COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Батсүмбэрт гарсан түймрийг цурманд оруулсан

2017 оны 7 сарын 16

Улсын онцгой комисс орон нутагт гарсан түймрийн асуудлаар Шадар сайдын өрөөнд хуралдаж байна.

Шадар сайд У.Хүрэлсүх:

"Өнөөдрийн байдлаар 22 газар түймэртэй байна. Нэг түймрийг цурманд оруулсан. 2017 он гарснаас хойш 145 удаагийн ой хээрийн түймэр гарлаа. 

Долдугаар сарын 1-ний дотор Онцгой байдлын алба болон иргэдийн оролцоотойгоор асч байсан 15 түймрийг дарж унтраасан.  Халалт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас түймэр дэгдэж байна. Онцгой байдлын алба хаагчид бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна. Нийт 700 гаруй ажилтан, албан хаагч, 50 гаруй автомашин, техник тоног төхөөрөмжтэй ойн түймэр дээр ажиллаж байна" гэв.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал  Г.Ариунбуян:

"66500 га талбай шатсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 40 хувиар өссөн. Түймрийг унтраах ажиллагаанд давхцсан тоогоор Онцгой байдлын 2500 гаруй албан хаагч, Зэвсэгт хүчнээс 380, хил хамгаалах байгууллагаас 200 гаруй, цагдаагийн байгууллагаас 30 гаруй албан хаагч, орон нутгийн 3700 гаруй иргэн, нийт 7000 гаруй иргэн 690 автомашин техниктэйгээр ажилласан түймрийг унтраахар ажиллаж байна.

70-80 хувь хүний буруутай үйл ажиллагаанаас түймэр гарсан. Хөрсөн доогуур 30-40 см шатах, мод хоорондоо хавиралдаж шатах зэрэг шалтгаанаар түймрийн нөхцөл байдал хүндэрсэн.

Сэлэнгэ аймагт одоогоор есөн түймэр асч байна. Ерөө суманд гурван түймэр, Мандал суманд дөрөв, Хүдэр суманд хоёр түймэр, Төв аймгийн Батсүмбэрт тав, Эрдэнэ суманд нэг түймэр гарч байна. Долоодугаар сарын 11-ний өдөр гарсан Төв аймгийн Батсүмбэрт гарсан түймрийг цурманд оруулаад бүрэн унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ суманд хоёр түймэр асч байна. 

"Автомашин хүрэх боломжгүй Төв аймгийн Эрдэнэ сум, Асралт хайрхан, Арцат уул хиймэл дагуулаар дөрвөөс таван цэгт түймэр илэрсэн. Одоогоор очих нөхцөл бололцоогүй байна" гэв.

С.ЭНХТҮВШИН: ҮҮЛЭНД НӨЛӨӨЛӨХ ПУУЖИН БЭЛЭН БАЙГАА

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, "Сарын сүүлчээр бага зэргийн бороо орох төлөв байна.

Өнөөдөр Завхан, Булган, Хөвсгөл аймгийн зарим нутгаар бага зэрэг бороо орж байна. Энэ бороо газар нутгийн хувьд түймэрт шууд нөлөөлөхгүй. Өнөөдрийн байдлаар түймрийн голомттой газруудад үүлэнд зориудаар нөлөөлөх таван экспедиц ажиллаж байна. Экспедиц нэмж гарахад ч бэлэн. Харвах пуужин нь бэлэн байгаа. Маргааш, нөгөөдөр бага зэрэг бороо орохоор байна. Мөн борооны үүл гарах төлөвтэй.

Улаанбаатарт өчигдөр үүлтэй байсан. Хүмүүс “үүл буудаач” гэж байна. Энэ бол борооны үүл биш, чийггүй үүл учир харвах шаардлагагүй" гэж мэдээллээ.

ОХУ-ААС АГААРААС УС АСГАДАГ НИСДЭГ ТЭРЭГ ХҮССЭН

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал  Г.Ариунбуянмэдээлэл хийх үедээ ОХУ-аас түймэр унтраах тусгай зориулалтын нисдэг тэрэг хүссэн талаар хэллээ. 

Тэрбээр, "ОХУ-ын Онцгой байдлын яамтай холбогдож ажиллаж байна. Агаараас ус асгах тусгай зориулалтын нисэх онгоцоор дэмжлэг үзүүлэх талаар хүсэхэд яамнаас дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, Сибирийн мужийн онцгой байдлын газартаа чиглэл өгсөн. Өнөөдөр энэ асуудалд тодорхой хариу ирнэ" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44997
0 эможи
keyboard_arrow_up