Б.ТҮВШИНТӨР: УНТЭ улирал бүр үйлчлүүлэгчдээсээ сэтгэл ханамжийн судалгаа авч ажил үйлчилгээгээ сайжруулдаг Б.ТҮВШИНТӨР: УНТЭ улирал бүр үйлчлүүлэгчдээсээ сэтгэл ханамжийн судалгаа авч ажил үйлчилгээгээ сайжруулдаг

УНТЭ-ийн Төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Түвшинтөртэй ярилцлаа.

Б.ТҮВШИНТӨР: УНТЭ улирал бүр үйлчлүүлэгчдээсээ сэтгэл ханамжийн судалгаа авч ажил үйлчилгээгээ сайжруулдаг
Зочин:
Б.Түвшинтөр
Байгууллага:
Улсын нэгдүгээр төв эмнэлэг
Албан тушаал:
Төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал
Ажиллах арга барил:


2021 оны 10 сарын 29

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

-УНТЭ-ийн  таван жилийн стратеги  төлөвлөгөөгөө хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлээд эхэлчихсэн. Тэгвэл тус төлөвлөгөөн дээр ямар ямар томоохон ажлууд тусгагдсан байгаа вэ? Хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө үү?

-Сайн байна уу. УНТЭ нь 2020-2024 оны стратеги төлөвлөгөөгөө батлуулаад ажил эхнээсээ хийгдээд явж байна. Удирдлагын баг маань эхний ээлжинд  үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, эмнэлгийн дотоод болон гадаад орчныг сайжруулах зорилго тавин ажиллаж, энэ хүрээнд олон ажлыг эхлүүлсэн. Энэ жилээс эмнэлгийн ажилчдын цалинг 30 хүртэлх хувиар нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ жил эхний удаа 10 хувь нэмсэн бол дараагийн удаа 20- 30 хувиар нэмэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

2020 оны стратеги төлөвлөгөөндөө манай эмнэлэг нь “Зүрх мэдрэлийн төв”-тэй болох  зорилт тавьсан бөгөөд энэ зорилтоо биелүүлж чадсан. Мөн энэ ондоо бид “Мэдрэлийн мэс засал”-ын төвийг хөгжүүлэх ажлыг эхлүүлээд явж байна.  Үүнээс гадна энэ онд “Эрүү нүүрний мэс засал”-ын тасгийн 50 жилийн ой тохиож байгаа учир  тасгаа шинэчлэх зорилгоор шинэ тоног төхөөрөмж багаж хэрэгслээр хангах, нөхөн сэргээх физик эмчилгээг өргөжүүлж, гадны орнуудад хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулаад нэг сар болж байна.

 Үүнээс гадна  стратеги төлөвлөгөөндөө эмнэлгийн нийт эмч ажилчдын нийгмийн асуудалд нь чиглэсэн байр, орон сууцаар хангах, зуслангийн газартай болгох гэх мэт  ажлыг хийх бэлтгэлээ хангаад явж байна. 2020 онд Монгол Улсын Засгийн газраас  40 орчим албан хаагчийг байртай болгосон. Тэгвэл энэ  жилээс Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы санаачилгаар эмнэлгийн удирдлагууд хамтран эмч, эмнэлгийн ажилчидаа зуслангийн газар, байшинтай болгох ажлыг эхлүүлж зураг төсөл нь гарчихсан эхний шатандаа явж байна.

-Эмнэлгийн 96 жилийн ой саяхан болоод өнгөрлөө. Ойн хүрээнд багагүй ажил хийгдсэн харагдсан. Тэгвэл энэ жилийн онцлогийн тухайд.  

-Тийм ээ. Энэ жил манай эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 96 жилийн ой тохиож байна. Ойн ажлын хүрээнд манай эмнэлэгт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан 500 гаруй ахмадууд болон Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэс болон Сонгинохайрхан дүүргийн "Тээвэрлэлт, үйлчилгээний төв" ОНӨААТҮГ-ын ажилтан, алба хаагчдид болох нийт 600 гаруй хүнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгууллаа.

Үүнээс гадна Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улаанбаатар чуулгатай хамтарч “Хөгжмөөр эмчилэхүй” хэмээх долоон хоногийн аяныг амжилттай зохион байгуулсан. Үргэлжлүүлэн бид эмнэлгийнхээ ажилчидынхаа ар гэрийнхэнд зориулсан эрүүл мэндийн аяныг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

-Сүүлийн жилүүдэд цахим шилжилт эрчимтэй явж байна. Цахим шилжилт танай эмнэлэг дээр ямар түвшинд хөгжиж байна вэ?

-Улсын хэмжээнд манай эмнэлэг дээр цахимаар цаг авах, өвчтөний түүхийг цахимд шилжүүлэх ажлыг маш өндөр түвшинд хийж гүйцэтгэж байгаа. Мөн шинжилгээний хариугаа заавал эмчээс биш хариу уншуулах төхөөрөмжөөс, мэйл хаягаараа авах ажлыг эхлүүлээд эмнэлгийнхээ хэд хэдэн байршилд хариу авах төхөөрөмж суурилуулаад байна. 

Улирал бүр үйлчлүүлэгчдээсээ сэтгэл ханамжийн судалгаа авч, уг судалгаанд үндэслэн шаардлагатай гэсэн ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Ковидын хүнд хэцүү үед хүртэл сэтгэл ханамжийн судалгаагаа авч асуудлаа тодорхойлон  ажилаа улам сайжруулсаар байна. Чанар аюулгүй байдлын албандаа долоо хоног бүр өргөдөл хүлээн авч, тухайн долоо хоногийн баасан гарагт шийдвэрлэж ажилладаг.  

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Хүмүүсийн ажлын өдөр даваа гарагт эхэлдэг бол миний ажлын өдөр ням гарагт эхэлдэг гэхэд болно. Амралтын өдөр ирээд эмнэлгийнхээ ариун цэвэр, өнгө үзэмж, тусламж үзүүлэх эм тариа,  эмнэлгийнхээ бэлэн байдлыг шалгаад  нэг дэхь өдрийн ажлаа эхлүүлдэг. Манай яаралтай тусламжийн тасаг 24 цагаар үйлчилгээ үзүүлдэг. Энгийн үед ч ачаалал ихтэй байдаг энэ тасаг өнөөдөр коронавирусийн цар тахлын улмаас болоод ачаалал нь хэд дахин нэмэгдсэн. Гэсэн хэдий ч эмч нар маань бүх сэтгэл зүрхээ зориулан, идэвхи санаачлагатай ажиллаж байгаад талархаж байна.

-Улаан бүсэд ажиллаж байгаа ажилчидын урамшууллыг хэрхэн тооцож байна.

-Улаан бүсэд ажиллаж байгаа бүх ажилчдад улсаас явуулж байгаа бүх нэмэлт хангамж очиж байгаа.

Үүн дээр нэмээд манай эмнэлэг улсын хэмжээнд цалин нэмсэн цөөхөн эмнэлгийн нэгээс гадна үр дүнгийн урамшууллыг I, II-р улиралд 100% өгсөн. III-р улирлыг 92 хувьтай өгсөн байна.

-Сошиал орчинд эмч ажилчдын хандлага зарим нь сайн байна зарим нь муу байна гэх юм. Тэгвэл эмч нарын харилцаа, хандлагыг сайжруулах тал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Манайх “Эерэг хандлага эмчилгээний эхлэл” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж эхлүүлсэн. Үйлчлүүлэгч нарын дунд энэ төрлийн судалгааг хагас жилд нэг удаа хийж байна. Судалгаанаас харахад эмч, эмнэлгийн ажилчидын хандлага нилээн сайжирсан нь харагдсан. Мөн эерэг хандлага аяны хүрээнд эмч нарын урамшууллыг нэмэх тогтолцоог бий болгосон. Өөрөөр хэлбэл тухайн эмч үйлчлүүлэгчээс хэр их эерэг үнэлгээ авна төдий чинээ урамшуулал бодогдох системийг нэвтрүүлээд ажиллаж байна.

Эмнэлгийн орчин сайжирсантай холбоотойгоор хүмүүсийн хандлага хүртэл их сайхан болсон. Манай зарим тасгууд иргэддээ зориулж  цагаан костюм, пиджак халаат өмсөж жигдэрсэн бөгөөд энэ нь иргэд болон эмч нарын хооронд эелдэг харилцааг эхлүүлдэгийг судалгаагаар нотлогдсон.

-Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдэд өгөх зөвлөмж юу байна вэ?

-Бүх хүн өвдсөн ууртай эмнэлэгт ирдэг гэхдээ сүүлийн үед эмч нар луу уурлах чи үзэх ёстой ингэх ёстой гэсэн хандлага арай багассан. Жилээс жилд үйлчлүүлж байгаа иргэдийн хандлага сайжирч байгаа. Энэ нь цахим үйлчилгээ нэвтэрч, иргэдэд учрах чирэгдэл багассантай холбоотой болов уу. Гэхдээ зарим тохиолдолд иргэд маань цагаасаа эрт ирчихээд хүлээгээд түүнээсээ болж бухимдах тохиолдол байдаг.

Бас нэг зүйлийг хэлэхэд гадаа хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд маань гадуур хувцасаа өлгөөд хэн хэндээ төвөг учруулахгүй соёлтой үйлчлүүлмээр байна. Мөн зарим тохиолдолд  даатгалаа төлөөгүй, цаг аваагүй мөртлөө үзүүлэх гээд дайрдаг тохиолдолд байдаг. Иймээс иргэн та эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ эрүүл мэндийн даатгалаа төлж, цахим үйлчилгээг сонгон, эмнэлгээр соёлтой үйлчлүүлж хэвшээрэй.

-Баярлалаа.


keyboard_arrow_up