хувьд харамсалтай санагдаж байна. Монгол Улсад ажиллаж, амьдарч буй олон зуун харааны бэрхшээлтэй иргэдийг “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны тэргүүн Д.Гэрэл дангаараа төлөөлөх үү. Мэдээж тус холбоонд сэтгэл, зүтгэлтэй сайн ажилладаг хүмүүс байгаа. Үүнийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ хэсэг бүлэг хүмүүс  зөвхөн өөрсдийн эрх ашгийн үүднээс харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг өмнөө барьж, нийгэмд, олон нийтэд буруу, зөрүү ойлголт төрүүлж байгаа нь харамсалтай. Ганц жишээ дурдахад, энэ сарын 24-нд Төрийн ордны гадна жагсаал зохион байгуулсан. Энэ жагсаал, цуглаанд манай сургуулийн сурагчид огт оролцоогүй төдийгүй, хичээл, сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан. Гэтэл одоо хэн дуртай нь сургууль руу дайрч орж хичээл, сургалтын хэвийн үйл ажиллагааг тасалдуулж байна, багш, сурагчдыг тайван байлгахгүй өдөр бүр хэвлэл, мэдээллийн байгууллага, янз бүрийн иргэд хандаж байгаа нь бидэнд сэтгэлзүйн хувьд маш их дарамттай байгаа. Телевиз, сонин шагайхаас ч бараг халширч байна даа. Асуудалд бодитой хандах нь чухал шүү дээ. Гэтэл хэт нэг талыг барьж, туйлширч байгаа нь сургуулийн тайван байдлыг хүртэл алдагдуулахад хүрээд байна шүү дээ.

-Тусгай сургуулиудын сургалтын чанарын асуудал шүүмжлэл дагуулаад байна. Уншиж, бичиж чадахгүй хүүхэд ахлах ангиа төгсч байна гэх юм?

-Би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Яг одоо төгсөх ангийн сурагчдын хувьд хамгийн чухал цаг үе нь. Хэдийгээр харааны бэрхшээлтэй боловч тэдэнд хүсэл, мөрөөдөл, зорилго, тэмүүлэл бий.  Хүүхдүүд ЭЕШ-даа маш их цаг, хугацаа зарцуулж бэлдэж байгаа. Энгийн хүүхдүүд шиг явж ороод ЭЕШ-аа өгөх боломжгүй. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд их, дээд сургуульд элсч, мэргэжил эзэмших нь тийм  хялбар зүйл биш. Сэтгэлзүйн хувьд ч ихээхэн онцлогтой байхгүй юу. Гэтэл “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо” бүхий хэсэг хүмүүс хүүхдүүдийн хамгийн чухал үед нь ингэж үймүүлж, турхирч, сэтгэлзүйд нь нөлөөлж байгаа нь жинхэнэ эрхийг нь зөрчсөн үйлдэл болчихоод байна шүү дээ. Тэд хүүхдүүдэд нөлөөлөх гэж оролдож, хичээл, сургалтын үйл ажиллагааг тасалдуулж, хүүхдүүдийг өдөөн, хатгаж байгаа нь хамгийн буруу. Ер нь иймэрхүү үйл ажиллагаа, ашиг сонирхлын зүйлдээ хүүхдүүдийг хутгах хэрэггүй л дээ. 116 бол улсын хэмжээний ганц сургууль. Тэр ч утгаараа нийслэлийн есөн дүүрэг, орон нутгаас харааны бэрхшээлтэй хүүхдүүд ирж суралцдаг. Бид өөрсдийн нөөц, бололцоог сайжруулж, сургалтын чанартаа анхаарч ажилладаг. Тухайлбал, өнгөрсөн оны хичээлийн жилд 12 дугаар ангийг таван хүүхэд төгссөн. Тавуулаа их, дээд сургуульд элссэн. Одоо ч хүүхдүүд маань СУИС, МУБИС зэрэг өөрсдийнхөө хүссэн мэргэжлийг эзэмшихээр ЭЕШ-д бэлдэж байна. Хүүхэд, хүүхдийн онцлог гэж бий. Зарим нь маш хурдан суралцаж байхад, нөгөө хэсэгт нь уйгагүй ажиллагаа шаардах жишээтэй. Их, дээд сургуульд амжилттай суралцаад эргээд сургуульдаа багшилж байгаа хүмүүс ч байгаа. Миний хувьд гэхэд СУИС-ийн оны шилдэг оюутнаар хоёр ч удаа шалгарч байсан. Энэ сургуулийн үзүүлэлт мөн гэж бодож байна. Эцсийн дүндээ тэд харааны бэрхшээлтэй л болохоос бусдын л адил хүн шүү дээ. Тиймээс амьдралынх нь хамгийн чухал цаг үед нь ингэж үймүүлж, сэтгэлзүйд нь нөлөөлөхөө зогсоох хэрэгтэй. Мэдээж алдаа, дутагдал байлгүй л яахав. Гэхдээ алдаа, дутагдлыг маань эрүүлээр шүүмжилж, шаардлага, мэдэгдэл хүргүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй хэрүүл, тэмцлийн хэлбэртэй байгаа нь зохисгүй юм даа. Хүүхдүүдэд ч эргээд буруу үлгэр дуурайл үзүүлж байна. 

-Холбооны шаардлагад ном, сурах бичгийн асуудлыг тусгасан байсан. Нөхцөл байдал

-Саяхныг хүртэл сургуулийн багш нар баррель үсгийн машин дээр бичиж, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, гарын авлагаа бэлддэг байсан. Харин 2016 оноос хэвлэх цехтэй болсон. Хэвлэх цехтэй болсноор эх бэлтгэлээ барьж очоод баррелиар, криллээр, зургаар хэвлэдэг болсон. Энэ бол маш том дэвшил.

-Багш нарын ёсзүйн асуудлыг асуухгүй өнгөрч болохгүй нь. Хүүхдүүдтэй зүй бусаар харилцдаг гэх мэтээр олон зүйл яригдаж байна шүү дээ?

-Манай сургуулийн хувьд багш харилцаа, ёсзүйн хувьд ноцтой, алдаа дутагдал гаргаад, түүнийгээ нуун дарагдуулсан зүйл байхгүй. Бид тусгай хэрэгцээт боловсрол олгож байгаа гэдэг утгаараа хүүхэд бүртэйгээ нэг бүрчлэн ажиллах шаадлага гардаг. Залуу багш нар эхний жилүүдэд харилцаа, хандлагын хувьд алдаа гаргах нь бий. Түүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ сургуулийн захиргаа, сургалтын алба тухай бүрт нь алдааг нь хэлж, ойлгуулах, засч, залруулах арга хэмжээ авч ажилладаг. Манай сургуулийн хувьд шинээр ажилд орж байгаа багш нартаа хичээл, сургалтын онцлог, үйл ажиллагаанаас шалтгаалж заавал сургалтад хамруулдаг. Ер нь сургууль бол албан байгууллага шүү дээ. Бид төрийн бодлого, шийдвэрийн дагуу л үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл төрийн бус байгууллага сургуулийн дотоод үйл ажиллагаанд оролцох нь хэрээс хэтэрч байна. Багш, ажилчид, сурагчид ч сэтгэл санаагаар унасан байдалтай, эмх замбараагүй байдал үүсчихээд байна л даа.

-170 сая төгрөгийн асуудал бас яригдсан?

-Манай сургуулийн захирал 2015 онд тухайн үеийн салбарын сайдад хүсэлт тавьж, яг өнөөдөр манай сургуульд тусгай хэрэглэгдэхүүн гэдэг зүйлээс ийм, ийм гурван зүйл шаардлагатай байна гэсэн асуудлыг тавьсан. Хүсэлтийг Боловсролын сайд маш сайхнаар хүлээн авч, 170 сая төгрөгийн эрхийн бичиг өгсөн юм. Гэтэл бидэнд шаардлагатай тоног, төхөөрөмж, хэрэглэгдэхүүн маань БНСУ-д үйлдвэрлэгддэг байсан. Улмаар 2016 ондоо багтааж, төсвийн жилдээ багтаж тус ажлыг хийж, гүйцэтгэж амжихааргүй байсан учраас сургуулийн удирдлагууд 170 сая төгрөгийн эрхийг улсад буцааж шилжүүлсэн юм билээ. Судалгаа хийгээд үзэхэд бидэнд шаардлагатай төхөөрөмжийг  тухайн улсын хэл дээр тусгай программ суулгаж байж ашиглах боломжтой юм билээ. Цаг хугацаа их шаардах, зардлын хувьд ч нэлээн өндөр гарсан. Бидэнд эхний ээлжинд 10 ширхэг төхөөрөмж хэрэгтэй. Түүнээс биш холбооныхны яриад байгаа шиг 116-р сургуулийнхан ажлыг удаашруулдаг, олхиогүйдээ тэр мөнгийг буцаасан юм биш л дээ. Улсын мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулах эрх бидэнд байхгүй.

-Тэгвэл сурах бичгийн тухайд?

-Баррель сурах бичиг ховор байсан л даа. Тиймээс  удаа дараа салбарын яамандаа хүсэлт тавьсны дагуу 2015 онд сайдын багцаас 100 сая төгрөгийг баррель сурах бичгийн хэвлэлтэд зарцуулах санамж бичигт “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-той гарын үсэг зурсан юм билээ. Энэ дагуу гурван төрлийн сурах бичиг ирсэн. Харин сургуулийн зүгээс “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-оор сурах бичиг хэвлүүлэхгүй гэсэн асуудал огт яригдаагүй. Гагцхүү эцсийн хэрэглэгч нь 116 дугаар сургууль учраас санал авах шаардлагатай байсан гэж үзэж байгаа. Хэддүгээр ангид, ямар хичээлийн  хэчнээн сурах бичиг шаардлагатай байгааг судлаад, бидний санал дээр үндэслээд хэрэгцээтэй сурах бичгийг минь хэвлээд өгсөн бол хэрэгтэй байлаа. Гэтэл есдүгээр ангийн түүх, нийгэм, англи хэл, мэдээлэл, технологийн хичээлийн сурах бичгийг хичээлийн жил дуусч байхад хэвлэж өгсөн. Манай сургуулийн хувьд элсэлтээсээ хамаараад энэ жил есдүгээр анги байхгүй байгаа. Тэгэхээр нэг жил хадгалаад ирэх жил хэрэглэх шаардлага гарч ирсэн. Хоёрдугаарт 50 сая төгрөгийн өртөг бүхий сонсдог номыг манай сургуульд өгсөн. Энэ нь үнэлгээний хувьд маш өндөр байсан. Бүгд саяас дээш үнэлгээтэй номнууд байсан. Тэр ч бүү хэл дөрвөн сая төгрөгийн үнэтэй ном ч тэр дотор байсан. Үнэхээр сургалтын агуулга, хөтөлбөрт нийцсэн сонсдог ном байсан бол яая гэхэв, нүдээ аниад өнгөрөх байлаа. Гэтэл хичээлийн агуулгат нийцэх нь байтугай, хүүхдүүдэд сонсгох ч боломжгүй номнууд байсан. “Хятадын тагнуулын нууц”, “Хэрхэн хуурч, мэхлэх вэ”, “Жингээ хасах нууц”, “Эмэгтэй хүмүүсийг найрах урлаг” гэх мэт сонсдог номыг холбооноос өгчихөөд авсангүй гээд өнөөдөр эгдүүцээд байна шүү дээ. Хэчнээн харааны бэрхшээлтэй ч гэсэн хүүхдүүд сонсч чадна. Манайх чинь боловсролын байгууллага шүү дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43013
0 эможи
keyboard_arrow_up