Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ 2016 ОНООС ӨМНӨХ, ХОЙШХИ ГЭЖ ДҮГНЭХ НЬ ЗҮЙТЭЙ

2019 оны 5 сарын 10

Arslan.mn

Үндэсний аудитийн газраас  Монгол Улсын Хөгжлийн банкны 2011-2018 оныг  хүртэл үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хоёр үе шаттайгаар аудит хийсэн байна. Шалтгалтын эхний үе шат  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл, дараагийн үед шат нь 2018 оны 10 дугаар сарын 24-өөс 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд  гүйцэтгэлийн аудит хийснээ өнгөрсөн долоо хоногийн Төсвийн байнгын хорооны хурлаар танилцууллаа.

Шалгалтаар 2011-2016 оны хооронд МУХБ-аас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хангалтгүй үнэлгээ авсан хэдий ч 2017 оноос МУХБ-ны тухай хуулийг шинэчлэн батлуулснаар үйл ажиллагааны доголдол, тухайн нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ харьцангуй сайжирч, хяналтын тогтолцоо боловсронгуй болсныг аудитын тайланд дурджээ.

Байгуулагдаад 8 жилийн нүүр үзэж байгаа  Хөгжлийн банкны үйл ажиллагааг 2016 оны 9 дүгээр сараас өмнөх, түүнээс хойшхи гэж ангилж үздэг. Аудитын тайланд дурьдсанаар холбогдох хууль, журмыг зөрчсөн үйл ажиллагааны дүнд 3 их наяд орчим төгрөгийн алдаа, зөрчил гарсныг тайланд дурьдсан байна. Нийт 16 зөрчил, 8 алдаа аудит хийсэн хугацаанд гарснаас 2 зөрчил нь одоогийн удирдлагын үед харин 22 алдаа, зөрчил нь 2016 оныг хүртэлх удирдлагын үйл ажиллагаа, шийдвэр гаргалттай холбоотой байна. Хамгийн өндөр алдагдал үүсгэсэн үйл ажиллагаа нь Сангийн яам 2013 онд Чингис бондын эх үүсвэрээс 1,2 тэрбум ам.долларыг Хөгжлийн банкинд төгрөгөөр байршуулснаас 2016  оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 761.1 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн тооцоо гарч энэ нь төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасныг зөрчсөн байна.

Арилжааны банкаар дамжуулан өмнөх удирдлагын үед 1,0 их наяд  төгрөгийн зээл олгосон нь МУХБ-ны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “ Хөгжлийн банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ-ын жил бүрийн хаврын чуулганаар батална” гэсэн тухай үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн заалтыг зөрчсөн гээд өмнөх удирдлагын үед гарсан хэд хэдэн зөрчил байгаа юм.

Үндэсний аудитын газрын шалгалтаар илэрсэн дээрх зөрчлүүдийн дийлэнх нь  2016 онд хийсэн Засгийн газрын шалгалтаар илэрүүлсэн зөрчилүүд бөгөөд МУХБ-ны өмнөх удирдлагын үед хийсэн алдаа дутагдалтай ажлууд хууль хяналтын байгууллагад шилжин шалгагдаж байгаа. Тухайн үед ажлаа аваад байсан одоогийн удирдлагын багт зөрчил дутагдлыг засаж, залруулах, банкыг хүнд байдлаас гаргах төлөвлөгөө боловсруулан ажиллах үүрэг өгөгдсөн. 2016 оны Засгийн газрын шалгалтаар өгсөн 98 зөрчлийн дагуу авах арга хэмжээний биелэлт 2019 оны шалгалтын дүнгээр 84 хувийн биелэлттэй байгаа юм байна. Энэ хүрээнд олон ажлууд хийгдэж байна. Тухайлбал, 2018 оны жилийн эцсийн байдлаар актив хөрөнгө өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсч 4.2 их наяд төгрөгт хүрсэн бол өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөгт тус тус хүрсэн байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 6,1 их наяд төгрөгийн зээл эргэн төлүүлж, 2,4 тэрбум ам долларын өр барагдуулжээ. Гадаад валютын ханшийн эрсдэлээр 2016 онд 191 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан бол өнгөрсөн 2 жилд 79 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллаж улсад 74 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.

Зээл олголтын дараах хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх хүрээнд 10 дэд хөтөлбөрт 11 банкаар дамжуулан олгосон 1325 дэд зээлдэгчийн үйл ажиллагаанд түүвэрлэсэн хяналт, шалгалтыг хийж, зориулалтын бусаар ашигласан 9.1 тэрбум төгрөгийн зээлийг хугацаанаас нь өмнө эргэн төлүүллээ.

Хугацаа хэтэрсэн 12 зээлийг тусгай активт шилжүүлж 6.2 тэрбум төгрөг бүхий 3 зээл дээр шүүхийн шийдвэр МУХБ-ны талд эцэслэн гарсан. МУХБ-ны хариуцагчаар оролцсон 4 хэрэг дээр шийдвэр гарч, учирч болох 17.2 тэрбум төгрөгийн эрсдэлийг хаасан байна.

2017 оныг хүртэл Засгийн газрын эх үүсвэр болон Засгийн газрын баталгаа ашиглаж байсан бол өнгөрсөн 2 жилд 568 сая ам долларын эх үүсвэрийг Засгийн газрын  баталгаагүйгээр босгож чаджээ.

 Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч банкны хувьд 2018 онд Засгийн Газраас баталсан Ноолуур хөтөлбөр, эрчим хүч, газар тариалан, газрын тос болон түрээсийн орон сууц хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлж ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603350
0 эможи

keyboard_arrow_up