Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Шинээр гаргах бондын хүүгийн зардлыг 11.1 тэрбум төгрөгөөр бууруулжээ

2014 оны 11 сарын 17

"Төсвийн тогтвортой байдлын тухай”, "Төсвийн тухай”, "Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай” хуулиуд болон эдгээрт тогтоосон тусгай шаардлагуудад нийцүүлэн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн хуралдаанаар баталлаа.

Монгол Улсын 2015 оны төсвийн орлогын төлөвлөгөөг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу тэнцвэржүүлсэн журмаар тооцсон бөгөөд төсвийн орлого бүрдүүлэгч гол нэр төрлийн эрдэс баялаг болох зэс, нүүрсний олон улсын зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс төсөвт учирч болзошгүй эрсдлийг бууруулах зорилгоор тэнцвэржүүлсэн үнэ, зах зээлийн үнийн зөрүүгээс үүсэх орлогыг Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр байна.

Монгол Улсын Засгийн газраас 2015 онд эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн, энгийн, ойлгомжтой татварын орчин бүрдүүлэх, татварын орчныг тогтвортой хадгалах бодлогыг үргэлжлүүлэн баримтална.

Түүнчлэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах замаар төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа бөгөөд Засгийн газраас орлогын нэр төрөл бүрд шинжилгээ хийж, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, татварын бааз суурь, хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээ, олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас зарласан ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүний үнийн таамаглал зэргийг нарийвчлан судалж учирч болзошгүй эрсдлийг харгалзан тооцооллоо.

Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Газрын тосны тухай хуулийн дагуу Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэрт нэмж газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувийг төвлөрүүлэхээр тооцлоо.

Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 7,599.2 тэрбум төгрөг байхаар, үүнээс нийт урсгал зардал 6,033.2 тэрбум төгрөг байхаар төлөвлөлөө.

Төсвийн урсгал зардалд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2015 онд инфляцын түвшин, хөдөлмөрийн бүтээмж, салбарын онцлогийг харгалзан индексжүүлж нэмэх, төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх, төсвийн хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлэх, хуулиар тодорхойлогдсон хараат бус байгууллагуудын төсвийн төслийг 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөлөлд зөвшөөрөгдсөн түвшинд нь байлгаж, төсвийн бусад хууль тогтоомжид нийцүүлэн тусгах гэсэн үндсэн зарчмуудыг баримтлан ажиллалаа.

Нэгдсэн төсвийн урсгал зардлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 2011-2012 онуудад дунджаар 30 орчим хувьтай хэлбэлзэж байсан бол 2013 онд 25.9 хувийн гүйцэтгэлтэй, 2014-2015 онуудад дунджаар 25 хувьтай байхаар төлөвлөж, 2016-2017 онуудад дунджаар 22.5 хувьтай байх төлөвтэй байна.
Төсвийн урсгал зардлын өсөлт 2010, 2011, 2012 онуудын төсвийн гүйцэтгэлээр 26.2%, 43.4%, 36.8% буюу дунджаар 35.5 хувьтайбайсан бол 2013 онд 2.8 хувь болж буурсан байна.

Төсвийн урсгал зардлын өсөлт эрс буурахад Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2013 оноос бүрэн хэрэгжиж төсвийн тусгай шаардлагуудыг төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналтын бүх үе шатанд мөрдөж эхэлсэн, зарлага, санхүүжилтийг төсвийн орлогын бодит гүйцэтгэлтэй уялдуулан олгосон зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлсөн байна.

2014 оны хувьд цалин, бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээнд 235 тэрбум төгрөг төлөвлөн үе шаттай хэрэгжүүлж байна. Ирэх онд энэ арга хэмжээг үргэлжлүүлэхэд зориулан 2014 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад нийт 500 орчимтэрбум төгрөгийг нэмэгдүүлэхээр тооцон боловсрууллаа. Энэ эх үүсвэрт багтаан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Засгийн газраас 2014 онд гаргасан шийдвэрүүд болон 2015 онд шинээр гаргах шийдвэрийг үе шаттай хэрэгжүүлнэ.

УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, соёл спорт, нийгмийн хамгааллын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын үр дүнд 2015 онд төрийн үйлчилгээний хүртээмж, цар хүрээ нэмэгдэхтэй холбогдуулан багш, эмч, сувилагч, асрамж сувиллын газрын ажилтан, байр ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах үйлчилгээний ажилтан зэрэг орон тоо, зардлыг 2015 оны төсөвт зайлшгүй нэмж тусгалаа.

Хүн ам зүйн тоо, статистикийн өөрчлөлтийн улмаас төрийн үйлчилгээний цар хүрээ, тоо хэмжээ нэмэгдэж байна. Жишээлбэл, ирэх онд боловсролын салбарт ерөнхий боловсролын сургуульд 19 мянга орчим хүүхэд, цэцэрлэгт 12 мянга гаруй бага насны хүүхэд нэмж хамрагдахаар байна. Мөн ахмад насны тэтгэвэр авагчдын тоо 8.7 мянган хүнээр нэмэгдэхээр тооцсон байна.

Ирэх онд зээл тусламж, улсын болон орон нутаг, хувийн хөрөнгө оруулалтаар нийтдээ цэцэрлэгийн зориулалттай 82 барилга байгууламж, сургуулийн барилга, дотуур байр, спорт заалны зориулалттай 81 барилга, эмнэлийн зориулалттай 8 барилга, байгуулам тус тус ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр байна. Сургууль, эмнэлэг, цэцэрлэг, соёлын төвийн барилга ашиглалтад орсноор үйлчилгээний ажилтны орон тоо, байр ашиглалтын зардал нэмэгдэж байна.

"Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн хүрээнд 2013 оны 08 дугаар сарын 1-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 1-ний өдөр хүртэл бүртгүүлсэн иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг 2015 оны эхнээс эхлүүлэхээр тооцов. Энэ хугацаанд нийт 74.0 мянга гаруй иргэд хамрагдсан ба үүнээс хуулийн дагуу тэтгэвэр нь нэмэгдэх 32.4 мянган иргэдийн зардалд 10.3 тэрбум төгрөг шаардагдаж байна.

Мөн төсвийн хэлэлцүүлгийн явцад гарсан саналын дагуу тодорхой зардлуудыг буурууллаа. Үүнд:

■    2012 он болон түүнээс хойш байгуулагдсан төсөвт байгууллагын нэмэгдсэн орон тоог анх байгуулагдсан түвшинд бууруулах, зарим төсөвт байгууллагыг нэгтгэн, өөрчлөн байгуулах, бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны орон тоог 2012 оны түвшинд тооцож бүх шатны төсөвт байгууллагаас нийт 540 орон тоог цомхотгож, урсгал зардлыг 4.0 тэрбум төгрөгөөр бууруулах;

■    Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим арга хэмжээний зардлыг 24,522.9 сая төгрөгөөр бууруулах;

■    Бараа, үйлчилгээний зарим зардлыг доор дурдсан аргачлалаар 5-30 хувиар буюу нийт 31,856.2 сая төгрөгөөр бууруулах;
Гадаад зээлийн ашиглалтыг 30.7 тэрбум төгрөгөөр, шинээр гаргах бондын хүүгийн зардлыг 11.1 тэрбум төгрөгөөр тус тус бууруулах

■    Засгийн газрын зарим тусгай сангууд Аялал жуулчлалын сан, Соёл, урлаг хөгжүүлэх сан, Эрүүл мэндийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сан, Сургалтын төрийн сан, Шинжлэх ухаан технологийн сан, Байгаль хамгаалах сан, Цэвэр агаар сан, Олон улсын хамтын ажиллагааны сангуудын улсын төсвөөс санхүүжих зардлыг нийт 34,847.8 сая төгрөгөөр, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн зардлыг 50 хувиар буюу 1,450.0 сая төгрөгөөр нийт 36,297.8 сая төгрөгөөр бууруулах.
Ийнхүү дээрх өөрчлөлтүүдийг тусгахад Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7,159.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.8 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 7,599.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 439.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1.8 хувь болохоор батлагдсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12160
0 эможи
keyboard_arrow_up