COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Чингис: Онгон, Нууц Эрдэнэс” шинэ номын тухай

2015 оны 9 сарын 16

“Их эзэн Чингис хааны шарил эх нутагтаа эргэж ирсэн”
“ Монголын хаадын булш ууланд бий”
 “Чингис: Онгон, Нууц Эрдэнэс” номын зохиогч Робин Акройд шинэ судалгаагаараа Чингис хааны онгон Монголын хойд хэсэгт орших уулын өндөрлөгт бий бөгөөд эл нутаг бол бас Чингис хааны ач, Хятад дахь Юань гүрний эзэн Хубилай, эцэг Тулуй, мөн түүний удмын хаад, хатад, агь нарыг нутаглуулсан газар гэдгийг тайлбарласан юм.
Зохиогч энэхүү бүтээлээрээ Чингис хааны булшны байршлыг тогтоож, эртний түүхэн баримт бичгийн нууцыг тайлахаар Монголын хойд хязгаараар 700 км-ийн морин аялал хийж, Монголын тал нутгийн нүүдэлчдийн дунд амьдран, Их Хориг орчимоор зорчсон байна. 
Түүхээс үзвэл,  эл ариун дагшин газарт хүн нэвтрэхийг хориглодог байсан бөгөөд нэвтэрсэн нэгнийг өчиггүй цаазалдаг байжээ.
Зохиогч номондоо, дэлхийг байлдан дагуулагч Их эзэн Чингис хаан 1227 оны Наймдугаар сард Хятадын хойд нутагт таалал төгссөн ч Их хааны алтан шарилыг төрөлх Монгол оронд нь нутаглуулахаар авчирсан. Мөн түүний шарилыг эртний хаадын булш бунхан оршсон газар  буюу уулын өндөрлөг хэсэгт оршуулсан бөгөөд Чингис хааны бунхан байгаа тэр газарт түүний удмын их хаадын болон  түүний гал  голомтыг сахигч, отгон хүү Тулуйн шарил байгаа гэж дүгнэжээ. 
Тулуй өвөг дээдсийнхээ өлгий нутаг болох Онон Хэрлэнгийн сав газар буюу одоогийн Хэнтий аймгийн нутгийг өвлөж авсан.
Мөн түүнчлэн Тулуйн үр удмынхны онгон, үүнд Тулуйн хатан Сорхугтани Бэхи, хөвгүүд болох Ариг Бөх, Их Хаан Мөнх, Их эзэн хаан Хубилай нарын шарил ч тэнд оршиж байгаа бөгөөд олон тооны хүн, малыг хамт хойлоглосон байж болзошгүй хэмээдэг.
    Зохиогч Робин Акройд хэлэхдээ: 'Тухайн үеийн Монголын их хаадыг онголохдоо нилээд их хэмжээний эд өлгийн зүйлсийг булшинд нь хийсэн байх өндөр магадлалтай'. 'Гэхдээ Чингис хааны онгоныг нууцлахын тулд Их хааны оршуулах ёслолд оролцсон цэргүүдийг устгасан гэх түүх нь нотлогдоогүй юм'.
    Их хааны онгоныг Урианхай омог сахиж байсан бөгөөд Урианхайчуудыг татвар болон цэргийн албанаас чөлөөлдөг байсан. 
    'Ийнхүү Их хаадын булш бүхий газар нутгийг сахин хамгаалж байсан гэдэг нь онголох ёслолд оролцсон цэргүүдийг устгасан  гэдгийг нэг ёсондоо үгүйсгэж байна' хэмээн зохиогч номондоо бичжээ.
    Тэрээр цааш нь хэлэхдээ: 'Дээрх түүх нь эртний Хятадын оршуулгын зан үйлтэй илүү тохирч байгаа юм' гэжээ.
    Зохиогч бүтээлээ  XVII зууны үеийн Монголын түүхэн зохиолуудад түшиглэн туурвисны дотор “Алтан Товч”, Саган Сэцэний “Эрдэнийн Товч” зэрэг түүхийн бүтээлүүд багтана. Тэдгээрт Чингис хааныг Бурхан Халдун уулын энгэрт нутаглуулсан болов уу гэх таамаглал дэвшүүлсэн байдаг.
Персийн их түүхч Рашид ал-Дин 1300-аад оны эхээр Монголын түүхийг бичиж улмаар түүнийгээ дэлгэрүүлж дэлхийн анхны түүх бичлэгийн бүтээлийг туурвисан юм. Энэхүү бүтээлдээ Рашид ал-Дин Чингис хааны шарилыг Бурхан Халдун ууланд оршоосон хэмээн  тэмдэглэсэн байдаг.
    Их эзэн Чингис хаан амьд сэрүүндээ Бурхан Халдун уулыг  дээдлэн шүтдэг байсан бөгөөд энэхүү ууланд Чингис хаан Бөртэг булаан авсан Мэргидүүдээс зугтаж явахдаа орогнож байсан түүхтэй.     
    Тэрээр Бурхан Халдун уулыг өглөө бүр мялаан тахиж байхаар тангараглаж, үрийн үр, үеийн үед тахин шүтэж байхыг захисан байдаг.
    “Чингис: Онгон- Нууц Эрдэнэc” гэх энэхүү номондоо зохиогч Их хааныг онголсон байж болзошгүй гэх археологийн судалгаа хийсэн хоёр газрыг үгүйсгэсэжээ.
Үүний нэг нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Чингис хааны анхны нийслэл Аварга юм. Япон, Монголын хамтарсан эрдэмтэд Улаанбаатараас зүүн урагш 190 км-ийн газарт Чингис хааны онгоныг хайх археологийн судалгааны болон малтлагын ажлыг өрнүүлсэн юм. 
    Судлаачдын Чингис хааны онгон байж болзошгүй гэж үзсэн бас нэг газар нь Улаанбаатараас зүүн хойш 250 км-ийн газарт орших Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг юм.
    Монголын Шинжлэх Ухааны Академийн тусламжтайгаар Чикагогийн алтны худалдаачин байсан Маури Кравицаар ахлуулсан “Чингис Хаан экспедиц” Өглөгчийн Хэрэм гэдэг газарт Их хааны онгон байж болзошгүй хэмээн таамаглаж судалгаа болон малтлагын ажил явуулжээ. 
Дээрх газруудын аль аль нь зохиогчийн хувьд чухал газар мөн боловч, Их хааныг хөдөөлүүлсэн газар биш юм. Эдгээрийн аль нь ч газарзүйн байрлалын хувьд тохиромжгүй: Монголын эртний удирдагчдыг ууланд оршуулдаг байсан гэж зохиогч  онцолсон байгаа юм. 
    Монголын эзэнт гүрэн XIII зуун болон XIV зууны эхэн үед газар нутгаа өргөжүүлэн тэлж, Персийн асар уудам газар нутгийг эзлэн захирч байжээ. Энэхүү газар нутаг нь орчин цагийн Турк улсаас Баруун Пакистан хүртэлх өргөн уудам нутгийг хамарч байсан бөгөөд Эртний Монгол улс Ирак, Афганистан, Туркменистан, Азербайжан, Армени, Гүрж болон Иран улсыг эзлэн захирч байв. 
    Персийн гурван хаадын буюу ил хаадын шарил тухайн үедээ “Хориг” хэмээх хаадуудыг тусгайлан хөдөөлүүлдэг байсан газар нутагт байгаа гэдэг нь нотлогдсон ба ууланд байх магадлал өндөр юм.
Зохиогч хэлэхдээ: ' “Өндөр” гэдэг ойлголт бол эртний монголчуудад их учир холбогдолтой байсан бөгөөд  уул толгод нь Монголчуудыг тахиж шүтэж ирсэн Мөнх Хөх Тэнгэртэй нь бие, сэтгэлийн хувьд холбож өгдөг гэж үздэг байв'. 'Иймээс Монголын хаад, ихэс язгууртнуудыг уламжлал ёсоор уулын өндөрлөг хэсэгт оршуулдаг байсан гэдэг нотолгоо гарч ирж байгаа юм'.
    'Эдгээр уулс өндөрлөгүүд нь хаадыг нутаглуулах халдашгүй ариун лагшин газар байхаар тогтоогдсон байж болох талтай. Энэ нь хаадын өлгий нутаг, мөн эзлэн захирч байсан ба өвлөн авсан газар нутагт байгаа юм'.
    'Чингис хаан тэнгэрт халиад эх нутагтаа эргэж ирсэн. Түүнийг Өвөрмонголын Ордост хөдөөлүүлээгүй бөгөөд тэнд байгаа Чингис хааны бунхан нь дурсгал төдий л зүйл юм' хэмээн зохиогч бүтээлдээ дүгнэсэн нь бий. 
    2015 оны Долдугаар сард Бурхан Халдун уул болон түүнийг хүрээлсэн газар нутгийг Юнескогийн дэлхийн өвд бүртгэсэн. Монголын засгийн газар Юнескод санал өргөдөл гаргахдаа 'Бурхан Халдун уул нь Монголчуудын хувьд тахин шүтэж ирсэн уул бөгөөд түүний ойр орчим газар Чингис хаан мэндэлсэн ба магадгүй хөдөөлүүлсэн газар нь ч байж мэднэ'  гэдгийг онцолсон байдаг.
Робин Акройдын “Чингис: Онгон, Нууц Эрдэнэс” (Genghis: Sacred Tomb, Secret Treasure by Robin Ackroyd) номыг уншигч та бүхэн amazon.com-оос цахим хэлбэрээр унших боломжтойг дуулгахад таатай байна. 

Номын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах болон зохиогчтой холбогдохыг хүсвэл та бүхэн доорх хаягаар орж болно:
www.robinackroyd.com 
www.genghisbook.com 


Английн мэргэжлийн сэтгүүлч Робин Акройд нь “Английн Зохиогчдын Нийгэмлэг” болон “Үндэсний Сэтгүүлчдийн Холбоо”ны гишүүн бөгөөд тэрээр үндэсний болон бүс нутгийн сонин сэтгүүлүүдэд тасралтгүй ажилласаар ирсэн юм.
Зохиогч Робин Акройд нь Төв Азид ажиллаж амьдарч байсан бөгөөд Монголын түүх болон соёлыг сонирхож судалсаар ирсэн юм.

Бичсэн: Робин Акройд
Орчуулсан Р. Ундармаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25203
0 эможи
keyboard_arrow_up