Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.БЯМБАДОРЖ : УНТЭ-ИЙН УРОЛОГИ-АНДРОЛГИЙН ТӨВД ЛАЗЕРААС БУСАД ЭМЧИЛГЭЭГ БҮРЭН ХИЙЖ БАЙНА

2017 оны 9 сарын 08

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Бямбадоржтой ярилцлаа.

 

Танай байгууллагын хувьд энэ жил хоёр дахь Олон улсын хурлыг зохион байгуулж байна. Энэ удаагийн хурал бөөрний мэс заслын чиглэлээр зохион байгуулагдаж байгаа гэсэн. Бөөрний мэс заслын тасгийг яагаад Урологи-Андрологийн төв болгох болсон талаар ярилцлагаа эхлүүлье.

Юуны түрүүнд хөгжлийн түүхийн багагүй хугацааг хамтдаа туулж, түүчээлэн яваа бөөрний мэс засал хэмээх том салбарын бүхий л эмч, мэргэжилтнүүддээ түүхт ойн баярын мэндийг хүргэе.

Монгол Улсад Шинжлэх ухааны  эмнэлэг 1925 онд үүсч, Нэгдсэн эмнэлгийн зохион байгуулалтанд анх 1929 онд орсон түүхтэй. Тэр цагаас хойш хүн ардын дундах өвчлөлийн бүтэц, түүнд үзүүлэх эмнэлгийн тусламжийн шаардлага хэрэгцээг үндэслээд төрөлжсөн мэргэжлийн чиглэлүүдийг  хөгжүүлж эхэлсэн. Түүний нэг нь бөөрний мэс заслын чиглэл юм. Одоогоос 60 жилийн өмнө Бөөрний мэс заслын тасаг байгуулагдаж, улс орны хэмжээнд үзүүлэх  тусламж, үйлчилгээ нь  Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт  төвлөрөн өнөөдрийг хүрлээ.  

Урологи-Андрологийн төвийг байгуулснаар үндэсний хэмжээнд  аймаг болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд эмч мэргэжилтнүүдийг сургах, сургалт арга зүйгээр хангах, цаашдын шинэ технологи инновацийн бодлогыг тодорхойлох үүргийг хүлээдэг.

Дэлхий нийтэд бөөрний мэс засал, эрэгтэйчүүдийн эмгэг (Андрологи) судлал хоёр хамтдаа хөгжсөөр ирсэн. Тиймээс бид Урологи-Андрологийн төвийг хоёр жилийн өмнө  байгуулж,  тусгайлан хөгжүүлж, эмч мэргэжилтнүүдээ бэлдэж, тусламж үйлчилгээний шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллаж байна.

Урологи-Андрологийн төвийг байгуулснаар үндэсний хэмжээнд  аймаг болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд эмч мэргэжилтнүүдийг сургах, сургалт арга зүйгээр хангах, цаашдын шинэ технологи инновацийн бодлогыг тодорхойлох үүргийг хүлээдэг.

 

Манай улсад УНТЭ нь бөөрний мэс заслаас гадна бөөр шилжүүлэн суулгалт болон бусад эмчилгээг хийдэг ганц байгууллага. Өнөөдрийн байдлаар танай байгууллага бөөрний чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

Юуны өмнө бид олон улсад хийгдэж буй эмчилгээ, тусламж, үйлчилгээг ард иргэд маань өөрийн орондоо авах бүрэн боломжтой болгохыг зорьдог. Тиймээс анагаах ухааны дээд оргил нь гэгддэг Эрхтэн шилжүүлэн суулгалтыг бид өөрийн орондоо нутагшуулах тал дээр нэлээдгүй ажлууд хийгдсэний нэг нь бөөр шилжүүлэн суулгалт. Одоо манай улсыг харьцангуй олон улсад бөөр шилжүүлэн суулгалтыг амжилттай нутагшуулж байгаа гэдгээр нь мэддэг боллоо. Харин бөөрний мэс заслын чиглэлээр өнгөрсөн онд зайнаас чулуу бутлах эмчилгээний технологийг нэвтрүүлсэн. Ер нь лазер эмчилгээнээс бусад нь  УНТЭ-ийн Урологи-Андролгийн төвд бүрэн нутагшсан гэж хэлж болно. Бидний ажлын үр дүн, судалгаа, шинжилгээнүүдийг бусад орны эмч нартай харьцуулан  үзэхэд ижил үр дүнтэй харагдаж байгаа юм.

2017 оныг ЭМЯ-аас “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан эмчилгээ, оношилгооны шинэ инновацийг нэвтрүүлэх, орчин үеийн эмчилгээнүүдийг хийхээс гадна иргэдэд мэдээ, мэдээллийг олон сувгаар хүргэх тал дээр анхааран ажиллаж байна. Ялангуяа бөөр шээсний замын үрэвсэлт өвчнүүд, бөөрний чулуунаас сэргийлэх талын мэдээллийг иргэдэд өгөх тал дээр анхаарч байна. Цаашид энэ тал дээр бидэнд зорьсон, хийхээр төлөвлөсөн ажил олон байгаа.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгээс Урологи-Андрологийн төвд чиглэсэн ямар ажлууд хийгдэж байна бэ?

УНТЭ нь аль нэгэн төрөлжсөн хэлбэрийн салбарыг давамгайлан удирдана гэсэн байр суурийг баримталдаггүй. Учир нь манай эмнэлэгт бусад эмнэлгүүдэд байхгүй  арваад төрлийн нарийн мэргэжлийн салбарууд бий. Салбар болгон цаанаа их хариуцлагатай байдаг учраас бүхэл салбарууд дээр ижил байр суурьнаас хандаж ажилладаг.

Бөөрний мэс заслын чиглэлээр 2005 оноос үзлэг, кабинетын тоог нэмэх, эмч нарын орон тоог нэмэгдүүлэх, иргэдийн тав тух, аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажилласан.

Бөөрний мэс заслын чиглэлээр 2005 оноос үзлэг, кабинетын тоог нэмэх, эмч нарын орон тоог нэмэгдүүлэх, иргэдийн тав тух, аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажилласан. Бөөрний мэс заслын кабинетаар үйлчлүүлж байгаа иргэдэд гадны орнуудын адил төвлөрсөн үйлчилгээнд хамрагдах бололцоогоор хангах, тасгийг шинэчлэн тохижуулах зэрэг олон ажлуудыг эхнээс нь хийгээд явж байна.

Сүүлийн жилүүдэд бөөрний мэс заслын профессорын багтай хамтран орон нутгийн эмч нарыг шинээр сургах, үзүүлэх мэс засал хийж дадлагажуулах, ​бөөрний мэс заслын шинэ технологи нутагшуулах тал дээр санаачлан ажиллаж байна. Жилдээ 1-2 удаа БНХАУ, БНСУ, АНУ зэрэг орны мэргэжил нэгт эмч нарын багийг урьж, хамтарсан мэс засал хийх, тэднээс туршлага судлах, өндөр нарийн мэргэжлийн профессоруудын тусламж үйлчилгээг Монголын ард иргэдэд хүргэх тал дээр нэлээдгүй анхаарч ажиллаж байна.

Манай улс дурангийн мэс засал хийх тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байдаг вэ?

Тоног төхөөрөмжийн хувьд 2 жилийн өмнө сайн хангагдсан.  Засгийн газрын хөрөнгө оруулалтаар таван аймагт бөөрний мэс заслын дурангийн шинжилгээний тоног төхөөрөмж суурилуулсан.  Харамсалтай нь орон нутгийн эмнэлгүүд ашиглалтын хувьд төдийлөн сайн биш байгаа. Тиймээс манай эмнэлгээр үйлчлүүлэх орон нутгийн үйлчлүүлэгчдийн төвлөрөл буурахгүй байгаа учраас тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол төдий чинээ их байна. Тиймээс дараагийн сэлбэлтүүдийг хийхэд хөрөнгө оруулалтын тал дээр анхаарах хэрэгтэй байна. 2017 оны сүүлээр элэгдэлд орсон төхөөрөмжөө сэргээх, шинэчлэх, тооцох зэрэгт анхаарлаа хандуулж байгаа.

Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойн Олон улсын хурлаас гарах үр дүнг хэрхэн харж байна вэ?

Энэ удаагийн олон улсын хурал  андрологи буюу эрэгтэйчүүдийн эмгэг судлал, дурангийн мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгалт, чулуу эмчилгээний менежмент зэрэг бүх талаас нь хамарсан ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.

Бид өнгөрсөн онд БНТУ-ын эмч нартай хамтран эрэгтэйчүүдийн эмгэг судлалын чиглэлээр үндэсний хэмжээний семинарыг зохион байгуулсан.  Энэ удаагийн олон улсын хуралд зөвхөн бөөрний мэс заслын дуран биш, андрологи буюу эрэгтэйчүүдийн эмгэг судлал, дурангийн мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгалт, чулуу эмчилгээний менежмент зэрэг бүх талыг хамарсан ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна. Ингэснээр гадаадын профессорууд өөрсдийн ажлын талаар мэдээлэл өгөх, манай эмч, мэргэжилтнүүд хийсэн ажлаа тоймолж хуралд оролцогчдод танилцуулах, цаашид юун дээр анхаарах, бидний тусламж үйлчилгээ явуулж буй тоног төхөөрөмж аль түвшинд байгаа вэ гэх мэт бүхий л түвшинд судалгаа хийх боломжтой болж байна. Мөн гадны зөвлөх профессоруудтай хэлэлцүүлэг хийж, зөвлөгөө авах таатай боломж нээгдэж байна. Тиймээс тус хурлаас  нэлээд сайн үр дүн гарна гэж найдаж байгаа.

Танай эмнэлэг харьцангуй гадаад харилцаа, түншийн холбоо сайтай байгууллага гэдэг. Энэ удаагийн олон улсын хуралд мөн танай залуу эмч нарыг сургаж байсан гадны эмч, мэргэжилтнүүд оролцоно гэж байсан. Энэ талаар?

Мэс заслыг нээлттэйгээр шууд дамжуулж, дэлгэцээр хурлын оролцогчдод харуулах юм. Энэ арга хэмжээ нь энэ удаагийн хурлын гол онцлог юм

Аливаа байгууллага найдвартай харилцагч, итгэлтэй түншийн холбоон дээр үйл ажиллагаа нь өргөжин, хүрээгээ тэлдэг. Бид ч мөн сайн түнштэй холбогдсон учраас өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгах, эмч ажилчидаа гадаадад сургалтанд хамруулах, гадны эрдэмтэн профессоруудыг өөрийн орондоо урьж туршлага солилцох зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн хуралд БНСУ-ын эмч нар хүрэлцэн ирж, мэс засал хийх, БНХАУ-ын эмч нар өөрсдийн лазерын технологийн аппаратаар тус тус мэс засал хийж үзүүлнэ.  Уг мэс заслыг нээлттэйгээр шууд дамжуулж, дэлгэцээр хурлын оролцогчдод харуулах юм. Энэ арга хэмжээ нь энэ удаагийн хурлын гол онцлог юм.

Одоо бид илүү үйлчилгээгээ сайжруулахад юу дээр илүү анхаарах ёстой вэ?

Орчин үед эмчилгээ оношилгоо хийхэд  зөвхөн гараараа биш, өндөр инновацууд нэвтрээд тоног төхөөрөмж шаарддаг болсон. Аппарат, тоног төхөөрөмжийг хангах нэг асуудал, түүнийг  тасралтгүйгээр цааш нь байнга ажиллуулах, эргээд элэгдэл үүсэхэд буцаан сэргээх энэ менежмент манай аль ч салбарт дутагдалтай байна. Тиймээс холбогдох газрууд иймэрхүү нарийн мэргэжлийн зовлонг ойлгох хэрэгтэй байна. Чулуу бутлах аппаратыг бүтэн жилдээ найдвартай ашиглахын тулд тухайн үйлдвэрлэгч компанитай алтан гэрээг 100 орчим сая төгрөгөөр байгуулдаг.  Тухайн компани онлайнаар аппарат тоног төхөөрөмжөө цаанаасаа хянаад, эвдрэхээс өмнө засаж өгдөг. Үүнийг бид нэвтрүүлж, нутагшуулах хэрэгтэй. Мөн  орон нутаг хэрэглэхгүй байгаа тоног төхөөрөмжийг төвийн Нэгдсэн эмнэлгүүдэд түр хэрэглүүлэх гэх мэт зохицуулалт хэрэгтэй байна. Эрүүл мэндийн салбар  өдрөөс өдөрт сайжирч байгаа боловч иргэдийнхээ өнөөгийн хэрэгцээ, шаардлагад бүрэн хүрэхэд илүү дэвшилт, менежмент хэрэгтэй байна.  

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд баярын мэнд хүргэе!

Баярлалаа. Анагаах ухаан өнөөдөр эмчилгээ, сувилгаа, эрдэм судлал, сургалтын цогц үйл ажиллагааг эрхэмлэх болсон. УНТЭ-ийн удирдлагын багаас хийж буй инноваци, технологи болон сайжруулсан зохион байгуулалтын шийдлүүдэд байнга манлайлан ажиллаж байдаг ахмад, залуу үеийн залгамж холбоог үндэс болгосон байнгын шинийг эрэлхийлэгч, бүтээлч сэтгэлгээтэй Урологи-Андрологийн төвийн дарга Д.Баян-Өндөр эмч болон төвийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэндийг хүргэе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
1 эможи
keyboard_arrow_up