COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 7 сарын 21

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Наадмын түрүү бөхийн шагналыг гардууллаа

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ арслан Цэдэвийн Содномдоржид түрүү бөхийн бай шагнал “Ланд крузер-200” автомашиныг 7 дугаар сарын 13-ны өдөр гардуулан өглөө.

Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Баяр наадмын зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Тоёота Моторс корпорацийн Ерөнхий менежер Сэйжи Куррокава, Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Цүёоши Авай болон шинэ арслан Ц.Содномдоржийн гэр бүлийнхэн байлцлаа.

"Алтан гадас" одонг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны долоодугаар сарын 6-ны өдөр гаргасан зарлигийн дагуу Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн одон медалиар шагнасан.

Үүний дагуу 7 дугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн салбар хариуцсан мэргэжилтэн Л.Зэндмаа, “Хүннү капитал” компанийн захирал Б.Ганбаатар нарт “Алтан гадас” одонг гардууллаа. 

Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдлаа. 7 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийслэлийн ногоон бүсэд түймэр асаагүй ч хил залгаа аймгуудад ой хээрийн түймэр асч байгаа учраас гал гарахыг хүлээх биш урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ёстойг хотын дарга хэллээ.

Тэрбээр “Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаярын танилцуулснаар улсын хэмжээнд хуурайшилтын түвшин нэн аюултай зэрэгт байна. 7 дугаар сарын 16-ны өдөр Улсын онцгой комисс хуралдсан. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 түймэр асч байгаа гэсэн мэдээлэл өглөө. Нийслэлийн нутаг дэвсгэрт түймэр асаагүй ч ногоон бүстэй залгаа аймгуудад асч байгаа учраас бид бэлэн байх ёстой” гэсэн юм.

Берлин муж улсын ерөнхий сайд Михаель Мюллер манай улсад айлчилж байна

Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид 7 дугаар сарын 17-ны өглөө манай улсын нийслэлд газардлаа. Тэд энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчлах юм.

Айлчлалын үеэр Берлин хотын Захирагч Михаель Мюллерыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзана.  Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон хотын удирдлагуудтай уулзаж, Улаанбаатар хотын төлөвлөлттэй танилцах юм.

Нийслэлийн ногоон бүсэд амарч зугаалахыг хориглолоо

Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ногоон бүсэд түймэр асаагүй ч хил залгаа аймгуудад ой хээрийн түймэр асч байгаа учраас гал гарахыг хүлээх биш урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ёстой гэж үзсэн юм. Захирамжид :

  • Хуурайшилтын түвшин аюулгүй зэрэглэлд шилжтэл нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийх, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, аж ахуйн болон аялал жуулчлалын үйлчилгээ явуулахыг хориглох.
  • Нийслэлийн Аялал жуулчлалын газраас анхааруулга, сэрэмжлүүлэг гаргах.
  • Байгаль орчны байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах.
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газраас түймрийн утаатай холбоотойгоор иргэдэд хандсан зөвлөмж гаргах.
  • Дүүргийн дарга нар урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, томилгоот бүрэлдэхүүнүүдийг бэлэн байлгах зэргийг тусгажээ.

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн 7 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрындарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 26580 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3300 нэгж буюу 14.2 хувиар, гэмт хэргийн шинжтэй 669үйлдэл бүртгэгдсэн нь 87 нэгж буюу 14.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь санал хураалт, Үндэсний их баяр наадмын үед иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн долоодугаар сарын 6-ны өдрийн 09:00 цагаас 14-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэглэлд албаны бэлэн байдлыг ханган ажилласан” гэж танилцуулав.

Хотын дарга Берлин хотын захирагчтай уулзлаа

Уулзалтын эхэнд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллерыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд нийт төлөөлөгчдийг тавтай морилохыг хүслээ.

Тэрбээр хэлэхдээ “Миний бие тэргүүтэй төлөөлөгчид энэ оны эхээр Берлин хотод айлчилсан. Айлчлах үеэрээ Засгийн газрын Олон улсын харилцаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Савсан Чеблитэй уулзсан. Уулзалтаар хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон. Манай 2 улсын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Жилд бүр болдог "Ай-Ти-Би Берлин" Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд Улаанбаатар хот гурав дахь жилдээ амжилттай оролцлоо. Герман улс бол манай улсын хувьд Европ руу гарах гол хаалга болдог. Тиймээс Монгол Улсын нийслэл болон ХБНГУ-ын нийслэл хотуудын харилцаа идэвхжиж байгаад баяртай байна” хэмээлээ.

Ноён Михаель Мюллер мөн Монгол Улсад урьж, найрсаг хүлээн авсанд талархал илэрхийлээд “Герман, Монгол улс хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй. Бидний зүгээс мэргэжлийн боловсрол олгох, төрийн захиргааны албан хаагчдыг сургах тал дээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна” гэсэн юм.

Замын ажил саадгүй үргэлжлэх боломжтой боллоо

Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Авто замын газрын удирдлагууд өргөтгөн  шинэчлэл хийгдэж  буй  авто замуудын  ажилтай танилцлаа. 

Ажлын хэсэг Зайсангийн гудамж, Богд Жавзандамбын гудамжны уулзвар, авто замын өргөтгөл, Өгөөж Чихэр Боов ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил, Яармагийн гүүрийн олон төвшний огтлолцол, Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 4, 19, 20, 27-р хорооны нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Берлин хотын Захирагч Гандантэгчинлэн хийдтэй танилцлаа

Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй танилцлаа. Төлөөлөгчид төв хийд болон ховор үнэт номын сангаар орсон юм.

Мөн Берлин хотын төлөөлөгчдөд Гёте институт хэрэгжүүлж буй төслөө танилцууллаа. “Гандантэгчинлэн хийдийн сэргээн засварлах урлан байгуулах” төсөл нь 2 жилийн хугацаанд хэрэгжих юм байна. Ганданд хадгалагдаж байгаа эртний ном судрыг сэргээн засварлаж, үнэт ховор судруудыг цахим хэлбэрт оруулж, хойч үедээ хадгалан үлдээх зорилготой аж.

Уг төслийг хэрэгжүүлэх хүрээнд ХБНГУ-ын 2 мэргэжилтэн Гандантэгчинлэн хийдийн лам нарт сургалт явуулж байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах албан даалгавар гаргалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай албан даалгавар гаргалаа.

Албан даалгаварт улс, нийслэлийн болон бусад хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх авто зам, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн их, урсгал засвар, шинэчлэлтийн ажлыг графикт хугацаанд нь гүйцэтгүүлэн өвлийн улирал эхлэхээс өмнө байнгын ашиглалтад хүлээн авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудад тус тус даалгасан байна.

Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийн байдалтай танилцлаа

Нийслэлд бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. 2017 оны Газар Зохион Байгуулалтын төлөвлөгөөнд Нийслэлийн Авто  Замын Хөгжлийн газраас санал болгосон 37  авто зам, замын байгууламж, гүүрэн гарц, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжаар Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах төслийн хүрээнд 25 авто зам, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас инженерийн шугам сүлжээ, цэвэр, бохир, дулааны шугам, шугамын өргөтгөл, үерийн хамгаалалтын барилга байгууламж, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих 33, мөн 2016 оноос он дамжин хэрэгжиж байгаа 10 төсөл хөтөлбөр зэрэг нийт 105 бүтээн байгуулалтын ажил тусгагдсан.

7 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Орлогч дарга Б.Загдсамбар нар томоохон 9 авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын газар чөлөөлөлтийн байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Хамгийн түрүүнд Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр дэх Автоплазагийн уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор хийгдэж буй замын газар чөлөөлөлтийн байдалтай танилцлаа. Тухайн замын трасст 2 нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийн ажлыг 100 хувь хийж гүйцэтгээд байна.

Ардчилсан эгэх хариуцлагын үнэлгээ хийх арга зүйн семинар болж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Ардчилсан эгэх хариуцлагын үнэлгээ хийх” арга зүйн семинар Хангарди ордонд боллоо. Ардчилсан эгэх хариуцлагын талаар цэгцтэй мэдээлэл, ойлголтыг өгч, энэ нь Улаанбаатар хотын засаглалын асуудатай хэрхэн холбогдож буйг тайлбарлахад семинарын зорилго оршино.

Мөн арга зүйн талаар тодорхой мэдээлэлтэй болж, үнэлгээний явцад ашиглах боломжтой болохоос гадна ажлын төлөвлөгөө боловсруулж, улмаар үйл явц дараагийн алхамууд, хугацааг тодорхойлох зорилготойг Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн удирдагч Алберто Фернандез хэллээ.

БХБЯ-ны төлөөлөгчид Берлин хотын захирагчийг хүлээн авч уулзлаа

Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын захирагч Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид долоон сарын 17-19-ний өдрүүдэд Монгол улсад ажлын айлчлал хийж байна.

Тус айлчлалын хүрээнд 7 дугаар сарын 18-ны өдөр Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчидийг Барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Батжаргал, Зураг төслийн холбооны ерөнхийлөгч н.Дорж  болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзлаа. 

Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авахыг хүссэн иргэдийн өргөдлийг 3 цэгт авна

Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авахыг хүссэн иргэдийн өргөдлийг өнгөрсөн сарын 30-наас авч эхэлсэн. Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын Мэдээлэл, сурталчилгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадуламын танилцуулснаар 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тус газарт 350 иргэн хандаж, бүртгүүлсэн байна. Үүнээс 25 иргэний өргөдөл шаардлага хангаж, 3 иргэн санхүүжилтээ авчээ.

7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар иргэдийн өргөдлийг 2 цэгт хүлээн авч байна. Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт буюу Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр болон 32-ын тойрогт байрлах Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын иргэдийг хүлээн авах байранд авч байгаа юм. Иргэдэд илүү ойртох үүднээс нэмж СХД-ийн нутаг дэвсгэр Баянхошуунд иргэдийг хүлээн авах төв ажиллуулахаар болжээ.

Засварын ажлын хүрээнд зарим замыг түр хаана

Сүхбаатар дүүргийн 100 айлын Сэлбийн гүүрийн хойд талын явган хүний зам, Хан-Уул дүүргийн  Оргил худалдааны төвийн зүүн талын авто зам, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Шинэ драгон төвийн ард авто зам, Баянзүрх дүүргийн Хүүхэд СОС төвийн урд авто замын гэмтэлтэй сувагчлал сэргээх ажлыг өнөөдрийн 23.00 цагаас энэ сарын 24-ний 06.00 цагийн хооронд хийнэ.

Энэ хүрээнд дээрх хугацаанд  Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төвийн зүүн талын авто  замын 1 дүгээр эгнээг түр хаах юм. Мөн Саппорогийн уулзварын зүүн урд талын авто зам дагуу дулааны шугам шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөөд байна. Уг ажлыг энэ сарын 24-нөөс ирэх сарын 6-ны хооронд хийх бөгөөд дээрх хугацаанд Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг хаах юм.

Скаутуудын майхант чуулга уулзалт 7 хоног үргэлжилнэ

Ази номхон далайн бүсийн Скаутуудын 31-р Жембори буюу скаутуудын майхант чуулга уулзалт энэ сарын 27-ны өдрөөс долоо хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулахаар болоод байна.

Энэхүү арга хэмжээнд Ази-номхон далайн бүсийн орнууд, Европ, Америк тивийн нийт 40 гаруй орны 7000 хүүхэд оролцож байгаа аж. Байгаль дэлхийтэйгээ ойр байж, хайрлаж хамгаалах, өв тэгш хүмүүжилтэй зөв хүн болж төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх энэхүү арга хэмжээ нь Монголд анх удаа болж байгаа хамгийн олон хүүхэд, залуусыг хамруулсан цугларалт гэдгээрээ онцлог юм.

31-р Жембориг Монголын Скаутын холбоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна.

Автотээврийн салбарын 92 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал боллоо

Автотээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан Зам, тээвэр хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв болон нийслэлийн Тээврийн газраас хамтран хүндэтгэлийн хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Тус хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон холбогдох албаны хүмүүс оролцсон ба Автотээврийн салбарт он удаан жил ажлын амжилт, үр бүтээлтэй ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж байгаа тээвэрчдийг шагнаж, баяр хүргэсэн юм. Уг хүндэтгэлийн хурлын үеэр нийслэлийн Тээврийн газарт ажиллаж байсан ахмадууд болох Н.Нямдаваа, С.Даваадагва, Б.Цэнд-Аюуш, Д.Адъяабазар нарыг “Автотээврийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнав.

Мөн нийслэлийн иргэдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг найдвартай, тасралтгүй хүргэх үйлсэд үр бүтээлтэй ажиллаж байгаа нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Блюбус” ХХК-ийг Зам, тээврийн хөгжлийн сайдын “Өргөмжлөл”-өөр шагналаа. Нийт үе үеийн тээвэрчид болон тэдний гэр бүлийнхэнд Монгол Улсад Ав

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45213
0 эможи
keyboard_arrow_up