Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Bank of China” Монголд салбараа нээвэл бидэнд ийм эрсдэл байна

2014 оны 4 сарын 09

"Bank of China" манайд төлөөлөгчийн газраа ажиллуулдаг дэлхийн "акул" банкуудын нэг. Одоо харин салбараа нээхээр ажиллаж байгаа гэсэн мэссэж хүчтэй явж байна. Гадны банкуудын салбар жил ажиллаад салбар нээх зөвшөөрөл хүсч болдог хууль манайд үйлчилдэг.

 

"Bank of China"-гийн хувьд энэ хугацаа нь болсон ч салбараа нээх хүсэлт гаргахаа түрдээ азнасан гэсэн мэдээлэл байсан юм. Гэтэл учир мэдэх улсын ярьж байгаагаар дэлхийн томоохон банкны нэг  "Bank of China" тун удахгүй Монголд салбараа нээх бололтой.

Гадаадын банкны салбар ажиллаад эхлэхээр зээлийн хүү буурах сайн талтай гэж сурах бичигт бичсэн байдаг л даа. Гадны банкууд ороод ирэхээр өрсөлдөөн нэмэгдэнэ, өрсөлдөөн нэмэгдэхээр зээлийн хүү буурна гэсэн тайлбарыг албаныхан унагадаг. Өнгөцхөн сонсоход аятайхан л тайлбар. Ухаад үзэхээр оросууд манайд зуун шатахуун түгээх станц барьж өгье гэж найр тавьдагтай ижил юм даг уу даа. Тэр үед шатахуунаа зуун хувь Оросоос авдаг монголчуудад "Өө эд чинь станц бариад бензинээ түгээвэл шатахуунаа хямд аваад ашигтай юм биш үү" гэж дуу алдахаар мэдээ байсан. Гэхдээ алсдаа шатахуунаараа зуун хувь нэг улсаас хараат болох аюултай санал гэдгийг нь учир мэдэх хэд нь хэлж байгаад болиулсан жишээ бидэнд бий. Хэрвээ тэр үед оросууд зуун шатахуун түгээх станцаа манайд барьчихсан бол өнөөдөр бид шатахууны үйлдвэр ярихтай манатай л сууж байгаа. Гадаадын банкны салбар орж ирлээ гэхэд төгрөгөөр бага хүүтэй зээл олгоод эхлэх юм шиг ойлголтыг манай шийдвэр гаргагчдын зарим нь иргэдэд өгөх  байх. Харамсалтай нь тэгэхгүй. Гадаад валютаар л зээл олгох боломжтой.

"Bank of China"-гийн салбар манайд үүдээ нээвэл бидэнд ямар эрсдэлтэй вэ гэж сонирхох хүн олон бий.  Эхний эрсдэл  нь улс орны эдийн засгийг хуваах аюул. Манай улсын хөрөнгө оруулагчдын дунд урд хөршийн бизнесмэнүүд жин дардаг. Өнөөдрийн байдлаар гэхэд  Хятадын хөрөнгө оруулалттай юм уу ямар нэг оролцоотой  6000 гаруй компани Монголд үйл ажиллагаа явуулдаг гэсэн статистик бий. Хөрш улс, том зах зээлийн хувьд байж болох хэмжээ. Үүнийг нь бол хэн ч хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Хятадын хөрөнгө оруулалт, оролцоотой хэдэн мянган компанид улсынх нь банк үйлчлээд эхэлбэл яах вэ гэдэг талаас нь харъя.  Анзаарч харахаар л өнцөг. Манай зах зээлд  эргэлдэж байгаа мөнгөний багагүй хэсэг нь урд хөршөөс гаралтай. Монгол гэдэг бүхэл бүтэн улсын эдийн засаг  Монголын болон Хятадын хамааралтай болж хуваагдмал байдалд орохоор дайны нөлөө бий гэх гээд байна л даа. Ингэвэл эдийн засгийн үр ашиг муудах аюултай гэж болгоомжлох эдийн засагч байна.  Жишээ нь Малайзын эдийн засаг Энэтхэг, Малай, Хятадын хамааралтай гэсэн хуваагдмал байдалд орсон жишээ бэлхнээ бий.

Дараагийн аюул нь дотоодын санхүүгийн системийн эрсдэл гэж зарим шинжээч хэлж байна. Гадны хөрөнгө оруулалт, капиталын богино хугацааны тогтворгүй урсгалд амархан автдаг, ингэснээсээ болж системийн эрсдэлд  их эмзэг болдог  аюул бий гэнэ. Зүүн Өмнөд Азийн орнууд болон Аргентинд яг ийм шалтгаанаас үүдсэн хямралын жишээнүүд байдаг. Дотоодын банкны зах зээл дэх хяналтаа гадны санхүүгийн бүлэг­лэлүүдэд бүрэн алдсан Зүүн Европын орнуудыг бас жишээ татаж болно.  

Анхаарах учиртай гурав дахь шалтгаан нь улс орны аюулгүй байдал. Аюулгүй байдалд нөлөөлөхөөр онцгой эрсдэл ч бий аж. Их хэмжээний санхүүжилт хийх салбар гэхээр одоохондоо уул уурхай  л байна. Тэгвэл ийм том санхүүжилтийн барьцаа нь юу байж болох вэ. Ухаж ядах юмгүй. Ашигт малтмалын  нөөц ихтэй ордууд. Компаниудын мэдэлд байгаа хамгийн үнэтэй баялаг  гэвэл энэ л байна. Газрын хэвлий доор байгаа баялаг гадны банкны мэдэлд орох өндөр эрсдэл бий. Нөөц ихтэй ордыг банк мэдэлдээ авлаа гэхэд УИХ, Засгийн газар юу хийж чадах вэ.  Стратегийн ач холбогдолтой салбарт гэж ирээд  хөрөнгө оруулалтыг үргээн барин баталсан хууль шигээ гэнэтхэн нэг хууль санаачлаад асуудлыг шийдэж чадахгүй.  Учир нь зээлээ төлөөгүй компанийн барьцаа хөрөнгийг хурааж авах мэдэл банкинд бүрэн бий. Энэ эрхийн эсрэг засаг юу хийгээд ч нэмэргүй. Зохицуулж хамгаалах ямар ч чадваргүй болж хяналтаа алдах л аюул бий.

Нэг зүгийн хөрөнгө оруулагчид төвлөрсөн, голлох зах зээл нь уул уурхайн бүтээгдэхүүний экспорт болсон манайх шиг жижиг эдийн засагтай улсын хувьд том орны том банкны салбар ажиллана гэдэг эрсдэлтэй алхам. Санхүүжүүлэх төсөл нь хэрэгжихгүй эрсдэлд орохыг мэдсээр байж бодлогын чанартайгаар санаатайгаар зээл олговол яах вэ. Зорилго нь зөвхөн барьцааг нь мэдэлдээ авах байвал яахав. Учир нь өнөөхдөө барьцаалчихаар том юм гэвэл дээр хэлсэнчлэн бидэнд уул уурхайн ордууд л байна. Барьцаа хөрөнгийг нь санаатайгаар гартаа оруулах ийм арга дэлхийд түгээмэл байдаг юм билээ.

Хамгийн том эрсдэл нь жамаараа хөгжиж яваа дотоодын санхүүгийн систем өрсөлдөх чадваргүй болно. Туулайг луутай өрсөлдүүлэхээр хэн нь ялахав, тодорхой.  Манай банкууд чөлөөт зах зээлийн зарчмаар ширүүн, эрүүл өрсөлдөөн дунд ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтын урсгал тасарсан эрсдэлтэй орчин, өндөр инфляци, эдийн засгийн одоогийн нөөц боломжтой харьцуулбал харин ч хурдтай хөгжиж яваа салбар. Энэ эрчийг нь сааруулахаар зүйл хийх ямар хэрэг байгаа юм бол.

Дөрөв дэх эрсдэл гэвэл төлбөр тооцооны системтэй холбоотой. Салбар нээнэ гэдэг нь төлбөр тооцооны системд бүрэн оролцоно гэсэн үг.  "Валютын ханш, мөнгөн урсгал, эдийн засгийн санхүүгийн эрсдэлд хэрхэн нөлөөлөх, хэрхэн хяналт тогтоох нь ойлгомжгүй нөхцөлд орно" гэж хэлэх хүн байна. 

Өндөр хөгжсөн улсууд гадаадын банкны салбарт тийм таатай ханддаггүй. Япон, Солонгос гэхэд л банкны зах зээлээ гадныханд тун алгуурхан нээсэн байдаг. Манайх шиг юу юугүй өврөө нээгээгүй юм билээ. Гадаадын банкууд заавал салбар нээхгүйгээр Төлөөлөгчийн газрын статусаараа Монголын дотоод зах зээлд зээл олгоод явж буй жишээ цөөнгүй байгаа. Монголд төлөөлөгчийн газраа нээсэн SBMC,  TMBC зэрэг Японы банкууд байна. Салбараа нээх гэхээс илүү төслийн санхүүжилтэн дээр ажиллах зорилго л тэдэнд бий. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1239
0 эможи
keyboard_arrow_up