COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНД

2017 оны 5 сарын 27

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА. 

Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулган эхэллээ

Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулган Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр эхэллээ. Чуулганд тус байгууллагын 194 гишүүн улсын Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, ажиглагч статустай байгууллагуудын төлөөлөл зэрэг нийт 3500 гаруй төлөөлөгчид оролцож байна. 

Энэ жилийн чуулган нь “Тогтвортой хөгжлийн эрин үед эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь” чиглэлээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан тусламж үйлчилгээний төлөвлөлтийг оновчтой болгох, шинээр болон дахин сэргэж буй халдварт өвчнүүдийн эрт сэрэмжлүүлэг, антибиотекийн тэсвэржилтийн асуудал, хүний нөөцийн асуудал, эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааны зохицуулгын тухай, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж, хуурамч эмийн эсрэг стратегийг хэрэгжүүлэх, яаралтай тусламжийн бэлэн байдлын талаар тус тус хэлэлцэнэ. Чуулганы үеэр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж оролцож буй Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 5 сарын 24-нд үг хэллээ.

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССЕМБЛЕЙН 70 ДУГААР ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГ ҮГ ХЭЛЛЭЭ

Эрхэм хүндэт Зочид төлөөлөгчид, Ноёд, Хатагтай нараа

Энэ удаагийн Дэлхийн эрүүл мэндийн ассамблейг Тогтвортой хөгжлийн эрин үед эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь сэдвээр зохион байгуулж байгаа явдалд талархал илэрхийлье.

          Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын шинэчлэл, үндэсний томоохон хөтөлбөрүүдийг ирэх 10 жилд хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарын өмнө олон  сорилтууд тулгарч байна.

Эдгээр сорилтыг даван туулж, бодлогын хэрэгжилтийг биелүүлэхэд бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх, ДЭМБ болон түүний гишүүн орнуудын туршлага, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь туйлын чухал юм.

Монгол Улс Тогтвортой хөгжлийг хангах тунхаглалд нэгдсэн улс орны нэг тул 2016 онд Улсын Их Хурал “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг баталсан.

Түүний зорилтыг биелүүлэх зорилгоор “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газраар хэлэлцүүлж батлаад байна. Бодлогыг боловсруулахад ДЭМБ-аас улс орнуудад зөвлөмж болгож буй “Бүх нийтийг тусламж үйлчилгээнд тэгш хамруулах”, “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримталсан болно.

Бодлого нь 8 зорилтыг агуулсан. Үүнд: Нийгмийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлыг оновчтой болгох, эмнэлгийн тусламжийн чанар хүртээмжийг сайжруулж нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлж, шинэ технологийг нэвтрүүлэх, хүний нөөцийг зөв төлөвлөх, чадавхижуулах, тусламж үйлчилгээний чанар, үр ашигт суурилсан эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ механизмыг нэвтрүүлэх, эрүүл мэндийн удирдлагын ил тод байдал, эмнэлгүүдийн бие даасан байдлыг бэхжүүлэх, мэдээллийн технологийг сайжруулах гэх мэтээр эрүүл мэндийн салбарт хийгдэх ирэх 10 жилийн тогтолцооны шинэчлэлтийг хийж, хэрэгжүүлж эхлээд байна.

Бодлогын хэрэгжилтийг үндэсний түвшинд нэгдсэн нэг зохицуулалттайгаар хэрэгжүүлэх зорилгоор орон нутаг бүр өөрийн өвөрмөц онцлогийг тусгасан дэд хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.

Монголын эрүүл мэндийн салбарт ихээхэн хувь нэмрээ оруулж байдаг ДЭМБ-ын донор орнууд, хамтран ажилладаг гишүүн орнуудын төлөөлөгчид, нэн ялангуяа биднийг үргэлж дэмжиж, хамтран ажилласан Ерөнхий захирал Др. Маргарет Чан, Номхон далайн баруун бүсийн захирал Др.Шин Ян-су нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Та бүхэнд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын эрин үед эрүүл мэндийн тогтолцоогоо бэхжүүлэн бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах зорилтот үйл ажиллагаанд тань амжилт хүсье.

Гадаадад хийлгэдэг хагалгааг эх орондоо 75-80 хувийн хөнгөлөлттэй хийлгэх боломжтой

2017 оны 05 сарын 24-ний өдөр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт ажиллалаа. Мөн улсын хэмжээнд үзүүлж буй өндөр өртөгтэй зүрх, мэдрэлийн зэрэг 15 чиглэлийн үйл ажиллагаатай танилцаж, зүрхний нээлттэй мэс засалд оролцсон юм.

Тус эмнэлгийн зүрх, мэдрэлийн мэс заслын шинэ арга технологиор хийгдэж буй мэс заслууд нь гадаад орнуудад чамгүй өндөр өртөгөөр хийгддэг байхад өнөөдөр тус эмнэлэгт ЭМДаатгалын сангаас мэс засалд орж буй хэрэгслийн 75-80 орчим хувийг хөнгөлөн иргэд өөрийн эх орондоо маш бага өртөг зардлаар зүрх, мэдрэлийн өндөр өртөгтэй мэс заслыг хийлгэх боломж бүрдсэн байна.

Тухайлбал: Зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээний зөвхөн мэс заслын зардал гадаад оронд дунджаар 20-40 мянган америк долларын өртөгтэй байдаг бол өнөөөдөр эх орондоо 7-8 сая төгрөгийг иргэн төлж эмчлүүлж байна. Мөн тархины судсан дотуурх мэс засал эмчилгээг гадаад оронд 100 мянган америк доллараас дээш өртөгтэй хийлгэдэг бол тус эмнэлэгт эмчлүүлж буй иргэд дундажаар 10-20 орчим сая төгрөгийг зөвхөн мэс заслын хэрэгслийн үнийн хөнгөлөлтийн журмаар төлсөнөөр иргэдэд эдийн засгийн хувьд асар их дэмжлэг үзүүлж байгаа билээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирлаар томилогдсон ноён Тедрос Гебргэйсус-тай уулзлаа

Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүний хувьд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлаар томилогдсон ноён Тедрос Гебргэйсус-т баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ХБНГУХ-ны Эрүүл мэндийн сайд Херманн Грөхе-тэй уулзав

Женев хотод чуулж байгаа Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Эрүүл мэндийн сайд Херманн Грөхе-тэй албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

Уулзалтаар хүүхдийн цусны хавдрын оношилгоо, эмчилгээ, эрүүл мэндийн байгууллагуудын халдвар хяналт, эмнэлгийн дотоод халдвар, зүрхний мэс заслын эмч, сувилагч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, сүрьеэ болон халдварт өвчин, гепатит В, С вирусийн оношилгоо, эмчилгээ зэрэг чиглэлүүдээр идэвхтэй хамтран ажиллаж байсныг хоёр тал онцлон тэмдэглэлээ. Харин 2013 оноос дээрх үйл ажиллагаануудын хэрэгжилтийн явц удааширч яамд хоорондын Зөвлөлдөх хуралдаан зохион байгуулагдаагүй байгаад дүгнэлт хийж, дахин сэргээж ажиллах чиглэлээ тодорхойллоо. Энэ хүрээнд Монголд эмчлэгдэхгүй байгаа хүүхдийн зүрх судасны болон цусны хавдрын чиглэлээр эмч мэргэжилтнийг багаар нь бэлтгэж хамтран ажиллах, “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд тодорхой чиглэлүүдээр хамтарч ажиллахаар харилцан тохиролцлоо.

ДЭМБ-ын 2018-2019 оны төсөв батлагдлаа

ДЭМБ-ын 70-р чуулган А болон Б гэсэн үндсэн хоёр хороонд хуваагдан үргэлжилж байгаа бөгөөд А хорооны хуралдаанд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, Б хороонд Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Төмөртогоо нар тус тус оролцож байна.

ДЭМБ-ын 2018-2019 оны төсвийн төслийг хэлэлцэж 4421.5 сая ам доллар байхаар баталлаа. Гишүүн орнуудын албан ёсоор өгөх хандивын хэмжээг 3 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэв. Энэхүү батлагдсан төсөв нь Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн ДЭМБ-ын тэргүүлэх чиглэлээр боловсруулагдсан ба шинээр ДЭМБ-ын бэлэн байдлын хөтөлбөр (69.1 сая ам доллар) болон нянгийн тэсвэржилтийн эсрэг тэмцэх (23.2  сая ам доллар) зэрэг шинэ шинэ үйл ажиллагаануудыг санхүүжүүлэхээр тусгасан байна.

Дашрамд дурдахад өнгөрсөн хугацаанд “Нэг эрүүл мэнд” хандлага нь дэлхийн 35 оронд антибиотекийн хэрэглээнд үндэсний түвшинд хэрхэн хяналт шинжилгээ хийх талаар аргачлал боловсруулж, боловсон хүчнийг сургаж, бэлтгээд байна. 

Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой эмнэлэг баригдана

Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламж болон зээлээр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-4 (ЭМСХХ-4) төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн Барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил”-ын тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй хийх гэрээнд 5 дугаар сарын 24-ны өдөр 2 тал гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Гэрээний үр дүнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр 150-200 ортой, 7-8 төрлийн төрөлжсөн мэргэшлийн тусламж үзүүлэх,  жилд дунджаар 47,000 гаруй үйлчлүүлэгчдэд амбулаторийн, 10,000 гаруй үйлчлүүлэгчдэд хэвтүүлэн эмчлүүлэх,  тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай,  олон улсын стандартад  нийцсэн нэгдсэн эмнэлгийн барилга байгууламжийг барихын зэрэгцээ орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслэлээр хангах юм.

АШУҮИС-ийн төгсөгчид “Их эмчийн тангараг” өргөлөө

Монгол улсад Анагаахын мэргэжилтэн бэлгэдэг улсын сургууль болох АШУҮИС-ийн 2017 оны төгсөгчид өнөөдөр мөнгөн хонхны баяраа хийж, эмчийн тангарагаа өргөн мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэгээ гардаж авлаа.

Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож хэлсэн үгэндээ Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд нэгдэж байгаа залуу эмч нартаа эрүүл мэндийн салбарын нийт хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе!

Эрүүл мэндийн салбарын залгамж халаа Та бүхнийг өөрийн орны анагаах ухааны салбарт шинэ мэдлэг, шинэ технологи нэвтрүүлж, хөгжил дэвшлийг авчирна гэдэгт бид итгэж байна.  Эрүүл мэндийн салбарт эрдэм боловсролтой, орчин үеийн мэдлэгтэй, шинэлэг сэтгэлгээ, хандлагатай залуу эмч нарыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн багш нартаа гүнээ талархаж буйгаа энэ дашрамд илэрхийлье!  Эмч гэдэг хариуцлагатай мэргэжлийг сонгож, амжилттай суралцаж төгсөхөд итгэл урам өгч байсан, цаашид ажил амьдралын туршид нь бат бөх түшиг тулгуур нь болох залуу эмч нарынхаа гэр бүлийнхэнд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. “Их эмчийн тангараг” өргөж буй Та бүхэндээ дахин баяр хүргээд ирээдүй тань гэрэлтэй, ажил үйлс тань өөдрөг байхын ерөөлийг дэвшүүлье гэлээ .

ДЭМБ-ын дэд захиралтай хоёр талт уулзалт хийлээ

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 5 дугаар сарын 24-ний өдөр ДЭМБ-ын халдварт бус өвчнөөс урдчилан сэргийлэх, тандалт, сэтгэцийн эрүүл мэнд хариуцсан дэд захирал Олег Честнов-той хоёр талт уулзалт хийлээ. 

Тус уулзалтаар ДЭМБ-ын 2014, 2015 онд өгсөн зөвлөмжийн дагуу халдварт бус өвчнөөс урдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл солилцлоо. 
Олег Честнов МУ-ын Засгийн газраас Эрүүл мэндийн дэмжих сангийн үйл ажиллагааг сэргээсэн, Элэг бүтэн Монгол хөтөлбөр болон Архи тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан зэрэг үйл ажиллагаануудыг онцолж сайшаасан бөгөөд цаашид ДЭМБ манай улсад авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаануудад бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Түргэн тусламжийн автомашиныг гардуулан өглөө

Монгол Улсын 2017 оны  улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “Түргэн тусламжийн автомашин”-ын парк шинэчлэлтэд 4 тэрбум 452 сая төгрөг батлагдсан. Энэ дагуу нийлүүлэгчийг сонгох тендерийг зохион байгуулж, гэрээний дагуу УАЗ-315109, УАЗ-22069  маркийн нийт 151 машиныг өгөх юм. Үүнээс өнөөдөр  Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрүүл мэндийн төвүүдэд  12 автомашиныг олгож байна.

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат  уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Бид нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээ болон сум, багийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зарчмыг баримтлан автомашинуудыг хуваарилсан. Аймаг, сумаас алслагдсан иргэд, малчдад цас зудтай, цаг агаар хүндэрсэн нөхцөлд эмч, мэргэжилтнүүд найдвартай унаагаар цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байна” хэмээгээд түргэн тусламжийн автомашин хүлээн авч буй жолооч нартаа ажлын амжилт хүсч, Алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөлөө.

АШУҮИС-ийн үе үеийн төгсөгчдийн чуулга уулзалт болж байна

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Төгсөгчдийн холбооноос 2003 оноос эхлэн жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан гагнуур” чуулга уулзалт 5 дугаар сарын 29-ны өдөр боллоо.

Уг арга хэмжээнд эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож хэлсэн үгэндээ Эх орныхоо өнцөг булан бүрээс дэлхийн бусад улс орноос хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Та бүхэндээ Эрүүл мэндийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж мэндчилье. Өнөөдрийн чуулга уулзалт төгсөгч Та бүхэнд мэргэжил нэгт анд нөхөд, эрдэмтэн багш нартайгаа баяр хөөртэйгээр уулзан учирч, оюутан ахуй цагаа дурсан, ахмад үедээ хүндэтгэл үзүүлж, ажил амьдралын арвин туршлагаа хуваалцсан сайхан арга хэмжээ байх нь дамжиггүй. Цаашид энэхүү арга хэмжээг төгсөгчдийнхөө амжилт бүтээлийг тайлагнан сурталчилж, эх орондоо болон гадаад оронд мэргэжлээрээ ажиллаж байгаа төгсөгчдийнхөө үйл ажиллагааг нэгтгэн, Монгол Улсын анагаах ухааны салбарыг дэлхийн анагаах ухааны хөгжилтэй холбох “ГҮҮР” болгон өргөжүүлээрэй. “Долоо”-гоор онцгойрсон төгсөгчид Та бүхэн “Алтан гагнуур” чуулга уулзалтаараа 2027 онд дахин хуран цуглахдаа ажил мэргэжлийн арвин их амжилттайгаар уулзахын ерөөл дэвшүүлье гэлээ.

Завхан аймгийн ЗӨСТ тарваганы тархалт, нягтшилыг тогтоох

Завхан аймгийн ЗӨСТ-ийн 2017 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Алдархаан, Идэр, Тэлмэн, Яруу, Эрдэнэхайрхан, Сонгино, Түдэвтэй, Нөмрөг зэрэг 11 сумдын нутгийн ойт хээр, хээр, хуурай хээрийн бүс бүслүүрээр монгол тарваганы тархалт, нягтшилыг тогтоох зорилгоор судалгааг нийт 2123 км зам явж 55 цэгт үндсэн болон дэд агуулагчийн судалгааг хийхэд нэг га-д 0.02-1.52 толгой гарч байна.

1983-1989 оны монгол тарваганы нягтшил дунджаар нэг га-д 2.23 гарч байсан бол 2017 оны судалгааны дүнгээр нэг га-д 0.4 гэсэн үзүүлэлт гарч байна. Энэ нь 1990 оноос хойш Завхан аймаг дахь монгол тарваганы нягтшил 82%-иар буурсан үзүүлэлтэй гарч байна.

Ус намгийн шувуудын тооллогыг Алдархаан сумын Хөх, Цагаан нуур, Эрдэнэхайрхан сумын Хар нуур, Тэлмэн сумын Бүст нуур, Нөмрөг сумын Тэлмэн, холбоо нуур, Түдэвтэй сумын Ойгон нууруудад хийлээ. Эдгээр гол нуурууд нугасны төрлийн шувуудтай, хүний хөл хөдөлгөөн их. Ажиглалт хийх үед ямар нэг зан төрхийн өөрчлөлттэй шувуу ажиглагдаагүй болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43883
0 эможи
keyboard_arrow_up