Талийгаач Г.Батхүүг гэмтлийн шалтгаанаас амиа алдсан болохыг тогтоожээ
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү тавдугаар сарын 17-ны өдөр 19:00 цагийн орчимд Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан. Талийгаачийг Төрийн ордны хоёр давхрын гонхноос доош унаж амиа алдсан байдалтай хэвтэж байхад нь Төрийн ордны үйлчилгээний ажилтан анх харсан байдаг. Талийгаач тэр өдөр “Торгоны зам" олон улсын авто раллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15:00-18:00 цагийн хооронд оролцсон байдаг.
Дээрх хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар “Г.Батхүү бусдын гарт амь насаа алдсан байж болзошгүй” хэмээн таамаглал дэвшүүлэн мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байв.
Тэгвэл өнөөдөр талийгаачийн цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлтээр түүнийг өвчний улмаас бус гэмтлийн шалтгаанаас амиа алдсан болохыг тогтоосон байна. Улмаар талийгаач Г.Батхүүгийн баруун нүд хөхөрсөн байжээ. Мөн энэ асуудлаар УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин "Талийгаач Г.Батхүүгийн үхэл нь золгүй явдал байгаагүй бусдын нөлөөгөөр амиа алдсан байх магадлалтай" гэж мэдээлэл хийжээ.