ARSLANPODCAST энэ удаагийн дугаарт ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд болон мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Түвшинжаргал нар уригдан ирсэн байна.
ШУУД СОНСОХ:
Өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө ярилцлагаа ТЦА үндсэн чиг үүргээс эхлэх нь зөв болов уу?
Э.Энхболд: Тээврийн цагдаагийн алба нь өмнө нь Замын цагдаагийн газар гэсэн нэршилтэй байсан. 2018 оны 8-р сард ЦЕГ-ын тушаалаар өмнө нь Замын Цагдаагийн алба, мөн Төмөр зам дахь цагдаагийн газар, Иргэний нисэхийн харьяа цагдаагийн хэлтсүүдийг нэгдсэн нэг зохион байгуулалтанд оруулаад Тээврийн Цагдаагийн албыг нэгтгэн зохион байгуулан ажиллаж байна.
ТЦА-ны үндсэн чиг үүрэг нь авто зам, төмөр зам, нисэхийн аюулгүйн зурвас дээр гарч байгаа олон нийтийн хэв журмыг зөрчсөн зөрчил, осолыг шалган шийдвэрлэх үндсэн чиг үүрэгтэйгээс гадна, зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өдөр дутамдаа хийж гүйцэтгэдэг алба юм.
Зам тээврийн осол ихэвчлэн ухамсарт үйлдлээс үүдээд байх шиг санагддаг юм. Танай алба олон нийтэд чиглэсэн нөлөөллийн аянуудыг өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа зохион байгуулсан. Эдгээр аняны үр дүнгээс бидэнд хуваалцаач?
Э.Энхболд: Альваа гэмт хэрэг, зөрчлийн ард хүн хамгийн гол буруутан болдог. Зам тээврийн ослын тухайд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зам, байгаль цаг уурын орчин нөхцөл, хууль эрх зүйн орчин зэрэг нь осол аваар, зөрчил өсөх, буурахад нөлөөлж байдаг онцлогтой.
Нийт зам тээврийн ослын 99% нь хүний буруутай үйлдлээс, үүн дотроо жолооч нарын буруутай үйл ажиллагаанаас болж үүсдэг нь статистик мэдээлэлээс харагддаг.
Замын хөдөлгөөнд оролцогч жолооч, зорчигч, явган зорчигч нар нь замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээд хөдөлгөөнд оролцвол зам тээврийн осол гарахгүй байх бүрэн боломжтой. Гэтэл замын хөдөлгөөны дүрмийг мэддэг хэрнээ зөрчөөд байгаа нь хөдөлгөөнд оролцогч нарын сэдэл, оюун бололтой холбоотой. Хувь хүний бодлыг зөв болгохын тулд олон нийтрүү чиглэсэн нөлөөллийн аянуудыг өнгөрөгч онд зохион байгуулсан. Монгол улсад зам тээврийн ослын улмаас жилдээ 500-600 хүн амь насаа алддаг. Эдгээр ослын 75 орчим хувь нь хөдөө, орон нутгийн замд үйлдэгддэг ба ослын үндсэн шалтгааны 70% нь жолооч дүрмээр, тэмдэг тэмдэглэгээгээр тогтоож өгсөн хурдыг хэтрүүлж хөдөлгөөнд оролцсоноос үүдсэн байдаг. Энэ үзүүлэлтээс үүдэн ЯАРААД ЯАХАВ ДЭЭ аяныг өнгөрсөн зуны турш өрнүүлсэн.
Аяны хүрээнд жолооч нар маань хурд хэтрүүлэх нь эрсдэлтэй юм байна, альваад цагаа зөв тооцоолж, эрсдэлийн хугацааг нэмж хөдөлгөөнд оролцож эхэлсэн нь орон нутгын замд гардаг ослыг бууруулсан сайн үр дүн гарсан.
Мөн хүн амын тал хувь нь амьдардаг, бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 70 орчим хувь нь зорчдог Нийслэл нь зам тээврийн осол ихээр гардаг бүс нутаг болоод байгаа учраас гэмт хэрэг, осол, зөрчлийг бууруулахын тулд хотжих үйл явц буюу олноороо нэг дор амьдарч байгаа энэ нөхцөлд бие биедээ төвөг удахгүй байх естой гэсэн хандлагыг төлөвшүүлэх зорилгоор ДУРААРАА БИШЭЭ ДҮРМЭЭРЭЭ аяныг зохион байгуулсан. Хэрэв та нийтийн эзэмшлийн зам талбайд хөдөлгөөнд оролцож байгаа бол дураараа биш дүрмээрээ зорчих ёстой. Дур зоргоороо дүрэм зөрчөөд бусдаас өөр авир, үйлдэл үзүүлэх нь нийгэмд сөрөг осол аваар, хохирлуудыг учруулдаг юм гэдгийг иргэддээ ойлгуулахыг зорьсон юм. Иргэд маань аяны үр дүнд бие биедээ зөв шаардлага тавьж, илтэд урсгал сөрөх, явган хүний зам дээр машин тавих, нийтийн эзэмшлийн талбайд хог хаях гэх мэт үйлдлүүд буурч байгаа боловч оны эцсийн тоо баримтыг үзэхэд хүний амь нас эрсдсэн болон эдийн засгийн хохирлын хэмжээ өссөн байна. Эндээс харвал бид бүрэн гүйцэт ухамсарлаж, томоожиж, сахилга баттай болоогүй байгаа нь харагдаж байгаа.
Цаашид жолооч нарын дүрмийн мэдлэг, сахилга, ухамсарт нөлөөлсөн нөлөөлийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулах нь зүйтэй гэдэг дээр төвлөрөн ажиллаж байна.
Яг энэ цаг хугацаанд ирэх жилийн төлөвлөгөө тань гарч байгаа байх. Ирэх жил дээр дурдсан шиг олон нийтэл чиглэсэн нөлөөллийн ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна уу?
Э.Энхболд: Сүүлийн үед бүртгэгдэж байгаа осол, гэмт хэргийн нөхцөл байдлыг харж анализ хийхэд нэгдүгээрт явган зорчигчидыг гарцаар гарч байхад нь мөргөж гэмтээдэг, мөн явган зорчигчид гарцгүй газраар зам хөндлөн гарах, шөнө оройн цагаар гэрэлгүй орчинд зам гарч яваад мөргүүлэх тохиолдол их байна. Тэгэхээд явган зорчигч аюулгүй байдлаа ханган зам хөндлөн гардаг болох, гарцаар гарч байгаа явган зорчигчид жолооч нар зам тавьж өгдөг соёлыг бий болгох чиглэлээр ажлууд хийхээр төлөвлөж байна.
Мөн согтуу жолоочын хэрэг буурахгүй байгаа. Өнгөрсөн жил 31000 орчим согтуу жолооч тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож байх үедээ цагаад түр саатуулагдаж, зөрчлийн шийтгэл авч журамлагдаж байсан бол энэ оны 11 сарын байдлаар 31,367 согтуугаар машин барьж яваад цагаагийн алба хаагчдад саатуулагдан жолоо барих эрхээ нэг жилээр хасуулан, 400 мянган төргөргөөр торгуулах, хэрэв эрх нь хасагдсан, ангилал зөрсөн гэх мэт зөрчил гаргасан иргэдийг шүүхийн захирамжаар 7-30 хоног баривчилсан хэргүүд бүртгэгдсээр байна.
Маш аймшигтай мэдээ байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь санаатайгаар тухайн үйлдлийг хийдэг гэсэн үг болж таарч байна л даа. Дээрх тооноос харахад өдөрт л 90 согтуу жолоочийг цагдаа барьж илрүүлсэн гэсэн аймшигтай тоо гарч байна л даа?
Э.Энхболд: Энэ бол зөвхөн цагаадгийн алба хаагч гудамж замын хяналтаар илрүүлж байгаа л зөрчлийн мэдээлэл. Өргөн уудам нутагтай Монгол оронд маань цагдаагийн алба хаагчийн хүрэлцээ ямар байгаа билээ дээ. Мөн шөнийн цагт бүх уулзавуудаа хяналтанд авч чадахгүй байна. Үүний цаана баригдахгүйгээр хэд ч явж байгааг бид мэдэх аргагүй. Дээрх 90 тохиолдолын 4-5 нь согтуу уедээ машин барьж яваад осол гаргаж бүртгэгддэг.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад цагдаагийн алба хаагчид саатуулагдсан тохиолдолд ямар шийтгэл оногддог вэ? Мөн хүн мөргөж гэмтээсэн, магадгүй хүний амь нас эрсдсэн шийтгэл нь юу байдаг вэ?
Б.Түвшинжаргал: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад цагдаагийн алба хаагчид саатуулагдсан тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 14-р зүйлийн 7-д зааснаар автомашин жолоодох эрхийг нэг жил хүртлэх хугацаагаар хасаж, 400 мянган төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулдаг. Энэ үйлдийг давтсан тохиолдол шүүхийн захирамжаар 7- 30 хоног баривчлагддаг.
Ер нь бол цаг дутамд л согтуу жолооч өөртөө хөнгөмсөгөөр найдан зам тээврийн осол үйлдсээр байна. Жишээ нь гарцаар гарч явсан иргэнийг мөргөх, явган хүний зам дээр зорчиж явсан иргэнийг мөргөх гэх мэтээр хэрэг үйлддэг.
Эдгээр нөхцөлд мөрдөн шалгах хэлтсээс жижүүрийн бүрэлдхүүн очиж тухайн осол гэмтлийн үзлэг хийдэг. Үүнд согтуу жолоочийн согтуугийн зэргийг тогтоох, гэмтсэн иргэнд шүүх эмнэлгийн шинжээч томилж тодорхой хугацааны дараа тухайн хэрэг гэмт хэрэг үү, зөрчил үү гэдгийг шийддэг.
Согтуугаар хүн гэмтээгээд шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүндэвтрээс дээш гэмтэл гарвал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27-р зүйлийн 10-ын 10-р бүлэгт зааснаар хэрэг бүрдэлт нээгдээд гэм буруугийн асуудал нь тогтоогдвол шүүхэд шилжүүлэн цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх тогтолцоотой байдаг.
Зарим тохиолдолд хөнгөн гэмтэл болон гэмтлийн зэрэг дүгнэлтээр гарахгүй тохиолдол байдаг. Энэ нөхцөлд жолоочийн буруу бол хохирогчид гарсан хохирлыг төлүүлэх мөн зөрчлийн тухай хуульд заасан дээр дурьдсан арга хэмжээг хэрэглэнэ.
Согтуу жолооч нар тухайн үйлдэл хийсэн шалтгаанаа хэрхэн тайлбарладаг вэ?
Б.Түвшинжаргал: Хувь хүнээс мэдүүлэг авахад маш их стресстай, тухайн үеийн сэтгэл зүйн байдал зэрэг нь нөлөөлсөн байдаг. Мөн гэр ойрхон, мөнгөгүй, өөртөө хөнгөмсөгөөр найдан жолоо барьсан байдаг.
Э.Энхболд: Мэдүүлэг авч байханд ихэвчлэн биеэ өмөөрдөг. Би хэтэрхий согтуу байсан, мөнгөгүй байсан, цагдаад баригдахгүй байх гэж бодсон, би ганцхан хундага архи л уусан ш дээ, нэг стакан пиав л уусан ш дээ гэх мэтээр биеэ өмөөрсөн хандлага л их гардаг даа. Гаргасан зөрчилд нь арга хэмжээ авахаар зөрчлийн шийтгэврийг маш хүндээр хүлээж авдаг. Нэг юм нэмж хэлэхэд хүн архийг ганцаараа уух нь ховор, ихэвчлэн ойр дотны хүмүүстэйгээ уусан байдаг. Энэ үед архи цуг уусан хүмүүс нь машин бариад явахыг нь зөвшөөрөөд л амь амиа бодоод л салаад явдаг. Энэ үйлдэл нь хэн нэгнийгээ гэмт хэрэгтэн болгох ч тохиолдол байдаг. Тухайн үйлдлийг таслан зогсоох боломж байсаар байтал хэнэггүй байдлаасаа болоод тоохгүй явуулдаг. Энэ тохиолдолд хамт согтуурсан хүмүүст нь хариуцлага хүлээлгэх дүрмийн заалт байдаг шүү. Машин бариагүй байж ч болно. Хамт архи ууж байсан нөхөр нь гарч яваад машинд мөргүүлээд гэмтээд эсвэл бүр амь насаа алдсан тохиолдолд хамгийн сүүлд хэнтэй цуг, хаана байсан гэдгийг шалган согтуу биеэ авч явах чадваргүй хүнийг замын хөдөлгөөнд оролцуулсан хэргээр эрүүгийн хариуцлагад татах хуулийн зохицуулалт байдаг гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
Иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад цагдаагийн алба хаагчид саатуулагдаад зөрчлийн болон баривчлах шийтгэл хүртэж байгаа тохиолдолд тухайн иргэний албан байгууллагад ТЦА-наас албан тоот явуулдаг гэж сонсож байсан юм байна. Энэ талаар та дэлгэрүүлж мэдээлэл өгөөч?
Э.Энхболд: Ер нь согтуу жолоочтой тэмцэхийн тулд тухайн хүний найз нөхөд, хамт олон,гэр бүл хүрээлэлтэй хамтран ажиллан хүмүүжүүлэх хэрэгцээ шаардлага байдаг. Нэг хамт олны дундаас нэг нь архи уугаад машин барьж байна гэдэг нь тухайн хамт олон дунд өөр ийм тохиолдлууд байхыг ч үгүйсгэхгүй.
Ийм учраас ТЦА-аас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ноцтой осол гаргасан, явганаар явж байгаад зам тээврийн осолд өртөн гэмтсэн тохиодолд тухайн үйл ажиллагааг зохион байгуулсан байгууллага, хамт олонд албан мэдүүлэг, шаарллагыг хүргүүлдэг.
Нэг талаар иргэд маань энэ асуудалд их эмзэг ханддаг. Хүний эрхэнд халдлаа, би архий уугаад машин барьсан л биз заавал манай хамт олонд хэрэг шаардлагагүй гэдэг байдлаар ханддаг. Гэвч дүрэмээ бие биелүүлээгүй байж эрхээ яриад байдаг. Олон улс оронд согтуугаар машин барихийг хэзээ ч тэвчдэггүй, энэ үйлдлийн өөгшүүлдэггүй. Манай улсын 1940-өөд оны замын хөдөлгөөний дүрэмд хүртэл “Архи ууж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон яваад осол гаргасан бол тухайн иргэнийг цаазаар авна” хэмээх ялтай байсан түүхэн эх сурвалж байна.
Архи савнаасаа бусдыг дийлдэг. Иймээс нийтээрээ архи хэрэглэсэн хүн машин барих болон явганаар замын хөдөлгөөнд оролцох нь маш эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэдэг гэдгийг ойлгох нь зүйтэй.
Миний урилгыг хүлээн авч маш хэрэгтэй мэдээллийг хуваалцсанд баярлалаа.