Барилгын салбарт “Water Jet” гэх шинэ технологи нэвтрээд таван сар болж буй. Энэхүү шинэ технологи нь гоёлын чулуун хивснээс авахуулаад чулуугаар хийж болох бүхий л хийцийг бүтээл болгодогоороо онцлог. Уг технологийг анхлан Монголдоо нэвтрүүлэн хэрэглээнд оруулсан “Байгалийн чулуун хийц” ХХК-ийн борлуулалтын менежер Б.Дэлгэрбаяртай ярилцлаа.
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монголд анх удаа “Water Jet” гэх технологийг танай компани оруулж ирэн хэрэглээнд нэвтрүүлжээ. Энэхүү технологийн онцлог, давуу тал нь юу вэ?
Манай байгууллагын хувьд чулуун урлалыг орчин цагийн хэрэглээнд нийцүүлэн дэвшилтэт технологиор төрөл бүрийн бүтээгдэхүүнийг цэвэр байгалийн чулуугаар хийж, бүтээдэг салбартаа анхдагч үндэсний компани юм. Байгалийн цэвэр чулууг ашиглан гэр ахуйн болон интерьер, экстерьерийн чулуун хийцүүдийг үйлдвэрлэж байна. Харин Монголдоо “Water Jet” хэмээх шинэ технологийг нэвтрүүлэхийн тулд хоёр жилийн турш судалсны үр дүнд технологийн сайн бэлтгэн нийлүүлэгчийг олж, энэ оны долдугаар сараас эхлэн өөрийн үйлдвэрлэлдээ нэвтрүүлээд байна. Манай бэлтгэн нийлүүлэгчийн хувьд АНУ, Итали, Герман, Бразил зэрэг улс оронд олон төслийг амжилттай гүйцэтгэсэн компани байдаг. Бид технологио оруулж ирэхдээ эхлээд нийлүүлэгчийн үйлдвэр дээр өөрийн ажилтнуудаа сургаж бэлтгэн, чадавхжуулсан.
“Water Jet” нь хатуу биеийг зүсэх технологи ба 20 см хүртэлх зузаантай бүх төрлийн хатуу биетийг нэг мм-ийн нарийвчлалтай зүсдэг автомат удирдлагатай машин юм. Өөрөөр хэлбэл бүх төрлийн өндөр нарийвчлалтай зүсэлтийг хэрэглэгчийн хүссэнээр хийж гүйцэтгэх боломжтой болж байгаа юм. Тодруулбал чулуу, төмөр, шил гэх мэт хатуу биетийг хүссэн хэлбэр дүрстэйгээр зүсч бүтээл хийх боломжтой.
“Water Jet”-н хамгийн өргөн хэрэглээ нь гоёлын чулуун хивс юм. Өмнө нь Монголчууд энэ төрлийн бүтээгдэхүүнийг импортоор авдаг байсан бол одоо Монголдоо үйлдвэрлэснээр хэрэглэгчид 40-60 хувийн хямд өртгөөр хүссэн хээ, хэлбэр, хэмжээгээр хийлгэх боломж бүрдсэн.
“Water Jet” технологиор хийсэн чулуун хивснээс гадна өөр ямар төрлийн бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчид их сонирхож байна вэ?
Бид шинээр байгууллагын хаягыг “Water Jet” технологи ашиглан чулуугаар хийж байна. Энэ төрлийн хаяг нь харахад өнгө үзэмжтэй, өнгөө алдаж хуучрахгүй, цэвэрлэхэд хялбар, олон өнгийн чулуу ашиглан хийх боломжтойгоороо онцлог.
Одоогоор энэ төрлийн захиалгыг интерьер, экстерьерийн компаниуд, мөн тансаг зэрэглэлийн хороолол, хотхон, хаус төсөл дээр ихээр өгч байна.
“Ямар ч эрсдэлгүйгээр хэлбэр дизайн, дүрс, хэлбэрт баригдахгүйгээр хүссэн хэлбэрээр шийдэх боломжтой болсон”
Танай компанийн давуу тал бол байгалийн чулуугаар бүтээгдэхүүн, бүтээл хийж хэрэглэгчиддээ үйлчилдэг. Байгалийн чулууг ахуйн амьдралдаа ашигласнаар ямар давуу талтай бэ?
Эхлээд байгалийн чулууг бүтээгдэхүүн болон очих хүртэлх ойлголтыг тайлбарлах нь зөв болов уу. Чулуу боловсруулалтын технологи нь уурхайтай ижилхэн гэж хэлж болно. Эхлээд чулуу олборлолтоос эхлэх бөгөөд уулыг бутлан тодорхой форматанд оруулан тээвэрлэлтийн процесст ордог. Уурхайн аман дээрээс тээвэрлэгдэж ирсэн чулууг чулуу бэлтгэдэг үйлдвэрүүд зүсч янзлан нэгэн хэвэнд оруулан анхан шатны өнгөлгөөг хийн, чулууны ар хэсэгт хүчитгэгч тор байршуулж нааж өгдөг. Учир нь анхан шатны үйлдвэрээс гарч ирсэн чулуу нь цаашлаад хоёрдогч болон гуравдагч үйлдвэрлэгч дээр очиж эцсийн бүтээгдэхүүн болж зах зээлд нийлүүлдэг тул чулууны хагарамтгай шинж чанарыг бууруулах зорилгоор хүчитгэн бэхжүүлж өгдөг. Байгалийн чулууны онцлог нь зүлгэх тусам өнгө ордог, ямар нэгэн химийн өнгөлгөө хийгддэггүй зөвхөн өөрөөр нь өнгөлдөг онцлогтой.
Өнөөдрийн байдлаар дэлхий дээр чулууны бүтцээс хамаарч хуурай болон усан өнгөлгөөний технологийг ашиглаж байна. Манай үйлдвэрийн хувьд энэ хоёр төрлийн өнгөлгөөг үйлдвэрлэлдээ ашиглан өнгөлгөөний 9 шат дамжлагатайгаар хэрэглэгчийн гарт гялалзсан бүтээгдэхүүнийг хүргэж өгч, угсарч суурьлуулж үйлчилдэг. Хүмүүс ихэвчлэн гал тогооны өрөөнд байгалийн чулууны нэг болох боржин чулууг ашигладаг. Энэ нь гантиг чулууг бодвол илүү нягт, халуун хүйтэнд маш тэсвэртэй, нян бактер үрждэггүй давуу талтай. Бид өнгөрсөн есөн жилийн хугацаанд ойролцоогоор 8000 гаруй гал тогооны өрөөний чулуун тавцан, ханын бүтээлүүдийг хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл байгалийн чулуу бидний өдөр тутмын амьдралын эрүүл, эко, чанар, эдэлгээ, дахин давтагдахгүй өнгө үзэмжээрээ салшгүй нэг хэрэглээ болсон нь харагдаж байна.
Нэмэлт мэдээлэл өгөхөд байгалийн чулуу нь нягт өндөртэй учир нян бактер үрждэггүй, хэрэглээний явцад улам өнгө орж үнэ цэнэ нь нэмэгдэж байдаг, өөрөөсөө байгалийн эрчмийг ялгаруулдаг тул хүнд эерэг энерги, мэдрэмжийг өгөхөөс гадна нүд сэтгэлийг баясгаж байдаг.
Сүүлийн жилүүдэд Дэлхий нийт байгалийн гаралтай бүтээгдэхүүн, бүтээлд илүү таашаалтай хандах болсонсоор энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт жил бүрс өссөн нэмэгдсээр байгаа бөгөөд сүүлийн 10 жилд л гэхэд олборлолтын хэмжээ 50 гаруй хувиар нэмэгдэд байна. Манай Монгол хэрэглэгчид ч гэсэн байгалийн чулуун бүтээлийг ихээр таашааж өдөр тутмын хэрэглээгээ болгосоор 10-аад жил болж байна.
Одоо танай компани ямар төрлийн чулуугаар бүтээл хийж байгаа вэ?
Бид барилгын чулуун хийц дээр боржин чулууг, гоёлын хананд гантиг болон оникс чулууг, гал тогооны өрөөнд боржин болон оникс чулууг хослуулан бүтээгдэхүүн, бүтээл хийж байна. Мөн томоохон хүлээлгийн танхим, рестораны тейкэнд боржин чулууг ихээр хэрэглэдэг. Бидний шинээр нэвтрүүлсэн “Water Jet” технологиор чулуун хивс, ханын гоёл, байгууллагын хаяг, лого гэх мэт нарийн зүсэлттэй бүтээлүүдийг хэрэглэгчийн захиалгын дагуу хийж гүйцэтгэж байна.
Байгалийн чулуу сонирхож, сонгож байгаа хэрэглэгчдийн дунд байдаг хэвшмэл буруу ойлголтууд юу байдаг вэ?
Чулуу болгон өөрийн гэсэн онцлогтой учир ямар чулууг юунд ашиглах вэ гэдгээс хамааран бүтцийг сайн асууж тодруулсан байх ёстой. Тэгэхгүй бол ханын чулууг шаланд юмуу тавилгын тавцанд хэрэглэх нь өөрөө хэрэглээний явцад ямар нэгэн асуудал гаргадаг тохиолдол их. Зарим чулууг угсарч суурилуулахад ажиллагаа их шаарддаг, эмзэг байдаг. Тиймээс мэргэжлийн газарт, мэргэжлийн хүмүүст хандаж сонголтоо хийх хэрэгтэй гэж зөвлмөөр байна.
Мөн хүмүүс байгалийн чулууг халуунд тэсвэргүй гэж боддог. Харин ч халуунд маш тэсвэртэй бүтээгдэхүүн.
Давуу тал ч ихтэй. Заримдаа хүмүүс галалгаатай камин зуухаа байгалийн чулуугаар хийхээр хагардаг гэсэн буруу ойлголтоосоо болоод хиймэл чулуу, мозайк гэх мэт материалаар өнгөлсөн байдаг. Эдгээр нь халуунд тэсвэргүй учир хагарч унах, наалт нь салах зэрэг чанарын шаардлага хангахгүй үзүүлэлтүүд их гардаг. Иймээс бид захиалагч бүрт зөвлөх үйлчилгээ давхар үзүүлж сонголтоо зөв хийхэд нь тусалсаар ирсэн.
Гэртээ байгалийн чулуу хэрэглэдэг хүмүүст арчилгааны зөвлөгөөг өгнө үү?
Манайхаас чулуун бүтээгдэхүүн авч байгаа тохиолдолд бид эхний удаагийн өнгөлгөөг угсралтын дараа хийж өгдөг. Цаашид хэрэглэгчид манай дээр байдаг чулуу өнгөлгөө, арчилгааны бодисыг авч жилдээ нэг удаа л өнгөлөхөд хангалттай.
Ер нь чулуун хэрэглээг дагаад тодорхой хугацааны давтамжтайгаар өнгөлгөө заавал шаарддаг. Гэхдээ байгаалийн чулуу нь хиймэл чулууг бодвол өөртөө өнгө, үнэр шингээдэггүй, мөн хэрэглээний явцад зураас үүсдэггүй, өнгөө алдах нь маш бага. Иймээс байгалийн чулуу нь таны насан туршын хэрэглээ болж чаддаг давуу талтай.