Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Цогсүрэнтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны хувьд хэдэн оноос эхлээд цагдаагийн байгууллагад ажиллаж байна?
-Сайн байна уу. Arslan.mn сайтын уншигч та бүхэнд мөн энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие Цагдаагийн байгууллагад 2016 оноос эхлэн ажиллаж байна.
2001 оноос 2011 оны хооронд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 11 жилийн сургууль, 2011-2015 оны хооронд Их засаг их сургуулийг эрх зүйч мэргэжилээр төгссөн. Ингээд 2016 онд Хууль сариулахын их сургуулийн ахлагчын сургуулийг төгсөж, өнөөдөр Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хороог хариуцан ажиллаж байна. 17 дугаар хорооны хувьд 11 дүгээр хорооноос сүүлд тусгаарлагдан гарсан хороо. Хоёр хороонд нийтдээ 7000 гаруй өрхийн 25 мянга гаруй иргэд амьдардаг. Миний хувьд хариуцсан нутаг хорооны хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд үйлчлэх, иргэдээс ирж байгаа гомдол, мэдээлэл, хүсэлтийг шийдвэрлэх ажлыг хариуцан ажиллана.
Миний ажил их онцлогтой гэж хэлж болно. Учир нь хорооны бүх цэгүүд болон байршлыг маш сайн мэдэж байх ёстой. Хороо хариуцсан цагдаа нь иргэддээ хамгийн түрүүнд хүрч ойр ажиллах нь чухал.
-Иргэдтэй хамгийн ойр ажилдаг хүний хувьд хорооныхоо бүх хүмүүсийг таньдаг байх.
-Тэгэлгүй яахав. Хорооныхоо гудамж, өнцөг булан бүрийг мэддэг гэж хэлж болно. Гэмт хэрэг гарч болзошгүй бүх цэгүүдийн талаар бүрэн мэдлэгтэй байх хэрэгтэй. Иргэдтэйгээ хамгийн ойр харьцаатай, байнгын хөл хөдөлгөөн ихтэй газарт ажилладаг даа.
Хамгийн гол нь ажиллаж байгаа хорооны ард иргэдтэй зөв боловсон харилцаж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг маш сайн баримталж ажиллах нь чухал.
-Өдөрт дунджаар хичнээн иргэн ханддаг вэ?
-Манай хорооноос гэхэд өдөрт дунджаар 10 гаруй иргэн ханддаг. Иргэдээс ирсэн гомдлын хувьд төв хэлтэст ирсэн дуудлага, мэдээлэл хуваарлагдсан дагуу хүлээн авч шалган шийдвэрлэдэг. Зарим иргэдтэй биечлэн уулзах тохиолдол ч байна.
-Танай хороонд зонхилон ямар, ямар хэргүүд бүртгэгдэж байна?
-Сүүлийн өдрүүдэд хорооны нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг хулгайлах тэр дундаа унадаг дугуй хулгайлах хэрэг, зөрчил ихээр бүртгэгдэж байна. Уг гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөл нь иргэд маань өөрсдийн эд хөрөнгөө хараа хяналтгүй, харуул хамгаалалтгүй газар үлдээж явах, хотхоны харуул хамгаалалт хангалтгүйгээс болж гарч байна.
Иймд иргэдэдээ анхааруулж хэлэхэд өөрсдийн эд хөрөнгөө харуул хамгаалалттай газар үлдээж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриалж байна.
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээнүүд зохион байгуулсан вэ?
-Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Монголбанк, ХААН Банкнаас хамтран зохион байгуулж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор явуулсан “Нягтлах тусам аюулгүй” нэгдсэн арга хэмжээ, мөн Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсээс зохион явуулж байгаа “Хайр өвтгөдөггүй” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна.
-Хорио цээрийн эдгээр өдрүүдэд танай хэлтэс ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?
-Хан-Уул дүүргийн хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед цагдаагийн бүх машинаар иргэдэд урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөмжүүдийг түгээж байна. Тодруулбал, урамшуулалт эргүүлүүдийг ажиллуулж, иргэдэд мэдээ мэдээлэл түгээх, маскаа зүүх бусад зөвлөмжүүдийг хүргэж ажиллаж байна. Үүнээс гадна хүмүүс олноор цуглардаг газруудад хэсгийн байцаагч нар зөвлөмж тараах, СӨХ-той хамтарч тус зөвлөмжийг орон сууцны үүдэнд нааж сэрэмжлүүлэх ажлыг хийж байна.
Мөн 22 цагаас хойш нэмэлтээр хорооны эмзэг цэгүүдэд цагдаагийн албачид эргүүл хийж, хяналт тавин ажиллаж байна.
Иргэдэд хандаж хэлэхэд та бүхэн олон нийтийн цагдаагийн чиг үүргийг хэрэгжүүлэх хэсгийн ахлагч нараас тавьсан шаардлагыг биелүүлэн, халдварт өвчин болон гэмт хэрэг, зөрчлөөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай гэж хэлмээр байна.
-Цагдаа хүн ямар байх ёстой юм бэ. Маш их мэдлэг, ур чадвар шаардсан алба юм шиг санагддаг?
-Хороо хариуцсан цагдаа гэлтгүй цагдаагийн алба хаагч олон талын мэдлэг, чадвартай байх шаардлагатай. Учир нь янз бүрийн ааш араншин, ажил, мэргэжилтэй хүмүүстэй харьцаж, хэргийг шийдвэрлэхийн тулд ажилладаг шүү дээ. Тэгэхээр тэднээс илүү их мэдээлэл, мэдлэгтэй байх хэрэгтэй. Тиймээс өөрийгөө байнга хөгжүүлж, мэдлэг, чадвараа дээшлүүлэх шаардлагатай.
Бүгд бие биенээ таньдаг болчихсон айл өрхийн дунд ажилладаг учраас гярхай байхаас гадна сэтгэл зүйч байх хэрэгтэй гэж багш нар хэлдэг байсан. Ажлын талбар дээр гараад л энэ үгний учрыг ойлгож байна. Гэмт хэрэгтэн, хохирогч, гэрч хэн ч бай хүний сэтгэлийг маш сайн мэдэрч, сэтгэлийн нарийн харилцаа тогтоож, түүнийг яриулж чаддаг байх хэрэгтэй.
-Таныг харахад их л завгүй харагдаж байна. Бичиг цаас ч ихтэй байна. Өнөөдөр ямар ажил хийж байгаа вэ?
-Манай Хан-Уул дүүргийн эрүүлжүүлэх байр засварт орсон байгаа. Тиймээс СХД-ийн эрүүлжүүлэх байранд ажлаа хийж байна. Ажил ерөнхийдөө дуусах тийшээ хандаж байна. Өнөөдөр дуудлага, мэдээллийн дагуу ирсэн гомдлуудыг шалгаж нэгтгэж дуусах шатандаа орж байна гэх үү дээ. Тэгэхдээ ажил ихтэй өдөр байлаа.
Өнөөдөр хувьд хуваарилагдан ирсэн дуудлага мэдээлэл бусад өдрүүдээс харьцангуй бага байна. Гэхдээ оройн цагаар нэмэгдэж магадгүй.
-Залуу хүнд маш олон мөрөөдөл байдаг, таны хувьд?
-Мэдээж хэрэг хүн болгонд мөрөөдөл гэж байдаг. Би багаасаа цагдаагийн байгууллагын шилдэг алба хаагч болох хүсэлтэй байсан. Тиймээс бие сэтгэлээрээ зүтгэж байгаа энэ албаныхаа нэр хүндийг өндөрт өргөсөн алба хаагч болохын төлөө чин сэтгэлээрээ ажиллах болно.
-Таны хувьд ажил үүргээ гүйцэтгэж байхад ямар хүндрэл бэрхшээлүүд их гардаг вэ?
-Иргэдийн зүгээс гомдол мэдээлэл гаргачихаад цагдаагийн байгууллагаас дуудсан цагт ирэхгүй, гомдол мэдээлэл шалгах хугацаанд шалгагдахгүй хойшлогдох зэрэг ажлын хүндрэлүүд их л гардаг. Бусдаар бол харьцангуй бага. Иргэдэд энэ тал дээр мөн анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. Ард иргэдтэйгээ илүү ойрхон ажиллаарай гэж хүсье.
-Баярлалаа.