А.МАНЛАЙ : Хууль бус ан жилийн дотор 66 хувиар өссөн А.МАНЛАЙ : Хууль бус ан жилийн дотор 66 хувиар өссөн

1
А.МАНЛАЙ : Хууль бус ан жилийн дотор 66 хувиар өссөн
Зочин:
А.МАНЛАЙ
Байгууллага:
ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба
Албан тушаал:
Ахлах мөрдөгч, Цагдаагийн ахмад
Ажиллах арга барил:
Хариуцлага зарчимч цаг баримталдаг


2018 оны 05 сарын 22

Хууль бусаар ан агнах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Ахлах мөрдөгч, Цагдаагийн ахмад А.Манлайтай ярилцлаа.

Гэрэл зургийг:
mpa.mn
Ярилцсан сэтгүүлч:
Өглөөний сонин

НЭГ. Хууль бус ан жилийн дотор 66 хувиар өссөн

-Хууль бусаар ан агнах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өсч байгаа талаар сонсогдох болсон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Манай улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 0.7 хувийг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг эзэлдэг. Гэмт хэрэг үйлдэгдсэн хувь нь бага юм шиг боловч улс эх орон болоод байгаль орчинд учрах хохирлын хэмжээ маш өндөр байдаг. Сүүлийн гурван жилийн байдлаар ан амьтан хууль бусаар агнах төрлийн гэмт хэрэг тодорхой хэмжээгээр өссөн. Энэ төрлийн гэмт хэрэг 2017 онд нийт 50 бүртгэгдсэн нь өмнөх онтой  харьцуулахад 66 хувиар өссөн дүн гарсан. Тиймээс цагдаагийн байгууллагын зүгээс мэргэжлийн хяналт болон бусад чиглэлийн байгууллагуудтай хамтран гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх тал дээр хамтран ажиллаж байна.

-Манай иргэдийн хувьд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд санамсаргүй байдлаар холбогдохоос урьдчилан сэргийлж юуг анхаарах вэ?

-Манай ард иргэдийн дунд аливаа өвчинг эдгээдэг, намдаадаг гэх мухар сүсэг, ам дамжсан цуу ярианаас үүдэн хууль бусаар ан, амьтан агнах гэмт хэрэг зөрчил их үйлдэгдэж байна. Мөн зарим хүмүүс гоёл чимэглэл, чихмэл хийх зорилгоор агнаж байгаа бол зарим нь тэдгээрийн гаралтай яс, бугын эвэр, чих, засаа зэргийг  худалдан борлуулах,  гадаадруу гаргах, өндөр ашиг олох зорилгоор агнах сэтгэлгээтэй холбоотойгоор хууль бусаар ан агнах гэмт хэргүүд гарч байна. Тиймээс иргэд маань үндэслэлгүй цуу ярианд итгэж, хууль бусаар ан агнахгүй байх, мөн эрхзүйн мэдлэг боловсролоо дээшлүүлж, зохих зөвшөөрлийн дагуу ан агнаж байх хэрэгтэй байна.

-Ховор ан амьтдыг агнах зөвшөөрлийг хаанаас олгодог, юуг анхаарах вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор нэн ховор болон ховор амьтны жагсаалтыг гарган баталсан. Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад нийт 26 ан амьтад орсон байдаг. Үүнд  Цөөвөр чоно, Гангар хун, Цоохор  ирвэс, Гургуул, Мазаалай баавгай, Тахь адуу, Хавтгай тэмээ, Цаа буга, Борцгор хотон гэх мэт ан амьтад орсон. Харин Монгол орны ховор амьтдын жагсаалтад нийт 38 төрлийн амьтад орсон бөгөөд  аргал хонь, янгир ямаа, хулан адуу, хүрэн баавгай, тул загас, халиун буга, хүрэн баавгай гэх мэт төрлийн амьтад орсон байдаг.

Амьтны тухай хуульд зааснаар гагцхүү агнуурын амьтныг хуульд заасны дагуу агнаж болох бөгөөд үйлдвэрлэлийн, ахуйн, тусгай гэсэн 3 төрлийн зориулалтаар агнаж барина.  Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихдаа хуульд заасан  зохих төлбөр төлж, сум, орон нутгийн Засаг даргаас зөвшөөрлийн бичгийн дагуу агнуурын нэн ховон, ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болдог.

Түүнчлэн Монгол Улсад түр буюу байнга оршин суугаа гадаадын иргэн Монгол Улсын иргэний адил хэмжээний төлбөр төлж, ахуйн зориулалтаар зөвхөн загас барьж болох хуулийн зохицуулалттай.

-Залуучууд зугаа цэнгэлээ гаргах гэж зөвшөөрөлгүй ан амьтан агнадаг?

-Алжаал тайлах, галт зэвсгийг хэрэглэхдээ ангийн хорхойгоо дарж ан амьтан буудаж хорхойгоо дардаг залуучууд байдаг. Эсвэл буугаа шалгах гэж гараад зөвшөөрөлгүйгээр тусгай хамгаалалттай газарт ан амьтан буудчихаад ирдэг. Манай иргэдийн хууль,эрх зүйн мэдлэг дутмагаас болоод улсын тусгай хамгаалалттай газар нутаг хаанаас эхлээд хаана дуусч байгааг мэдэхгүйгээсээ болж тусгай хамгаалалттай газарт  нэвтэрч ан амьтан агнах явдал гардаг.

Тусгай хамгаалалттай газарт хууль бусаар агнаж байгаа үйлдэл болгон Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй болж хувирдаг. Зээр, тарвага, зурам гэх мэтийн элбэг тархацтай амьтдыг тусгай хамгаалалттай газарт агнахад хүртэл эрүүгийн хуулиар  гэмт хэрэг болдог гэдгийг анзаарахгүй байх үйлдүүд гардаг.

-Улсын тусгай хамгаалалтай газарт ямар газар нутаг орох вэ?

-“Улсын тусгай хамгаалалттай газар” гэдэг нь манай оронд болон дэлхий дахинд нэн ховордсон ан амьтныг цаашид хадгалан үржүүлэх боломжийг хангах, байгалийн үзэсгэлэнтэй нутгийн унаган төрхийг хамгаалах зорилгоор төрийн эрх барих дээд байгууллагаас хамгаалалт тогтоосон газар нутгийг хэлнэ. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд зааснаар дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэж дөрөв ангилдаг. Үүнд:

Дархан цаазат газар - Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг,

Байгалийн цогцолборт газар - Байгалийн унаган төрхөө хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг,

Байгалийн нөөц газар- Байгалийн тодорхой хэв шинж ,аль нэг нөөц, баялгийг хамгаалах, нөхөн сэргээх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг,

Дурсгалт газар - Байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлийн ул мөрийг уламжлагдан хадгалагдсан байгалийн байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор улсын тусгай хамгаалалтанд авсан газар нутгийг тус тус хэлнэ.

-Зөвшөөрөлгүй ан хийх асуудалд хэрхэн хяналт тавих в?

-Амьтны тухай хуулинд тарвага, зээр, чоно зэргийг агнахад заавал зөвшөөрөл авах ёстой гэж заасан байдаг. Зөвшөөрлийг тухайн орон нутгийн сум, аймгийн засаг даргаас авна. Хэрвээ зөвшөөрөлгүй ан хийж баригдсан тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж зөрчлийн хэрэг үүсгээд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаад торгох арга хэмжээ авна. Цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд мөрдөн байцаалтын болон гүйцэтгэх ажлын шугамаар давхар хяналтаа тавиад ажилладаг.

-Нэн ховор амьтдыг агнавал ямар хариуцлага хүлээх вэ?

-Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг нь ихэнхдээ нууц далд аргаар үйлдэгддэг. Харин агнахыг хориглосон ховор амьтдыг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан тохиолдолд ямар нэгэн хохирлын хэмжээ шаардахгүйгээр хариуцлага хүлээлгэхээр эрүүгийн хуульд заагдсан байдаг. Энэ гэмт хэрэг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ан амьтан агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн байхыг  шаарддаг.

Энэ төрлийн гэмт хэрэг зөрчил гаргасан тохиодолд 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болонхорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Харин нэн ховор амьтныг 10 мянган нэгжээс 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох эсвэл 2-8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хариуцлага хүлээлгэнэ.

-“Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ХЗДХЯ, БОАЖЯ, Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран  энэ сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд “ Байгалиа хамгаалъя” аяныг эхлүүлээд явж байна. 

Энэ ажлын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан гэмт хэргүүд бүгд хамаардаг. Тухайлбал хууль бус ан агнах, хууль бусаар мод бэлтгэх,  байгаль орчиныг бохирдуулах,  гол, ус мөрөнг бохирдуулах гэмт хэрэг, ашигт малтмал хууль бусаар олборлох, хайх, ашиглах, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах зэрэг гэмт хэргүүд орж байна. Тиймээс тус арга хэмжээний хүрээнд интернэт цахим орчинд олны танил хүмүүсийн хэлсэн үг, хуулийн үг хэллэг, дээрх гэмт хэргийг үйлдсэн бол хуулийн ямар хариуцлага хүлээх вэ гэх мэтчилэн иргэдэд ухуулга нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Мөн дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 5-10 минутын богино хэмжээний нэвтрүүлэг бэлтгэн, видео шторкуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр түгээн ажиллаж байна. Иргэддээ ойлгомжтой байх үүднээс төрөл бүрийн контентуудыг хүргэхийг зорьж байна.


keyboard_arrow_up