COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Бөмбөгөрийн уулзвараар зүүн тийш эргэхгүй”

2017 оны 8 сарын 15

Өнөөдрөөс /2017.08.15/ эхлэн Энхтайвны өргөн чөлөөний долоон уулзварт зүүн гар тийш эргэхийг хязгаарлах зохицуулалт хэрэгжиж эхэллээ. Замын хөдөлгөөний шинэ зохицуулалтын талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Ахлах дэслэгч М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Өнөөдрөөс эхлэн Энхтайвны өргөн чөлөөний долоон уулзварт зүүн гар тийш эргэхийг хязгаарлалаа. Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний ачаалал хэдэн хувиар буурна гэж үзэж байгаа вэ?

-Энэхүү замын хөдөлгөөнийг зохицуулах асуудлыг жилийн өмнөөс эхлэн нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Замын цагдаагийн газар, Засаг даргын тамгын газар гэх мэт холбогдох байгууллагууд судалгаа тооцоог хийж ажилласан. Дээрх судалгаагаар Энхтайвны өргөн чөлөөний долоон уулзварын нэг уулзварт цагт 4000-4500 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч байна. Харин энэ зохицуулалтыг хийснээр нэг уулзвар дээр цагт 5000-6000 тээврийн хэрэгсэл зорчин өнгөрөх боломжтой. Ингэснээр ганцхан Энхтайвны өргөн чөлөө гэлтгүй нийслэл хотын авто замын түгжрэл 20 орчим хувиар буурна гэж тооцоолоод байгаа. 

Мөн автомашины гэрлэн дохион дээрх хүлээлтийн хугацаа багасч, тухайн уулзвараар нэвтрэн гарахад саадгүй болно.

-Эдгээр долоон уулзвараас нэг уулзвар дээр жишээ авч тайлбарлаад өгөөч?

-Жишээлбэл Төв шуудангийн уулзварт цагт 4500 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг. Дээрх зохицуулалтыг хийснээр 5800 тээврийн хэрэгсэл зорчих боломжтой. Ингэснээр уулзварын нэвтрүүлэх чадвар 28 хувиар нэмэгдэнэ. Тээврийн хэрэгслийн гэрлэн дохион дээрх хүлээлтийн хугацаа 120 секунд байдаг бол 80 секунд болж, 43 хувиар багасна. Автомашины дундаж хурд одоогийн байдлаар 32 км/цаг байгаа бол 45 км / цаг болж нэмэгдэнэ. Мөн гэрлэн дохионы үечлэл гурав байсан бол хоёр болж уулзварын нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ гэсэн судалгаа гарсан. 

-Зарим хүмүүс туслах замуудын ачаалал улам нэмэгдэж, замын түгжрэл ихэснэ гэх юм. Тойруу замаар явахад түгжрэл үүсэхгүй байх боломжтой юу?

-Иргэд Сөүлийн гудамж, Самбуугийн гудамж, Жамъяан гүний гудамж зэрэг туслах замуудыг сонгон зорчвол илүү түгжрэл үүснэ гэж байна. Энэ нарийн замууд одоо хүртэл түгжирч байна гэж ч хэлээд байгаа. Энэ нарийн замын түгжрэл юунаас үүсэж байна вэ гэхээр иргэдийн хүлээцгүй байдал, нэгдүгээр эгнээнд машинаа тавьчихдаг, түр болон удаан зогсох журмыг зөрчдөгөөс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, Бөхийн өргөөгөөр зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгсэл Баянзүрх захын замаар явах шаардлагатай болж байгаа юм. 

Тиймээс туслах замын ачааллыг бууруулж, нэгдүгээр эгнээнд машин байрлуулахгүй, уулзвар гарц хааж автомашин байрлуулахгүй байх гэх мэт иргэдийг хэвштэл замын хөдөлгөөнийг цагдаагийн албан хаагчид зохицуулж ажиллах болно. Уг зохицуулалтыг хийснээр тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 30 секундээр багасна. Тухайн тээврийн хэрэгслийн хурд 30-40 хувиар нэмэгдэнэ гэсэн судалгаа гарсан. Иргэд тойруу замаар явна гэж бухимдаад байгаа. Гэтэл жолооч тойруу замаар хүрэх ёстой газраа илүү хурдан түгжрэл, сааталгүйгээр хүрэх боломжтой юм. 

-Энхтайвны өргөн чөлөөний долоон уулзварт зүүн гар тийш эргэхийг хязгаарлах зохицуулалт хэрэгжүүлснээр туслах замуудад цагдаагийн албан хаагчид ажиллах юм байна. Энэ зохицуулалтыг хэвштэл хэчнээн албан хаагчид үүрэг гүйцэтгэх вэ?

-Нийслэлийн хэмжээнд нийт 500 гаруй Замын цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. Яг гудамж талбай, авто замд 300 гаруй албан хаагч ажилладаг. Тун удахгүй хичээл сургууль эхлэх гэж байна. Мөн энэ сарын 15-наас замын хөдөлгөөний шинэ зохицуулалт хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор Замын цагдаагийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах болно. Замын хөдөлгөөнд зүүн гар тийш эргэхийг хязгаарлахад огтолцлол байхгүй болно. Ингэснээр зам тээврийн осол ойролцоогоор 20 орчим хувиар буурна. Иргэддээ хандаж хэлэхэд хаана очихоо зөв тооцоолж, замын хөдөлгөөнд оролцохыг сануулж байна. 

-Зүүн гар тийш эргэхийг хязгаарлаж буй зохицуулалтад хугацаа бий юу?

-Иргэд өдрийн цагаар эсвэл амралтын өдрүүдэд үйлчлэх үү гэж асууж байгаа. Энэ зохицуулалтад гаригийн болон цагийн хязгаарлалт тогтоогоогүй. Уг зохицуулалтыг 2017 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн долоон хоногийн долоон өдөр, 24 цагаар үйлчлэхээр зохицуулалт хийсэн. Өвлийн улиралд ч гэсэн ялгаагүй байнгын зохицуулалтыг хийнэ.

-Наадмын үеэр Замын цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаа зүүн тийш эргэхийг хязгаарлах зохицуулалтын талаар иргэдээс санал асуулга авч байсан. Зарим хүмүүс уг санал асуулгаар ихэнх иргэд эсэргүүцэж байхад хэрэгжүүлж байна гэж шүүмжлэх юм. Бидэнд санал асуулгын дүнг танилцуулж болох уу?

-Замын цагдаагийн албанаас наадмын дараагаар фэйсбүүк хуудсаараа дамжуулан иргэдээс санал асуулга авсан. Уг санал асуулгаар иргэд 50, 50 хувьтай санал асуулгад оролцсон байсан юм. Мөн ганцхан манай байгууллагын фэйсбүүк хуудсаар бус холбогдох байгууллагуудын цахим хуудсаар дамжуулан саналаа давхар ирүүлсэн. Тэр бүх санал асуулгын нэгдсэн дүн гаргасны үндсэн дээр хэрэгжүүлж эхэлсэн.

-Иргэдийн зарим нь олон улсад зүүн тийш эргэхийг хязгаарлах зохицуулалтыг давхар гүүрэн гарцтай, олон туслах замтай газар хийдэг гэх юм. Гэтэл манайд энэ нөхцөл нь бүрдээгүй үед хийх нь зөв үү?

-Олон улсад авто замын ачааллыг бууруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа яг л манай улстай адил байдаг. Жишээлбэл өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлж байсан тогтмол асах ногоон гэрлээр баруун гар тийш эргэх зохицуулалт замын хөдөлгөөний уулзваруудыг нэмэгдүүлсэн. Одоо уг зүүн гар тийш эргэхийг хязгаарлах зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Энэ бүхэнд шат дараалалтай үйл ажиллагаа хэрэгтэй. Бид түгжрэлийг бууруулъя гээд шууд давхар замыг баръя гэвэл төсөв мөнгө гээд олон асуудал үүснэ. Замын хөдөлгөөний уг зохицуулалтыг БНСУ-д хэрэгжээд эхэлчихсэн л ажил. Хамгийн гол нь иргэд зөвөөр хүлээн авах хэрэгтэй. Зөвхөн долоон уулзварын түгжрэлээс гадна хотын авто замын түгжрэлийг бууруулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байна.

-Энхтайвны өргөн чөлөөний долоон уулзвараас гадна өөр уулзвараар зүүн тийш эргэхийг хязгаарлаж байгаа юу. Одоогийн байдлаар баруун 4 замаас, зүүн 4 зам хүртэлх замын хөдөлгөөний ачаалал хэр их байна вэ?

-“Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвараар зүүн эргэхийг хязгаарласан байгаа. Одоо зуны улирал учраас аль ч замын түгжрэл бага байна. Хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор ажлын өдрүүдээр түгжрэл их болдог. Түгжрэлийн гол төв нь Энхтайвны өргөн чөлөөгөөр дамжин өнгөрдөг. Тиймээс бидний тооцоо судалгаагаар Энхтайвны өргөн чөлөөний замын түгжрэл 20 орчим хувиар буурна гэж тооцоолж байна. 

-Нийтийн тээвэр авто замын нэгдүгээр эгнээгээр зорчих зохицуулалт үйлчилж байгаа юу. Замын хөдөлгөөнд оролцоод явж байхад жижиг тэрэг нэгдүгээр эгнээгээр зорчиж, түгжрэл үүсгэж байгаа харагддаг?

-Нийтийн тээврийн хэрэгслээр бусад тээврийн хэрэгсэл автозамын нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон байгаа. Энэ зохицуулалт хэвийн үргэлжилж байгаа. Мөн автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхээ больсон гэсэн ташаа мэдээлэл цацагдсан байсан. 

Автомашины дугаарын хязгаарлалт өглөө 08:00 цагаас 20:00 цаг хүртэл зуны цагийн хуваарийн дагуу үйлчилж байгаа. Цагдаагийн албан хаагчдын зүгээс иргэдийг торгохоос илүүтэйгээр гаргаж буй зөрчлийг нь сануулах, хуулийг нь тайлбарлах арга хэмжээг авч ажиллаж байгаа. 

Гэрэл зургийг Н.Батмөнх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45993
0 эможи
keyboard_arrow_up