COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНД

2017 оны 7 сарын 22

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА. 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Сингапурын “SingHealth” группын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 7 дугаар сарын 19-ны өдөр Сингапур Улсын эмнэлгүүдийн томоохон групп болох “SingHealth”-ийн Гадаад харилцааны газрын захирал ноён Чуа Иоу Лэн, тус группын бүрэлдэхүүнд багтах Сингапурын Үндэсний Зүрхний Төвийн захирал хатагтай Алис Пан, тус төвийн Зүрхний мэс заслын зөвлөх эмч Др. Со Хуат Сион нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын хүн амын дундах зүрх судасны эмгэг, тэр дундаа Монголд эмчлэгдэх боломжгүй байгаа хүүхдийн болон насанд хүрэгчдийн зарим төрлийн зүрхний гажигийн оношлогоо, эмчилгээний арга технологид эмч, мэргэжилтнүүдээ багаар нь сургаж бэлтгэхийн чухлыг онцлоод, энэ чиглэлээр “SingHealth” групп, Сингапурын Үндэсний Зүрхний Төвтэй хамтын ажиллагаагаа улам нягтруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Төгсгөлд нь, ирэх жил Азийн Зүрх судасны эмч нарын IX бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар болсонд талархалтай байгаагаа хэлээд, уг хурлын бэлтгэл ажлыг хангах, хурлыг өндөр үр дүнтэй зохион байгуулах тал дээр Эрүүл мэндийн яамны зүгээс бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Түймрийн голомтонд ажиллаж буй 150 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ

Улсын онцгой комиссоос 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын ногоон бүсэд гарч буй гал түймрийг унтраахаар дайчлагдан ажиллаж буй бие бүрэлдэхүүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэгийг “Цагаан нуга” зусланд байгуулан, Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн 2 эмч, 2 сувилагч, Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвийн 1 эмч, 1 сувилагч нийт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Энэ хугацаанд нийт 150 хүнд үзлэг хийж, 83 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Тусламж авсан ажилчдын дийлэнх нь хөл холгож, цэврүүтсэн, толгой өвдөх, даралт ихсэх, нүд аргасан зовиуртай. Хөл холгож, цэврүүтсэн 20 хүний шархыг цэвэрлэж, боосон.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тус бүр 7 хүний бүрэлдэхүүнтэй 1 баг “Хөх чулуут” газарт ажиллаж буй бие бүрэлдэхүүнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр томилогдон очиж, угаарталд орсон, даралт ихэссэн зовиуртай хүмүүст явуулын тусламж үзүүллээ. Одоогоор гэмтэж, бэртсэн хүн байхгүй.

Дэлхийн хүн амын өдрийг “Иргэдээ чадавхижуулж, улс үндэстнээ хөгжүүлцгээе” уриан дор тэмдэглэлээ

1990 оны 12-р сард НҮБ-ын Ерөнхий ассамблей 7-р сарын 11-ныг Дэлхийн хүн амын өдөр болгон тунхагласнаас хойш хүн амын асуудалыг нийгэм, улс төрийн үр дагаварыг олон нийтэд таниулан сурталчилах замаар гишүүн орнууд уг өдрийг тэмдэглэж ирлээ. Энэ жил НҮБ-ын Хүн амын сан, УИХ, Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо хамтран 2017 оны Дэлхийн хүн амны өдрийг тохиолдуулан хэвлэлийн хурал зохион байгуулж, дэлхийн болон Монголын хүн амын асуудал, гэр бүл төлөвлөлтөөр дамжуулан Монголчуудын эрх, үндэсний хөгжлийг хангахын төлөө хэрхэн хамтран ажиллахаа танилцууллаа.

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр болон бусад судалгаагаар гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ 2003-2013 оны хугацаанд 4.6-аас 16.0 хувь болтлоо нэмэгдсэн. Энэ үзүүлэлт 15-19 насны охид, эмэгтэйчүүдийн дунд 36.4 хувь байгаа нь улсын дунджаас даруй 2 дахин өндөр байна. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгслийн хэрэглээ буурч байна. 2003 онд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 69.0 хувь, 2008 онд 55.2 хувь нь жирэмслэхээс сэргийлэх ямар нэгэн эм, хэрэгсэл хэрэглэдэг байсан бол 2013 онд 54.6 хувь болж буурсан. Эрүүл мэндийн статистикийн 2016 оны үзүүлэлтээр нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 54 хувь нь жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгсэл хэрэглэж байна.

Хөвсгөл аймаг Гемодиализын тасагтай болов

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт бөөрний гемодиализын тасгийг энэ сарын 6-нд шинээр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Л.Ганболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганболд, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр, Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж  болон бусад албаны хүмүүс, үйлчлүүлэгчдийн төлөөлөл оролцлоо.

Тус аймгаас 18 иргэн нийслэл хотын улсын болон хувийн эмнэлгүүдэд бөөр орлуулах аппаратад орж эмчилгээ хийлгэдэг байна. Тэдгээр иргэдийн ар гэрийн санаачлагаар аймгийн Засаг дарга, Айвико компани, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр ийнхүү бөөрний гемодиализын тасгийг хамтарсан хөрөнгө оруулалттайгаар байгууллаа. Энэхүү тусламж үйлчилгээг бий болгосноор өвчтөн болон тэдний ар гэрийнхэн нийслэл хотыг зорьж, цаг хугацаа, санхүүгийн эрсдэлд оролгүйгээр өөрийн аймагтаа эмчилгээ, үйлчилгээнд хамрагдах бүрэн боломжтой боллоо.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Давид Варбуртоныг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар АНУ-ын Өмнөд Калифорнийн болон Лос-Анжелес хотын Хүүхдийн эмнэлгийн профессор, Сабанийн эрдэм шинжилгээний институтийн Хүрээлэн буй орчны хүрээлэнгийн захирал Давид Варбуртоныг хүлээн авч уулзлаа. 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг уулзалтын үеэр хэлэхдээ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч, тодорхой үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлж байгаа талаар дурьдаад, агаарын бохирдлыг бууруулахад хийгдэж буй судалгаа, шинжилгээний ажил нь хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Доктор Давид Варбуртон нь агаарын бохирдлыг бууруулах нь олон жилийн уйгагүй үйл ажиллагаа бөгөөд цаг хугацаа, олон талт хамтын ажиллагаа шаардах явц гэдгийг дурьдаад Эрүүл мэндийн яам бусад салбартай нягт хамтран ажиллаж байж агаарын бохирдлоос болж үүсэх өвчлөлийг бууруулна гэдгийг онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45216
0 эможи
keyboard_arrow_up