Н.АЛТАНБААТАР: Хоёр алба хаагчийн оронд нэг хүн томилно гэвэл ачааллыг улам нэмэгдүүлнэ Н.АЛТАНБААТАР: Хоёр алба хаагчийн оронд нэг хүн томилно гэвэл ачааллыг улам нэмэгдүүлнэ

Н.АЛТАНБААТАР: Хоёр алба хаагчийн оронд нэг хүн томилно гэвэл ачааллыг улам нэмэгдүүлнэ
Зочин:
Н.АЛТАНБААТАР
Байгууллага:
Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо
Албан тушаал:
Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн
Ажиллах арга барил:


2018 оны 06 сарын 19

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Н.Алтанбаатартай ярилцлаа.

Танайх удам дамжин цагдаагийн албанд зүтгэсэн гэр бүл. Таны хувьд энэ албанд 18 жил ажиллаад, одоо холбооныхоо ажлыг хийж байгаа гэж сонссон. Энэ талаар тодруулахгүй юу?

Аав маань цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад намайг дунд сургуульд байхад өөд болсон. Хүүхэд байхаасаа л аавыгаа харж энэ албанд ажиллана даа гэж боддог байлаа. Тэгээд сургуулиа төгсөөд цагдаагийн байгууллагад тасралтгүй 18 жил ажиллаж байгаад 2009 оноос эрх зүйч мэргэжлээрээ ажиллаж байна. Миний хувьд төрийн захиргаа, удирдлагын менежер, эрх зүйч мэргэжилтэй. Удам дамжин энэ албанд зүтгэж, ухаан суусан үеэсээ эхлэн энэ албаны жаргал, зовлонг харж, туулж ирсэн болоод ч тэр үү энэ алба, алба хаагчдын дуу хоолой нь больё, тэдний санал бодлыг шийдвэр гаргах түвшинд хүргэхийн төлөө хувь нэмрээ оруулья хэмээн зорьж, улмаар Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо /ЦАХЭАХХ/  төрийн бус байгууллагыг 2013 оны 8 дугаар сард цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хэсэг нөхдийн хамт үүсгэн байгуулаад ажиллаж байна.

Хэдийгээр одоо цагдаагийн байгууллагад ажиллахгүй байгаа хэдий ч энэ албаар хүмүүжсэн хүний хувьд алба хаагчдын амжилт бүтээлийг иргэд, олон нийтэд сурталчлах, албаны үйл ажиллагааг иргэдэд зөв ойлгуулах, таниулах, энэ албанд учирч буй хүндрэл бэрхшээл, хууль, эрх зүйн зохицуулалтыг  шийдвэр гаргах түвшинд уламжлах, нийгэм эдийн засаг, эрх зүйн баталгааг нь бүрдүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна.

Таны хувьд цагдаагийн албаны юугаар нь бахархдаг вэ?

Энэ албанд аав минь ажиллаж байсан гэж бодохоор хамгийн сайхан санагддаг. Мөн их бахархдаг. Ганц би ч гэлтгүй энэ албанд зүтгэж байсан, одоо ажиллаж байгаа алба хаагчдын хувьд олон нийтийн амар амгалан, аюулгүй байдлын төлөө зүтгэж буй нь хамгийн том бахархал юм.

ЦАХЭАХ-нд хэр олон цагдаагийн алба хаагчид ханддаг вэ?

Бидний үйл ажиллагаа алба хаагчдын хууль ёсны эрх ашиг, сонирхолыг хамгаалах, тэдгээрийн зөрчигдсөн эрхийг сэргээх, тэдэнд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлыг иргэд олон нийтэд зөв ойлгуулах, албанаас тэтгэвэрт гарсан хүмүүсийг амьдралаа авч явахад нь туслах, гэр бүлд нь дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэгдсэн байдаг. Тийм ч учраас өнөөдөр манай холбооны үйл ажиллагаа, мэдээ, мэдээллийг өдөр тутамдаа 8000 орчим цагдаагийн алба хаагч тогтмол авч байна.

Ер нь төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудад үйлдвэрчний эвлэл ч юм уу, тэдний төлөө гэсэн байгууллага байдаггүй.  Одоогоор ганц манай холбоо л байна.

Сошиал сүлжээнд цагдаагийн алба хаагчидтай холбоотой мэдээ, мэдээллийг авдаг ганц суваг нь ЦАХЭАХХ-ны хаалттай групп. Яг өнөөдөр ажлаа хийж буй 8000 орчим алба хаагч энэ группд байдаг гэсэн үү?  

Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчдын хувьд тэр бүр нээлттэй санал бодлоо илэрхийлээд, үгээ хэлээд байж чаддаггүй. Тиймээс тэдний санал бодлыг хүлээн авах, байнгын уялдаа холбоотой байх үүднээс олон нийтийн сүлжээг ашиглан “Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо” нэртэй пэйж хуудас, хаалттай фэйсбүүк групп нээсэн. Энэ группын хувьд 19.400 гаруй иргэд, олон нийт, дэмжигчид нэгдээд байна. Үүнээс өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа 7926 алба хаагчид байна. Үүн дээр тэдгээрийн ар гэр, хүрээллийн хүмүүс мөн тус группд нэгдсэн байдаг онцлогтой.  Цагдаагийн алба хаагчидтай холбоотой мэдээ мэдээллийг авдаг ганц суваг нь гэж хэлж болно. Энэхүү фэйсбүүк группээрээ дамжуулан алба хаагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээл, санал бодлыг нь нэгтгэн хүлээн авч, цааш нь шийдвэр гаргах түвшинд буюу ХЗДХЯ-ны сайд, ЦЕГ-ын дарга, удирдлагуудад асуудлыг тавьж шийдвэрлүүлдэг.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд алба хаагчдынхаа асуудлыг шийдэхэд холбооны зүгээс хэр их нөлөөлсөн бэ?

Холбоо үүсгэн байгуулагдснаас хойш санхүүжилтгүй ч гэсэн энэ 5 жилийн хугацаанд давхардсан тоогоор 200 гаруй алба хаагч, тэдгээрийн гэр бүлд хууль, эрх зүйн зөвлөлгөө биечлэн өгч, онлайн хэлбэрээр 800 гаруй хүнд хууль, эрх зүйн зөвлөлгөө өгч ажилласан байдаг. Мөн энэ хугацаанд 3 алба хаагчид холбооноос өмгөөлөгчийн зардлыг нь дааж өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлсэн. Ганцаараа ажил хийдэг олон хүүхэдтэй 3 алба хаагчийг сонгон, иж бүрэн зуны дүрэмт хувцас гардуулж өгсөн байдаг.  

Түүнчлэн  тухайн үед ХЗДХ-ийн сайд байсан Х.Тэмүүжингийн үед цагдаагийн албаны тухай хууль батлагдаж хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой “цол”-ны асуудал нэлээн хөндөгдсөн. Цагдаагийн алба хаагчдын итгэл үнэмшил, урам зориг, бахархал нь “цол”-оор илэрхийлэгддэг онцлогтой. Гэтэл Х.Тэмүүжин сайдын үед албан тушаалын гэх “цол”-ыг бий болгосон. Өөрөөр хэлбэл Дэд хурандаа байсан хүн дэслэгч болж, дэслэгч байсан хүн дэд хурандаа болох жишээтэй. Үүний дүнд алба хаагчдын итгэл үнэмшил, албандаа хандах итгэл, зүтгэл, хандлага нэлээдгүй буурсан байдаг. Үүгээр ч зогсохгүй тухайн үеийн алба хаагчдын хувцасны шинэчлэл эрүүл ахуйн, материалын хувьд стандартын шаардлага хангахгүй, эдэлгээний хугацаандаа хүрэхгүй зэрэг асуудлууд гарч байсан. Энэ асуудал нь улмаар алба хаагчдын нуруун дээр бууж, цалингаараа дүрэмт хувцасаа худалдан авах болсон.

Яг энэ “цол”-ны болон дээрх дурдсан асуудал хөндөгдөх үед алба хаагчид, тэдгээрийн гэр бүлээс холбоонд гомдол тавих болсон. Холбооны зүгээс хэвлэл, мэдээллийн хэрэгслээр санал, шүүмжлэл өрнүүлж, хүчтэй дуу хоолойгоо илэрхийлж чадсан. Ингэснээр сайд нь цол олгох тухай тушаалд өөрчлөлт оруулж, хугацааны “цол”-ыг эргэн сэргээсэн.

Arslan.mn

2019 оноос тэтгэмжийн хэмжээ багасна, буурна гэсэн ойлголт явж байна. Та энэ талаар тодорхой судалгаа хийж үзэв үү?

2019 оны 1 дүгээр сарын 01-ээс хүчин төгөлдөр болох Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар алба хаагчдын нэг удаагийн буцалтгүй тусламжийн талаар заалтууд орсон. Энэ заалтыг харахад тэтгэмжийн хэмжээ буурахаар байна. Ажилласан жил нь мөн нэмэгдэж байгаа учраас 72-84 сарын тасралтгүй цалингаар хуваагдахаар болсон. Эмэгтэй алба хаагчдын хувьд энэ асуудал хүндрэлтэй байна.

Эдгээр хуулийн заалтууд нь нэг мөр ойлгомжгүй учраас 2019 оноос алба хаагчдад хохиролтой байдал үүсэх нь гэсэн болгоомжлол үүсч, олон алба хаагчид 2018 онд тэтгэвэрт гарах хүсэлтэй байгаагаа манай холбоонд илэрхийлж гомдол тавьж байна. 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 480 гаруй алба хаагчид тэтгэвэрт гарах өргөдөл өгсөн гэсэн судалгаа  байна.

Цаашид мэдлэг, дадлага туршлагатай алба хаагчид олноор тэтгэвэрт гарах нь цагдаагийн байгууллага хэвийн ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй байдал үүсэх бий гэсэн эмзэглэл төрж байгааг нуух юун.

Холбооны зүгээс энэ асуудлаар НДЕГ-аас тодруулга авахад зайлшгүй тэтгэмж, тэтгэвэр буурна гэсэн байр суурьтай байгаа бол ЦЕГ-аас буурахгүй, УИХ-ын зарим гишүүдээс тодруулахад яг таг ойлголтгүй байна. Өөрөөр хэлбэл энэ асуудлаар холбогдох албаныхан нэгдсэн тооцоо судалгаа, хуулийн талаар нэг мөр ойлголтгүй байна гэж харж байгаа.

УИХ-ын чуулган дээр энэ тэтгэвэр, тэтгэмжийн асуудал танилцуулагдана гэж байсан. Тэр юу болсон бэ?

Манай холбооны зүгээс хэд хэдэн УИХ-ын гишүүдэд хандсан. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Бямбацогтод хууль хэрэгжүүлэх сахиулах чиг үүрэг бүхий бусад байгууллагын алба  хаагчдаас өнөөдөр цагдаагийн алба хаагчдын цалин хөлс хамгийн бага түвшинд байгаа тул цалин хөлсийг нь нэмэгдүүлэх, ХЭҮК-с УИХ-д хүргүүлсэн саналуудыг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллахыг хүсч, саналаа хүргүүлсэн. Тус саналыг эрхэм гишүүн хүлээн авч, УИХ-ын гишүүн Ж.Батзандантай хамтран Засгийн газарт дээрх асуудлаар санал, асуулга хүргүүлсэн.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, ХНХ-ын сайд Чинзоригт уг асуудлаар тооцоо, судалгаа гарган ойрын хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган дээр танилцуулахыг үүрэг болгосон. Манай холбооноос тавьсан саналуудыг хүлээн авч цааш нь уламжилж, анхаарч ажиллаж байгаа УИХ-н гишүүн С. Бямбацогтод болон бусад гишүүдэд талархаж байгаагаа энэ дашрамд илэрхийлье.

Ойрын хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ талаар хэлэлцэж яригдах байх. Тиймээс энэ талаар нэг ойлголтонд хүрч, нэг шийдвэр гарна гэж харж байгаа. Хэрвээ цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ буурах асуудал яригдах юм бол манай холбооны зүгээс дараа дараагийнхаа асуудлыг тавьж ажиллах болно. Учир нь эрх зүйн байдлыг дордуулсан хууль баталчихаад үүгээрээ  алба хаагчдын эрх зүйн байдлыг дордуулаад явах юм бол бид үүнийг зүгээр хараад суухгүй.

Засгийн газрын 153 дугаар тогтоол гэж ямар учиртай юм бэ?

2011 оны Засгийн газрын 153 дугаар тогтоол гэж байдаг. Энэ нь цагдаагийн газар, хэлтсийн, бүтэц, орон тоог тогтоосон жишиг норматив. Цагдаагийн алба хаагчдын ажлын ачааллыг зүй зохистой байлгах, ажлын чанарыг сайжруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд уг тогтоолд заасан нормативын дагуу улсын хэмжээнд офицер, цагдаа, энгийн ажилтан буюу нийт 3517 хүний орон тооны хомсдолтой ажиллаж байна гэсэн тооцоо судалгаа гарсан.

Хичнээн хүний орон тоо дутуу байгаагаас үүдээд нэг хүнд оногдох ажлын ачаалал асар өндөр, илүү цагаар ажилладаг. Ялангуяа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, замын цагдаа гэсэн хүмүүст ажлын ачаалал их болж, амрах цаг хомс байдаг. Ингэснээрээ биеийн нөхөн сэргээх боломж дутмаг болж алба хаагчдын эрүүл мэндэд сөргөөр их нөлөөлж стресст өртөх, уур уцаартай болох, дотор эрхтэн, зүрх судас, даралт ихсэх зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлүүд ихээр бий болж байна.

Мөн УИХ-ын 2017 оны 04 сарын 14 ны өдөр баталсан 29 дүгээр тогтоолын 5 дахь хэсэгт “Төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2019 он хүртэл зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг болгосон. Мөн 6 дахь хэсэгт “Эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбараас 2017-2019 онд тэтгэвэрт гарах 2 төрийн албан хаагч тутамд 1 албан хаагчийг нөхөн томилох гэсэн байдаг.

2018 оны нэгдүгээр улирлын байдлаар 480 гаруй албан хаагчид тэтгэвэртээ гарах өргөдлөө өгсөн байна. Тэгвэл 2 төрийн албан хаагч тутамд нэг албан хаагчийг нөхөн томилно гэвэл өмнөх 3517 албан хаагчийн орон тоо дутуу байгаа дээр дахин нэмэгдээд ирэхээр буцаад хүмүүсийн ажлын ачаалал нэмэгдэж, ажлын стресст өртдөг асуудлууд нэмэгдэнэ. Энэ тогтоолын талаар бид УИХ-ын гишүүн С.Бямбацогтод саналаа өгсөн. Цаашид энэ асуудалд анхаарч ажиллана гэсэн хариу өгсөн.

Өнөөдөр иргэдэд үйлчилгээ үзүүлж буй хууль сахиулах чиг үүрэг бүхий алба хаагчид болоод эрүүл мэнд, боловсролын салбарынхны төсвийг танаад байдаг нь харамсалтай юм. Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд орон тоо их, ажиллах хүчний илүүдэлтэй гэж харахын бол өрөөсгөл юм.  

Н.АЛТАНБААТАР : Хоёр алба хаагчийн оронд нэг хүн томилно гэвэл ачааллыг улам нэмэгдүүлнэ Arslan.mn

Холбооны зүгээс алба хаагчидтай хэр их уулздаг вэ, хөдөө орон нутгийн алба хаагчид ханддаг уу?

Өнөөдөр манай группд цагдаагийн  байгууллагад ажиллаж буй 7926 алба хаагч, энэ албанд ажиллаж байсан, тэтгэвэртээ гарсан ахмад настангууд, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад хувийн учир шалтгаанаар гарсан, мөн хэвлэл мэдээллийн салбараас 100 гаруй сэтгүүлчид, хууль зүйн бусад салбар болох өмгөөлөл, шүүх, прокурор, хүний эрхийн үндэсний комиссын гишүүд, үе үеийн ХЗДХ-ийн сайд нар гэх мэт хүмүүс байдаг.

Мэдээж хөдөө, орон нутгийн алба хаагчид байдаг. Энэ группээр дамжуулан алба хаагчдаас ирж байгаа санал, гомдлыг хүлээн авч, холбогдох шийдвэр гаргах түвшний хүмүүст дамжуулдаг. Гомдол, санал гаргасан эх сурвалжуудаа бид нууцалдаг. Наад захын жишээг дурдахад, 24 цагаар эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад хоолны мөнгө гэж 3600 төгрөг өгдөг байсан. Үүнийг нэмэгдүүлэх тал дээр анхаарах саналыг ЦЕГ-ын удирдлагуудад тавихад ЦЕГ-н даргын шийдвэрээр 2018 оны 1 дүгээр сараас эхлэн 24 цагаар эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг, өндөржүүлсэн бэлэн байдлын үед болон хээрийн сургууль дадлага, албаны нэгдсэн сургалтанд хамрагдсан алба хаагчдын хоногийн хоолны мөнгийг нэмэгдүүлж, 5000-7000 төгрөг олгож эхэлсэн.

 Мөн цагдаа-жолооч нараас тодорхой хэмжээний санал гомдол их ирдэг байсан. Тухайлбал машины парк шинэчлэлт хийгдээгүй, эргүүл дуудлаганд явахад бензиний норматив хэмжээ хүрдэггүй, запас сэлбэгийн хүрэлцээ муу байдаг учраас учраас зарим тохиолдолд өөрсдөөсөө худалдаж авдаг гэх мэт. Эдгээр асуудлуудыг ЦЕГ-ын даргад уламжилж өгөөч гэсэн саналууд ирсэн. Холбооны зүгээс саналыг ЦЕГ-ын удирдлагуудад хүргүүлсэн. Саналын дагуу ЦЕГ-ын дарга, Цагдаагийн хурандаа С.Баатаржав цагдаа-жолооч нартай өөрийн биеэр уулзалт зохион байгуулж, тэдний гаргасан санал хүсэлт, үүрэг гүйцэтгэхэд учирч буй хүндрэл бэрхшээлийг сонсож зарим асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, тодорхой хэмжээний машины парк шинэчлэлтүүд хийсэн. Мөн дуудлаганд явж буй автомашинуудын бензиний өдрийн норматив дээр нэмж бензин олгох лимитийг нэмэгдүүлэх шийдвэрүүдийг гаргасан байдаг. ЦЕГ-н дарга, удирдлагууд холбооны зүгээс тавьсан саналуудыг хүлээн авч, шийдвэрлэх тал дээр ажиллаж байгаад талархалтай байдаг. Гэвч яалт ч үгүй төрийн хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий байгууллага учраас УИХ, ЗГ анхаарч ажиллах нь маш чухал байдаг.

Цагдаагийн алба хаагчдаас ирсэн гомдол, саналыг хэрхэн шийддэг вэ?

Холбооны зүгээс өөрсдөө тухайн гомдол саналыг шалгах эрх бүхий субьект биш учраас аливаа санал, гомдлыг шалгах эрх бүхий ЦЕГ-ын дотоод хяналт шалгалтын албанд өгч шийдвэрлүүлдэг. Хувь хүнтэй холбоотой гомдол санал ирэх юм бол бид тухайн хүний нэр усыг нь дурьдаж хүргүүлдэг. Нийтлэг гомдол саналыг бид нэгтгээд тухайн асуудал дээр анхаарч ажиллах саналыг хүргүүлдэг.   Гэхдээ мэдээллийн эх сурвалжийг нууцалдаг.

Таны бодлоор цагдаагийн байгууллагад ажилладаг хүн юугаараа онцлог вэ?

Миний хувьд цагдаагийн байгууллагад удаан ажилласан хүмүүс хэр баргийн сэтгэл судлаачаас илүү болдог. Онолыг нь үзээгүй ч гэсэн тухайн хүний нүдийг хараад, ярилцаад хүний дотоод сэтгэлийг унших чадвар эзэмшиж чаддаг болчихдог. Олон жил янз бүрийн түвшний, янз бүрийн асуудалтай хүмүүстэй харьцсаар байгаад тэд хүн таних нүдтэй болчихдог давуу талтай. Мөн энэхүү албанд ажиллаж байгаа алба хаагчдыг иргэд маань хүндэлж, ажил албанд нь тусалж байгаарай гэж хүсмээр байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН 


keyboard_arrow_up