Л.АМАРМӨРӨН: Хамгийн хайртай хүмүүсийнхээ хүчирхийллийг харж байгаа ХҮҮХЭД л хамгийн том ХОХИРОГЧ Л.АМАРМӨРӨН: Хамгийн хайртай хүмүүсийнхээ хүчирхийллийг харж байгаа ХҮҮХЭД л хамгийн том ХОХИРОГЧ

Л.АМАРМӨРӨН: Хамгийн хайртай хүмүүсийнхээ хүчирхийллийг харж байгаа ХҮҮХЭД л хамгийн том ХОХИРОГЧ
Зочин:
Л.Амармөрөн
Байгууллага:
Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс
Албан тушаал:
дарга
Ажиллах арга барил:


2019 оны 09 сарын 29

Гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс хэрхэн хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэл гэж яг юу болох талаар Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл энэ жилийн хувьд ямар байна вэ?  Хоногт энэ төрлийн гэмт хэргийн хичнээн дуудлага мэдээлэл ирж байна.

Нийслэл хотод энэ оны эхний найман сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 403 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оноосоо 0,2 хувиар буурсан үзүүлэлт юм.  Энэ онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн  3931 зөрчил бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэсээ 66 хувиар өссөн.

Нийслэл хотод эхний 8 сарын байдлаар хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 39189 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Хоногийн хувьд авч үзвэл 130-150 дуудлага мэдээлэл ирдэг.

Цагдаагийн байгууллагаас энэ дуудлага мэдээлэлд дүн шинжилгээ хийж олон талт арга хэмжээ авч ажиллаж байна. Нэгдүгээрт хүчирхийлэл үйлдсэн этгээдийг шүүхэд санал хүргүүлж шийдвэрлүүлдэг мөн иргэдэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт энэ төрлийн гэмт хэрэг их бүртгэгддэг.

-Ер нь хүчирхийлэл гэж яг юуг хэлэх вэ?

Товчхондоо гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох эхнэр, нөхөр, төрөл садан, хамтран амьдрагч, гэрлэлтээ цуцлуулсан иргэд, ямар нэгэн шалтгаанаар асрамж халамжинд нь байгаа эдгээр хүмүүсийн хэн нэгэн нь эрх мэдэл давамгай байдлаа тогтоохын тулд бэлгийн болон эдийн засгийн, бие мах бодийн, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдээд байгаа бол үүнийг гэр бүлийн хүчирхийлэл гэж хэлнэ.

-Гэр бүлийн хүчирхийлэл голдуу ямар цаг үед, хэдийд үйлдэгддэг вэ?

Дуудлага мэдээллийг цаг хугацаанаас нь харахад баасан, бямба, ням, даваа гарагуудад ихэвчлэн үйлдэгддэг. Эдгээр өдрүүдэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас согтуугийн дуудлага 19:00-06:00 цагийн хооронд ихээр бүртгэгддэг.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүс 20-35 насны иргэд дийлэнх хувийг эзэлдэг. Мөн эдгээр насны иргэд нь хүчирхийлэл үйлдэх нь илүү олон удаагийн давтамжтай байдаг.

Багадаа гэхэд долоон хоногт 2-3 удаа хүчирхийлэл үйлддэг. Хүчирхийлэл үйлдэж буй хүмүүсийг боловсролын түвшингээр нь аваад үзвэл 50 хувь нь бүрэн дунд, 30 хувь нь дээд боловсролтой, 10 орчим хувь нь тусгай дунд боловсролтой хүмүүс байна. Өөрөөр хэлбэл ажил мэргэжлийн хувьд голдуу ажилгүй, архины хамааралтай хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь элбэг байна.

-Хүчирхийлэлд өртөж буй зарим хүмүүс дараа нь дахиад л хүчирхийллийн золиос болж магадгүй гэсэн айдсаасаа болоод цагдаа, хууль хүчний байгууллагад хандахгүй байх тохиолдол бас ажиглагддаг. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

Зарим тохиолдолд иргэд хүчирхийлэлд өртөж байгаагаа мэддэггүй. Энэ харилцаа байх л ётсой гэж ойлгодог. Зарим тохиолдолд хайртай хань нь, аав ээж нь учраас уучилсаар л байдаг.

Энэ бол хамгийн буруу ойлголт, хүчирхийлэл дандаа хаалттай хаалганы цаана хайртай хүмүүсийн дунд үйлдэгддэг учраас нуугдмал байдаг.
Ийм учраас даамжрах магадлал өндөр. Өнөөдөр нэг алгадаж байсан бол маргааш хоёр, дараа нь харгисаар зодож эхэлдэг. Гэтэл нөгөө хүн маань уучилсаар л явдаг. Энэ нь сүүлдээ амь насаа алдах ч тохиолдолд хүргэж болно. Тиймээс хуулийн байгууллагад хандах, мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авах шаардлагатай гэдгийг хэлмээр байна. Хүчирхийлэлд өртөж байгаа найз нөхөдтэй хүмүүс ч бидний дунд зөндөө байдаг. Тэгэхээр зөвхөн хохирогчийг салаач, холдооч, болиоч гэж зөвлөхөөсөө илүүтэй манай найзад ийм зүйл тохиолдоод байнаа, үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэж мэргэжлийн байгууллагад хандах, холбож өгөх нь хамгийн том тус юм.

Arslan.mn

-Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлыг хийж байна.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нэг бүрт дүн шинжилгээ хийж шийдвэрлэлтэд анхаарч ажилласнаар энэ оны эхний 8 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 3842 этгээдийг шүүхээс 7-30 хоног баривчлах шийдвэр гарсан нь өмнөх оны мөн үеэсээ хоёр дахин өссөн. Энэ нь цагдаагийн байгууллага, шүүх, прокурорын байгууллагын хоорондын хамтын ажиллагаа болон иргэдийн хүчирхийллийн талаарх эрх зүйн мэдлэг дээшилсэнтэй холбоотой.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсанаас хойш цагдаагийн байгууллага нэг том үүрэг хүлээсэн. Тухайн нөхцөл байдлыг очиж үнэлээд цагдаагийн алба хаагч хохирогчийг шууд хамгаалалтанд авах боломжтой болсон.

Хохирогч өөрөө жирэмсэн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн юм уу эсвэл эцэг, эхийнхээ хажууд хүчирхийлэлд өртөж буй хүүхэд байгаа бол эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөл авахгүйгээр түр хамгаалах байранд хамгаалалтад авч болдог. Энэ нь цагдаагийн албаны тухай хуулинд хүлээсэн томоохон нэг үүрэг юм. Үүнээс гадна хэлсэнчлэн бид шат дараатай ажлыг хийгээд явж байна. Бидний хувьд алба хаагчдаа мэргэшүүлэх чиглэлийн ажилд түлхүү анхаарч, шинээр батлагдсан хуулинд алба хаагчдад хийж үзээгүй олон ажиллагаанууд нэмэгдэж орж ирсэн. Дараа нь олон нийтэд чиглэсэн мэдээлэл сурталчилгааны ажлыг хийсэн. Харин сүүлийн үед аж ахуйн нэгж, албан байгууллагууд, их дээд сургуулиудад иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ухуулга мэдээллийг тогтмол явуулж байна. Олон нийтийн сошиал хэрэгслээр нөлөөллийн сурталчилгаа, постер, видео шторк мөн байршуулж байна. Өнгөрсөн жил зохион байгуулсан хүчирхийллийн эсрэг “Хайрла хамгаал” аяны хүрээнд энэ төрлийн гэмт хэргийн тоо буурч, иргэдээс 102 утсанд ирэх мэдээ мэдээлэл нэмэгдсэн. Дуудлага мэдээлэл ихэвчлэн хохирогчоос юм уу, хохирогчийн хамаатан ойр дотны хүмүүсээс ирдэг байсан бол хөршөөс ирэх мэдээлэл нэмэгдсэн.

-Хүмүүс хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил хоёрыг ялгадаггүй. Ганцхан алгадсан чинь гэмт хэрэгтэн болчихлоо гэж ярьдаг. Энэ хоёрын ялгааг тайлбарлавал.

Зарим хүмүүс би ерөөсөө гэмтэл учруулаагүй зүгээр агсам согтуу тавьсан, ганцхан удаа алгадсан байтал над дээр эрүүгийн хэрэг үүсчихлээ гэж ярьдаг. Гэтэл энэ үйлдэл нь удаа дараа давтагдаж байгаа учраас гэмт хэрэгт хамаардаг гэдгийг санах хэрэгтэй.

Гэр бүлийн хамаарал бүхий хүнээ зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, бусадтай харьцахыг нь хязгаарласан бол энэ зөрчилд орно. Энэ нь хохирогчид ямар нэгэн байдлаар гэмтэл учраагүй байна. Дээрээс нь эхний удаагийн үйлдэл бол үүнийг зөрчил гэж үзээд шүүх 7-30 хоног баривчилдаг. Харин тухайн үйлдэл нь гурав ба түүнээс дээш хэвшмэл хандлагатайгаар үйлдэгдсэн, хохирогч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, өндөр настай бол шууд гэмт хэрэг гэж үзэж байгаа. Мөн хохирогчийн биед гэмтэл учруулсан бол гэмт хэрэг гэж үзэж шүүхээс 6 сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял оноодог.

Гэр бүлийн хувьд тэгш биш харилцаа үүсээд ямар нэгэн дарамт, айдастай байгаа л бол та хүчирхийллийн нэг хэлбэрт өртөж байна гэсэн үг.
Тэр үедээ хамгийн ойрхон 107 утсанд хандаж тусламж, мэдээлэл авч болно. Ихэнхи хохирогч нарын хувьд хань минь учраас, аав минь, ээж минь учраас баривчлуулахгүй засаж авъя гэсэн бодолтой байдаг. Баривчлах төвд байхдаа зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамрагдаж, гарч ирээд хорооны хамтарсан багт хандвал хамтарсан баг тухайн гэр бүлийг эрүүл харилцаатай болгох чиглэлийн бүхий л ажлыг зохион байгуулна. Түүнчлэн зөрчил гаргагч нь өөрөө хандлагаа өөрчлөх нь чухал юм. Өөрөөр хэлбэл хүчирхийлэл үйлдэж байгаа хүнд сургалт, мэдээлэл тогтмол хүргэсэн ч хувь хүн өөрөө архинаас бүрэн татгалзах, өөрийгөө архины хамаарлаас авч гарах нь чухал байдаг.

-Гэр бүлийн хүчирхийлэл гэж зөвхөн нэг эрэгтэй, нэг эмэгтэйд л тохиолдох зүйл гэж хүмүүс их боддог. Гэтэл үүний цаана хүүхдүүд хамгийн ихээр хохироод үлддэг. Цаашлаад энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх үндэс сууриа тавиад л явж байдаг. Энэ талаар.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй гол шалтгаан нь ядуурал, архидалт гэхээсээ илүү хүчирхийлэл үйлдэж буй этгээдийн гэр бүлийн суурь хүмүүжил төлөвшлөөс ихээхэн шалтгаалдаг. Бага ахуй насандаа хүчирхийлэл айдас дунд өссөн хүүхэд нас биед хүрээд тэр төлөвшилөө гээхгүй байх хандлагатай байдаг.

Хамгийн сүүлд  хэлэхэд хүчирхийллийн хохирогч нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүний талаар л ярьдаг. Гэвч энэ дунд хамгийн том хохирогч бол хүүхэд байдаг. Хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхдийн 79-84 хувь нь хүчирхийлэгч болж өсдөг. Тэр гэр бүлд хамгийн хайртай хүмүүсийнхээ хүчирхийллийг харж байгаа хүүхэд л хамгийн том хохирогч гэдгийг та ямагт санах хэрэгтэй. Үр хүүхдэдээ хамгийн сайхныг хүсдэг бол тэднийхээ дэргэд хүчирхийлэл үйлдэхгүй, маргалдахгүй, зодолдохгүй, архидан согтуурахгүй байх нь хүүхдийнхээ ирээдүйг гэрэл гэгээтэй болгож буй гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

 

Эх сурвалж: ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл


keyboard_arrow_up