COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төв замаар тээврийн хэрэгсэл зүүн эргэхгүй болсноор гарч байгаа зарим хүндрэлийг шийдвэрлэлээ

2017 оны 8 сарын 21

 

Энхтайваны өргөн чөлөө зүүн 4 замаас баруун 4 зам хүртэл зүүн эргэлтийг хязгаарлах шийдвэр энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн 7 уулзвараар зүүн эргэхийг хориглосон юм. Ингэснээр уулзваруудаар тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, ачаалал буурсан гэдгийг Замын цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлж байна.

Өнөөдөр өглөө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, Гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра болон бусад албаны хүмүүс  Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлэхдээ “Зүүн эргэхийг хориглосонтой холбоотой иргэдийн байр суурь 2 янз байна. Зарим иргэдэд гарч байгаа хүндрэлтэй холбоотойгоор хэд хэдэн шийдвэр гаргаж, холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, төв замын ачаалал буурсан ч туслах замуудын ачаалал нэмэгдсэн учраас замын цагдаагийн албан хаагчид туслах замууд дээр анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. Хэд хэдэн газар энэ шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө хийгдэх ёстой байсан зам засварын ажил хийгдээгүй байна. Тухайн замуудад хийгдэх ажлыг энэ долоо хоногт багтаах хэрэгтэй. Жишээлбэл, Төв шуудангийн уулзвар дээр баруун эргэх зам нарийн учраас автобус багтахгүй хүндрэл учирдаг. Өргөсгөх хэрэгтэй. Үүнээс гадна гол түгжрэл үүсээд байгаа бөхийн өргөөний уулзварын асуудлыг шийдэх, Сэлбэ гол дээгүүр түр гүүр тавьж, ачааллыг хөнгөлөх асуудлын хөрөнгийг даруй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн иргэдэд мэдээллийг илүү тодорхой өгөх шаарлагатай байна.” хэмээлээ.

ЗХУТ-ийн дарга Д.Одбаяр “НЗД-ын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг зүүн гарын эргэлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлэхээс өмнө мэргэжлийн програм хангамж дээр тухайн уулзварын тоо, ачаалал даах чадвар болон нэвтэрч өнгөрөх тээврийн хэрэгсэл гээд бүх талын тооцоо судалгааг 3 сарын хугацаанд хийсэн. Энэ бол дүрмийн өөрчлөлт биш харин хөдөлгөөн зохион байгуулалттын хувьд хийж буй өөрчлөлт юм. Цаашлаад хөдөлгөөний түгжрэл, нягтралыг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй нэг алхам юм. Нийслэл хотын хувьд  1,400,000 гаруй хүн амтай, 480,000 гаруй авто тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Өнөөдрийн байдлаар зүүн гарын эргэлтийг хязгаарлаад зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд хөдөлгөөний байдлыг харахад эерэг үр дүн буюу Энхтайвны өргөн чөлөөний хөдөлгөөний түгжрэл 40 гаруй хувиар буурсан байна. Энэ зургаан хоногийн хугацаанд иргэд аль замаар яаж явах вэ? гэдгээ урьдчилан тооцоолоод хөдөлгөөнд оролцоод сурч байна. Ер нь замаа зөв сонгож хөдөлгөөнд оролцож хэвшвэл бодитой үр дүн гарна. Програм хангамж дээр тооцоо хийхэд замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүйгээр тооцдог учраас жолооч нар маань замын хөдөлгөөний дүрмээ баримталж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.” хэмээлээ.

НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра “Иргэн аж ахуйн нэгжүүд зөвшөөрөгдсөн газраасаа илүү татаж хашаа хороогоо барьсан нь зам засварын өргөтгөл шинэчлэлтийн ажилд тээг болж байна. Үүнийг НГА-тай хамтран газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулж байна. Зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ илүү гаргаж барьсан иргэн, ААН-ийн объектийг албадан буулгаж байгаа. Одоогийн байдлаар 3,4 дүгээр хорооллын арын замын ажил дууссан. Толгойтын 3,6 км автозам дээр 20 орчим метрийн газар чөлөөлөлтийн ажил байсан. Үүнийг энэ долоо хоногтоо шийдвэрлэхээр болсон. ” хэмээлээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46144
0 эможи
keyboard_arrow_up