COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 10 сарын 31

Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна./2014.10.24 - 2014.10.31/

 

Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа: “Тоног төхөөрөмж нь ирэх гээд байхад өргөтгөл нь дуусаагүй байдаг”

Туяа эмчилгээний хоёр хурдасгуур аппарат, нэг ширхэг төлөвлөлтийн аппарат, Ангографийн тоног төхөөрөмж авчих байх. Үнэндээ манай ХСҮТ-ийн тоног төхөөрөмж гэж хэцүүхэн болчихсон, заримыг нь манай эмч нар ёстой л нөгөө монголчлоод л аргалж байгаа шүү. Одоо хагас дутуу ч тоног төхөөрөмж ирэх гээд байдаг, өргөтгөл нь дуусаагүй сууж байдаг. Бидний ажил нэг иямэрхүү л явж байна. /Ардчилал 2014.10.27 №199/

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Наркологийн төв эмнэлэгийн ерөнхий эмч Б.Оюунчимэг: “Сүүлийн үед эмэгтэйчүүд их ирэх болсон”

Манай эмнэлэг 50 ортой. Одоогоор 51 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 91 хувь нь эрэгтэй, үлдсэн хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Зөвхөн энэ сард гэхэд 18 эмэгтэй хэвтэн эмчлүүлсэн. Сүүлийн арван жилийн судалгаагаар ихэвчлэн 18-70 насныхан архины эмчилгээ хийлгэдэг. Сүүлийн үед эмэгтэйчүүд ирэх нь их болсон. Тэр дундаа тэтгэвэрийн насныхан их ирж байна. Анх 1999 онд 648 хүн хэвтэн эмчлүүлж байсан. Харин 2013 онд 2038 болж өссөн. Энэ мэтээр жил ирэх тусам хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өсч байгаа нь хоёр талтай. Хүмүүс үүнийг өвчин гэдгийг ойлгож, хандах нь ихэссэн, нөгөө талаараа хамаарал, архины үйлдвэрлэл хурдацтай өсч, архинд донтох хүмүүс их болж байгаагийн илрэл юм. /Монголын үнэн 2014.10.27 №205/

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд: “Хордлогонд орсон хүүхдүүдийн бие хүндэвтэр байна”

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн хүүхдүүдэд хоолны хордлогын шинж тэмдэг уржигдар 14 цагийн үед илэрсэн. Нийт 117 хүүхэдтэй цэцэрлэг. Тэднээс 43 хүүхдэд нь хордлогын шинж илэрч, сумынхаа эмнэлэгт эмчлүүлж байна. Зургаан хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөвтөр байгаа учраас сумынхаа эмнэлэгт эмчлүүлэх боломжтой./Ардчилал 2014.10.31 №203/

Баянзүрх дүүрэг дэх  Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эргүүл хамгаалалт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ш.Энхтайван: “Хориотой эм зарсан хэрэгт гурван эмэгтэйг шалгаж байна”

“Нарантуул” буюу Олон улсын худалдааны зах дээр хориотой эм худалдаалж байсан Ш, Б нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Зарж байсан эмийг шинжилгээний газарт өгсөн. Хариу нь гараагүй байна. Мөн энэ сарын 24-нд нэг эмэгтэйг ирүүлж, шалгаж эхэллээ. /Улс төрийн тойм 2014.10.27 №198/

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Октябр: “Хэдхэн ширхэг эм хүний амь насанд хүрч байна”

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан удирдамжийн дагуу үр зулбуулах эмийг хууль бус байдлаар зарж, борлуулдаг явдлыг таслан зогсоохоор нэгдсэн шалгалт явуулсан. Үр зулбуулах эм энгийн өвчин намдаах, толгой өвдөхөд уудаг эм биш. Тийм учраас иргэд анхааралтай байх ёстой. Өнгөрсөн жил 20 гаруй эх нас барсны тав нь 18-25 насны залуу ээж болох хүн байсан. Хүсээгүй жирэмслэлтийн үед ямар ч тохиолдолд энд тэндээс хууль бусаар амар хядбарыг нь бодож, эсвэл өөртөө дөхөм гэдгээр битгий буруу алхам хийгээч. /Улс төрийн тойм 2014.10.27 №198/

Германы Штутгарт хотын эмнэлэгийн Дүрс оношлогооны тасгийн эмч Б.Нямдаваа: “Герман дахь Монголчуудын бэлгийг дамжуулахаар ирлээ”

Манай эмнэлэг бүтцийн өөрчлөлт хийгээд орнуудаа өөрчилсөн юм. Хуучин хэдий ч Монголд байгаа эмнэлэгийн орноос хамаагүй илүү. Хөл гишгүүрийн тусламжтайгаар орны толгой, хөлний хэсгийг дээш нь өргөж, буулгаж болдог. Хэвтрийн өвчтэй болон хагалгаа хийлгэсэн хүмүүст илүү тохиромжтой. Эдгээр орыг зүгээр л хаяна гэхээр хайран санагдсан учраас “Монголын академичдын холбоо”-ны тэргүүн Гүнцэцэгтэй ярилцаж 40 тн-ын чингэлэг авч, ачаад авчирлаа. Наашаа явуулах зардлыг холбоо болон хувиасаа, хүмүүсийн дэмчлэгтэйгээр цуглуулж бүрдүүлсэн. /Өнөөдөр 2014.10.29 №251/

 

Улсын гуравдугаар эмнэлэгийн дотрын резидент эмч, “Голден жим” клубийн фитнессийн эмч, арга зүйч Н.Энхбаяр: “Гурилан бүтээгдэхүүн идээд ч турж болно”

Бид үйлчлүүлэгчдээ “Танита” аппаратаар оношилдог. Ингэснээр булчин, өөхний байх ёстой хэмжээг нь тогтоож өгдөг юм. 10 кг жин хасах хэрэгтэй байлаа гэхэд дэглэм бариад 10 кг булчингаа үгүй болчихвол яах вэ. Булчин хасагдвал хүн ядарч, ачаалал даахаа байдаг. Харин өөхөө хасвал арьс, үс, хумс нь хүртэл өнгө ордог. Бие хөнгөрч бүтээмж сайжирна. Эрүүл аргаар турахын тулд дасгалын өмнө болон дараа ямар хоол идэхээ мэддэг байх ёстой. Зарим хүн гурилан бүтээгдэхүүнийг хориглож турахыг эрмэлздэг. Гэтэл уураг тархины үндсэн хүнс нь нүүрс ус буюу гурил юм. Гурил, гурилан бүтээгдэхүүнийг зөв зохицуулж идэх нь зүйтэй. Энэ бол энергийн эх үүсвэр юм. Улмаар булчин дахь сахарыг задалдаг. /Өнөөдөр 2014.10.30 №252/

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгийн дарга Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, доктор Б.Даш-Яндаг: “Анагаах ухааны сүүлийн үеийн ололтыг практикт нэвтрүүлэхийн төлөө ажиллана”

Эмнэлэгийн хүний нөөцийг хэрхэн үр дүнтэй ашиглах, эмч ажилтны нийтлэг хэрэгцээг хэрхэн хангах, тэдний арга барилыг орчин үед хөл нийлүүлэн алхах нийцүүлэн өөрчлөх асуудлыг ярьж байна. Мөн анагаах ухааны сүүлийн үеийн ололт буюу техник, технилоги-инновацийг практикт нэвтрүүлэх, үр ашгийг хэрхэн дээшлүүлэх, илүү үр өгөөжтэй болгох, эрдэм шинжилгээ-судалгааны цар хүрээтэй, оюунлаг орчин бүрдүүлэхээр ажиллана /Зууны мэдээ 2014.10.30 №256/

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Олон нийттэй харилцах албаны менежер Ц.Намжилмаа: “Эрдэмтэн , судлаачид цусаа хандивлалаа”

2014 оны эхний есөн сарын байдлаар 187 байгууллагатай хамтран ажилласан байна. Цэргийн анги, их, дээд сургууль, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд сайн дураараа цусаа бэлэглэсэн. Өнөөдөр Шинжлэх ухааны хүрээлэн, Инкубатор төв “Халуун сэтгэл” сайн үйлсийн аяны хүрээнд цусаа бэлэглэх санаачлага гаргаад бид цус цуглуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. /Үндэсний шуудан 2014.10.31 №209/

ХСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалтын албаны их эмч Д.Лхагвасүрэн: "Хавдрыг урьтал үед нь оношилж эмчилвэл 100 хувь эдгэдэг"

Хавдрын өвчлөлийг ихэнх хүмүүс эмчлэгддэггүй гэж ярьдаг. Үнэхээр оройтож эмнэлгийн байгууллагад хандвал энэ өвчин эмчлэгдэх магадлал бага. Харин эрт үед онош тодруулж, зөв эмчилгээ хийлгэвэл бүрэн эмчлэгдэх боломчтой./Улс төрийн тойм 2014.10.31 №202/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11194
0 эможи
keyboard_arrow_up