С.МӨНХБАЯРЛАХ: Зарим өвчин эмгэгийн эмнэл зүйн хэлбэр өөрчлөгдөж байгаа нь эмч нарын санааг зовоож байна С.МӨНХБАЯРЛАХ: Зарим өвчин эмгэгийн эмнэл зүйн хэлбэр өөрчлөгдөж байгаа нь эмч нарын санааг зовоож байна

С.МӨНХБАЯРЛАХ: Зарим өвчин эмгэгийн эмнэл зүйн хэлбэр өөрчлөгдөж байгаа нь эмч нарын санааг зовоож байна
Зочин:
С.МӨНХБАЯРЛАХ
Байгууллага:
Улсын нэгдүгээр төв эмнэлэг
Албан тушаал:
Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
Ажиллах арга барил:


2020 оны 08 сарын 06

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

 

Өнгөрсөн Зургаадугаар сард УНТЭ "Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган"-ыг цахимаар анх удаа улсын хэмжээнд амжилттай зохион байгуулсан. Чуулганы үр дүнгийн талаар УНТЭ-гийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхбаярлахтай ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Эмнэлзүйн ховор тохиолдол гэж юуг хэлэх вэ. Энэ талаар эхлээд ойлголт өгөх нь зүйтэй болов уу? 

-Сайн байна уу. Хүн амын дунд тохиолдож байгаа өвчин, эмгэгүүдийг эмнэл зүйн хувьд нь түгээмэл тохиолддог, ховор тохиолддог гэж ангилдаг. Түгээмэл тохиолддог өвчинд чихрийн шижин, харшил, артерийн даралт ихсэх өвчин, ходоодны үрэвсэл гэх мэт маш олон өвчнүүд орно. Энэ төрлийн өвчнийг оношлох, эмчлэх тал дээр эмч нар илүү туршлагатай болж, алдаа эрсдэл гаргах нь бага. Тэгвэл  50.000 хүн амд 1-2 тохиолдох өвчнийг ховор тохиолддог өвчин гэж үздэг. Ховор тохиолддог өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх тал дээр эмч нарын дадлага, туршлага харьцангуй нимгэн, ялангуяа залуу эмч нарын хувьд бэрхшээлтэй нүүр тулдаг. Тухайн өвчнийг оношилж, эмчлэхийн тулд туршлагатай эмч нараас асууж суралцах, эсвэл тухайн өвчнийг манай оронд хэрхэн оношилж, эмчилсэн талаар бичиж тэмдэглэн үлдээсэн баримт фактыг уншиж судлах шаардлага тулгардаг. Тэгтэл ховор тохиолддог өвчин эмгэгийн талаар хэлэлцсэн, бичиж тэмдэглэж үлдээсэн хэвлэл, ном, цахим өгөгдөл бараг байхгүй гэхэд хилсдэхгүй байхаа.

Иймээс ховор тохиолддог өвчнийг оношилж, эмчилсэн эмч нар нь мэдлэг, туршлагаасаа хуваалцаж бие биедээ сургалт явуулах зорилгоор бид “Эмнэл зүйн ховор тохиолдлын анхдугаар чуулган”-ыг зохион байгуулсан.

-Тус чуулган амжилттай болж өнгөрсөн. Чуулганы үр дүнгээс хуваалцвал?

- УНТЭ-ийн хамт олон өнгөрсөн зургаан сард "Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган"-ыг цахимаар анх удаа улсын хэмжээнд амжилттай зохион байгуулсан. Чуулганд төв эмнэлгүүд, нийслэл, орон нутгийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн 17 байгууллагын 250 гаруй эмч оролцож, 55 ховор өвчин эмгэгийг хэрхэн оношилж, эмчилсэн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Цаашид тус чуулганыг уламжлал болгон зохион байгуулна. Чуулганыг нээж Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ “Цаашид эрүүл мэндийн яамнаас энэ чуулганыг дэмжиж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон”-д бид бүхэн баяртай байгаа. Чуулганд хэлэлцүүлсэн бүх тохиолдлуудыг УНТЭ-ийн www.science-fchm.mn веб сайтад байршуулсан. Хүссэн эмч, мэргэжилтнүүд орж үзэх, эмнэлзүйн ажилдаа санаа авч, мэдлэг, чадвараа дээшлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл тус сайт нь манай эмч нарт тохиолдож байгаа ховор өвчин эмгэгийг зөв оношилж, зөв эмчилгээ хийж, урьдчилан сэргийлэхэд нь тодорхой хэмжээний тус нэмэр болно гэсэн үг. Ер нь бол ховор тохиолдолдог өвчний талаар мэргэжилийн эмч нарын түвшинд хэлэлцэн сан үүсгэж байгаад мэргэжил нэгт эмч нар, профессор, багш нар маань маш их талархал илэрхийлж байгаа.

-Эмнэлзүйн ховор тохиолдлын шалтгаан нь юу вэ? Цаг үеэ дагаад энэ төрлийн өвчин нэмэгдэх хандлагатай байгаа мэт харагддаг л даа.

-Сүүлийн жилүүдэд зарим өвчин эмгэгийн эмнэл зүйн хэлбэр өөрчлөгдөж байгаа нь эмч нарын санааг их зовоож байна. Таны хэлдгээр цаг үеэ дагаад өөрчлөгдөж байна.

Жишээлбэл: 2000 оноос өмнөх үед бамбай булчирхайн тархмал хордлогот бахуу өвчний тохиолдол нилээд түгээмэл тохиолддог байсан бол сүүлийн жилүүдэд энэ хэлбэрийн өвчлөл нь буурч, зангилаат бахуугийн хэлбэр ихэсч, хорт хавдарт шилжих хандлага нь нэмэгдсэн. Хүн төрөлхтөний эволюци хөгжлийн явцад зарим өвчнөөр өвчлөх нь багасч ховор тохиолддог өвчин болж байхад зарим өвчин шинээр гарч, тохиолдол нь нэмэгдэж байдаг зүй тогтол ажиглагдаж байна. 1978 онд УНТЭ-т харшил судлалын анхны кабинет байгуулагдаж, жилийн хугацаанд 1000 гаруй хүнд л үзлэг хийдэг байсан. Гэтэл одоо дөрвөн хүн тутмын нэг нь харшилтай болж дэлхийн хөгжингүй орнуудын жишиг рүү ойртож байх юм. Мөн аутоиммуни өвчин, дархлааны механизмаар явагддаг эмгэгүүд мэдэгдэхүйж нэмэгдэх хандлагатай байгаа.         

Аливаа өвчин эмгэгээр өвчлөхөд шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл хоёр хоёулаа байж өвчин болж илэрдэг. Шалтгаан нь эсвэл нөлөөлөх хүчин зүйл нь дангаараа байвал өвчилдөггүй. Тэгэхээр тухайн өвчнийг үүсгэж буй шалтгаан нь их ховор байж болно. Эсвэл шалтгаан нь тухайн хүн байсан ч нөхцөл нь бүрдэхгүй байвал тухайн өвчнөөр өвдөхгүй байх боломжтой. Жишээ нь: Ихэнх ховор тохиолддог өвчин эмгэгүүд удамшлын хүчин зүйлийн нөлөөтэй байдаг. Тухайн хүнд тэр өвчин эмгэг үүсэх удмын өөрчлөлт генийн мутаци нь байж байдаг. Харин  өвчлөх нөхцөл нь бүрдэхгүй байвал өвчлөхгүй байж болно. Ховор тохиолддог өвчин эмгэгт байгаль цаг уур, газар зүйн хүчин зүйлс нөлөөлөх нь олон.

-Ховор тохиолдлыг хэрхэн оношилдог вэ?

-Ховор тохиолддог өвчин эмгэгүүдийн ихэнх нь бидний эмнэл зүйн практикт өргөн хэрэглэгдэж байгаа дүрс оношилгооны MRI, CT, хэт авиа, биохимийн болон дархлаа судлалын шинжилгээнүүд, эд эс судлалын шинжилгээний аргуудаар оношлогдох боломжтой. Харин зарим нэг ховор тохиолдох өвчин эмгэгүүд маш нарийн удам зүйн шинжилгээ, молекул биологийн аргуудаар оношлогдож онош батлагдах нь бий. Тохиолдож буй өвчин эмгэг бүрийн оношилгоо нь хувь хүний урвалж чанарын онцлог байдал, тухайн өвчний эмнэлзүйн онцлог, оношилгооны чадамж зэргээс ихээхэн хамаарна. 

-Эмч, судлаач нар эмнэлзүйн ховор тохиолдлыг хаана мэдээллэх ёстой вэ? Нэгдсэн мэдээллийн сан байдаг уу, цаашид хэрхэн бүртгэлжүүлэх вэ?

-Ер нь УНТЭ гэлтгүй эрүүл мэндийн байгууллага бүр бүртгэж байх шаардлагатай. Үүнээс гадна үндэсний хэмжээний бүртгэлийг ч зайлшгүй хийх шаардлагатай. Тухайн байгууллага ховор тохиолдлыг бүртгэн авч, мэдээллэж байх нь эмч нарын ховор тохиолдлыг оношлох, эмчлэхэд гарч болох алдаа, эрсдэлийг бууруулах хамгийн сайн арга болно. Энэ удаагийн чуулганаар бид нийт 55 тохиолдлыг УНТЭ дээрээ бүртгэж авлаа. ЭМЯ ховор тохиолдлын тодорхойлолт, яг ямар өвчнийг ховор тохиолддог өвчин гэх вэ, ховор тохиолддог өвчний жагсаалт гаргах, манай орны эрүүл мэндийн салбарт тохиолдсон ховор өвчний үндэсний хэмжээний бүртгэл хийх ажлыг эхлүүлээд байгаа. Үүнд нь эмч бидний зүгээс маш их баяртай байна.  

Эцэст нь хэлэхэд ховор тохиолддог өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээний зардал нь зонхилон тохиолддог өвчинтэй харьцуулахад өндөр өртөг, зардалтай болдог. Иймээс ховор тохиолддог өвчин эмгэгүүдийг бүртгэж, тухайн иргэнд учирч буй ховор тохиолддог өвчний оношилгоо, эмчилгээний зардлын эдийн засгийн дарамтыг бууруулж, эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөх тогтолцоог хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

-Баярлалаа. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин 


keyboard_arrow_up