Ч.Лодойсамбуу: Би хүнийг доромжилдоггүй. Асуулт, үйл хөдлөл минь хүмүүст дасал болоогүй учраас таалагдахгүй байгаа юм
“Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуутай ярилцлаа.
-Сэтгүүлч сайн материал бэлтгэхийг сониныхон бид хадаас гэдэг. “Улаан бал”-ын хадаас ярилцлагуудын уур амьсгал ямар байна?
-Сонинд бол хадаас материал гэдэг ихэвчлэн тухайн өдрийн гол материал байдаг. Олны анхаарал татсан, мэдээлэл нь төгс, зорилгоо сайн биелүүлсэн материал. Тэр утгаараа бол миний сүүлийн ярилцлага хадаас материал байгаагүй. Олон хүн анхаарч үзсэн энгийн ярилцлага байсан.
Гэхдээ өмнөх ярилцлагуудад хадаас ярилцлага байсан. Т.Дэлгэрмөрөн ахтай хийсэн ярилцлагын уур амьсгал хүчтэй өрнөсөнгүй. Тэгсхийгээд өнгөрлөө.
-Хэдий тийм ч хүмүүсийн хүлээдэг контент болчихлоо. Сэтгүүлчийн зорилго бол тэр. Ямар сэтгэгдэл төрж байх юм?
-Ярилцлагад орж байгаа зочид маань зөв хандлагатай хүмүүс байдаг. Би тэднийг унагаахын төлөө асуудаггүй. Ерөөсөө хариултаа авъя. Хариулт өгөхгүй бол нэхье. Хариулт авдаг ярилцлагыг хийдэг болохыг хүсдэг.
Асуучихаад нөгөөх нь ямар ч хамаагүй хариулт өгөөд дараагийн асуулт руугаа ордог биш, хариултаа авдаг. Тэр хариулт нь зүгээр нэг хариулт биш. Нийгэмд өгөх гээд байгаа мэдээлэл, мессеж нь тодорхой байх ёстой. Сэтгүүл зүйн үүрэг тодорхой шүү дээ. Сайн сайхан нийгэм рүү хамтдаа явъя, гар чийдэн болъё. Зүгээр нэг дамжуулаад суудаг крант биш. Түүнийг сошиал медиа гэдэг.
Тийм учраас сэтгүүл зүй бас шүүлтүүртэй. Ядаж л хоточ нохой гэдэг гуншинтай. Тийм байя гэдэг утгаар асууж байгаа юм. Хариултаа авчихсан бол тэр хүнийг янз бүр болгох шаардлага надад байхгүй. Тэр чинь утгагүй зүйл. Тиймээс хариултаа авахын төлөөх арга.
Э.Бат-Үүл баатар хэлсэн байна лээ. Деконструкци гэж. Үнэхээр тийм. Хүнээс хариулт авах арга тэр. Би мэдээж баярладаг. Хүмүүс тоож үзэж байгаад, дээр нь хариултаа авч чадсандаа. Сэтгүүл зүйн зарчим гэдэг бид чинь ямар нэгэн зүйлийг олон нийтэд ойлгуулахын тулд хэлбэрийг ашиглаж байна. Ихэнх хүмүүс хэлбэрт анхаарлаа хандуулаад байгаа юм. Гэтэл агуулгыг харуулахын тулд хэлбэр ашиглаад байгаа.
Агуулгыг харчих, зорилго биелж байгаа. С.Жавхлан гишүүн миний нэвтрүүлэгт орсны дараа “Ах нь хууль санаачилж, өргөн барилаа. Том дохио болсон шүү, баярлалаа" гэж мессеж хэлсэн. Би ч баярласан. Энэ бол нэвтрүүлэг үр дүндээ хүрчихэж байгаа юм.
-Зорилгодоо хүрэхийн тулд ашиглаж байгаа хэлбэр өөрөө зөв байх ёстой. “Улаан бал”-ын үзэгчид ч энэ тухай хөнддөг. Сэтгүүл зүйн мэргэжлийн багш нар ч хэлж байгаа. Сэтгүүлч бид ярилцагчаа хүндлэх ёстой гэж. Энэ зарчим алдагдаад байна уу?
-МУИС-ийн багш Б.Наранбаатарын ярилцлагыг уншсан. Өөртэй нь сүүлд Ц.Балдорж сангийн шагнал гардуулах ёслол дээр таарахдаа хэлсэн. “Тэр бол хэлбэр” гэж. Манай багш нар томоотой байхыг хүсээд байна. Томоотой байхаар хариулт авч чадахгүй. Томоотой байдалд нь томоотой сууж байгаад томоотой хариулт хэлээд гараад явчихдаг байдал одоо хүртэл байна. Бид чинь уг нь шударга үнэнийг хүргэнэ гэдэг том зарчимтай.
Үнэнийг хүргэхийн тулд томоотой байж болохгүй. Би бол хүнийг доромжилдоггүй. Миний асуулт, үйл хөдлөл, үйлдэл хүмүүст дасал болоогүй болохоор таалагдахгүй байгаа юм. Үнэндээ Оросын 20, 30 жилийн өмнөх ток шоунууд, ВВС-ийн “Hard talk" гэх зэрэг сэтгүүл зүй өндөр хөгжиж байгаа, нийгмийн оюун ухааныг залж чиглүүлдэг улс оронд энэ бол юу ч биш. Тиймээс хүмүүсийг эсэргүүцэж байна гэхээс илүүтэй танилцаж байна гэж ойлгож байна.
Үүнээс цааш хүмүүс худлаа ярих гээд, тойрох гээд байдгийг хүмүүс андахгүй, хэрсүү болчихно. Мэддэг болно. Тэгэхээр би багш нартаа хэлэхэд сэтгүүлчийн зорилго томоотой байх нь чухал юм уу, юмыг ойлгуулж мэдүүлж харуулах нь чухал юм уу. Ёс зүйтэй байх ёстой гээд байдаг. Ер нь ёс зүй гэж юу юм бэ. Хэлбэр юм уу, эсвэл их тайван дөлгөөн байдлыг хэлдэг үү.
Ёс зүй гэдэг хэлбэр юм уу, үйлдэл юм уу. Би ч ёс зүйтэй байдал, зарчмын төлөө дуугарч байгаа бол миний дуугарч байгаа байдал чанга, сул нь огт хамаагүй. Ёс зүйтэй дүр үзүүлээд цаагуураа хамгийн байж болохгүй уваагүй үйлдлүүдийг хийдгийг өөгшүүлээд байж болохгүй.
Хамгийн гол нь бид зорилгоо бодох хэрэгтэй. Зорилгодоо хүрч байвал ямар шатаар буух нь хамаагүй. Доор л буух ёстой. Тойроод бууна уу, удаан алхаад бууна уу, харайж үсэрнэ үү, эсвэл цэмцгэр бууна уу хамаагүй. Доор л буух ёстой. Ингээд буучихсан. Тэгээд л болоо.
-Нэвтрүүлгийн ард баг ажиллаж байна уу. Хэн нэгнээс зөвлөгөө, тусламж авдаг уу. Ярилцлагадаа яаж бэлддэг вэ?
-Цаг үеэ харж байгаад оролцогчоо сонгоно. Та бид адилхан шүү дээ. Хүн маань зөвшөөрвөл асуултаа бэлдэж эхэлнэ. Би сэтгүүл зүйн салбарт 12 дахь жилдээ ажиллаж байна. Тэгэхээр одоогийн улс төрд идэвхтэй байгаа хүмүүсийн тухай мэдлэг, мэдээлэл бага сага байгаа.
Тэр талаарх мэдээллийг сөхөж үзээд мэдлэгээ улам зузаалаад явчихад болно. Нэлээд судална. Ганцаараа сууна. Заавар зөвлөгөө хүнээс асуудаг л юм. Өгдөггүй. Харин ярилцлагыг маань ярилцлага болгож, тойм хийж найруулдаг С.Билгүүн гээд залуу бий. Найруулагч. Билгүүн бид хоёр хамтраад нэвтрүүлгээ бэлтгэдэг дээ.
-Төрийн далбаа урсан асуудлаар цагдаад дуудагдсан гэсэн. Яаж шийдэгдэв?
-Би төрийн далбаа урдаг нь хоёр зүйлд тест хийсэн юм. Нэг нь, манайхны бахархал, омогшил нь хаана явна вэ. Бахархал, омогшлоо таньж байна уу. Нөгөө талаар манай хууль сахиулах байгууллага маань хуулиа мэдэж байна уу гэдгийг харсан. Энд хэлэхэд, миний урсан зүйл бол төрийн далбаа биш байсан. Төрийн далбаа өнгө, хэмжээ зэргээрээ стандарттай. Түүнийг больё гэхэд ядаж л соёмбынх нь арга билэг нь зөв байдаг.
Тэгвэл миний урж байгаа далбааны арга билэг нь буруу тийшээ эргэж байгаа. Өөрөөр хэлбэл, буруу соёмботой, хуулбарлаж хийсэн далбааг устгалд оруулсан. Гэхдээ яг далбаа урж байгаа юм шиг урсан. Ингэснээр хүмүүс ямар реакцитай хүлээж авах нь вэ гэдгийг шалгаж үзсэн.
Цагдаа дуудсан. Би очоод “Хийсэн хэрэгтээ би уучлалт гуйхгүй. Би далбаа ураагүй. Хуулиа манайхан яаж хэрэглэдэгт туршилт хийсэн” гэсэн. Тэр хэсгийг маань хасаад гаргасан байна лээ. Бас дээр нь байгууллагыг маань торгосон. Гэтэл телевизийн эфирээр тэр хэсэг гараагүй. Зөвхөн сошиалаар явсан.
Сошиал медиа гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэх хуулийн заалт байхгүй. Хэрэв шүүхдээд явбал ялна. Би хууль зөрчөөгүй, харин хуулийн байгууллага өөрөө хууль зөрччихлөө. Гэхдээ би гомдол мэдүүлэхгүй.
-Далбаа урсан асуудал нийгмийн сүлжээнд багагүй маргаан өрнүүлсэн?
-Одоо Лодойгийн оролцоогүйгээр хүмүүс далбаа, бахархлын тухай яриад эхэлж байна. Тэр л үр дүн. Далбаа бидэнд үзүүлээд, бидний нүдэн дээр далбаанд мөргөж залбирч сөгдөөд, нэг их Монголоо ярьж, цаагуураа дандаа авлига хээл хахууль, хүнд суртал, түүнийг дэмжиж гүйж ар өврөөр нь наймаалцдаг хүмүүсийг эсэргүүцэж хийсэн. Үүнийг хүмүүс хангалттай ойлгосон байх.
-Монголын нийгэмд алдсан нэгнийгээ, эсвэл шал өөр өнцгөөр алхаж байгаа хүнийг нийтээрээ боорлож, буруушаахыг эрмэлздэг болж. “Улаан бал”-ын дугаарууд дээр ч ингэж ажиглагддаг. Үүнийг хэрхэн хүлээж авч байна?
-Т.Дэлгэрмөрөн ахын хэлснээр үйлийн үр гэдэг миний хийсэн сайн ч бай, муу ч бай хийсэн үйлдлийн хариу үйлдэл. Чи ямар нэгэн юм хийж байгаа бол хариу үйлдэлд нь үргэлж бэлэн бай гэж хэлмээр байна. Хүнтэй найзалсан ч, муудалцсан ч, хоёр хүнтэй юм ярьсан ч, гадаа гараад сагс тоглосон ч гэсэн. Юу ч хийсэн бай эргээд ирэх хариуг хүлээх чадвартай бай гэж байгаа юм.
Лодойсамбуу нэг өндөр босго тавьчихаад хүмүүст ийм хүмүүс таалагддаг юм гээд тэрнээсээ сүрдээд суугаад байвал энэ мэргэжлээр ажиллах боломжгүй. Хүмүүс юу гэж бодно огт хамаагүй. Би ингэж бодож байна. Энэ маань зөв байх. Хамгийн гол нь сэтгүүл зүйн зарчмаа алдахгүй. Ер нь бид сэтгүүлчээр ажиллаж байгаа юм бол бодсоноо айдасгүй хийх ёстой. Ирэх юмыг даана. Дааж ч байгаа.
Далбааны ид үеэр унтаад сэрэхэд фэйсбүүкээр 100 гаруй мессеж ирчихсэн байдаг байсан. Ихэнх нь мессеж нь “Гэрч чинь хаана вэ. Өөрийг чинь урна” гээд байдаг, хуульгүй орон юм шиг. Би тэртэй тэргүй ийм дайралт ирэхийг мэдэж байсан. Энэ бол миний хийсэн үйлийн үр. Түүнд би эмзэглээгүй. Г эхдээ хорвоо өөрөө шинэ юм болгоны үргэлжлэл. Шинэ юм бий болох бүрт шоконд орж байдаг.
Жилийн дараа гэхэд “Улаан бал”-ын ярилцлагыг хүн тоохгүй. Лодойг ч тоохгүй. Шинэ юм биш болчихно. Тиймээс тогтмол шинэ юм хийж, шинэ юм бүртээ сэтгэл хөдөлж байдаг. Түүнийгээ илэрхийлж байгаа, илэрхийлэхгүй байгаа, ойлгож байгаа, ойлгохгүй байгаа ийм л үзүүлэлт байгаа юм.
Миний өмнөөс олон хүн санаа зовж ярьдаг. Битгий санаа зов оо гэдэг. Би чадахгүй бол хэн ч, юу ч ойлгохгүй. Тэгээд сэтгүүлчээр ажиллаж яах юм, ямар ч хэрэггүй.
-Хотын дарга асан Э.Бат-Үүлтэй хийсэн ярилцлагын үеэр “Ардчилсан хувьсгалыг МАН хийсэн” гэж ярьсан. Үнэхээр тэгж үздэг үү?
-Яг судлаад үзэхээр цагаан дээр хараар анхны ардчилсан Үндсэн хуулийг тухайн үеийн Ардын их хурал хийсэн байдаг. Баталсан шинэ Үндсэн хуулийнх нь дагуу бүрдсэн парламентын 80 гаруй хувь нь дахиад хувьсгалт намынхан байдаг.
Эхлэл нь угаасаа Холбооны 10 гаруй улс задраад энд тэндгүй тэмцэл болж эхэлсэн. Төр бүхнийг удирддаг коммунист системийг дэлхий нийтээр болохгүй юм байна гэдгийг мэдэж нурж унаж байсан цаг үед Монгол багтсан. Тэр үед дохио шүгэл үлээсэн хүмүүсийг буруутгахгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт ирэх байсан хувьсгал. Суурийг нь Ардын их хурлын депутатууд тавьсан нь үнэн ш дээ. Маргах зүйл байхгүй.
Би тэгж хэлсэн. Гэхдээ ингэж хэлэхийг хүсээгүй. Хүмүүст юу ойлгуулахыг хүссэн бэ гэвэл хүмүүс энэ ярилцлагыг үзээд ардчиллаа хайрлаасай гэж хүссэн: Тэгээд хайрласан. Сэтгүүл зүйн зорилго энэ. Хүмүүст юм бодлогдуулахын төлөө хийж байгаа учраас Лодой маш тэнэг дүрд хувирч болно.
Худлаа байж болно, ямар ч байж болно. Хүмүүс намайг үзэн ядаад чулуугаар шидсэн ч хамаагүй. Гэхдээ тэнд ардчиллаа хайрлах, үүсэж байгаа реакци нь чухал.
-“Улаан бал ”-ын дараагийн ярилцагч хэн байх бол?
-Утаатай холбоотой хэлэлцүүлэг бэлтгэсэн. Өнөөдөр (өчигдөр) гарна. Түүхий нүүрс түлэхгүй байх шийдвэр хэн, ямар сүх нь байна хамаагүй. Сүүлийн 20 гаруй жил гарч байгаа ганц гайгүй шийдвэр байсан. Долоон хүн нас барсан. Үнэхээр хүний амь үнэлшгүй.
Гэхдээ Улаанбаатарын 200 мянган айл түлж болоод байна. Хариуцлагын асуудал дээр сэтгүүлчид бас бодох ёстой. Зүгээр л даргыг зодоод байх юм уу. Ер нь хоточ нохой гэж хэн юм бэ. Зүгээр урдаг нохойг хэлдэг юм уу, хотондоо юу оруулахыг шийддэг нохойг хэлдэг юм уу.
Утаагүй нийгэм байгуулах чинь сэтгүүлчдийн зорилго биз дээ. Гэтэл хүмүүс нүүрс түлэхээс айчихсан байна. Тэгвэл тэр айдсыг яаж арилгах вэ. Яаж аятайхан зөв түлж болдог юм гэдгийг ойлгуулах вэ.
Үүнийг хөндөж нийслэлийн хамгийн их агаарын бохирдолтой Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд О.Төрхүү гэдэг айлд сайжруулсан түлшийг үйлдвэрлэхээс авахуулаад тараах хүртэл бүх ажлыг хийж байгаа хүмүүсийн төлөөлөл, бас дээр нь үл итгэгчид, улстөрчид, ИТХ-ын төлөөлөгчдийг цуглуулж байгаад нүдэн дээр сайжруулсан түлшийг нь түлж байгаад ярилцсан.
Ерөөсөө энд тэнд айдас үүсгээд явах нь сэтгүүлчид бидний зорилго биш, харин утааг дийлэх л чухал. Дараа нь хариуцлага тооцох буруутан хэзээд байдаг. Гэтэл түүхий нүүрс түлээд эхэлчихлээ. Ингэж ухарч болохгүй. Энэ их утааг сэтгүүлчид авчирсан. Өнөөдөр дахиад түүхий нүүрс түлэх нөхцөл байдалд хүрэх юм бол тэр утаа сэтгүүлчийн утаа гэж би хэлнэ. Түүхий нүүрсийг түлж болохгүй гээд эрдэмтэд нь хэлээд байхад итгэхгүй, мэдрэмждээ итгээд байна. Ядаж сэтгүүлчид нь ийм байж болохгүй. Миний хүүхэд амьдрах нийгэм шүү дээ.
Харин ярилцлагын хувьд Монгол Улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд байсан хүмүүстэй бүгдтэй нь ярилцахыг хүсэж байгаа. Өнөөдөр тэдний үлдээсэн нийгэм дээр бид амьдарч байна. Ажил хийдэг л хүн алддаг. Бид юун дээр алдсан бэ гэдгийг ний нуугүй ярих ёстой. Засахын тулд тэдний ний нуугүй яриа хэрэгтэй. Тиймээс тэд нартай ярилцахын мөрөөдөл байдаг.
Ялангуяа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч найман жил төрийг тэргүүлсэн. Улс төрийн нөхцөл байдлыг бүгдийг мэдэж байгаа хүн. Тэр хүнтэй ний нуугүй ярилцъя гэж гуйж байгаа. Одоо хүмүүс ний нуугүй маш тодорхой ярьдаг болмоор байна. Зөвийг нь дэмжиж, бурууг нь засаад явах ёстой.
Үзэгч уншигчдад хандаж хэлэхэд одоо сэтгүүл зүйд итгэлтэй байх тал руугаа аминдаа явж байна. Олон нийт сэтгүүл зүй, сэтгүүлчид хуучин үеийнх шиг итгэдэг болгохыг хүсэж байна. Итгэл даадаг, зорилго чиглэлтэй, зоригтой үнэнч шударга тэр сэтгүүл зүй рүү явахын төлөө хичээж байна. Сайхан ч нүдүүлж байна, гэхдээ зүгээр.
Эх сурвалж: Өдрийн сонин
|