COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Хишигжаргал:“HLА антиген”-ий САНТАЙ болсноор дэлхийн бусад оронтой донор СОЛИЛЦОХ СҮЛЖЭЭГ бий болгох боломжтой

2017 оны 7 сарын 08

Манай улсын эрүүл мэндийн салбар, тэр тусмаа эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлийн хөгжлийн түүхэнд тэмдэглэх томоохон хурлыг удахгүй зохион байгуулах гэж байна.

 

Энэ сарын 9,10-ны өдрүүдэд “Blue Sky”-д болох “Эрхтэн шилжүүлэн суулгалт”-ын олон улсын хоёрдугаар их хурлын хүрээнд болоод, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын үйл явцын талаар уг хүнд мэс заслыг эх орондоо нутагшуулж, хөгжүүлэхээр зорьж яваа эмч нарын төлөөлөл Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч Б.Хишигжаргалтай ярилцлаа.

- “Эрхтэн шилжүүлэн суулгалт”-ын олон улсын хоёрдугаар их хурлын ач холбогдол болоод гол зорилго нь юу вэ?

-Манай улс хамгийн анх бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн. Үүний дараа элэг, ясны чөмөг шилжүүлэх мэс заслыг хийж эхэлсэн юм. Эрхтэн шилжүүлэх эмчилгээ гэдэг нь орчин үеийн анагаах ухаанд маш том байр суурийг эзэлдэг. Ийм нарийн эмчилгээг эх орондоо нутагшуулахаар ажиллаж эхлээд арав гаруй жил болсон байна. Анх 2015 онд Улсын нэгдүгээр эмнэлэгийн 90 жилийн ойгоор анхдугаар их хурлыг зохион байгуулж байлаа. Тухайн үед эмнэлэгийн ойтой давхацсан учраас баяр ёслолын байдалтай болж өнгөрсөн. Харин энэ удаагийн “Эрхтэн шилжүүлэн суулгалт”-ын олон улсын хоёрдугаар их хурлыг илүү мэргэжлийн үүднээс буюу шилжүүлэн суулгалт, донор, тархины үхэл зэрэг тусгай ойлголтуудын хүрээнд үйлчлэх хууль, журам зэрэг нарийн асуудлыг тусгаж, хөндөх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.  Мөн элэг, бөөр, чөмөг, зүрх шилжүүлэн суулгах багийнхан ангиллаараа хуваагдаж, дөрвөн дэд хурлыг зохион байгуулна. Уг хуралд “Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах” холбооны ерөнхийлөгч, хуучин удирдлага болоод Япон, Солонгосын холбооныхон, Англи, Хятад, Энэтхэг, Орос зэрэг олон орны энэ салбартаа тэргүүлэх эмч, мэргэжилтнүүд оролцож, илтгэл тавина.

-Манай улсын эмч, мэргэжилтнүүд зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг хийх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм билээ. Энэ нь хэр хүнд мэс засал вэ?

Анх бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийснээс хойш 140 орчим хүнийг хамруулжээ. Мөн 40 гаруй хүнд элэг, дөрвөн өвчтөнд чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн байна.

-Анх бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийснээс хойш 140 орчим хүнийг хамруулжээ. Мөн 40 гаруй хүнд элэг, дөрвөн өвчтөнд чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн байна. Зүрх шилжүүлэн суулгах мэс засал нь маш нарийн үйл явцтай. Бөөр хос эрхтэн учраас донороос нэгийг нь аваад өвчтөнд суулгадаг. Элэг ч мөн тодорхой хувийг нь тайрдагаас гадна, төлждөг гэдэг утгаараа донорт үзүүлэх сөрөг нөлөө нь харьцангуй бага. Харин зүрх нь цорын ганц эрхтэн учраас үүнийг шилжүүлэн суулгахын тулд тархины үхэлтэй кадавр донороос авах шаардлагатай юм. Ажилбарын хувьд боломжтой мэт боловч хууль эрх зүйн хувьд кадавр донор, түүний олдоц гээд нарийн асуудал олон бий. Зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийд тийм ч олон газар хийдэггүй. Мэс заслын тооны хувьд ч нөгөө эрхтнүүдээсээ харьцангуй цөөн байдаг.

-Ийм хүнд мэс заслыг хийхийн тулд манай эмч нар ур чадвараа дээшлүүлэхээр ажиллаж байгаа байх?

-Зүрх шилжүүлэн суулгах эмчилгээг хийхээр Өмнөд Солонгосын Католокийн их сургуулийн “Гэгээн Мария” эмнэлэгтэй хамтран төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон. Ирэх есдүгээр сараас эхний ээлжийн сургалтыг хийхээр төлөвлөж байна. Мэргэжилтнүүд сургалтад хамрагдсны дараа Солонгос эмч нар манай улсад ирж, эхний 5-10 мэс заслыг хамтарч хийхээр тохиролцсон.

-Зүрх шилжүүлэн суулгах мэс заслын эхний ээлжинд багтах хүсэлтээ өгч, хүлээлгийн жагсаалтад бүртгүүлсэн хэчнээн хүн байна вэ? 

-Зүрх шилжүүлэн суулгах заалттай, зүрх нь эдгэршгүй өөрчлөлттэй, эм эсвэл ямар нэгэн багажийн дэмжлэгтэйгээр ажилладаг, чадваргүй болчихсон өвчтөн олон бий. Боломжтой нь гадаад руу явдаг ч бодит байдалд олонх нь ийм бололцоогүй байдаг. Тэдэнд цаг хугацаа алт юм. Энэ эмчилгээг эхлүүллээ гэхэд яаралтай зүрх шилжүүлэн суулгах заалттай хүний тоо цөөн биш.

-Сүүлийн гурван жилд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгэхээр гадаад орныг зорьсон гэсэн тоо баримт байдаг. Гэтэл манай улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Засгийн газрын дэмжлэгтэйгээр хийгээд эхэлчихсэн. Гадаад руу олноороо явж байгаа нь донорын нөөцөөс шалтгаалж байна уу, эсвэл өөр хүчин зүйл байдаг уу?  

-Манай улсад элэг шилжүүлэн суулгах нэг л баг байдаг. Гэхдээ Хавдар судлалын үндэсний төв өөр нэг багийг байгуулж, бэлтгэл ажлаа хангахаар ажиллаж байгаа гэсэн. Тухайн хагалгаа нь 80-100 сая төгрөгийн өртгөөр бүтдэг. Үүний тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байна. Гэсэн ч энэ их мөнгийг бүрдүүлнэ гэдэг амаргүй юм. Мөн элэгний В,С вирусийн идэвхжил нь ямар байна, элэг шилжүүлэн суулгах заалтыг хангаж байна уу гэдгээс шалтгаалж хагалгаа хийх эсэхийг нь шийднэ. Тиймээс санхүү болоод эрүүл мэндийн байдал, цаг хугацааны үнэ цэн гээд олон шалтгаан байдаг. 

-“Эрхтэний донор олох нь өвсөн дундаас зүү эрэхтэй адил болчихжээ” гэж ярих иргэнтэй олон таарлаа. Үнэхээр эрхтэний донорын нөөц тийм бага байдаг юм уу?

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулж, өргөжүүлэхийг хүсвэл Донорын тухай хуулийг чамбайруулж өгөх хэрэгтэй. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Эмч нарын төлөөлөл хууль боловсруулах ажлын хэсэгт багтаж, ажилласан учраас энэ удаагийнх өмнөхөө бодвол илүү дэвшилттэй болж батлагдана.

-Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулж, өргөжүүлэхийг хүсвэл Донорын тухай хуулийг чамбайруулж өгөх хэрэгтэй. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Эмч нарын төлөөлөл хууль боловсруулах ажлын хэсэгт багтаж, ажилласан учраас энэ удаагийнх өмнөхөө бодвол илүү дэвшилттэй болж батлагдах байх. Автомашины осол зэрэг гэнэтийн шалтгаанаар тархины үхжилттэй болж, тархи нь ажиллагаагүй болсон ч бусад эд, эрхтэн нь эрүүл хүнээс эрхтэнийг нь авах бололцоог хуулиар зохицуулах шаардлагатай байна. Манай улсад элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хэн нэгэн ойр дотны хүнийхээ эд, эрхтэнийг авдаг зарчимаар явж байна. Энэ нь маш хязгаарлагдмал юм. Учир нь ах, дүү хамаатан садан дунд цусны бүлэг таарахгүй, вирусийн гаралтай өвчтэй гэх олон шалтгааны улмаас хүссэн хүн бүр донор болох боломжгүй байдаг. Тиймээс энэ эмчилгээг түгээж, олон хүний амь насыг хурдан хугацаанд аваръя гэвэл Донорын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, кадавр, амьгүй цогцосноос эрхтэн авах үйл явцыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж, тодорхой болгох ёстой.

-Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэх шатандаа явж байна. Таны хувьд уг хуульд ямар зүйл, заалтыг оруулж, өөрчлөлт хийвэл эрхтэн шилжүүлэн суулгах тал дээр илүү дэвшилттэй болно гэж үзэж байна вэ?

-Манай мэргэжилтнүүд хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэгт нь орж ажилласан учраас шаардлагатай заалтыг шингээсэн гэж бодож байна. Гэхдээ аливаа хууль цаг үеийнхээ нөхцөл байдлаас шалтгаалж байнга шинэчилж, өөрчлөх шаардлагатай байдаг байх. Бидний одоогоор төгс боллоо гэж бодсон хууль хэдэн жил хэрэглэсний  дараа учир дутагдалтай зүйл илрэхийг үгүйсгэхгүй. Тиймээс тухайн цаг үе бүрт нь ярилцаж, сайжруулах ёстой гэж бодож байна.

-Монголд чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ ямар төвшинд байна вэ?

-Элэг, бөөрийг бодвол чөмөг шилжүүлэн суулгах нь арай өөр, өвөрмөц онцлогтой. Чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг цусны үүдэл эсийг донороос эсвэл өвчтнөөс авч өөрт нь шилжүүлэн суулгах хоёр аргаар хийдэг. Эс эргэн төлждөг учраас тухайн донорт эсрэг заалт, аюул учруулах зүйл байхгүй. Зөвхөн лабораторийн хувьд эсээ зөв таньж, ялган авч, хадгалж, боловсруулах зэрэг нарийн ажилбарыг шаарддаг учраас донорын хувьд эрсдэл харьцангуй багатай. Цусны үүдэл эсийн донор ба реципентийн “HLА антиген” тохирсон байх ёстой. Гэхдээ энэ нь маш ховор байдаг. Таарах хамгийн өндөр магадлалтай нь төрсөн ах, дүү нар байх ба энэ нь ердөө 25 хувьтай байдаг. Өөр донороос таарах боломж бага, зарим хүнд донор олдохгүй байх тохиолдол ч байдаг. Гаднын улс орнуудад “HLА антиген”-ий сан гэж бий. Бид ийм сантай болохыг зорьж байна. Ийм сантай болчихвол үүгээрээ дамжуулаад дэлхийн бусад оронтой донороо солилцох сүлжээг бий болгох боломжтой юм. Жишээлбэл монголын хэн нэг донорын үүдэл эс, Канадад байгаа Жорж, эсвэл Жефрынхтай ч таарах боломжтой. Өөрөөр хэлбэл нэгдсэн сүлжээнд кодоо оруулаад донороо хайна гэсэн үг.

-Чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг хийхэд ямар үе шатыг дамждаг вэ?

-Чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг ихэвчлэн цусны хавдартай хүнд хийдэг. Цусны хавдар гэдэг нь нэлээд хүнд өвчиндөө ордог байсан. Ер нь цаазын ял авах, цусны хавдраар өвдөх нь адил гэдэг ойлголт саяхныг хүртэл байлаа. Сүүлийн үед орчин үеийн эмчилгээ болон чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ нэвтэрснээр эмчилгээгүй гэгдэж байсан өвчтөнүүдийн бие сайжирч, амьдрах хугацаа нь уртасч байна. Чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ нь өөрийн гэсэн онцлогтой. Эхний ээлжид цусны хавдартай хүнийг химийн эмчилгээгээр эмчилж, өвчнийг намжмал байдалд оруулж, өвчнийх нь төрлөөс хамаарч өөрийнх нь эсвэл донорын үүдэл эсийг шилжүүлэн суулгах аргыг хэрэглэдэг. Шилжүүлэн суулгасны дараах хяналтын эмчилгээ гээд мэдлэг шаардсан нарийн олон ажил бий. Энэ нь нэг өдөр хийдэг хагалгаа биш хагалгааны өмнөх болон дараах үйл явцтайгаа нийлээд багаар бодоход зургаагаас нэг жилийг зарцуулдаг эмчилгээ юм.

-Танай салбарын хувьд яаралтай хагалгаанд орох өвчтөний хүлээлгийн жагсаалтад хэр их хүн бүртгэлтэй байгаа вэ?  

- Хүнсний аюулгүй байдал, уул уурхайгаас үүдэлтэй химийн бодисын хэрэглээний нөлөө зэргээс шалтгаалж цусны хавдараар өвчлөгсдийн тоо жилээс жилд эрс нэмэгдэж байна. Чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг цусны хавдраар өвдсөн тохиолдол бүрт хийдэггүй. Тодорхой эмчилгээний дараа боломжтой гэж үзвэл хийх болно. Үнэхээр үүнийг олон хүнд хийх боломж нь бүрдчихвэл уг эмчилгээнд оруулах шаардлагатай өвчтөн олон бий.

-Эрхтний донор гэдэг сэдвийг ярихад хүндрэлтэй ч хөндөхгүй өнгөрч болохгүй. Хувьдаа үүнийг хэн нэгэнд амьдрал бэлэглэж буй нэгэн төрлийн буян юм болов уу гэж боддог.

Хэн нэгэнд эрхтэнээ өгнө гэдэг маш том буян. Шууд утгаараа амьдрал бэлэглэж байна гэсэн үг. 

-Хэн нэгэнд эрхтэнээ өгнө гэдэг маш том буян. Шууд утгаараа амьдрал бэлэглэж байна гэсэн үг. Гэхдээ үүнийг хууль, эрх зүйн талаас нь сайн зохицуулахгүй бол эргээд гадны улс оронд гардаг шиг эрхтэний наймааны гэмт хэрэг бий болох аюултай. Тиймээс хууль эрх зүйн хувьд хяналт тавьж, үүнийг чангатгаж, улсын хяналт, төрийн бодлогод авахгүй бол аливаа шинжлэх ухаан хөгжихөөрөө сайн, муу аль аль нь тэнцчихээд байдаг шиг сөрөг талтай асуудал юм.

-Хамгийн хямд гэгддэг Энэтхэг улсад элэг шилжүүлэн суулгуулахад хагалгаанаас гадна бусад зардал нийлээд ойролцоогоор 100 мянган ам.доллар болдог. Харин Монголд  85-100 орчим сая төгрөгөөр хийж байна. Ер нь манай улсын эмчилгээний өртөг, зардал бусад орны хажууд харьцангуй бага. Иргэдийн гадаад руу ихээр чиглэж яваад байгаа шалтгаан донорын нөөцөөс гадна, өөр ямар шалтгаантай гэж та бодож байна вэ. Магадгүй эмч нарын ур чадварт эргэлздэг юм болов уу?

-Олон шалтгаан бий. Мэдээж донорын олдоц бага байдаг. Манай улс цөөн хүн амтай. Хичнээн мөнгөтэй байлаа ч донор олдохгүй учраас Хятад, Энэтхэг зэрэг олон хүн амтай газар руу цаг алдалгүй явах тохиолдол бий. Мөн төсөв мөнгөтэй холбоотой. Энэ хагалгааг бид нутагшуулахаар хичээж байгаа тул эмчилгээний үед гардаг олон зардлыг эмчлүүлэгчдээс гаргахгүй, эмнэлэг өөрийн нөөц, боломжиндоо шингээх замаар ажиллаж байгаа. Манай улсад шаардлагатай хүн бүрийг хагалгаанд хамруулах боломж, чадвар муу байна. Дөнгөж хөгжиж буй салбар учраас нарийн төвөгтэй, хавсарсан эмгэгтэй, биеийн байдал нь хүндэрсэн тохиолдолд бидний зүгээс боломжгүй үе гардаг. Гэхдээ олонх тохиолдолд Монголдоо бүрэн эмчлүүлэх боломж нь нэмэгдэж байгаа. Төлбөрийн хувьд даатгалын оролцоо нэмэгдвэл эх орондоо эмчлүүлэх хүний тоо улам өсөх байх.

-Магадгүй гаднын улсынх илүү баталгаатай гэж үздэг байх?

-Харин ч гаднын улс руу ямар ч баталгаагүйгээр явж байгаа. Тэнд очоод эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй, албан ёсны бүртгэлгүй учраас мөнгөө төлөөд л эмчилгээнд ордог. Хэдэн жилийн дараа суулгасан эрхтэн нь ховхрох зэрэг ямар нэгэн хүндрэл учирлаа гэхэд мөнгөтэй л байж нөгөө газраа хандах эрхтэй болно. Монголд бол эсрэгээрээ. Тухайн өвчтөний биеийн байдлыг эхнээс нь хянаж, шилжүүлэн суулгахын өмнөх эмчилгээг энд хийсэн учраас эргээд хүндрэл гарлаа гэхэд суулгасан эмч нар өөрсдөө хариуцдаг. Наад зах нь эрхтэн шилжүүлэн суулгасны дараа уудаг дархлаа дарангуйлах эмийг улсаас үнэ төлбөргүй олгодог.

-Манай улсад уламжлалт ёс заншил, нүгэл буян гэсэн хэм хэмжээнээс үүдээд талийгаачийнхаа эд, эрхтнийг хандивлана гэх ойлголтыг хүлээж авах нь бага байдаг.  Нэг кадавр донорын эд эрхтэн, 6-8 хүнд амьдрал бэлэглэх боломжтой гэхээр хором бүр үнэтэй болчихсон хэн нэгэнд туслаад тийм ч муу зүйл биш юм шиг санагдаж байна?

-Уг асуудлын хүрээнд “Эрхтэн шилжүүлэн суулгалтын” хоёрдугаар их хурлыг зохион байгуулах гэж байна. Манай эмч нар энэ салбартаа багагүй амжилт гаргасан. 100 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгаж, 40 орчим хүнд элэг, мөн чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхлээд явж байна. Гэхдээ үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийлөн зарлаж, танилцуулаад байдаггүй. Эмч хүнийхээ үүргийг биелүүлээд, өдөр тутмын ачаалал ихтэй ажилдаа анхаардаг учраас сурталчилгаанаас хоцордог талтай юм шиг байгаа юм. Жишээлбэл, манай эмч нар олон хүнд элэг шилжүүлэн суулгачихаад байхад манайд ийм мэс засал хийдэг юм уу гэж гайхширсан хандлагатай асуулт их ирдэг. Тэгэхээр энэ талаарх амжилт ололтоо бусадтай хуваалцах, гадны өндөр хөгжилтэй улс оронтой өөрсдийгөө харьцуулах үүднээс зохион байгуулж буй энэхүү олон улсын хурлын үеэр өөрсдийнхөө эмчилгээний талаар танилцуулж, доноруудаа алдаршуулж, алдаа оноогоо дүгнэх зорилго дэвшүүлж байна.  

-АНУ-д гэхэд жолооны үнэмлэх авахад нь донор болох эсэхийг асууж, бичиг баримтанд нь донор мөн, биш гэдгийг нь тэмдэглэсэн байдаг. Осол гарж, янз бүрийн муу зүйл болсон үед нь жолооны үнэмлэхний тэмдэглэгээ, тодорхойлолтод үндэслээд яаралтай арга хэмжээ авдаг. Монголд ч мөн ийм систем рүү шилжчихвэл донорын нөөцийн талд илүү дэвшилттэй болов уу гэж бодож байна. Ер нь сайн дурын донор бий болгохын тулд юу хийх шаардлагатай вэ?

-Тийм ээ, гаднын зарим оронд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх авахад нь ямар нэгэн зүйл тохиолдвол өөрийнхөө эд, эрхтнийг хандивлах эсэхийг нь асууж, баталгаажуулдаг. Манайд хуулийн хүрээнд ийм зохицуулалт байхгүй ч өнгөрсөн жил манай эмнэлэг хоёр кадавр донороос бөөр, элгийг нь ар гэрийн зөвшөөрөлтэй шилжүүлэн суулгасан тохиолдол гарсан. Ер нь зүрх, уушиг, нойр булчирхай, нүдний эвэрлэг, элэг, бөөр гээд олон эрхтэнг тархины үхэлтэй донороос авах боломжтой байдаг. Аливаа улс оронд хүлээлтийг зохицуулах баг, систем гэж байдаг. Бид Донорын тухай хуулийг баталснаар тусгай ийм байгууллагатай болох боломжтой юм. Ер нь эрхтнээ хүнд бэлэглэнэ гэдэг маш том буян. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Өөрөө амьдрах боломжгүй болсон ч гэсэн өрөөлд амьдрал бэлэглэж, миний хүүгийн, ахын, эгчийн гээд хайртай хүнийх нь зүрх хаа нэгтээ цохилж, өөр нэгнийг амьдруулж яваа даа гэдэг утгаараа сэтгэлд сайхан байна. Нөгөөтэйгүүр хүнээс эд, эрхтнийг нь авч өөр хэн нэгнийг амьдруулна нь гэдэг нь анагаах ухааны ололтыг ашиглаад, олон хүнийг хагацал, зовлонгоос ангижруулах боломжийг бүрдүүлж байгаа учраас буруу зүйл биш. Ялангуяа бүх төрлийн шашинд энийг буруушаасан зүйл байхгүй, харин ч энэ талаар тусгасан байдаг юм билээ. Сургааль, номлолд бие, биедээ амьдрал бэлэглэнэ гэдэг нь буруу зүйл биш, энэ буян, өглөг гэсэн байдаг учраас хүн бүр үүнийг бодож явах учиртай гэж бодож байна. Кадавр донороос эрхтэн шилжүүлэн суулгах арга нь нэлээд ач холбогдолтой. Амьд донороос эрхтэнийг авах нь донортоо одоохондоо ямар нэгэн асуудалгүй мэт боловч магадгүй арав эсвэл 20 жилийн дараа юу болох нь асуулт хэлбэрээр үлдэж байгаа юм.  

-Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийхэд эмнэлгийн тоног төхөөрөмж шаардлагад хэр нийцэж байна вэ?

-Тоног төхөөрөмжийн хувьд гэвэл тухайн үеийн шинэчлэлийн засгийн газар бидний асуудлыг ойлгож, элэг болон чөмөг шилжүүлэн суулгахтай холбоотой сангүүг бүрэн шийдэж өгсөн байдаг. Тиймээс одоохондоо боломжийн гэж дүгнэж болно. Гэхдээ шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байгаа учраас өнөөдөр таарсан зүйл маргааш өөрчлөгдөх ч талтай. Нэг удаа худалдаж авчихаад орхих бус, боломжтой бол шинэчлэл, өөрчлөлт бүрт тоног төхөөрөмждөө анхаарч байвал зохилтой байх.

-Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын дараа ямар хүндрэл үүсдэг вэ?

-Өөр хүний эрхтнийг суулгаж байгаа учраас эд эрхтэний нийцэл гэдэг ойлголт байдаг.  Суулгасан эрхтэн асуудалгүй ажиллаад явбал мэс заслыг амжилттай боллоо гэж үздэг. Гэхдээ эд ховхрох, өвчтөний эс донорынхыг давамгайлах зэрэг сөрөг нөлөө үүсэх магадлалтай учраас мэс заслын дараах эмчилгээнд нилээд нарийн анхаарч, ажиллах ёстой. Хяналт шинжилгээгээ ямар давтамжтай хийх үү, дархлаа дарангуйлах эмийнхээ тунг тааруулах, барих гээд нарийн хяналт байдаг. Ер нь хамгийн анхны эрхтэн шилжүүлэн суулгуулсан өвчтнөөс эхлээд бүх хүнийг мэс заслын дараа байнгын хяналтад байлгадаг. Эмчилгээний үр дүн ганц эмч, эмнэлгийн ажилчдаас бус өвчтөнөөс өөрөөс нь их шалтгаалдаг. Зарим хүн бие гайгүй болчихлоо гээд хяналтаа тоодоггүй, хэнэггүй загнах тохиолдол байдаг.  

-Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын үйл явцад зориулсан тусгай алба, агентлагийг байгуулах нь ямар ач холбогдолтой вэ?

-Миний мэдэхийн Өмнөд Солонгос болон бусад улс, оронд эрхтэн шилжүүлэх үйл явцыг зохицуулсан байгууллага байдаг юм билээ. Зөвхөн эмнэлгийн талаас нь бус хүний эрх, шашин, хөрөнгө санхүү, хууль журам гээд бүх асуудлыг нь “базаж” зохицуулдаг олон салбарыг хамарсан үйл ажиллагаатай байгууллагыг бодлогын хүрээнд байгуулах нь цаашдаа үр дүнтэй. Уг эмчилгээнд хамруулах хүний тоо олширох тусам янз бүрийн төвөгтэй тохиолдол гарч ирэх нь зайлшгүй ба үүнийг зохицуулж, шийдвэрлэдэг тусгай агентлаг хэрэгтэй гэж бодож байна.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44935
0 эможи
keyboard_arrow_up