Цагдаагийн байгууллага хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” аяныг “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ чиглэлээр бид цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байна. Өнөөдөр бид ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Батзаяатай ярилцлаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр иргэд аюултай хог хаягдал, энгийн хог хаягдалаа ялгаж мэддэггүй шүү дээ. Тэгэхээр аюултай хог хаягдал гэж юуг хэлэх вэ?
- Сайн байна уу. Та бүхэнд мөн энэ өдрийн мэнд хүргэе. Хог хаягдлын тухай хуульд зааснаар “аюултай хог хаягдал” гэдэг нь тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдал юм. Энэ нь аюултай хаягдлыг шинж чанараар нь ангилж буй хэрэг юм.
Энгийн үгээр тайлбарлахад гэрийн гадаа хүртэл асгарсан байдаг шатахуун,автомашины засварын газруудын орчим асгарсан тос, энгийн хэрэглээнд өдөр тутам хэрэглэдэг гар чийдэнгийн батерей, хуруу зайнууд, хог дээр хаягдсан компьютер, зурагт ,хөргөгч хог, автомашин, мотоциклийн аккумлятор зэрэг нь аюултай хог хаягдлын тоонд багтдагыг хүмүүс тэр болгон мэддэггүй. Мөн уул уурхайн компаниудад хэрэглэдэг цианит натри, мөнгөн ус гээд аюултай хог хаягдлын жагсаалтад багтдаг.
Хог хаягдлын тухай Монгол Улсын хуулиар “Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно”, “Аюултай хог хаягдлыг Монгол Улсын хил дамжуулан тээвэрлэхийг хориглоно” гэж заасан байдаг.
- Энэ төрлийн хог хаягдал ямар салбараас илүү гардаг бол? Химийн бодис, түүний сав баглаа боодлыг хэрхэн устгах ёстой вэ?
-Аюултай хог хаягдлын олон эх үүсвэр бий. Тухайлбал уул уурхай, арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, цахилгаан станцаас эхлээд хими цэвэрлэгээ, фото зургийн газар гэх мэт үйлдвэр, үйлчилгээнээс байнга аюултай хог хаягдал гарч байна.
Арьс шир, ноос, ноолуур, мах, сүүний гээд бараг бүх үйлдвэр олон төрлийн химийн бодис, будаг, ариутгалын бодис ашигладаг. Технологийн дамжлагаас нь ч олон төрлийн хаягдал үүсдэг. Бид гэр орондоо ч аюултай хог хаягдал үүсгэдэг гэдгээ бас мэддэггүй. Өдрийн гэрэл, баттерей, будаг, уусгагч, угаалга цэвэрлэгээний бодисын хаягдал гээд олон хаягдлыг нэрлэж болно. Улаанбаатар хотод 2019 онд хийсэн судалгаагаар зөвхөн устгах шаардлагатай 121 тонн хатуу химийн бодис, 126 мянган литр шингэн химийн бодис хадгалагдаж байна гэж тогтоогдсон.Үүний 15 хувь нь зориулалтын бус агуулахад, 55 хувь нь ажлын байранд, 25 хувь нь ил задгай хадгалагдаж байсан. Химийн хортой болон аюултай бодисын хууль тогтоомж зөрчих, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүд цөөнгүй гарч байгаатай холбоотойгоор химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, “Эрүүгийн хуулийн 24.3 дүгээр зүйлийг шинээр нэмж оруулсан байна.-Химийн хортой болон аюултай бодисыг хууль бусаар оруулж ирэх, тээвэрлэх, хил нэврүүлэх зэрэг гэмт хэрэг үйлдвэл ямар хариуцлага тооцох вэ?
-Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дүгээр зүйлд зааснаар Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол 5400000-27 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол 10-40 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж 20-120 сая төгрөгөөр торгох ял шийтгэнэ. Улмаар хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 40-200 сая төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Мөн химийн хорт, аюултай бодис, аюултай, хортой хог хаягдлыг агаар, газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, эх үүсвэрийн тэжээгдлийн муж, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор хаяж, хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцлийг бүрдүүлсэн бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохих арга хэмжээг авдаг.
-Тэгвэл аюултай хог хаягдлыг хадгалах, тээвэрлэх, устгах хууль, эрх зүйн орчин нь манай улсад хэрхэн бүрдсэн байдаг юм бэ?
- Манай улсад Хог хаягдлын тухай хууль анх 2000 онд батлагдсан ч аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах зохицуулалт нь хангалтгүй байсан ч 2017 онд уг хуулийг шинэчилж батлахдаа аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах бүтэн бүлэг оруулж өгсөн байдаг.
Хуулийг дагаж аюултай хог хаягдлын жагсаалт, аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах, зөвшөөрөл олгох журмууд хүртэл батлагдсан.
Өөрөөр хэлбэл, Аюултай хог хаягдлыг зохицуулах олон улсын жишигт нийцсэн хууль, эрх зүйн орчин манай улсад сайн бүрдсэн гэж хэлж болно.
-Нэг үеэ бодвол иргэд байгальд агаар салхинд гарахдаа ч тэр хогоо ил задгай хаях нь багассан. Энэ нь хог хаягдлын сөрөг үр дагаврын талаар иргэдэд Төрийн байгууллагууд хамтран тодорхой ажил арга хэмжээнүүд авч мэдээлэл өгч байсантай холбоотой болов уу?
-Тийм ээ. Тодорхой хэмжээгээр бидний хийж байгаа ажлын үр дүн нөгөө талаасаа иргэд маань бас нийгмийн хариуцлагын хүрээнд бие биендээ шаардлага тавьдаг, хянадаг болсон байна.
-Хог хаягдлыг хэрхэн ялгах вэ?
-Хаягдал зүйлсийг дахин боловсруулан ашиглахын тулд юуны өмнө хог хаягдлаа ялгаж сурах хэрэгтэй. Хог хаягдал гэр орон, ажлын байр, үйлдвэр, барилга барих дэлгүүр хоршооноос гэх мэт янз бүрийн гаралтай. Гэвч ерөнхийд нь задардаг хог хаягдал, задардаггүй хог хаягдал гэж хоёр ангилна. Ялгахын тулд үүнийг сайн мэдэж байх шаардлагатай. Ер нь бүх хогийг хогийн савруу шидээд байж болохгүй. Хэрэв бид хог хаягдлаа багасгаж, дахин ашиглаж чадвал төдий хэмжээгээр энэ ажлыг зардал буурна. Задардаггүй хог хаягдалд өөрөө аяндаа устаж алга болдоггүй төмөр, металь, шил хуванцар, резин гэх мэт зүйлүүд орно.
Бидний хэрэглэдэг гялгар уутыг зориулалтын хогийн саванд бус, ил задгай хаяхад 500-аас дээш жилээр устаж үгүй бололгүй оршин тогтнож, хүн төрөлхтөнийг болон байгаль орчныг бохирдуулдаг байна. Харин түүнийг шатаавал хар тугалга хэмээх хорт бодис ялгарч хүний сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг.
Манай улс сүүлийн 2,9 жилд 16 тэрбум 636 сая төгрөгийн гялгар уутыг худалдан авсан байна. Энэ мэт бодит баримт судалгаанд үндэслэн байгальд болон хүн төрөлхтөнд хор нөлөөтэй гялгар уут, хуванцар сав зэргээс татгалзаж, хогоо зориулалтын хогийн саванд ангилан хаяж дахин боловсруулж ашиглах талаар Иргэдэд хог хаягдалыг хэрхэн ангилах, Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгальд ээлтэй хэрэглээний соёл хэвшүүлэх, хог хаягдлыг зүй зохистой хаях, ангилах, дахин ашиглах дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг, боловсрол олгох түүнчлэн хог хаягдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, хог хаягдлын боловсролыг иргэдэд олгох замаар зөв дадал, ухамсрыг төлөвшүүлэхээр арга хэмжээнүүд авч ажиллаж байна.
-Монгол орны хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдал болон бусад улстай харьцуулахад ямар түвшинд байна вэ?
Монгол улсад жилд дунджаар 2,3 сая тонн хог хаягдал үйлдвэрлэгддэг. Үүний 1,4 сая тонныг Улаанбаатар хотоос гардаг гэсэн судалгаа байна. Үүнийн ангилж харвал
- Барилга байгууламж 15%
- Уурын зуух гэр хорооллын үнс 25%
- Ахуйн хэрэглээний хувь 60%
- Нийт хог хаягдлын 70% -ийг ландфилийн аргаар булж байна.
Дэлхий дээр секунд тутам 694 ширхэг хуванцар сав хаягддаг бөгөөд энэ нь өдөрт 60 сая ширхэгт хүрдэг гэсэн тоо баримт бий. Мөн 2019 оны Дэлхийн банкны судалгаагаар Монгол иргэн 1 өдөрт 2,6 кг хог хаягдал үүсгэдэг нь Дэлхийд 12 дугаар байр эзэлж байгаа нь харамсалтай тоо баримт байна.
-Хог хаягдлыг хэрхэн багасгах вэ хамгийн ойр энгийн аргуудаас дурьдвал ?
-Хог хаягдал үүсгэхгүй байх хамгийн энгийн бөгөөд эхний алхам бол шаардлагагүй худалдан авалт, хэрэглээнээс татгалзах юм. Худалдан авалт хийх бүртээ “Би үүнийг хэр удаан хэрэглэх вэ”, “Энэ надад зайлшгүй хэрэгтэй юу”, “Үүнийг дахин боловсруулах боломжтой юу” гэх мэтээр асууж хэвшээрэй. Дэлхийн нийт хог хаягдлын 30%-г гялгар уут эзэлдэг тэгэхээр даавуун тор хэрэглэж хэвших нь хамгийн зөв хэвшил юм. Тэгэхээр хог хаягдал зөвхөн сав, баглаа боодлоор хязгаарлагддаггүй. Ус, цахилгаан, хоолны үлдэгдэл гээд байгалийн нөөц бүхнийг хэмнэж байж хог хаягдлыг бууруулж чадна.
Энэхүү Байгалиа хамгаалъя Ногоон дуу хоолой аянд маань иргэдиййн маань оролцоо чухал байгаа тиймээс МУ-ын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй бол эл хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт байгаль орчноо хамгаалах үүрэгтэй гэж тусгаж өгсөн байдаг. Тийм учраас иргэн бүр эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлан НОГООН ДУУ ХООЛОЙ АЯНД нэгдэхийг уриалж байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.