COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын шагнал хүртлээ

2017 оны 7 сарын 04

Өнгөрсөн сарын 22, 23-ны өдрүүдэд Нидерланд улсын Гаага хотод “United Nations Public Service Forum 2017” ёслолын үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Тус форумын үеэр манай улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын төрийн буюу нийтийн үйлчилгээний тэргүүн байрын цомоор шагнуулжээ.

Энэхүү шагналыг Монгол улсаас анх удаа тус эмнэлэг хүртэж байгаа аж.

НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын хамтын хөрөнгө оруулалтаарЭХЭМҮТ-д 2007 оноос “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Телемедицинийг нэвтрүүлсэн нь” төсөл хэрэгжиж эхэлсэн. Дэлхийн улс орнуудын Засгийн газраас НҮБ-д нийт 552 төслийг өргөн барьснаас 3 номинациар 8 төсөл шалгаруулсны нэг нь энэхүү төсөл юм. Манай улсын хувьд хүн амын тал хувь нь нийслэл хотод оршин суудаг бол тэн хагас нь 21 аймагтаа тархан суурьшдаг. ЭХЭМҮТ-д хэрэгжсэн энэхүү зайн оношлогооны төсөл нь гурав дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг авахад хугацаа алддаг, хүндрэлтэй байдаг алслагдсан аймгуудын энгийн ард иргэдэд үр өгөөжөө өгсөн төсөл болсон гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын шагнал хүртлээ

Төсөл хэрэгжиж эхэлснээр хотоос зайтай, алслагдсан аймаг, сумдуудад амьдарч байгаа хүн нийслэлд ирэлгүйгээр гурав дахь шатлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг нутагтаа авдаг болсон юм. Төслийн хүрээнд цахим сүлжээгээр дамжуулан алсын зайнаас зөвлөгөө өгөх замаар аймгийн түвшинд жирэмсний хүндрэлийг эрт илрүүлж, цаг алдалгүй эмчилснээр сүүлийн 4 жилд 1800 гаруй эх, нярайн амь насыг аварсан байна. Түүнчлэн эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалтын тогтолцоог бүрэн ашиглан, ур чадварт суурилсан эх барихын яаралтай тусламжийг нэвтрүүлж, мэс заслын чадвар сайжруулах ажлын байрны сургалт явуулснаар цахим сургалтын суурийг тавьсан ба үр дүнд нь уг төслийн хүрээнд манай орны эх барих, эмэгтэйчүүдийн нийт эмч нарын 70 хувь нь  сургалтанд хамрагджээ.

2015 онд Монгол улсад эхийн эндэгдэл 1990 оны түвшнээс 4.6 дахин, 1992 оны суурь үзүүлэлтээс 7.8 дахин буурч, Монгол улс эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны түвшинд шилжиж, Монгол улсын Мянганы хөгжлийн 5-р зорилгыг биелүүлсэн юм. Ингэснээр тус ондоо “Мянганы хөгжлийн зорилт 5”-ын эх хүүхдийн эндэгдлийг бууруулсан дэлхийн есөн орны нэг болсон нь энэхүү зайн оношлогооны төслийн үр дүн гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Мөн Монгол улс 2015 онд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 4 дахин бууруулах зорилтыг бүрэн хэрэгжүүлснээр Мянганы хөгжлийн 4-р зорилгыг биелүүлсэн юм. Ийнхүү НҮБ-ын шагналт энэхүү алсын зайн оношлогооны төсөл хэрэгжсэн 10 жилийн хугацаанд ЭХЭМҮТ-д техник технологийн дэвшил нэвтэрч, эмч мэргэжилтнүүдийн ур чадвар дээшлэн, эх, хүүхдийн эндэгдэл буурсан зэрэг олон эерэг үр дүн гарсан юм. МУ-ын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, НҮБХАС, НҮБХС, ДЭМБ зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудын тусламж дэмжлэгтэйгээр НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн ЭХЭМҮТ-ийн хамт олноор анагаахын салбарынхан бахархаж буйгаа илэрхийллээ.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын шагнал хүртлээ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44789
0 эможи
keyboard_arrow_up