COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 5 сарын 06

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

 

С.Батболд: Инновацийн бүс нутаг, дагуул хотыг үүсгэн байгуулах том зорилт тавиад байна

“Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” олон улсын бага хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хотын хөгжил, хөрөнгө оруулалтын бодлого” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр, Нийслэлийн удирдлагын зүгээс хамгийн түрүүнд хотын оршин суугчдын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан “Аз жаргалтай” амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх нь чухал бөгөөд цаашид гаргах шийдвэр, хийж буй болон хийх ажил ч энэ зүгт чиглэгдэнэ.

Нийслэл хот ч энэхүү шаардлагыг ухамсарлан түүхэндээ анх удаа Үйлдвэрлэл Инновацийг холбосон Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийг үүсгэн байгуулан,  инновацийн тогтолцоог бий болгох, өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг Нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд ашиглах зэрэг бодит ажлуудыг хийж эхлүүлээд байна.

Аз жаргалтай, ухаалаг хотыг бий болгох зорилгод мэдлэг, чадвартай хүн бүрийн тусламж, дэмжлэг хамгаас чухал. Бид бүхэн нэгдэж чадвал энэ зорилтыг ажил болгож, сайхан хотыг бүтээж чадна хэмээлээ.

Ц.Сандуй: Хотын эрх зүйн орчны шинэчлэл хийх шаардлага байна

НИТХ, НЗДТГ болон Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС, Монголын хотуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хуралд НИТХ-ын дарга, Монголын Хотуудын холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй “Хотын хөгжлийн өнөөгийн байдал, тогтолцооны болон эрх зүйн шинэчлэлт” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр, Монгол улсын хотын хөгжлийг бусад орны хотуудын хөгжилтэй шууд харьцуулан дүгнэх боломжгүй учраас олон улсын байгууллагуудаас гаргасан судалгаанд тулгуурлан улсын индексээр хотыг жишиж үнэлвэл, хүний хөгжил, аз жаргалтай байдал, хөгжил цэцэглэлт, эдийн засгийн эрх чөлөө, өрсөлдөх чадвар, бүтээлч санаачилга, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чадвар, нийгмийн үйл ажиллагаа, технологийн үзүүлэлт зэрэг олон индексээр дэлхийн 150 оронтой харьцуулахад манайх дундажаас нэлээд доогуур үзүүлэлттэй байна.

Улаанбаатар хотын шинэ ерөнхий төлөвлөгөө боловсруулахад анхаарах өөр нэг асуудал бол хотын хөгжлийн хөтөлбөрийг газар нутгийн харъяалалаар биш, эдийн засгийн орон зайн хувьд нь авч үзэн, бусад бүс, аймгуудтай хөгжлийн зөв харьцааг хэрхэн бий болгох талаас хандах нь оновчтой болно гэж үзэж байна. Улаанбаатар хотын мэдлэгийн, мэдээллийн, капиталын, технологийн, таваарын бүтцийн шилжилт хөдөлгөөний судалгаан дээр үндэслэж зохистой харьцааг бий болгох юм.

Нийслэлийн Засаг дарга Улан-Үдэ хотын даргатай уулзлаа

“Хотын хөгжил – Шинжлэх Ухаан - Технологи” сэдэвт олон улсын бага хуралд оролцож буй хотуудын дарга нартай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ганцаарчлан уулзаж байна. Тэрбээр Улаан-Үд хотын дарга А.М.Голковтой уулзлаа. Олон улсын бага хуралд хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлсэнд хотын дарга талархал илэрхийлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2016 оны 9 дүгээр сард тус хотод айлчилж байсан юм.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай боллоо

“Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд  нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Тээврийн газрын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” Жанжин Д.Сүхбаатарын  талбайд боллоо. “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэл”-ийн жилийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсож, цаашдын ажилдаа тусгах зорилготой тус өдөрлөгт Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү,  НАЗХГ-ын удирдлагууд, нийт ажилтан, албан хаагчид оролцож, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилснаас гадна  “Наранбулаг хан” ХХК, “Ялгуусан” ХХК, “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨҮГ зэрэг авто замын барилга, засвар үйлчилгээ эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож,  өөрсдийн бодлого, чиглэл үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулав.

Ц.Дашдондовыг “Хангарди” одонгоор шагналаа

Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Нийслэлийн удирдлагууд энэхүү өдрийг тохиолдуулан сэтгүүлчдийн гурван үеийн төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүндэт ерөнхийлөгч, ахмад сэтгүүлч Ц.Дашдондовыг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнасан юм. Ахмад сэтгүүлч Ц.Дашдондов нийслэлийн дээд одонгоор шагнагдсан хамгийн анхны сэтгүүлч болж байгаа юм байна.

Нийслэлийн Засаг дарга цусаа хандивлах уриалга гаргалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 5дугаар сарын 04-ий өдөр Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд болон компани, аж ахуйн нэгж, ТББ-ын ажилтан, албан хаагчид, нийслэлийн ард иргэд, оюутан залуусыг цусаа хандивлаж эрдэнэт хүний амийг аврах уриалга гаргалаа. Уриалгын дагуу ирэх сарын 14-нийг хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагууд цусаа хандивлах болжээ.

Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтарна

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нар  5дугаар сарын 01-ий өдөр хамтран ажиллах санамж бичиг  байгууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд эрх зүйн орчинг боловсронгуй болгох, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангах, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчилах, эрх зүйн шинэтгэлийн ажлыг үе шаттайгаар эхлүүлээд байгаа юм. Уг санамж бичгийг байгуулж, хоёр тал ийнхүү гарын үсэг зурснаар дээр дурдсан ажлуудыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог сайжруулах, талуудын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих, харилцан туслалцаа дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм байна.

Хотын дарга “Адра Монгол” олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Адра Монгол” олон улсын байгууллагын БНСУ-ын Сам-Юг их сургуулийн эрүүл мэндийн шинжлэх ухааны болон Нийгмийн хамгааллын коллежийн декан, Нийгмийн үйлчилгээний хэлтсийн дарга Ко Мён Сүкийг  хүлээн авч уулзлаа.

Тэд эмзэг бүлгийн тэр дундаа хотын хогийн цэгүүдээс амьжиргаагаа залгуулдаг иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд болон хогийн цэгийн ойр орчимд амьдардаг өрхүүдэд чиглэсэн тэдний эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, анхан шатны эмчилгээ үзүүлэх төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын талаар ярилцаж, санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд хотын дарга С.Батболд Ко Мён Сүк даргад хүрэлцэн ирж уулзсанд талархаад “1994 оноос хойш Монгол Улсад эрүүл мэнд, боловсролын салбарт хүмүүнлэг тусламжийн үйл ажиллагааг амжилттай явуулж ирсэнд талархаж явдаг. Цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлэхийн зэрэгцээ олон жил хамтарч ажиллах болно” хэмээн тодотгов.

Ж.Эрдэнэбат: Улаанбаатар хотыг шинжлэх ухааны үндэстэй орчин цагийн технологийн хот болгон хөгжүүлэх ёстой

“Хотын хөгжил–Шинжлэх ухаан-Технологи” сэдэвт олон улсын бага хурлын нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ "Монгол Улс нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд эрчимтэй шилжиж байна. Энэхүү соёл иргэншлийн гол жишээ нь Улаанбаатар хот юм. Тиймээс бид өнөөдөр Улаанбаатар хотыг шинжлэх ухааны үндэстэй орчин цагийн технологийн хот болгон хөгжүүлэх ёстой. Инженерийн шийдэлтэй их хот буюу метрополис хотыг хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго байх болно” гэлээ.

Нинбо хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНХАУ-ын Нинбо хотын дарга Чү Дуняо тэргүүтэй төлөөлөгчдийг 5дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч уулзлаа. Тэд хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцсоноос гадна худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, хот байгуулалт, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулан, гарын үсэг зурлаа.

Хотын дарга С.Батболд “Хүмүүс нь аз жаргалтай, хотын зохион байгуулалт, ногоон хөгжил нь хөгжсөн, хувийн аж ахуйн нэгжүүд болон тэдгээрийн үйлдвэрлэл нь хотын ДНБ-ийхээ 80 хувийг бүрдүүлдэг хотод очихыг маш ихээр хүсч байна. Манай хоёр хотын хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Удахгүй танай хотод уулзалтаа үргэлжлүүлье” хэмээв.

Улсын чанартай эрүүл мэндийн байгууллагуудын гаднах талбайг тохижуулж байна

П.Н Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн үүдний хэсгийн 818 м.кв талбайн тохижилтын ажил дуусч, холбогдох албаныхан өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа. Энэ үеэр хотын дарга С.Батболд “Шастины нэрэмжит улсын III төв эмнэлэг бол нийслэлчүүд төдийгүй Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэд ирж үйлчлүүлдэг газар. Бидний дараагийн тохижуулах газар бол Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг байх болно. Түүнчлэн X хороолол орчмын авто замын хойд талын талбайг авто машины зогсоол, явган хүний зам,  ногоон байгууламж бүхий иж бүрнээр тохижуулах ажлыг эхлүүлсэн. Мөн энэ гудамж дагуу байрлах албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд гаднах тохижилт, хаягжилтын нэгдсэн стандарт мөрдүүлнэ. Уг ажлыг ирэх зургаадугаар сарын 10-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа” гэв.

“Газар тариалан-2017” эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал боллоо

Гуравдахь жилдээ зохион байгуулж байгаа бага хурлаар газар тариалангийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилт, үйл ажиллагаа болон туршилт, судалгааны ажлын уялдааг хангах, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор шинэ гарсан техник, технологи, таримлын сорт болон цаашдын хөгжлийн бодлого, чиг хандлагын талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн эрдэмтэн судлаачид, тариаланчдын хийсэн судалгаа, шинжилгээ, туршилтын тухай танилцуулж, тэдний санал бодлыг сонсч, хэлэлцүүллээ. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Салбарын эрдэмтэн судлаачдын бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх, төрийн зарим чиг үүргийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй гүйцэтгэх, эрдмийн зэрэг горилооч нартай сэдэв, судалгаан дээр хамтрах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ач тусыг таниулан сурталчилах гэхмэтчилэн олон чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон. Хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд ХААИС-ийн эрдэмтэн багш, судлаачдын бүтээлийг нийслэлийн онцлогт тохируулан үйлдвэрлэлд нэвтрүүлж, олон үр ашигтай ажлыг иргэдэд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Хотын дарга нар мэндчилгээ дэвшүүллээ

“Хотын хөгжил – Шинжлэх ухаан - Технологи” сэдэвт олон улсын бага хурлын зочид, хотын дарга нар мэндчилгээ дэвшүүллээ. НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Б.Транкман, Улаан-Үд хотын дарга А.М.Голков, ОХУ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн институт “Гипрогор”-ын орлогч дарга В.М.Елистратов, Бангкок хотын Чулалонкорн их сургуулийн их сургуулийн Академич Барат Дахия нар мэндчилгээ дэвшүүлж, бага хурлын ажиллагаанд амжилт хүслээ. Мөн Улаанбаатар хоттой харилцаат хотуудын дарга нарын цахим мэндчилгээг хүргэв.

“Хотын хөгжил – Шинжлэх ухаан - Технологи” сэдэвт олон улсын бага хурал гурван сэдвээр зохион байгуулагдлаа.

Бага хурлын зочид төлөөлөгчдөд зориулсан үзэсгэлэн гарлаа

Олон улсын бага хуралд үндэсний болон гадаадын 200 орчим эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид оролцлоо. Хуралд оролцож буй гадна, дотны төлөөлөгчдөд зориулан Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Хот төлөвлөл, ерөнхий төлөвлөгөөний газар хамтран үзэсгэлэн гаргалаа. Үзэсгэлэнд Монголын уламжлалт ёс, зан заншил, түүх соёл болон Улаанбаатар хотын үе үеийн ерөнхий төлөвлөгөөг дэлгэн тавьжээ. Мөн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох 3D проектороор өнөөдрийг хүртэлх Монгол Улсын түүхийг харуулсан сонирхолтой  бичлэгийг үзүүлсэн юм.

“Новости Монголии” сонины хамт олонд иж бүрэн компьютер гардууллаа

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний баярын өдөр, Үндэсний мэдээллийн Монцамэ агентлагаас орос хэлээр эрхлэн гаргадаг “Новости Монголии” сонины 75 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монцамэ агентлагийн “Новости Монголии” сонины хамт олонд иж бүрэн компьютер гардуулан өглөө. Уг арга хэмжээнд Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа, Монцамэ агентлагийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганчимэг болон тус агентлагийн хамт олон оролцов.

“Новости Монголии” сонин нь “Үнэн” нэртэйгээр 1942 оны 5 дугаар сарын 1-ний өдөр МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн төв хэвлэл “Үнэн” сонины дэргэд байгуулагдан гарч эхэлсэн түүхтэй. Тус сонины анхны эрхлэгчээр монголын нэрт эрдэмтэн, зохиолч, Төрийн шагналт, академич, профессор Бямбын Ринчин ажиллаж байв. Монгол орныг гадаадад сурталчлах үйлсэд “Новости Монголии” сонины гүйцэтгэсэн үүрэг нэн их юм.

Цэргээс халагдсан дайчид ажлын байртай болж байна

Нийслэлд цэргийн албаны хугацаа дуусган халагдсан дайчдыг хүлээн авч, ажлын байранд зуучлах ажлыг энэ сарын 1, 2-нд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, ажил олгогч байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаагаар 800 гаруй ажлын байр санал болгосноор цэргээс халагдсан дайчдын 37 хувь нь ажлын байртай болж,  шинээр батлагдсан Цэргийн албаны тухай хуулийн 7.5 дах хэсгийн “Иргэн хугацаат цэргийн албанд татагдахаас өмнө ажил, хөдөлмөр эрхэлж байсан бол ажил олгогч нь түүнийг халагдаж ирэхэд ажлын байраар хангана” гэсэн заалтын хүрээнд 26 хувь нь ажилдаа орж, нийт 63 хувь нь ажлын байртай болжээ. Түүнчлэн цэргээс халагдсан дайчид Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтын дагуу төрийн албанд ажиллах боломжтой болж байна.

Картаа уншуулаагүй тохиолдолд 1000-5000 төгрөгөөр торгодог

Өнгөрсөн сарын 1-нээс эхлэн иргэд нийтийн тээврээр зорчихдоо зөвхөн картаар үйлчлүүлдэг болсон. Энэ нь жолооч нар болоод зорчигчдод илүү амар болсон байна. Нийслэлийн Тээврийн газраас өдөр бүр 27 байцаагч автобусаар зорчиж буй иргэдэд хяналт шалгалтыг хийн ажиллаж байгаа аж. Хэрэв картаа уншуулаагүй зорчсон тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу 1000-5000 төгрөгөөр торгож байгаа юм байна. Шалгалтын явцад оюутнууд ихэвчлэн ЕБС-ийн сурагчдын картаар зорчих, ахимаг насныхан ахмадуудын картаар зорчих зөрчлүүд гарч байгаа. 

Нийслэлийн хэмжээнд 86 чиглэлд өдөртөө 929 том оврын автобус үйлчилгээнд гардаг. Автобус хоорондын зай бага болж хүлээлт буураад байгаа юм. Мөн нийтийн тээврийн компаниуд ажилчдынхаа цалинг цагт нь тавьдаггүй байдал байсан. Картаар зүйлчилдэг болсноор энэ байдал багасч байгаа гэдгийг жолооч нар хэлж байна. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43260
0 эможи
keyboard_arrow_up