COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эмнэлгийн 35 барилгыг үргэлжлүүлэн, хоёрыг царцааж, нэгийг шинээр барина

2016 оны 1 сарын 13

Иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах хамгийн онцгой, чухал салбарын төсөв жилийн жилд л хүрэлцдэггүй. Эмнэлгүүдийнх нь тоног төхөөрөмжүүд эвдэрхий, ажилладаг хэдийнх нь эм, урвалж бодис хүрэлцдэггүйгээс ашиглаж чаддаггүй.

Эм, тарианы төсөв байхгүйгээс өвчтөнүүд ар гэрээсээ “гуйлга” гуйдаг гээд эрүүл мэндийн салбарт болж бүтэх зүйл бараг байдаггүй. Харин сүүлийн хоёр жил Засгийн газар энэ салбарыг гойд анхаарч эхэлсэн гэх.

Ямартай ч эмнэлгүүдийн эмийн 7.3 тэрбум төгрөгийн өрийг тэглэж, эрүүлжүүлэх байруудыг цагдаагийн байгууллага руу буцаан шилжүүлсэн нь өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарт гялтайх ажил байлаа.

Бас нэг цагаан мэдээ нь эмнэлгийн барилга царцсангүй. 2014 онд эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгөөр он дамжуулан барьж байсан нийт 38 объект (2010 онд эхэлсэн тав, 2011 онд 18, 2012 онд 15) царцсан байснаас өнгөрсөн жил улсын хэмжээнд эмнэлгийн 39 барилгын ажлыг үргэлжлүүлэв.

Үүнээс 16-г нь ашиглалтад оруулна гэж ЭМСЯ-ныхан хэлж байсан ч ам, ажил нь бас л зөрж, 12 барилга хүлээж авсан юм. Гэхдээ эдгээрийн дотор Яармагийн дэнж дэх 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв, ахмадуудын 60 ортой Герентологийн төв болон Түлэнхийн төвийн барилга багтаагүй.

Мөн онд нийслэлийн Өмчийн харилцааны газрын “Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт”-д 21 барилга, объект багтаасны 14 нь эрүүл мэндийн байгууллагынх байсанд салбарын мэргэжилтнүүд ихэд ундууцаж байв.

Оны сүүлчээр ЭМСЯ “толгойгүй” болж, сайд, Төрийн нарийн бичгийн дарга нь их хэмжээний хахууль авсан хэргээр одоо хүртэл шалгуулж буй. Түүгээр ч зогсохгүй Г.Шийлэгдамба улсын онцгой объект болох ГССҮТ, ХӨСҮТ-ийн “тогоонд” гар дүрж, дарга нарыг нь жишим ч үгүй халчихсан.

“Эмнэлгүүдийн дарга нарыг хэзээ томилох вэ” гэсэн байнгын асуултад ЭМСЯ-ныхан “Сайдгүй байхад юун эмнэлгийн даргыг сонгох” гэж өөдөөс зандрах. ЭМСЯ сонголтод суурилсан, аюулгүй, чанартай оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгох үүргээ 2016 онд хэрхэн биелүүлэх бол. Энэ жилийнхээ төсвийг юунд, яаж зарцуулах, ямар ямар бүтээн байгуулалт хийхийг бид сурвалжиллаа.

Эм, эмнэлгийн хэрэгслийн төсөв түүхэндээ 86 тэрбум төгрөг болж, нэмэгджээ. Өмнө нь 65 тэрбумаас хэтэрдэггүй, жилийн жилд улсын эмнэлгүүд эмийн өрөнд унаж, үйлчилгээ нь доголдож байв. Харин энэ жилээс байдал тэс өөр болно гээд ЭМСЯ-ныхан өөдрөг сууна.

Энэ жил нийслэлд эмнэлгийн нэг ч барилга шинээр барихгүй. Он дамжуулан барьж буй 35 барилгын ажлыг үргэлжлүүлсэн нэр зүүхээр төсөвт багахан мөнгө тусгасан бол орон нутагт Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн ганц барилга эхлүүлэх мэдээ байна.

Яармагийн дэнж дэх 300 ортой төрөх эмнэлэг, ахмадуудын Герентологийн төв энэ онд дахиад царцаж, спортын салбараас Сүхбаатар аймгийн спорт цогцолбор, Баянхонгорын усан сангийн барилгын технологийн горимыг буруу хийснээс болоод дахиад л гацжээ. Ирэх онд ч эдгээр барилгыг гүйцээх төсөв мөнгө батлах, эсэх нь тодорхойгүй байна.

Мөн гүйцэтгэгч компаниуд ажлаа сайн хийхгүй бол 2016 онд ашиглалтад оруулах эмнэлгийн барилгын тоо цөөрнө гэдгийг албаныхан хэлж байна. Засгийн газар 2015-2016 онд эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч байгаа.

Царцсан барилгуудын төсвийг 100 хувь биш юм гэхэд их, бага хэмжээгээр гаргаж өгч буй нь сайн хэрэг. Гэтэл гүйцэтгэлийн хөлсөө авчихсан хэрнээ ажлаа урагшлуулдаггүй, хугацаа алддаг хойрго компаниуд мэр сэр байгаа тул салбарын яам тэдний хариуцлагыг өндөрсгөж, алдаа гаргасан аж ахуйн нэгжийн гэрээг цуцалж, шүүх, цагдаагийн байгууллагаар хэргийг нь шалгуулж байгаа.

Эдгээр компани улсын төсөвт нийт 4.2 тэрбум төгрөгийн хохирол учруулаад буй юм. Дээр нь цахилгаан, дулааны шугам татах боломжгүй газар яаран барилга барьснаас болж, төсвийн мөнгийг үрэн таран хийж буй жишээ эрүүл мэндийн салбарт барагдахгүй. 2015 онд улсын төсвийн мөнгөөр нэг ч эмнэлэг шинээр бариагүй.

Засаг, төр солигдоход нэгнийхээ хийсэн ажлыг энэ мэт үнэгүйдүүлдэг, үгүйсгэдэг. Үүнээс нь болоод “араг ясан” хэдэн барилгууд нь буух эзэн, буцах хаяггүй хоцордог.

Энэ бүхний өмнө хэн ч хариуцлага хүлээдэггүй, хариуцлага үүрэх ёстой нэгэн нь бултдаг гажиг тогтолцоо бий болоод удсан тул нохой хуцсан чинээ ч тоохоо больж дээ, хөөрхий.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Т.БАЯРСАЙХАН: Олныг хамруулан урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнүүд хийхээр хөрөнгө тусгасан

Салбарын хөрөнгө оруулалт, төсөв, төсөл хөтөлбөрийн талаар cтай ярилцав.

-Энэ онд эмнэлгийн нэг л барилга шинээр эхлүүлэх юм байна. Тэгэхээр салбарын төсвийг юу юунд зарцуулахаар төлөвлөөд байна вэ?
-2010 оноос хойш барьж буй объектуудыг гүйцээх даалгавар Засгийн газар өгсөн. Тиймээс шинэ эмнэлэг барихыг чухалчлахгүй байгаа.

Улсын хэмжээнд тоног төхөөрөмж засаж, шинэчлэх, барилга, байгууламжуудыг барьж дуусгахад нийт 79 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Энэ онд зөвхөн Өмнөговь аймагт БОЭТ шинээр барина. Он дамжуулан барьж буй 32 барилгыг энэ жил дуусгахаар төлөвлөсөн. Энэ нь салбарын хэмжээнд барьж буй, царцсан нийт объектын 80 орчим хувь. Тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхэд гурван тэрбум төгрөг тусгасан.

Улсын хэмжээнд эмнэлгүүдэд нийт 24 тэрбум төгрөгийн техник төхөөрөмж шаардлагатай гэсэн хүсэлт ирүүлээд байна. Мэдээж бүгдийг нь шийдвэрлэх боломжгүй. Төслүүдийг эрэмбэлээд нэн шаардлагатайд нь төсөв хуваарилах юм. Мөн 21 аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд Хүүхдийн тасаг байгуулахад 2.1 тэрбум төгрөг зарцуулна.

Өвөл, ханиад томууны оргил ачааллын үеэр орон нутгаас хүнд өвчтэй хүүхдүүд хотод ирж, багтаж шингэхгүй хэцүү байдаг шүү дээ. Тиймээс орон нутгийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлж, хөдөөд хүч хаях нь зүйтэй гэж үзсэн.

Зөвхөн хүүхдийн тусламж, үйлчилгээ гэлгүй орон нутгаас хот руу чиглэх урсгалыг сааруулж, II, III шатлалын эмнэлгүүдийн ачааллыг багасгахыг зорьж байна. Зөвхөн ханиад томуу биш, бусад өвчнийг эмчлэх орчин нөхцөлөөр нь хангаж, нийтийг хамарсан урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийхээр хөрөнгө тусгасан.

-Хүүхдийн эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээг сайжруулахад 2.1 тэрбум төгрөг арай бага биш үү?
-Хүн ам, өвчний тархалтаас нь хамаараад 21 аймагт төсөв хуваарилна. Мөн ЭХЭМҮТ, ХӨСҮТ рүү нэлээд анхаарал хандуулах бодолтой байгаа. Баянгол дүүргийн VII төвийн хуучин барилгыг хүүхдийн эмнэлэг болгохоор засаж байгаа шүү дээ.

Тэндхийн агааржуулалтын систем нь нэг л болж өгөхгүй байна. Агаар, дуслын замаар халдварладаг өвчний үед эмнэлгийн агааржуулалт маш чухал байдаг. Тиймээс Баянголын Хүүхдийн эмнэлгийг агааржуулалт, халдваргүйжүүлэлтийн нэгдсэн системтэй, мэс заслын тасагтай байхаар жишиг болгон тохижуулж байна.

Барилгын ажил нь өдгөө 80 орчим хувьтай явж байгаа. Одоогоор ямар нэгэн тавилга, эд материал, тоног төхөөрөмж суурилуулаагүй. 140 ортой, III шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх том эмнэлэг болох юм.

Өөрөөр хэлбэл, ЭХЭМҮТ-ийн ачааллыг давхар үүрнэ гэж харж байна. Оргил ачааллын үеэр орны тоог 50-60-аар нэмэгдүүлэх боломжтой. Урсгал төсөв нь батлагдсан.

-Уг нь Яармагийн төрөх эмнэлэг ашиглалтад орчихвол алслагдсан хороодын эх, хүүхэд цаг алдалгүй тусламж авч, ЭХЭМҮТ-ийн ачааг үүрэлцэнэ гэж төлөвлөж байсан.

Тэгсэн хэрнээ жилийн жилд л төсөв мөнгийг нь хуваарилахгүй “ад үзчих” юм. Инженерийн шугам сүлжээ татах үнэхээр боломжгүй юм уу?
-Яармагийн эмнэлэг энэ онд хөрөнгө оруулалтаас шалтгаалахгүйгээр царцчихлаа. Цэвэр, бохир усны байгууламж нь ашиглалтад орохгүй хугацаа алдаж байна. 2016 оны 8-9 дүгээр сард барьж дуусгах юм гэсэн. Тэр болтол хүлээхээс өөр аргагүй.

Ахмадуудын Герентологийн төв ч гэсэн дэд бүтэц, инженерийн байгууламж татах боломжгүйгээс олон жил царцаж байна. Анхнаасаа ямар ч төлөвлөлтгүйгээр суурийг нь цутгачихсан юм билээ. Төсвийн хөрөнгө хэрхэн үр ашиггүй зарцуулж буйн тод жишээ энэ.

-2013-2014 онд Ерөнхий сайдын багцаас 25 тэрбум төгрөг гаргаж, 11 аймагт оношилгооны төв байгуулсан. Тэгтэл эм, урвалж бодис нь хүрэлцдэггүйгээс өнөөх үнэтэй тоног төхөөрөмжүүдийнхээ заримыг нь ашигладаггүй юм билээ.

Оношилгооны төвүүдийг бүрэн ажиллуулахад 3.6 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Мөнгийг нь төсөвлөсөн үү?
-Оношилгооны төвүүдийн тоног төхөөрөмжүүдийг байнга ажиллуулахад асуудал байдаг. Нэгдүгээрт, тоног төхөөрөмжүүд нь өндөр өртөгтэй учраас үнэтэй эм, урвалж ашигладаг. Орон нутгаас хотод ирж, эмчилгээ, үйлчилгээ хийлгэж буй иргэдийн нэг, хоёрынх ч болтугай шинжилгээг нутагт нь авч байгаа нь сайн хэрэг ч зарим техник төхөөрөмж нь (MRI, CT) тасралтгүй ажиллах горимтой.

Орон нутагт ачаалал бага байдаг учраас нэг, 10 хүн оношилсон ч адилхан зардал гардаг тул алдагдалтай ажиллахад хүрсэн хэрэг. Моторыг нь зогсоож болдоггүй учраас ачаалал ихтэй өөр аймаг, БОЭТ рүү шилжүүлэх боломжгүй.

Гэхдээ энэ жилээс ажиллуулж эхэлнэ ээ. Төсөв мөнгийг эхнээс нь их, бага хэмжээгээр шийдэж байгаа.

-Гадаадын зээл, тусламжаар манайд нэлээд төсөл, хөтөлбөр хэрэгждэг шүү дээ. Энэ онд бүтээн байгуулалтын ямар ажил хийх бол?
-Гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төслүүд үргэлжилнэ. Үндэсний оношилгооны төв (нийт 50 сая ам.долларын өртөгтэй)-ийн барилгыг энэ оны гуравдугаар сард эхлүүлнэ. Улсын II эмнэлгийн хашаанд барихаар болсон.

Энэ төв баригдсанаар гадаад явж эмчлүүлэгсдийн тоо цөөрөх юм. Учир нь БНСУ, Сингапур зэрэг Азийн орнуудын эмнэлгийн дайтай оношилгоо, эмчилгээг энд хийнэ. Монголын талаас гаргах санхүүжилтийг энэ оны төсөвт суулгасан.

Мөн Бельгийн Засгийн газрын төсөл үргэлжилнэ. Төслийн хүрээнд Ховдод БОЭТ барих юм. Мөн Азийн хөгжлийн банкны (39.4 сая ам.доллар) санхүүжилтээр Сонгинохайрхан дүүрэгт жишиг эмнэлэг, ЦССҮТ-ийн шинэ байр, эмнэлгийн хог хаягдлыг стандартын дагуу ангилах, цэвэрлэх, дахин боловсруулах томоохон төсөл хөтөлбөр хэрэгжинэ.

-Ер нь салбарын хэмжээнд нийт хэчнээн тэрбум төгрөг төсөвлөдөг юм бэ?
-ЭМСЯ-ны нийт хөрөнгө оруулалт 694 тэрбум төгрөг. 79 тэрбумыг нь барилга, тоног төхөөрөмж худалдан авах, засвар үйлчилгээнд зарцуулах бол 86 тэрбумыг эм, эмнэлгийн хэрэгсэлд төсөвлөсөн.

Гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд (2011-2018 онд) манайх нийт 19 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргах ёстой. Энэ жил 5.5 тэрбум төгрөг батлагдсан. Салбарын хэмжээнд дотоод үйл ажиллагааны бусад зардлаа танаад ямар ч байсан эм, эмнэлгийн хэрэгсэлд нэлээд мөнгө зарцуулна.

Ажилтнуудын нийгмийн асуудал, шагнал урамшуулал, гадаад, дотоод томилолт, эмч, мэргэжилтнүүдийг сургах зардал хасагдсан.

Энэ жилээс сумын эмнэлгүүдэд тодорхой аргачлалын дагуу санхүүжилт олгох болсон. Өмнө нь сум бүрт хөрөнгө тэгш хүртээдэг байсан. 1500 хүнтэй суманд тухайн жилийн төсөв нь илүү гардаг байсан бол 3000, 4500 хүнтэйд нь хүрэлцдэггүй.

Аймгийн төв, эсвэл хоттой ойрхон сумын эмнэлгүүд ачаалал багатай. Тиймээс төсвийг харьцангуй хуваарилдаг байсныг болиулсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27738
0 эможи
keyboard_arrow_up