“Зууны мэдээ” сонин хүүхэд хамгааллын сэдвээр нийтлэл, ярилцлагуудыг цувралаар тогтмол хүргэж байгаа билээ. Хүүхдийн эрхийг хүндлэх, тэднийг хүчирхийллээс хамгаалахын тулд эцэг, эхийн үүрэг хариуцлага, оролцоо хамгийн чухал байгааг бид онцолж байна. Энэ сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаантай ярилцлаа.
-Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийллийн 70-80 хувь нь гэр бүлийн орчинд байдаг харамсалтай тоо бий. Эцэг, эхийн хараа хяналтгүй, хариуцлагагүй, хэнэггүй байдал хүүхэд хохирох, улмаар өөрөө гэмт хэрэг үйлдэхэд шууд нөлөөлж байна. Таны хэлэх тоо баримт ч үүнийг батлах бололтой?
- Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах үүрэгтэй. Харамсалтай нь гэмт хэргийн хохирогч болж байгаа хүүхдүүдийн 70-80 хувь нь эцэг эхийн хараа хяналт сул гэсэн шалтгаантай байдаг. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байдал 41 хувиар буурсан сайн мэдээ бидэнд байна. Урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хийж чадвал гэмт хэргийн гаралтыг саармагжуулах бүрэн боломжтой нь харагдаж байгаа юм.
Харин нөгөө талд нь томчууд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдсэн мэдээлэл байна.Энэ оны эхний улиралд хүүхэд хохирсон 113 гэмт хэрэг улсын хэмжээнд бүртгэгдсэнээс 64 нь нийслэлд үйлдэгдсэн. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 23 хувиар өссөн гэсэн үг. Хүүхэдтэйгээ хэрцгий харьцах, дарамтлах төрлийн гэмт хэрэг өсөн нэмэгдэх хандлагатай байна.
Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран шат дараалал бүхий аянуудыг зохион байгуулж байна. Энэ сард төлөвлөгөөний дагуу “Хүүхэд хамгаалал” аяныг хийж байна. Энэ аяны нэг ажил болох нөлөөллийн жүжгийнхээ нээлтийг хийсэн.
-Эцэг эхчүүд “Энэ бол миний хүүхэд” гэсэн хандлагатай байдаг. Гэхдээ харж хандах, асран хамгаалах үүргээ төдийлөн ухамсарладаггүй?
-Дээр хэлсэнчлэн эцэг эхчүүд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ л биелүүлэх ёстой. Хүүхэд өдөрт дунджаар 4-6 цагийг сургууль дээрээ, үлдсэн дагийг гэр бүлийн орчинд өнгөрүүлж байна. Тэгэхээр нийт хүмүүжлийнхээ 70-80 хувийг гэр бүлээсээ авч байна гэсэн үг. Хүүхдийн гэмт хэрэгт холбогдох эрсдэл нь суурь хүмүүжлээс шууд шалтгаалдаг.
Та тэдний дэргэд архидан согтуурна гэдэг нь хорт зуршилд уруу татаж, улмаар бусад төрлийн гэмт хэрэг үйлдэх сэдэл, шалтгааныг өгч байгаа гэдгээ байнга санах хэрэгтэй. Эрүүгийн хуульд 260 орчим үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байдаг. Цагдаагийн байгууллага, Хууль сахиулах их сургуультай хамтран сүүлийн таван жилийн гэмт хэргийн судалгааг хийхэд хүүхэд 32 төрлийн гэмт хэрэг үйлдэж байна гэсэн тоо гарсан.
-Хүүхдээ үл хайхарсан, эрхийг нь зөрчсөн эцэг эхчүүдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох заалттай. Энэ хууль хэрэгжих хэмжээнд хүүхдийн эрх гэдгийг нийгэм хүлээн авахгүй байна. Та санал нэг байна уу?
-Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.20-д хэрхэн хариуцлага хүлээлгэхийг заасан байгаа. Эцэг, эхчүүд энэ талаар төдийлөн мэддэггүй. Нэгэнт хууль нь байгаа учир хэрэгжүүлэх л хэрэгтэй.
Жишээ болгоход, бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүйгээр оролцуулдаг, сурах, боловсрох эрхийг нь зөрчдөг, сургуульд нь хүргэж өгөх, авахдаа архидан согтуурсан байдалтай ирлэг гэхчлэн тохиолдлуудад хариуцлага тооцох арга хэмжээ авч байгаа. Гэхдээ бид ярихаас илүү урьдчилан сэргийлэх нь үр дүнтэй байгааг дээр хэлсэн статистик харуулж байна.
Сургуулийн сурагч цагдаагийн ажилтны зөвлөгөө мэдээллийг анхааралтай сонсож, маш сайн хүлээн авч байхад эцэг эхчүүд ямар нэг байдлаар үл ойшоосон байдал гаргадаг нь үнэн. Бид цаашид эцэг эхчүүдэд зориулсан сургалт, мэдээллүүдийг тогтмол хийнэ. Хүүхдийг аливаа гэмт хэргээс хамгаалахын тулд эцэг эхчүүдийн оролцоо, хамтын ажиллагаа хамгаас чухал гэдгийг онцолъё.