Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Э.Ариунболдтой хууль бусаар ашигт малтмал олборлох болон манай оронд үүсээд буй энэ төрлийн гэмт, хэрэг зөрчлийн талаарх мэдээ мэдээллийг авахаар урилаа.
ШУУД СОНСОХ:
-Экологийн цагдаагийн алба хэзээ байгуулагдсан болон албаныхаа үйл ажиллагааны онцлогийн тухай бидэнд мэдээлэл өгнө үү?
-Сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг тасралтгүй нэмэгдэх болсон. Энэ төрлийн гэмт хэрэг ногоон бүсэд үйлдэгдэх нь нэмэгдсэн. Хулгайгаар мод бэлтгэх, ховор ан амьтныг агнах, ховор ургамал хууль бусаар түүж бэлтгэх, нийтийн зугаалга хийх үеэрээ гал алдаж, түймэр тавих, хог тарих зэрэг гэмт хэрэг зөрчил ихэссэн тул Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар Экологийн цагдаагийн алба байгуулах шийдвэр гарсан.
Өнөөдрийн байдлаар 21 аймагт салбар төлөөлөгчтэй, 170 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажил үүргээ гүйцэтгэж байна. Алба маань хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх юм.
-Танай албаны хувьд ЦЕГ-ийн хамгийн отгон алба байгуулагдаад л НОГООН ДУУ ХООЛОЙ аяныг орон даяар амжилттай зохион байгуулж байгаа нь тун сайшаалтай. Аян үргэлжлээд 20 гаруй хоногийн хугацаа өнгөрлөө гарч буй үр дүн мөн цаашдаа ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна?
-Өнгөрсөн хугацаанд хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд анхаарч соён гэгээрлийн, нөлөөллийн ажлууд хийгдээд байна. Энэхүү аяныг мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөн шалгах хэлтэстэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Иргэн таны дуу хоолой байгалиа хамгаалахад томоохон хувь үзүүлнэ шүү.
Дүүрэг, орон нутгийн алба хаагчид маань өнгөрсөн долоо хоногт л гэхэд 14 гэмт хэрэг, 62 зөрчлийг шалгасан байна.
Байгальтай зүй зохистой харьцаг иргэнийг бий болгохын тулд хүүхэд наснаас нь энэ төрлийн боловсрол, хууль эрх зүйн мэдлэг, мэдээллийг олгох нь зөв юм байна гэсэн чиглэлийн дагуу ажиллах болно. Бид ард иргэддээ энэ төрлийн нөлөөллийн ажлыг тогтмол хийж байх болно.
-Цар тахалтай холбоотойгоор иргэдэд хэрхэн мэдээ мэдээллийг түгээн ажиллаж байна?
-Ногоон дуу хоолой аяныг хэвлэл мэдээллийн байгууллага болон телевиз, фм, мэдээллийн сайтууд дэмжин ажиллаж, эерэгээр хүлээн авч хамтран ажиллаж байгаа. Энэ завшааныг ашиглаад хамрагч байгууллагууддаа талархлаа илэрхийлмээр байна.
-Хөрсийг хамгийн ихээр гэмтээдэг нь уул уурхай, ашигт малтмалын салбар байдаг. Уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй ААНБ-уудад экологийн цагдаагийн алба ямар хяналтыг тавин ажиллаж байна?
-Энэ талаар ярихын тулд хөрс хэмээх ойлголтыг тайлбарлаж өгөх нь зөв байх. Газрын гадарга дээр байгаа ашигт зүйлийг хөрс гэж нэрийдээд байгаа. Нэг см хөрс байгальд бүрэлдэн бий болоход тохиромжтой нөхцөл бүрдсэн газраа 100 жил, энгийн нөхцөлд 800-1000 жил шаардлагатай. Экологийн цагдаагийн албанаас энэ оны нэгдүгээр улирлын байдлаар ашигт малтмалтай холбоотой гэмт хэрэг үйлдэхээр завдсан 853 сая төгрөгийн хохиролтой 50 гаруй иргэний үйлдлийг илрүүлэн шалгаж байна. Монгол улсын үндсэн хуулийн 6-2т тусгагдсанаар Монгол улсын иргэний өмчлөх эрхтэй ашиглаж байгаагаас бусад газар байгалийн баялаг, ан амьтад нь бүгд улсын өмч байна хэмээн тусгагдсан байдаг гэдгийг дахин сануулмаар байна.
-Хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй уул уурхай ашигт малтмалын компаниуд, хууль бусаар ашигт малтмал явуулж буй компаниудын ялгааны хувьд?
Эрүүгийн хууль болон зөрчлийн тухай хуулиар ялган заагаад өгсөн байдаг. Зөвшөөрөл бүхий компаниудын албан ёсны зөвшөөрлийг нь шалгах шалгалтын ажиллагааг явуулна. Мөн ашигласан газрын хэвлийг нөхөн сэргээх үйл ажиллагааг явуулж байна уу? Тухайн нөхөн сэргээлт нь технологийн дагуу хийгдсэн эсэх дээр шалгалт явуулдаг. Монгол улсын хэмжээд 2018 оны байдлаар 24,000 га талбайг нөхөн сэргээх шаардлагатай болсон байна гэсэн судалгаа гарсан. Энэ тоо 2020 онд байдлаар 30 мянга гаран га талбай болохоор байгаа. Харьцуулсан жишээгээр ярихад дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ 168-д бичигддэг Люксенбург хоттой тэнцүү газрыг нөхөн сэргээх шаардлага үүссэн гэсэн үг.
-Уул уурхайн компаниуд ихэвчлэн зэс, алт, нүүрс гэх мэт ашигт малтмалыг олборлодог. Үүнээс гадна барилгын салбарт хэрэглэгддэг элс, хайрга, шар шороо байдаг. Үүнийг олборлож буй компаниудад мөн ялгаагүй хяналт шалгалт хийн ажилладаг байх?
-Барилгын туслах бүтээгдэхүүн гэгдэж буй элс, хайргыг ашиг олох зорилгоор Улаанбаатар хотын ойр орчмоос их хэмжээгээр бэлтгэн нийлүүлж ажилладаг. Экологийн цагдаагийн албанаас НМХГ, БОАЖГ-тай хамтран төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд манай зөрчил шалган шийдвэрлэх хэлтсээс ТҮГЭЭМЭЛ-2020 хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна юм.
-Экологийн цагдаагийн албанаас маш өргөн хүрээг хамарсан ажил хийгдэж байна. Экологид учирч буй бүх төрлийн гэмт хэргүүд хууль бус ан агнах, газрын хэвлийг сэндийлчих, хог хаягдал, агаар ус гэх мэт өргөн хүрээний олон зүйлийг хянан ажиллаж байна. Алба байгуулагдсан цагаас хойш иргэдийн мэдээлэх оролцоохэр байгаа вэ?
2020 оны эхний гурван сард энэ төрлийн гэмт хэрэг улсын хэмжээнд 206 бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 21 нэгж бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар өссөн үзүүлэлт юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг бүртгэгдсэн зүйлээр нь авч үзвэл 45.1 хувийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, 32.5 хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, 18.4 хувийг хууль бусаар ан агнах гэмт хэрэг, 1.9 хувийг химийн хорт аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг эзэлж байна. Манай улсын иргэдийн байгалиа хамгаалах оролцоо нэмэгдсэн байна. Бидэнд энэ төрлийн мэдээ мэдээллийг цахимаар болон утсаар мэдээлэх хүмүүсийн оролцоо их байгааг хэлэхэд таатай байна. Жишээ дурдвал 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар төв аймгийн Сүмбэр сум баруун тахилт гэх газар иргэд хууль бусаар алт олборлох нь ихэссэн. Үүнтэй холбогдуулан иргэдээс авсан мэдээллийнхээ дагуу газар дээр нь очин, хяналт шалгалтын ажиллагааг явуулсан.
Нийт иргэддээ байгаль, экологитой зүй бусаар харьцаж байгаа үйлдлийн талаарх мэдээ мэдээллийг экологийн цагдаагийн албаны фэйсбүүкийн пэйж хуудас болон цагдаагийн 102 дугаарын утсаар мэдэгдэж байгаль орчныхоо дуу хоолой болоорой гэж уриалмаар байна.
Бидний хэлдгээр хулгайгаар алт олборлодог нинжа нарт хуулийн дагуу ямар арга хэмжээ авдаг вэ?
Эрүүгийн хуулийн 27-д зааснаар байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх , зөрчлийн тухай хуулийн 7-10,11,12 дугаар зүйлүүдэд хууль бус нинжа нарын үйл ажиллагааны эсрэг хуулийн зүйл заалтууд бий. Эндээс хамгийн сүүлийнх нь болох засгийн газрын тогтоолын 13 дах зүйл заалт дээр хэний нэр дээр байгаагаар үл хамааран ашигласан техник хэрэгсэл, багаж хөрөнгийг шууд улсын өмч болгоно гэж заасан байдаг.
-Хууль бусаар алт олборлож байгаа иргэд хамгийн гол нь нөхөн сэргээлт хийхгүй тухайн газарт ямар нэгэн хариуцлага хүлээхгүйгээр богино хугацаанд ашиг олох зорилгоор байгальд их хэмжээний хор хөнөөл үүсгэж байгаа хэрэг биз дээ?
-Алт олборлож буй иргэд нь хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутуу, сонирхож судалж байгаагүйгээсээ болж гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж чадахгүй байгаа юм.
-Хууль бусаар алт олборлосон иргэдийн улсад учруулсан хохирлын хэмжээг хэрхэн яаж тооцдог вэ?
Энэ төрлийн бүртгэгдсэн хэргээс үзвэл улсын хэмжээнд 5 тэрбум төгрөгний хохирол одоогийн байдлаар учраад байна.
-Хууль бусаар газрын хэвлийг сүйтгэх нь олширч байна гэж та дурдсан тэгвэл энэ чиглэлийн дагуу урьдчилан сэргийлэх ямар ажлыг хийж хэрэгжүүлэн ажиллаж байна вэ? Цаашдын төлөвлөгөөний хувьд?
Манай алба урьдчилан сэргийлэх ажлын хүрээндээ ашигт малтмалын хууль бус үйл ажиллагаатай тэмцэх чиглэлээр сайн дурын иргэдийг татан оролцуулах, иргэдийн нөхөрлөлийг бий болгож хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа иргэд аж ахуй нэгж байгууллагуудын мэдээллийг авч байх, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг тасралтгүй хүргэхээр зорин ажиллаж байна. Мөн хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд Зам тээвэр, хөгжлийн яамтай хамтран уул уурхайн салбарт хэрэглэгддэг дугуйт, гинжит техник хэрэгслийг нэгдсэн бүртгэлд хамруулан дугаар олгох ажлууд хийгдэхээр төлөвлөн ажиллаж байна. Бичил уурхайд олборлолт хийхэд ашиглагддаг хүн мал, амьтанд хортой химийн буюу мөнгөн ус, цианит, натрийг хаанаас, ямар арга замаар, ямар үйлдвэрлэгчээс, ямар нөхцөлд орж ирж байгаа дээр анхаарал хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлж энэ хууль бусаар, стандартын шаардлага хангахгүй нөхцөлд орж ирж байгаа үйлдлийг таслан зогсоох зэрэг олон ажлуудыг шат дараалалтайгаар ажлын төлөвлөгөөндөө тусгасан байгаа.
-Өнөөдөр манай сонсогчдод мэдээлэл өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.