Р.ГАНТУЯА: ГССҮТ нь 24 цагт мөчдийн хугаралтай иргэдэд яаралтай мэс заслыг хийдэг боллоо Р.ГАНТУЯА: ГССҮТ нь 24 цагт мөчдийн хугаралтай иргэдэд яаралтай мэс заслыг хийдэг боллоо

1
Р.ГАНТУЯА: ГССҮТ нь 24 цагт мөчдийн хугаралтай иргэдэд яаралтай мэс заслыг хийдэг боллоо
Зочин:
Р.ГАНТУЯА
Байгууллага:
ГССҮТ
Албан тушаал:
Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал
Ажиллах арга барил:


2020 оны 11 сарын 05

ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал, ахлах зэрэгтэй, клиникийн профессор, анагаах ухааны докторантур, бизнес-эрүүл мэндийн удирдлагын магистр  Р.Гантуяатай ярилцлаа.                    

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. 312  шинэ оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлээд ажиллаж байна

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, тасгуудын өдрийн ачааллыг бууруулах чиглэлээр ямар ажлыг зохион байгуулж байна вэ?

-Сайн байна уу. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүтэц зохион байгуулалтаас эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгуудын өдрийн ачаалал шууд хамаарч байдаг онцлогтой. Тиймээс манай байгууллага эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлийг өөрчилж, байгууллагын ачааллыг бууруулах стратегийн цоо шинэ бүтэц, зохион байгуулалтыг хэрэгжүүлж эхэлсэн. 

Эмнэлэгт уламжлагдаж ирсэн бүтэц зохион байгуулалтаар үйлчлүүлэгч нь амбулатори болон яаралтай тусламжийн тасгаас хэвтэн эмчлүүлэх тасгуудад шилжин мэс засалд орох өдрөө хүлээдэг байсан. Үүнийгээ дагаад тасгийн ачаалал нэмэгдэх, ачааллаа дагаад төсөв орон тоог нэмэгдүүлснээр байгууллага улам л нүсэр бүтэцтэй болж, эдийн засгийн хувьд ашиггүй, тусламж үйлчилгээг санхүүжүүлэх чадавхгүй болох эрсдэлтэй байдаг.

Тэгвэл бид энэ эрсдэлийг бууруулахын тулд Яаралтай мэс заслын блокийг засварлаж ашиглалтад оруулсан. Энэ сарын 01-ний өдрөөс эхлэн шөнийн ээлжинд яаралтай тусламжийн тасагт зөвлөх болон тасгийн эрхлэгч, туслах эмч нар жижүүрлэснээр одоогоор нийт 12 мөчдийн мэс заслыг гэмтсэн даруйд нь хийж байна.

Ингэснээр яаралтай тусламж үйлчилгээний чанар сайжирч, тасгуудын өдрийн ачаалал буурч, үйлчлүүлэгчдийн төвлөрөл, мэс заслын болон орны хүлээлт буурах хандлагатай байна. Мөн байгууллагын орон тооны нүсэр бүтэц саармагжиж эдийн засгийн хувьд ашигтай тусламж үйлчилгээний чанарт эрс өөрчлөлт бий болох нөхцөл бүрдэж байгаа.
Бидний тусламж үйлчилгээний бүтэц зохион байгуулалт  нь зах зээл, бизнесийн орчинд байгууллага хагас бие даасан байдалд  хөгжих, эмнэлгийн тусламж үйлчилгээний гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоотой шууд холбоотой.

Arslan.mn

-Яаралтай түргэн тусламжийн тасгаар өдөрт хичнээн иргэд үйлчлүүлж байна вэ? Эдгээр иргэдийн дийлэнх нь ямар үйлчилгээ авч байна.

-Манай Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг 24 цагаар ажилладаг. Шөнөдөө 350-400, ачаалал ихтэй улиралд 500 орчим хүнд үйлчилдэг. Үүний 10-20 хувь нь хэвтэн эмчлүүлдэг бол 20 орчим хувь нь дээд, доод мөчдийн хугаралтай байдаг.

Яаралтай тусламжийн тасгийн хажууд мэс заслын баг 24 цагийн турш ажиллаж, тархи, хэвлий, цээж, гар сарвуу, бусад мөчдийн 30-40 мэс засал хийж байна.

Мөн энэ сарын нэгний өдрөөс эхлэн хүлээн авах тасгаар ирж байгаа хүндрэлгүй, архаг хууч өвчингүй дээд, доод  мөчдийн гэмтэлтэй ирсэн үйлчлүүлэгчийг тэр даруйд нь Яаралтай тусламжийн тасагт мэс заслыг хийж эхэлсэн.

ГССҮТ нь нийтдээ 12 ширхэг хагалгааны блоктой бөгөөд гурван блокийг яаралтай түргэн тусламжийн мэс заслын өрөө болгож ашигладаг. Яаралтай түргэн тусламжийн тасгийн мэс заслын блокт 1990 оноос хойш засвар огт хийгдээгүй бөгөөд өнгөрсөн сард бүтэн вакуум болгож шинээр засварлаж, дүрс оношилгоо мэдээлэл дамжуулалтын PACS системтэй холбогдох дэлгэцийг суурилуулж өгсөн байгаа. Ингэснээр эмч нар мэс заслаа хийхдээ дэлгэцэн  дээр эмчилгээ оношилгоо, рентген зураг CT, MRI-ны зургуудаа хардаг болсон. ХАЯТасгийн сүүлийн таван жилийн статистик мэдээллээс хуваалцвал 2015 онд 84,423 үйлчлүүлэгч тусламж үйлчилгээ авсан бол 2019 онд 125,688 иргэн үйлчилгээ авсан байна. Үйлчлүүлэгчийн тоо 48,8 дахин нэмэгдсэн байна. Үүнийгээ дагаад манай эмнэлгийн ачаалал ч нэмэгдсэн гэсэн үг.  

-2015 оны дүн мэдээллийг харж байхад иргэд 10,37 хоногт эмчлүүлээд гардаг байсан бол 2019 онд 8,38 болж буурсан үзүүлэлттэй байна. Энэ үзүүлэлт нь мэс засал эмчилгээний үр дүнг сайжирсныг харуулж байна уу.

-Тэр үнэн. ГССҮТ-өөр үйлчлүүлж байгаа иргэдийн 70-90 хувь нь мэс заслын тусламж үйлчилгээ авдаг. Ор хоног буурч байгаа үзүүлэлтийг аваад үзэхээр хийгдэж байгаа мэс заслын чанар сайжирч, мэс заслын дараах хүндрэл багассантай шууд холбоотой. Мэс заслын дараа нөхөн сэргээх эмчилгээ давхар хийгдэж, 2-3 хоногт мэс заслын шарх эдгэрч, хөл дээрээ босоод л эмнэлгээс гарч байна.

Arslan.mn

-Гэмтлийн яаралтай тусламжийн үйл ажиллагаа бусад эмнэлгүүдийн яаралтай тусламжаас юугаараа ялгаатай вэ?

-Манай эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ нь дан ганц гэмтсэн үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг бус хавсарсан хүндэвтэр болон хүнд гэмтэлтэй үйлчлүүлэгчдэд  тусламж үйлчилгээг цогцоор нь  үзүүлж чаддагаараа онцлог. Үйлчлүүлэгчдийн ихэнх нь суурь эмгэгтэй байдаг.

Жишээ нь:  Даралт ихсэлттэй, тархины судасны эмгэгтэй, зүрхний хэм алдагдалтай хүмүүсийн биеийн байдал гэнэт муудаж унахдаа бэртэл гэмтэл авах нь их. Энэ тохиолдолд манай эмч нар бүх өвчлөлийн үед  яаралтай болон эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж чаддаг.

Олон улсад  гэмтэл согогийн эмч нь гэмтэл болон бусад нарийн мэргэжлийг хавсран эзэмшсэн байх шаардлагатай байдаг ба манай эмнэлэгт  эдгээр шаардлагыг бүрэн хангасан хөрвөх чадвартай дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц эмч нар ажилладаг.

Бид ч энэ тал дээр маш их анхаарч, эмч мэргэжилтнүүдээ байнга сургалтад хамруулж байна.

-Тусламж үйлчилгээний санхүүжилт хүртээмжтэй байдаг уу? 

-Өнөөдрийн үйлчилж байгаа тусламж үйлчилгээний санхүүжилтийн журмаар   яаралтай тусламж үйлчилгээ нь улсын төсвийн санхүүжилтээр, мэс заслын тусламж үйлчилгээ нь эрүүл мэндийн даатгалын сангийн өндөр өртгийн санхүүжилтээр санхүүжүүлж байгаа.

Одоогийн мөрдөгдөж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилт нь 2021 оноос өөрчлөгдөх бөгөөд манай эмнэлэг хагас бие даасан байдалд шилжсэнээр тусламж үйлчилгээний санхүүжилтийг бүхэлд нь ЭМДЕГ-аас санхүүжүүлж эхлэх юм. Ингэснээр  эмнэлгийн байгууллага зах зээл, бизнесийн орчинд бие даан хөгжих хууль эрх зүйн орчин бүрдэж байна.

-Энэ оноос эмнэлгийн чанар, үр дүнг тодорхойлоход мэс заслын тоо, нэвтрүүлсэн шинэ технологи чухал үүрэг гүйцэтгэдэг болсон. Тэгэхээр танай эмнэлгийн хувьд нэвтрүүлсэн шинэ технологийн талаар.

-Анагаахын тусламж үйлчилгээ тэр дундаа мэс заслын тусламж үйлчилгээ гэдэг бол цаг хугацаагаар хэмжигдэж байдаг. Тиймээс бид дэлхийн шинэ, шилдэг технологиудтай хөл нийлүүлэн алхахыг хичээдэг.

Өнөөдрийн байдлаар 10 орчим нэр төрлийн 312  шинэ оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлээд ажиллаж байна. Тусламж үйлчилгээний чанарт гол анхаарлаа хандуулж, мэс заслын тусламж үйлчилгээний төрөл болон мэс заслын  өрөөг нэмэгдүүлэн Европ стандартын яаралтай мэс заслын тусгай вакуумжсан хоёр өрөөг шинэчилж үйл ажиллагааг эхлүүлсэн.

Эмч мэргэжилтнүүдээ ч сургаж байна. Цаашид олон олон шинэ технологийг нэвтрүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байна.

Arslan.mn

-Таны хувьд хэдэн оноос тус эмнэлэгт ажиллаж эхэлсэн бэ?

-Миний хувьд ажлын гараагаа 1997 оноос ГССҮТ-өөс эхэлж байлаа. Дөнгөж сургуулиа төгссөн намайг онц төгссөн учраас хамгийн хэцүү тасаг буюу Эрчимт эмчилгээний тасагт хуваарилж, тэндээ ажиллаж байгаад сүүлд Анагаахын их сургуульд суралцаж, 2008 онд ГССҮТ-дөө резидент буюу төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчээр суралцаад 2011 оноос тус эмнэлгийнхээ Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасагт түлэнхийн эрчимт эмчилгээний эмч, гэмтэл согог засалчаараа дагнаж  ажилласан. Түүнээс хойш Яаралтай тусламжийн тасаг, эмнэлгийн чанар, аюулгүй байдлын албаны менежер, албаны дарга, 2019 оноос Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирлаар ажиллаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал гэдэг бол тухайн байгууллагын үндсэн чиглэлийг хариуцаж ажилладгаараа хувь хүн болон ажил үүргийн хувьд маш өндөр хариуцлага тавигддаг. Тийм ч учраас миний хувьд өөртөө нилээд өндөр шаардлагыг тавьж ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.
 


keyboard_arrow_up