С.БААТАРЖАВ: Хар тамхины хэрэгт ногдуулах ялыг нэмэх нь зүйтэй С.БААТАРЖАВ: Хар тамхины хэрэгт ногдуулах ялыг нэмэх нь зүйтэй

С.БААТАРЖАВ: Хар тамхины хэрэгт ногдуулах ялыг нэмэх нь зүйтэй
Зочин:
С.Баатаржав
Байгууллага:
ЦЕГ
Албан тушаал:
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа
Ажиллах арга барил:


2019 оны 10 сарын 07

Цагдаагийн байгууллагын бодлого чиглэл, үйл ажиллагаа болон зохион байгуулж байгаа арга хэмжээ, олон нийтийн анхаарал татсан зарим томоохон хэргүүдийн талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржавтай ярилцлаа. Тэрбээр уг албанд томилогдсоноос хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгч байгаа юм.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

- Баярлалаа. Танд бас энэ өдрийн мэнд хүргэе.

-Та Цагдаагийн ерөнхий газрын даргын албыг хоёр дахь удаагаа хүлээн аваад ажиллаж байна. Томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд таны удирдлагын багаас үйл ажиллагаандаа ямар бодлого чиглэл баримтлан ажиллаж байна вэ?

-Юуны өмнө цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл авахаар намайг урьж, уншигч түмэнтэйгээ уулзуулж байгаад баярлалаа. Цагдаагийн алба бол нэр төртэй, хариуцлагатай, түмний төлөө гэсэн тангарагтай алба. Миний бие энэ байгууллагын удирдлагаар хоёр дахь удаагаа томилогдон ажиллаад даруй хоёр жил орчим болж байна. Сүүлд томилогдох үед буюу 2017 онд байгууллагын үйл ажиллагааны төдийгүй хуулиар хүлээсэн чиг үүрэгт шууд хамааралтай Цагдаагийн албаны тухай, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Дотоодын цэргийн тухай шинэчилсэн хуулиуд хэрэгжиж эхэлсэн үе таарсан.

Юун түрүүнд ажлаа аваад шинэчилсэн хуулиудтай үйл ажиллагаагаа нийцүүлэх зорилгоор эрүү, хэв журмын нөхцөл байдалд бодитой судалгаа хийлгэж, үнэлэлт дүгнэлт өгөх, удирдлага зохион байгуулалтын болон бүтцийн зарим өөрчлөлтүүд хийх, алба хаагчдын хүний нөөцийн зөв оновчтой бодлого хэрэгжүүлэх, тэдний мэдлэг, ур чадвар, сахилга хариуцлагыг сайжруулах гээд цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. 

Тухайн үед миний анзаарснаар ялангуяа удирдах албан тушаалтнуудын дунд манлайлал үгүйлэгдэж, алба хаагчдын албандаа итгэх итгэл, үнэлэмж тааруухан болсон байсан. Энэ нь цагдаагийн байгууллагад удаа дараа ойрхон хийгдсэн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтүүд, удирдах албан тушаалтнуудын олон удаагийн халаа, сэлгээ, томилгооноос болсон төдийгүй алба хаагчдыг мэргэшүүлэх ажил хангалттай хийгдээгүй нь цагдаагийн байгууллагын ажилд сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэсэн.

Тиймээс үүнийг цэгцлэх, шийдэх алхмуудыг нэн түрүүнд ажил хэрэг болгохыг зорьсон. Тухайлбал, бүх шатны алба хаагч нартаа мэдээ, мэдээлэл, удирдлагын үүрэг, чиглэл, шийдвэрийг цаг тухай бүр, хүн нэг бүрт хүргэж, хэрэгжилтийг нь хангуулахад анхаарсан. Ялангуяа анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа алба хаагч нарт бүх үүрэг чиглэл, мэдээ, мэдээллийг зэрэг, шуурхай хүргэж байх тал дээр анхаарч, хяналт тавин ажилласан.

Мөн тухайн үеийн улс орны эрүү, хэв журмын нөхцөл байдал таатай бус, ялангуяа шинэ төрлийн гэгдэх хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, эдийн засгийн, цахим, зохион байгуулалттай болон хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд ахиц гаргах шаардлага байсныг мэдэрч, бодит ажил болгох алхмуудыг хийсэн. Цагдаагийн байгууллагын бас нэг чухал чиг үүрэг болох урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажлууд руу нэлээд анхаарсан. Өнөөдөр үр дүн нь эхнээсээ гарч байна.

Энд нэг асуудал тодотгоод хэлэхэд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай  хуулиуд хэрэгжиж эхэлснээс хойш мөрдөн шалгах болон зөрчил шалган шийдвэрлэх ихэнх ажиллагаа прокурорын байгууллагын зөвшөөрлөөр хийгдэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх тухай асуудал хуульчлагдсан.

Өнөөдөр практикт гэмт хэрэгтэй тэмцэх ажлын шуурхай байдлыг хангахад хуулийн холбогдох зарим заалтаас хамаарч цаг хугацаа алдах тохиолдол гарч байна. Жишээлбэл, Прокурорын зөвшөөрлийг хүлээж байх хооронд хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хүн оргон зайлах, нотлох баримт устах тохиолдлууд гарч байна. Энэ нь хоёр талтай. Нэг дэх нь хуулийн заалтын хэрэгжилтээс, нөгөөх нь мөрдөгч нарын ур чадвараас хамааралтай. Бид хуульд заасан зарим ажиллагааг цагдаагийн байгууллагад бие даан хэрэгжүүлэх үүргийг хүлээлгэх нь гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлж, шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж үзээд хуулийн зарим зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах санал хүсэлтээ яамандаа хүргүүлж, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт алба хаагчаа ажиллуулсан.

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн орчин болон бүтэц, зохион байгуулалтын хувьд ямар өөрчлөлтүүд хийгдсэн бэ?

-Дээр би хэлсэн. Шинэчилсэн хуулиуд дөнгөж хэрэгжиж эхэлсэн үе байсан. Ялангуяа байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан Цагдаагийн албаны тухай хууль 2017 оны гуравдугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Тус хуулийг дагаж Засгийн газрын тогтоолоор 15, Хууль зүй, дотоод хэргийн сайд дангаар болон хамтран 12, Цагдаагийн ерөнхий газрын даргын дангаар болон хамтран баталсан 20 дүрэм, журам, мөн 9 бүлэг бүхий “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн батлуулах ажлыг хийж, үйл ажиллагаандаа мөрдөж байна.

Мөн Дотоодын цэргийн тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Дотоодын цэргийн зохион байгуулалтын бүтэц, Дотоодын цэргийн штабын албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг боловсруулж, холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтнуудаар тус тус батлуулан мөрдүүлсэн.

Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Цагдаа албаны тухай, Дотоодын цэргийн тухай хуулиуд шинээр батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийсэн. Хүний нөөцийн хэрэгцээ шаардлагын хувьд дутагдалтай байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдрийн нөхцөл байдалд одоо байгаа цагдаагийн байгууллагын хүн хүчээр үүрэг гүйцэтгүүлээд иргэдийн амар амгалан байдлыг тэдний хүсэн хүлээсэн хэмжээнд хүргэнэ гэж ам бардам хэлэх боломжгүй юм.Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолоор цагдаагийн байгууллагын орон тооны жишиг нормативыг тооцож тогтоож өгсөн л дөө. Тэр жишиг нормативаар 6000 орчим алба хаагч шаардлагатай байгаа. Төсөв санхүүгийн хүрэлцээгүй байдлаас хамаарч нэгэнт энэ орон тоог нэмж чадахгүй учир дотоод зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтийг оновчтой хийх замаар учирч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхийг оролдож байна.

Ер нь сүүлийн 4-5 жилд цагдаагийн байгууллагад орон тооны хувьд өөрчлөлт хийгдээгүй, нэмэгдээгүй байсан.Манай алба хаагчид ажлын ачаалал их байгаа ч ажлаас хойш суулгүй, хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж байгаа.

Бүтэц зохион байгуулалтын хувьд цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулан Замын цагдаагийн газар, Төмөр зам дахь цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийг нэгтгэж, Тээврийн цагдаагийн алба, Мэдээлэл, нэгтгэн боловсруулах газар, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Мэдээллийн технологи, холбооны төвийг нэгтгэж, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэст Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны бүтцэд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд Зөрчил шалган шийдвэрлэх хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газарт Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудад Шуурхай удирдлагын тасаг, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийг тус тус шинээр байгуулсан.

Энэ оны хувьд Тээврийн цагдаагийн албанд Зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийг тус тус шинээр байгуулсан. Нийслэлийн цагдаагийн газрын нэршлийг Нийслэлийн цагдаагийн удирдах газар болгон өөрчилж, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх санал, дүгнэлт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллуулсан. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн Цагдаагийн төв байгууллага, харьяа албад, Нийслэлийн цагдаагийн газар, Төмөр зам дахь цагдаагийн газраас шаардлагатай зарим орон тоог дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсүүдэд шилжүүлж, дүүрэг дэх цагдаагийн газрыг шинэчлэн байгуулж бэхжүүлсэн. Иргэдэд шууд хүрч үйлчлэх буюу гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах шууд үүрэг бүхий алба хаагчдын орон тоог бага ч болов нэмэгдүүлэхэд анхаарсан. Ажиллуулаад үзье. Үр дүн гарах байх гэж үзэж байна. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хүний нөөцийн бүх асуудал хууль, журмын дагуу шатлан ахих зарчмаар явагдаж байгаа. Холбогдох хууль, журмаа баримтлаад шийдвэрээ гаргаж байна.

-Ялангуяа хүний нөөцийн хувьд улс төрөөс хараат бус байж мэргэшсэн мэргэжлийн хүмүүсийг томилж чадаж байна уу?

-Нэг хэсэг улстөрчид, гишүүд, эрх бүхий албан тушаалтан, танил талаасаа дэмжлэг авч удирдах албан тушаалд томилогдох, цол, шагнал авах асуудал цагдаагийн байгууллагад хавтгайрсан байсныг нуух шаардлагагүй. Харин одоо алба хаагч нарын зүгээс болон бусад байгууллага, албан тушаалтнаас байгууллагын үйл ажиллагаа түүн дотроо хүний нөөцийн бодлого, шийдвэрт нөлөөлүүлэх, нөлөөлөх гэсэн хандлага арилсан. Онцлоод хэлэхэд намайг ажил авснаас хойш Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын зүгээс дээрх чиглэлээр ямар нэгэн хүсэлт, шахалт ирээгүй, миний гаргасан шийдвэрт нөлөөлөөгүй дээ. Алба хаагчид маань томилогдсон ажлын байр, албан тушаалдаа хичээн зүтгэж, хамт олныхоо итгэл, сайшаалыг хүлээж, ажилдаа “эзэн нь” байж гэмээ нь ахиж дэвшинэ гэдэг нэгдсэн ойлголттой болж, удирдлагын шийдвэрт талархалтай хандаж байгаа. Удирдах албан тушаалд томилогдож буй алба хаагчдын хамгийн гол шалгуур бол туршлага, дадлага, бие бүрэлдэхүүнд хүлээн зөвшөөрөгдөх явдал юм.

-Та бол дотоодын цэргийн командлагч. Дотоодын цэрэг дахин байгуулагдсанаас  хойш тус байгууллагыг бэхжүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Дотоодын цэрэг бол дэлхийн олон оронд байдаг.Дотоодын цэрэг, жандармери, үндэсний гвард, зэвсэгт цагдаа гэх мэтчилэн өөр өөр нэршилтэй боловч гүйцэтгэж байгаа чиг үүргийн хувьд манайхтай ижил төстэй. Аль ч орны дотоодын цэрэг нь улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, хууль сахиулах салбарын байгууллагуудтай харилцан ажиллаж, террорист халдлага, үймээн самуун гарсан үед дэг журам тогтоох, сөрөг тусгай ажиллагаа явуулахаас гадна улсын онц чухал объектыг хамгаалах, томоохон осол, сүйрэл, байгалийн гамшиг тохиолдсон үед сэргээн босгох, хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлж ажилладаг чухал алба.

Тийм ч учраас УИХ-аас 2017 онд Дотоодын цэргийн тухай хуулийг шинээр баталснаар дахин байгуулсан. Дотоодын цэрэг нь тайван цагт мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулж, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн цэргийн байгууллага. Дотоодын цэргийн командлагч, штаб, мэргэжлийн анги, байгууллага гэсэн бүтэц, зохион байгуулалттайгаар алба-ажиллагааг явуулж байна.

Аливаа зүйлийг дахин сэргээж байгуулахад тодорхой цаг хугацаа, хүчин чармайлт зайлшгүй шаардагддаг. Дотоодын цэрэг дахин байгуулагдаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Дотоодын цэргийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, Засгийн газрын холбогдох тогтоолуудыг гаргуулах, Хууль зүй, дотоод хэргийн сайдын дангаар болон Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар нэлээд журам, зааврыг батлуулан мөрдүүлэх, штаб, анги, байгууллагын алба-ажиллагааг жигдрүүлэх, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, материалаг баазыг бэхжүүлэхэд чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байна.

Бид ирэх 2020 оноос хугацаат цэргийн албан хаагчдыг татан авахаар төлөвлөж, бэлтгэлийг хангаж байна.

Дотоодын цэргийг дахин байгуулахдаа улс орны эдийн засаг, төсвийн асуудлаас шалтгаалан зарим орон тоог хасах, албан тушаалын чиг үүргийг давхар хариуцуулж баталсан. Алба хаагчдын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор Цэргийн дотоод албаны дүрэмд заасан орон тоог бий болгон нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа.

Цаашид дотоодын цэргийн үйл ажиллагааг өргөтгөх, зарим аймаг, сумдын цэвэр усны байгууламж, дулааны цахилгаан станцууд болон улс орны эдийн засгийн гол тулгуур болох стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, томоохон байгууламжийг дотоодын цэргийн төсөвт болон гэрээт хамгаалалтад шилжүүлэхээр ажиллаж байна. 

-Алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Хууль сахиулах бусад салбарын ижил түвшний албан тушаалтнуудаас цагдаагийн алба хаагчдын авч буй цалин хамгийн бага байгаа нь тэргүүн эгнээнд анхаарах тулгамдсан асуудлын нэг гэж үздэг. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын амьдралын төвшин янз бүр байгаа. Бие бүрэлдэхүүний олонх нь орон сууцгүй, хамаатан садан найз нөхдийнхөө хашаанд, хажуу өрөөнд амьдарч байна. Түүнчлэн гэртээ хүүхдээ асрах чөлөөтэй байгаа алба хаагч, эрхэлсэн тодорхой ажилгүй гэр бүлийн гишүүдээс нь ТҮЦ ажиллуулан орлого олж, амьжиргаагаа залгуулж байна шүү дээ. Энэ нуугаад байх зүйл биш.

Бидний гаргасан судалгаагаар цагдаа, дотоодын цэргийн нийт алба хаагчдын 45.2 хувь нь орон сууцанд, 54.8 хувь нь хашаа байшин, гэрт, үүнээс 13.9 хувь нь түрээсийн, 14.3 хувь нь эцэг, эх, садан төрлийнхөө, 6.5 хувь нь албаны орон сууцанд амьдарч байна. Мөн нийт алба хаагчдын 30.8 хувь нь орон сууцны, 68.3 хувь нь цалингийн зээлтэй байна.

Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолоор цагдаагийн алба хаагчдын цалингийн нэмэгдэл болох удаан жилийн нэмэгдэл, онцгой албаны нэмэгдэл, цолны нэмэгдлийг шинэчлэн тогтоосон боловч төсөв, хөрөнгийн байдлаас шалтгаалан одоог болтол бүрэн хэрэгжихгүй байгаа.

Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдынхаа ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад цаг ямагт анхаарч, тодорхой арга хэмжээнүүдийг холбогдох яам, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран авч хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал, алба хаагчдаа зах зээлийн үнээс хямд орон сууцаар хангах зорилгоор өөрсдийн нөөц бололцоогоор Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд 360 айлын, Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд 250 айлын, Багануур дүүргийн гуравдугаар хороонд 36 айлын, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын наймдугаар багт 40 айлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулсан. Цагдаа-Амгалан хотхоны 360, Хууль сахиулагч хотхоны 110,Эрүүгийн цагдаагийн албаны 272, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын 144, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 53 айлын орон сууцны барилгын ажил үргэлжлэн явагдаж байна.

Бид ХААН банктай 2018-2019 онд хамтран ажиллах гэрээнд цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтны цалингийн болон орон сууцны зээлийн сарын хүүг 0.1 хувиар бууруулж, цалингийн зээл 1.2-1.5, орон сууцны зээл 1.1-1.3 хувь байхаар тусгаж, гэрээний дагуу орон сууцанд хамрагдсан алба хаагчдад жилийн 0.8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах хүсэлтийг уламжлан шийдвэрлүүлээд явж байгаа.

“Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 60 буюу түүнээс дээш сар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил олгох журам”-ыг Засгийн газрын тогтоолоор батлуулсан. Энэ хүрээнд 2018 онд  100 гаруй алба хаагчид 1.2 тэрбум төгрөг олгож, энэ онд 270 орчим алба хаагчид 3.2 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор тооцож, зардлыг төсөвт тусгуулан 147 алба хаагчид олгоод байна.

Цаашид ч цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд удирдлагаас шалтгаалах бүхий л арга хэмжээг авна.

-Иргэдийн дунд цагдаагийн хангамж, техник дутагдалтай байдаг гэсэн ойлголт байна. Орчин үеийн техник технологийг нэвтрүүлж чадаж байна уу?

-Чухал асуулт байна. Бид одоогийн нөхцөл байдал, ажлын ачаалалдаа тохируулан aль болох хүний хүчин зүйлийн шууд оролцоогүйгээр, техник технологи, зохион байгуулалтын ямар шинэлэг арга хэрэгсэл байна түүнийг эрж хайн, үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг судалж, хэрэгжүүлэхэд анхаарч байна.

Техник, технологийн хангамж, өөрчлөлт, шинэчлэл гэдэг хөрөнгө санхүүтэй шууд холбогддог. Бид дэлхий нийтийн хөгжлөөс хоцролгүй шинэ технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх шаардлагатай. Цагдаагийн байгууллагад ашиглаж байгаа техник хангамж, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх ажил үе шаттайгаар хэрэгжиж, сүүлийн жилүүдэд сайжирч байгаа. Энэ талаар төр засгаас анхаарал хандуулж, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх чиглэлээр ихээхэн дэмжлэг үзүүлж байгааг дурдах хэрэгтэй.

Гадаад орны ижил чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг судалж үзэхэд  иргэдтэйгээ цахимаар холбогдож үйлчилгээ үзүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажилд хиймэл оюун ухаан, цахим нотлох баримтыг баталгаажуулах арга хэрэгслийг өргөнөөр нэвтрүүлэх зэргээр бүхий л үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлж байна.

Манай цагдаагийн байгууллагын хувьд төр засгийн бодлого, үйл ажиллагаатай уялдуулан мэдээллийн систем, программ хангамжийг шинэчлэх, цахим буюу дижитал шилжилт хийх чиглэлээр бодлогын шинжтэй хэд хэдэн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн Улаанбаатар хот, аймгийн төв, суурин газруудад иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор теле хяналтын камерын иж бүрэн системийг байгуулахаар төлөвлөн судалгаа, тооцоо хийж  байна.

Үүний давуу тал нь эрэн сурвалжилж байгаа автомашины дугаар таних, хүнийг царайгаар харьцуулан таних, тоолох хяналтын камерын тоог нэмэгдүүлж, мэдээллийн нэгдсэн санг өргөтгөж, бааз үүсгэх юм. Ингэснээр гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтэд ахиц гарна.

Мөн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг хэрэгжүүлдэг алба хаагчдыг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Та бүхэн мэдэж байгаа, бэлэн бус торгуулийн системийг улсын хэмжээнд бүрэн нэвтрүүлсэн. Нийт бие бүрэлдэхүүний 40 орчим хувь нь гар утас, таблет зэрэг хөдөлгөөнт төхөөрөмжөөр хангагдсан.

Мөн нисгэгчгүй нисэх төхөөрөмж, согтуурал болон автомашины хурд хэмжигч зэрэг тусгай болон тусгай зориулалтын техник хэрэгсэл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гэрлэн долгионоор тандан илрүүлэх багаж, гэрч, хохирогчийн аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээнд ашиглах байршил тогтоох /GPS/ төхөөрөмж зэргийг ашиглаж эхлээд байна.

-Цагдаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байгаа. Гэмт хэргийн илрүүлэлт дээр ажиллахаас гадна урьдчилан сэргийлэх ажилд анхаарч байгаа нь олон нийтэд хүрч байх шиг байна. Үр дүн ямар байна вэ?

- Бид хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаагаа иргэд, олон нийтийнхээ дэмжлэг туслалцаанд түшиглэн хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг.

Гэмт хэрэг, зөрчлийг үйлдсэнийх нь дараа хүн хүч, цаг хугацаа, хөрөнгө зарцуулж илрүүлэх бус, урьдчилан сэргийлж, таслан зогсоох ажлыг үр дүнтэй зохион байгуулах нь чухал.

Цагдаагийн байгууллагаас төр, засгийн бодлогод нийцүүлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр гэмт хэргийн нөхцөл байдалтай уялдуулан, шинэлэг, цогц ажлуудыг санаачлан төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран үе шаттайгаар зохион байгуулснаар үр дүн гарч байгаа. Ялангуяа иргэдийн ухамсарт нөлөөлөх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий нөлөөллийн арга хэмжээнүүдийг түлхүү зохион байгуулахыг зорин ажиллаж байна. Тухайлбал, “UNFRIEND”, “Хүүхэд хамгаалал”,“Нэг хором”, “Яараад яахав дээ”, “Зөв тусгал” зэрэг олон аян, хөдөлгөөнүүдийг та бүхэн мэдэж байгаа. Төр засаг, иргэд, олон нийт ч талархалтайгаар хүлээн авч, ажлын үр дүнд сэтгэл хангалуун байгааг бид мэдэрч, улам урам зориг, эрч хүч авч байна.

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн онд 27 хяналтын пост ашиглалтад оруулсан. Энэ онд 14 аймгийн 16 суманд замын цагдаагийн пост барихаар төлөвлөн гүйцэтгэл хийгдэж байгаа.

Бидний иргэд, олон нийттэйгээ хамтран хэрэгжүүлсэн ажлын үр дүнд энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд нийт 26314, Улаанбаатар хотод 17564 /66.7 хувь/, орон нутагт 8692 /33.1 хувь/ гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд 2236 хэрэг буюу 7.8 хувиар, нийслэлийн хэмжээнд 2961 хэрэг буюу 14.4 хувиар тус тус буурсан. Үүнээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 12.8,  өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 11.6, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг орон нутагт 2.9 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан. 

-Олон нийт сошиал сүлжээнд хууль зөрчсөн үйлдлүүдийг мэдээлэх болсон. Үүнийг цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа хэрхэн тусгаж байна вэ?

-Цагдаагийн байгууллага өөрөө гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай гомдол, мэдээллийг хүлээн авах, цуглуулах, шалган шийдвэрлэх, учирч болох хор хохирлоос урьдчилан сэргийлэх үүрэгтэй.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авах ажиллагааны талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нарийвчлан зааж өгсөн байдаг. Иргэн хүн гомдол, мэдээллийг амаар, эсхүл бичгээр гаргаж болно. Биечлэн, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан гаргасан гомдлыг тэмдэглэл үйлдэж хүлээн авна гэсэн байгаа. Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд эрх бүхий байгууллага нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг амаар, бичгээр болон харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хүлээн авна гэж зохицуулсан.

Хуулийн зохицуулалтаас үзвэл цагдаагийн байгууллага нь олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг харилцаа холбооны хэрэгсэл ашиглан гаргаж байгаа гэж үзэн хүлээж авч болох ч Фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэг олон нийтийн сүлжээнд тавих хяналт, эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа. Энэ төрлийн гомдол, мэдээллийг шалгахад хуурамч хаягаар нэвтэрсэн, бусдын хаягийг хакердан мэдээлэл оруулсан зэрэг асуудал гардаг. Цаашид олон нийтийн сүлжээг бүртгэлтэй болгох, түүнийг ашиглан худал мэдээлэл өгөх, бусдыг гүтгэх, доромжлох асуудлыг таслан зогсоох чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай. 

-Сүүлийн үед цагдаагийн алба хаагчид ноцтой гэмт хэрэгт холбогдох, хүний эрхэд халдах асуудал цөөнгүй гарч, иргэдийг бухимдуулж байна. Таны зүгээс алба хаагчийн сахилга, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, Э.Бөхбат хурандаатай холбоотой асуудал дэгдсэн. Мөн Төв аймгийн Угтаалд хүний амь эрсэдсэн хэрэгт цагдаагийн алба хаагчийг буруутгадаг?

-Цагдаагийн байгууллага бол төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага. Тиймээс хуулийг дээдэлж, захирах, захирагдах ёсыг баримтлан, албандаа хүндэтгэлтэй хандаж, бие биедээ зарчимч шаардлага тавьж ажилладаг.

Бид сахилга хариуцлагаа дээшлүүлж, үйл ажиллагаагаа байнга сайжруулж явах ёстой.Алба хаагчдын сахилга ёс зүй, ажлын хариуцлага төдийлөн хангалттай сайн биш байна. Иргэд, олон нийтээс энэ талаар нэлээд шүүмжлэлтэй хандаж, алба хаагчдын ажлын хариуцлага, харилцааны ёс зүйтэй холбоотой асуудлаар гомдол, хүсэлтээ гаргаж ирүүлдэг.

Цагдаагийн ерөнхий газарт авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээлэл хүлээж авах 126 дугаарын утсыг ч 24 цагаар ажиллуулж байна.

Бид ирүүлсэн гомдол, мэдээлэл болон гарсан асуудал бүрийг бүртгэл, хяналтдаа авч, дотоод хяналт шалгалтын нэгжээрээ заавал шалгалт хийлгэн, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, шийдвэрлэдэг. Гомдол, мэдээлэлд дурьдсан асуудал бодитой, хууль тогтоомж, үйл ажиллагааны журам, дүрэм зөрчсөн нь тогтоогдсон тохиолдол нэг бүрт хариуцлага тооцож байгаа. Тоо баримт харж мэдээлэл өгье.

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдаас энэ оны эхний есөн сарын байдлаар 1159 сахилгын зөрчилд 1190 алба хаагч холбогдсон нь урьд оны мөн үетэй харьцуулахад, сахилгын зөрчил 279 буюу 31.7,  холбогдсон алба хаагчдын тоо 310 буюу 35.2 хувиар тус тус өссөн. Нийт зөрчлийн 85.3 хувийг байгууллагын дотоод хяналтаар, 14.7 хувийг иргэдийн өргөдөл гомдлоор илрүүлж шалгасан.

Нийгмийн хамгийн болохгүй бүтэхгүй асуудлуудтай нэн түрүүнд нүүр тулдаг учраас мэргэжлийн алдаа гаргах цаашлаад өөрсдөө гэмт хэрэгт холбогдох явдал цөөнгүй гардаг. Хууль бус үйл ажиллагаанд татагдан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогдож байгаа нь үнэн. Үүнтэй тэмцэхэд иргэдийн мэдээлэл, дэмжлэг туслалцаа нэн чухал.

Бид алба хаагчдын харилцаанд онцгой анхаарч, иргэдтэй соёлч бус, дээрэнгүй харьцах, хууль бус болзол, шаардлага тавих, эрх чөлөөнд нь халдах явдлыг таслан зогсооход чиглэсэн олон ажлыг бодит үр дүн гарахуйц хэлбэрээр зохион байгуулж байна.

Соён гэгээрүүлэх ажил, сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлж, алба хаагчдын албандаа хандах хандлагыг өөрчилснөөр байгууллага, алба хаагчдын соёл дээшилж, идэвх, санаачилга нэмэгдэн, хамт олны уур амьсгал сайжирч, сахилга ёс зүйн зөрчил буурна гэж харж, энэ чиглэлд түлхүү анхаарч байна.ТҮЦ тонож, бусдын халаасыг ухаж, хууль бус шаардлага тавьж, бусдаас шан харамж авдаг цагдаагийн алба хаагч байж таарахгүй. Хууль зөрчсөн аливаа үйлдлийг таслан зогсоож, хатуу хариуцлага тооцож ажиллана.

Цагдаагийн хурандаа Э.Бөхбатын эзэмшлийн байранд хууль бус тоглоомын газар ажиллаж байсан нь үнэн. Бид өөртэй нь уулзаж, ажлаасаа чөлөөлөгдөн шалгуулах талаар зөвлөгөө өгч, өөрийнх нь хүсэлтээр албанаас чөлөөлөншалгуулж байгаа.Төв аймгийн Угтаалын асуудлын тухайд манай Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс албаны шалгалт хийгдэж байгаагийн зэрэгцээ харьяаллын дагуу холбогдох газарт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас одоогоор мэдээлэл өгөх боломжгүй.

-Ер нь хурандаа нар аливаа хууль бус үйлдлийн ард байж хамгаалаад байна гэх хардлага байдаг. Цагдаагийн дотоод хяналт алба хаагчаа хэр сайн шалгаж, зөв бурууг нь тогтоодог вэ. Гэмт хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчийг цагдаа өөрсдөө шалгах нь зөв үү?

-Төр, ард түмний дунд хардлага их бий. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан, янз бүрийн шалтгаанаар чөлөөлөгдсөн, халагдсан алба хаагчид ихэвчлэн хувийн хэвшлийн харуул, хамгаалалтын байгууллагад орж ажиллаж байгаа. Ялангуяа уул уурхай дагасан харуул, хамгаалалтын ажилд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүнийг ажилд авах нь түгээмэл байдаг. Энэ нь тэдний ажил амьдралын туршлагыг харгалзан үздэгтэй холбоотой болов уу. Нөгөө түгээмэл хэлбэр нь өмгөөлөгчөөр ажиллаж байгаа тохиолдол. Манайд ажиллаж байсан хүмүүс ихэвчлэн эрүүгийн хэрэг дээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа нь анзаарагддаг. Мөн л эрхэлж байсан ажлын онцлог, туршлагатай холбоотой байх. Тэд маань нийгмийн анхааралд орсон, иргэдийн сонирхлыг татсан томоохон гэгдэх эрүүгийн хэргийг өмгөөлөх багт ихэвчлэн орсон нь ажиглагддаг. Хөндлөнгөөс зарим иргэд тэднийг ”цагдаад ажиллаж байсан”, “цагдаагийн хүн” гэж хараад байдаг бололтой. Өөрөөр хэлбэл уул уурхайтай холбоотой хууль бус үйл ажиллагаанд “цагдаагийнхан оролцоод байна. Эрүүгийн хэргийн шийдвэрлэлтэд цагдаагийн хүн нөлөөллөө, хаацайллаа, шалгаж буй мөрдөгчтэй хуйвалдлаа, хурандаа цолтой дарга нар нь үүрэг чиглэл өгөх байдлаар оролцлоо” гэх мэтээр хардаад байна уу даа гэж анзаарч байна. Хууль эрх зүйн хүрээнд ч, эрхэлж байгаа албан тушаалын эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд ч мөрдөн шалгах ажиллагаанд шууд хяналт тавих үүрэгтэйгээс бусад удирдах албан тушаалтнууд буюу иргэдийн хэлээд байгаа “хурандаа” нар хэрэг, зөрчил шалгах ажиллагаанд оролцох, нөлөөлөх, бүр сонирхож асуух нь ч хуулийн хязгаарлалттай шүү дээ. Ийм асуудал илэрсэн тохиолдолд тэд албан тушаалаа өгөөд зогсохгүй эрүүгийн хариуцлага ч хүлээх эрх зүйн орчин үйлчилж байгаа.

Цагдаа цагдаагаа шалгадаг болсон гээд алба хаагчдаас гаргасан сахилга ёс зүйн алдаа, дутагдлыг нуун дарагдуулаад, өөгшүүлээд, хамгаалаад үлддэг асуудал байхгүй. Харин ч бид энэ асуудалд шуурхай, шударга, хуулийн хүрээнд хандаж, шалгалтын бүхий л явцад анхаарал хандуулж, хяналт тавьж ажиллаж байна.Цагдаагийн төв байгууллагын бүтцэд дотоод хяналт шалгалт, аудитын болон аюулгүй байдлын чиг үүрэг хариуцсан нэгжүүд Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын шууд удирдлагад харьяалагдаж ажилладаг.

Бид алба хаагчдын гаргасан зөрчлийн 90 орчим хувийг дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн байдаг. Харин гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хуулийн хүрээнд харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт нэн даруй шилжүүлж шийдвэрлүүлдэг.

Бид дотоод хяналт шалгалтаараа өнгөрсөн онд гэмт хэргийн шинжтэй 44 алба хаагчид холбогдох 35 үйлдлийг, энэ оны эхний есөн сарын байдлаар 40 алба хаагчид холбогдох 34 үйлдлийг тус тус илрүүлж, Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. 2019 оны эхний есөн сарын байдлаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 104 алба хаагч 120 гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна.

-Манай улсад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ жил ирэх тутам нэмэгдэж, аюулын харанга дэлдлээ. Цагдаа энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй чадах чинээгээрээ тэмцэж илрүүлээд байгаа боловч ялын бодлого нь хөнгөдөөд байгаа юм биш үү? 

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь улс, үндэстэн дамнан нууц далд зохион байгуулалттай хэлбэрээр үйлдэгддэг учир бусад төрлийн гэмт хэргээс онцлогтой. Тухайлбал, энэ гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэрэг шиг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол хэлбэрээр бүртгэгддэггүй. Цагдаагийн байгууллагын идэвхтэй үйл ажиллагаа болон иргэдийн мэдээлэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнд илэрдэг гэж ойлгож болно. Тиймээс хар тамхитай тэмцэх нэгжийн үйл ажиллагааг эрчимжүүлж өргөжүүлэх, алба хаагчдыг чадавхижуулах, орчин үеийн дэвшилтэт техник хэрэгсэл нэвтрүүлэх чиглэлээр ихээхэн анхаарч ажиллаж байна.

2017 оноос хойш улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой  491 гэмт хэрэгт 1022 хүн холбогдон шалгагдсан. Зөвхөн энэ оны есөн сарын байдлаар 198 гэмт хэрэгт 335 хүн холбогдон шалгагдсанаас гадаад улсын 12 иргэн байна. Энэ төрлийн гэмт хэрэг болон түүнд холбогдогчийн тоо жил бүр өсч, бүртгэгдсэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нийт хүний 909 буюу 88.9 хувийг  35 хүртэл насны өсвөр үеийн хүүхэд залуучууд эзэлж байна. Үүний 58 буюу 5.6 хувь нь насанд хүрээгүй 13-18 насны хүүхэд байгаагийн 34 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч байна. Түүнчлэн төрийн албан хаагч 11, оюутан 135, тодорхой эрхэлсэн ажилгүй 584, гадаадын 14 иргэн байна. Энэ нь манайх шиг цөөн хүн амтай улсад өндөр үзүүлэлт.

Мөн анхаарал татаж байгаа гол асуудал хууль эрх зүйн орчин. Монгол Улс НҮБ-ын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэхтэй холбоотой конвенцуудад нэгдэн орсноор олон улсын өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээсэн. Энэхүү конвенцуудад нийцүүлэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих тухай хуулийг 2002 онд батлан хэрэгжүүлж байна. Хуульд зарим нэг нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгааг харгалзаад Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.

2017 оноос мөрдөж байгаа Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээг нэмэгдүүлсэн боловч доод хэмжээг нь бага тогтоосноор шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт оногдуулж байгаа ялын хэмжээ бага мэт харагдаж байна.

Нөхцөл байдалтайгаа уялдуулж Эрүүгийн хуульд заасан энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн бодолтой явдаг.

Засгийн газраас хууль бусаар ашигт малтмал олборлолтод чиглэлээр анхаарал хандуулж, шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч байгаа. Үүнд цагдаагийн байгууллага голлох үүрэгтэй оролцож байна?

-Манай улсад уул уурхайн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байна. Ашиглалтын технологийн онцлог, дэд бүтцийн байгууламжийг харилцан уялдаатай төлөвлөөгүйгээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажил хоцрогдож, орон нутгийн байгаль экологи, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлсөөр байна. Сүүлийн үед хөдөө, орон нутгийн иргэд, зарим төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хүчтэй эсэргүүцэж тэмцэх болсон. Төр засгийн зүгээс ч бодлогын түвшинд ихээхэн анхаарал хандуулж байгаа.

Бид Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтран Архангай, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт хууль бус үйл ажиллагаа явуулж, ашигт малтмал олборлож байгаа иргэн, аж ахуйн нэгжийг илрүүлэх, үйл ажиллагааг таслан зогсоох ажил явуулсан.  Цагдаагийн байгууллагаас хууль тогтоомжийн хүрээнд голлох үүргийг гүйцэтгэсэн.

Энэ төрлийн гэмт хэрэг өсч, цагдаагийн алба хаагчдын ажлын ачаалал, хүн хүч, техник хэрэгсэл дутмаг байдлаас шалтгаалан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх, хууль бусаар газрын хэвлийн баялагийг олборлож байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүсээд байгаа. Иймд Засгийн газрын шийдвэрээр хүрээлэн байгаа орчин, биологийн төрөл зүйлийн амьтан, ургамлыг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, шалган шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий Экологийн цагдаагийн бие даасан нэгжийг байгуулж байна.

-Сонгууль дөхөөд ирэхээр улс төрийн намуудын үйл ажиллагаа идэвхжиж, жагсаал цуглаан зохион байгуулагдах явдал нэмэгддэг. Цагдаагийн байгууллагаас нийгмийн дэг журмыг хангах чиглэлээр зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Цагдаа ч бай иргэн ч бай адилхан иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хүндэтгэж, эрх зүйт төрөөс тогтоосон хууль тогтоомжийг чанд сахиж байж, нийгэмд шудрага ёс тогтож, иргэд айдас багатай, амар тайван амьдрах учиртай л даа.

Урьд нь цагдаагийн байгууллагаас олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны үед зохион байгуулагчдыг тараах, хамгаалалтын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, чиглэдэг байсан . Одоо бид бүхэн иргэдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэх, аливаа жагсаал цуглаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлд хуулийн дагуу ажиллаж байна. Жагсаал цуглаан зохион байгуулах талаарх мэдээллийг авмагц, жагсаал цуглаан байгуулагчидтай урьдчилан уулзаж, хамтран ажиллах чиглэлээр санал бодлоо солилцож ажиллаж байгаа. Мөн хууль тогтоомжийн хүрээнд урьдчилан мэдэгдэл шаардлага өгч, болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэх ажлыг голлон хэрэгжүүлж байна.

-Зөрчлийн тухай хуулиар маш олон хүний үгээ хэлэх эрхэнд халдаж, сүүлдээ хувийн орон зайдаа бичсэн постных нь төлөө байцаасан талаар иргэд ярьцгааж байна. Цагдаа хүний эрхэнд халдаад байгаа юм биш үү?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүх нийтийн оролцоо чухал. Сүүлийн үед иргэд, олон нийт маань цахим орчноор дамжуулан санал бодлоо илэрхийлэх болсон. Цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа цахим орчинтой уялдуулж байгаа бөгөөд ялангуяа урьдчилан сэргийлэх чиглэлд илүү ажиллаж байгаа. Бид иргэдийнхээ санал бодлыг үйл ажиллагаандаа тогтмол тусгаад явж байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө торгууль оногдуулсан тохиолдол байхгүй болов уу. Иргэн бүр Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй.  Цагдаа бол торгох, шийтгэх, баривчлах, хорих ажиллагааг урьтал болгодог байгууллага биш. Эдгээр ажиллагаа нь тусгайлсан хууль тогтоомжийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, илрүүлэх, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагддаг ажиллагаа.

Иргэнийг өөрийн хувийн орон зайдаа бичсэн постны төлөө байцаасан, шалгасан гэвэл бас өрөөсгөл мэдээлэлтэй байна гэсэн үг. Асуудлыг шалгах явцад цахим хаяг ашиглан хүний нэр төрийг илт гутаан доромжилсон, улс орны ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй мэдээллүүдийг оруулсан, уриалсан, турхирсан болох нь тогтоогдсон тул хуулийн хариуцлага хүлээлгэсэн.

-Польш улсад эрэн сурвалжлагдаж буй 69 хүний дуулиан дэгдсэн. Үүнд мөрдөн байцаах албанд ажиллаж байгаа хүмүүсийн нэрс байна. Энэ чиглэлд цагдаагийн байгууллага ямар ажиллагаа явуулж байна вэ? 

-Тийм ээ. Нэр дурдагдаж байгаа хоёр цагдаагийн алба хаагчийн хувьд нэг нь Дотоод хэргийн их сургуульд, нөгөөх нь манай цагдаагийн байгууллагад ажилладаг нь үнэн. Гэхдээ яг ямар гэмт хэрэгт холбогдсон мэдээлэл одоогоор алга. Бид Польшийн цагдаагийн газар руу албан бичиг явуулсан. Польшоос ирүүлсэн мэдээллийг үндэслэн дараагийн асуудал яригдана. Тэр болтол тухайн алба хаагчийг шалгах, хариуцлага тооцох хууль зүйн үндэслэл байхгүй. Одоо бидэнд байгаа баримт мэдээлэл гэвэл сэтгүүлч та бүхэнд ил болсон 69 хүний нэрс л юм. 

-“Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн”-ий тэргүүн Т.Энхсайхан өөрийнх нь хийж буй тэмцэлтэй холбогдуулж түүний нөхрийг ажлаас нь халсан, дарамталсан гэж хэвлэлд яриа өгсөн байсан. Энэ үнэн үү?

- Т.Энхсайхан гэх эмэгтэй сүүлийн үед хэвлэл мэдээлийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлэх болсон. Иргэн Т.Энхсайханд холбогдох гэмт хэргийн шинжтэй асуудал манай Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж байгаа нь үнэн. Хэргийн шалгалтын явцын талаарх тодорхой мэдээллийг прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй мэдээлэх боломжгүй. Энэ эмэгтэйн нөхөр Д.Очгэрэл нь манай ажилтан мөн. Эрүүгийн цагдаагийн албанд хэлтсийн даргаар ажиллаж байсан. Цагдаагийн хурандаа Д.Очгэрэлийг албан тушаалаас нь үндэслэлгүй чөлөөлсөн асуудал яригдсан. Энэ талаар тодруулж тайлбар хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Цагдаагийн төв байгууллага нь харьяа байгууллагуудынхаа үйл ажиллагааг шалган зааварчилж, илэрсэн зөрчил дутагдлыг засуулж, тодорхой үүрэг чиглэл өгч, түүнийхээ биелэлт, үр дүнг тооцох ажлыг төлөвлөн үе шаттай зохион байгуулдаг. Эрүүгийн цагдаагийн албанд 2013 оноос хойш дотоод хяналт шалгалт хийгдэж, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байсан. Энэ жил тус албанд хуваарьт шалгалт хийгдэх байсан. Шалгалтыг өнгөрсөн сарын 18-20-ны өдрүүдэд явуулж, дүнг хуралдаанаараа хэлэлцээд зохих шийдвэрүүдийг гаргасан. Шалгалтад тус албаны бүх нэгжийн үйл ажиллагааг хамруулж, шалгалтын дүнг үндэслэн албан тушаалын тодорхойлолтод заасан ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тус албаны дарга, Дэд дарга, хэлтсийн дарга нарын нийт долоон удирдах албан тушаалтанд Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу албан тушаал бууруулах болон цалинг тодорхой хувиар хасах сахилгын шийтгэл оногдуулж, шалгалтаар илэрсэн зөрчлийг засуулах хугацаатай үүрэг өгсөн.

Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Д.Очгэрэлийн хувьд хариуцсан хэлтсийн ажлын зохион байгуулалт хангалтгүй, алба хаагчдыг мэргэшүүлэх, сургаж дадлагажуулах чиглэлээр ажил хийгдээгүй, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үр дүн хангалтгүй, энэ төрлийн гэмт хэргийг бууруулах бодитой, үр дүнтэй ажил төлөвлөн хэрэгжүүлээгүй гэх мэт дутагдал заагдсан. Энэхүү шалгалт нь Т.Энхсайхан гэгч эмэгтэйн улс төр хийж буй цаг үетэй давхацсан учраас тэрээр өөрийн зүгээс ийм дүгнэлт хийж байх шиг байна. Түүнээс биш Т.Энхсайханы үзэл бодлоо илэрхийлсэн, улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаатай нь холбогдуулан гэр бүлийнх нь хүнд чиглэсэн шалгалт хийж, ажлын байр, албан тушаалыг нь өөрчлөөгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

-Таныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой хамаатан гэх яриа байна. Үүнд тайлбар хэлнэ үү?

-Энэ удаад би хувийн амьдралынхаа талаар тайлбар өгье. Би Улаанбаатар хотод төрсөн. Дундговь аймагт өсөж, торнин дунд сургуулиа төгссөн. Миний аав төдийгүй өвөг эцэг, эх маань ч Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат. Аав маань 1951-1984 онуудад тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа төв, орон нутгийн байгууллагуудад байцаагч, төлөөлөгч, ахлах төлөөлөгч, группийн болон тасаг, хэлтсийн даргаар ажилласан, хурандаа цолтой хүн байсан. Ээж маань Дундговь аймгийн Луус сумын харьяат. Эхнэр маань Улаанбаатар хотод төрж өссөн. Харин эхнэрийн маань аав Увс аймгийн Тэс, ээж Давст сумын харьяат хүмүүс байсан. Энэ нь намайг Ц.Нямдорж сайдтай хамаатан мэтээр хардаж бичих үндэслэл болсон юм болов уу. Миний хувьд орон нутагт ажиллаж байхдаа 2000-аад оны эхээр анх сайдтай нүүр тулан уулзаж, ажлаа илтгэн танилцуулж байсан. Одоо энэ албан тушаалд томилогдсоноос хойш ажил төрлийн холбоотой болж харьцаж байна. Хамаатан садан, ураг төрлийн байтугай хувийн, ашиг сонирхлын ямар нэгэн холбоогүй.

Цаашид ч цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд удирдлагаас шалтгаалах бүхий л арга хэмжээг авна. Цагдаагийн ерөнхий газарт авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээлэл хүлээж авах 126 дугаарын утсыг ч 24 цагаар ажиллуулж байна.

 

Эх сурвалж: Өдрийн сонин Г.Батзориг


keyboard_arrow_up