Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ган-Очир: Зээлийн хүүгийн хязгаарыг тогтоож эдийн засгийг лаборатори болгох нь маш том эрсдэлтэй

2019 оны 5 сарын 14

Arslan.mn

Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Олон нийтийн анхаарлын төвд байгаа зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай асуудлаар ярилцлагаа эхэлье. Энэ асуудал хэзээнээс ямар үндэслэлээр яригдаж эхэлсэн байдаг вэ?

-Монголын улс төр, нийгэмд сүүлийн 15 жил нэлээд идэвхтэй, Монголд зээлийн хүү өндөр байна, тэр дундаа хөрөнгө оруулалтыг дэмжих, хувийн бизнест дэмжлэг үзүүлэхүйц түвшинд бууж чадахгүй байна гэдэг асуудал яригдаж эхэлсэн байдаг. Тухай бүрт нь Монголбанк холбогдох тооцоо судалгааг хийж ирсэн. Зээлийн хүү яагаад өндөр байна, юу нөлөөлж байна, бодлогын хувьд юу хийж чадах вэ, бодлогын бус болоод Засгийн газрын түвшинд юу хийвэл зүгээр байна, хувийн хэвшил банкны салбарт юу хийвэл зүгээр вэ гэдгийг судалж эхэлсэн байдаг.

Зээлийн хүү өндөр байх нь эх үүсвэрийн хүү буюу хадгаламжийн хүү өндөр байгаагаас дийлэнх нь болж байна. Зээлийн хүү 20 хувь байлаа гэхэд түүний 14 хувь нь эх үүсвэрийн зардал, зургаа орчим хувь нь хадгаламж зээлийн хүүгийн зөрүү байна. Тэгвэл зургаан хувь дотор банкуудын үйл ажиллагааны зардал, зээлийн эрсдэлийн сангийн зардал гээд энэ хоёр зардал том хувийг эзэлж байна гээд. Гурав дахь нь банкуудын ашигтай ажиллагаа, бусад валютын ханш, зээлийн хүүгийн эрсдэлийг нөхөх хэмжээний зардлууд явж байна гэсэн ерөнхий судалгааны дүн гардаг. Сүүлд ч гэсэн бид өнгөрсөн жил зээлийн хүүгийн стратеги боловсруулах үед судалгаа хийхэд мөн л иймэрхүү дүр зураг хэвээрээ яваад байсан. Нэг талаасаа зээлийн хүү өндөр байгаа нь яалт ч үгүй бодит факт. Дэлхийн түүхийг харсан ч эдийн засаг дахь ядуурал нь өндөр, дундаж давхарга бага орчныхон улстөрчдийн популист шинж чанартай зүйлд нэлээд автамтгай болдог юм байна. Яагаад гэвэл энэ фактыг бариад явбал ямар ч улстөрч олон нийтэд сайхан харагдана. Яг эдийн засгийн судалгаа, гарч болох үр дагавруудыг тооцохоор зах зээлийнх нь зарчмаар байхгүй бол болохгүй гэдэг байр суурьтай явж ирсэн.

Тухайн үед Монголбанк болон бусад байгууллага, судлаачид үр дагаврыг нь хэлээд болохгүй гэсэн байр суурьтай 2018 оны дөрөвдүгээр сард Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг өргөн баригдах хүртэл явж ирсэн. Ерөнхийдөө зээлийн хүү өндөр байгааг ярьж байсан болохоор Монголбанк зээлийн хүүг бууруулах стратеги 2017 оны намраас эхлээд боловсруулж олон нийтэд танилцуулсан. Санал шүүмжийг тусгаад 2018 оны зургадугаар сарын 12-ны өдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлуулсан. Үйл ажиллагааны төлөвлөгөөг есдүгээр сард батлуулсан. Ямар алхмуудыг ямар хугацаагаар хийх вэ гэдгийг өнөөдөр хүртэл хэрэгжүүлээд явж байгаа.

-Хуулийн төслийг боловсруулж өргөн барьсан улстөрчид олон улсын жишгийг онцолж байгаа шүү дээ?

-С.Эрдэнэ гишүүн олон улсын жишгийг харсан байх. Олон улсад зээлийн хүүг бууруулах алхам байдаг. Гэхдээ хавтгайруулж бүх зээлийн хүүг бууруул гэсэн зохицуулалт байхгүй гэж хэлж болно. Цөөхөн хэдэн улс байгаа. Кени, Уганда гэх мэт. Барууны хөгжилтэй улсууд гэхэд, жишээ нь Япон, Франц хэрэглэсэн гэж ярьдаг боловч тухайн нэг зээлийн бүтээгдэхүүний хувьд хэрэглэсэн байдаг. Гэхдээ л эдгээр нь сөрөг үр дагавартай байж гэсэн судалгааны үр дүнгүүд гардаг. Зөвхөн иргэдийн зээл дээр, зөвхөн жижиг дунд үйлдвэрлэлийн зээл гэж тавингуут тэр тавьсан зээлийн хүүгийн дээд хязгаар дээрх бүтээгдэхүүнүүд нь нэр төрөл нь цөөрөөд, илүү зээл гаргах боломжтой бүтээгдэхүүн рүү хөрвөсөн болохоос биш өмнө нь байсан бүтээгдэхүүн нь байхгүй болдог. Эсвэл зээлийн хүү гээд тавингуут шимтгэл, хураамж гэдэг дүн рүүгээ өссөн байх жишээтэй. Энэ хэлбэрийн судалгаануудаас харахад энэ алхам бол зээлийн хүүг тогтвортой нам түвшинд байлгадаг эерэг үр дүнд хүргээгүй гэдэг судалгаа хөгжилтэй орнуудаас ч, бусад улсад ч гарсан байдаг.

-Төв банкнаас зээлийн хүүгийн хязгаар тогтоох асуудлаар мэргэжлийн байгууллагууд, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж санал зөвлөмж авсан гэсэн. Тэд ямар байр суурьтай байх юм бэ. Зээлийн хүүгийн хязгаарыг тогтоох нь далд, луйврын эдийн засгийг бий болгоно гэж үзээд байгаа?

-Монголбанк зээлийн хүү бууруулах, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлстэй холбоотой судалгаануудыг түүхэн хугацаанд 2015 оноос хойш хийж ирсэн. 2017 оноос бүр эрчимжүүлсэн. Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулсан. Нэгэнт судлаад гаргаад ирсэн үр дүн, гаргасан баримт бичгийг олон нийтэд танилцуулах хүрээнд хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг уулзалтуудыг бүх талын төлөөллүүдийг оруулаад хийсэн. Энэ үед мэдээж Монголбанкнаас хийсэн судалгаа, олон улстай харьцуулсан байдал зэргийг аваад үзэхээр нэлээд олон үр дүн гарч байгаа юм. Ялангуяа олон улсын жишээн дээр. Хууль болгодог анхны санаа маш сайхан санаан дээр үндэслэдэг. Иргэдийн зээл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээл өндөр байна. Өндөр байгаа болохоор тэд зээлд хамрагдаж чадахгүй байна. Тийм болохоор зээлийн хүүг тогтоогоод өгчихвөл энд хамрагдах хүмүүсийн тоо ч их болно, зээлийн хүүгийн дарамт багасна. Энэ утгаараа сайн сайхан зүйлд очно гэсэн сайхан санаагаар эхэлсэн байдаг. Уганда ч, Кени ч тэр. Эцэст нь ганц өгүүлбэрээр хэлэхэд анхны тавьсан зорилгынхоо эсрэг үр дагаварт хүрчихсэн харамсалтай кейсүүд олон байгаа юм. Нэг үгээр хэлбэл зээл хамгийн их хэрэгтэй хэсэг, зээлд хамрагдаж чадаж байсан хэсэг нь дараа нь зээлд хамрагдаж чадахаа больсон. Бодлогын хүү 11, нэмэх нь долоо гэдэг санал хуульд тусгагдсан. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг 18-аар тогтооно гэдэг Монголын нөхцөлд эрсдэлтэй зээлдэгч нарын хувьд зах зээлээс шахагдах гол нөхцөл болоод байгаа юм. 30, 50 гэх мэт харьцангуй өндөр байсан бол бас гайгүй. Гэтэл өнөөдөр хүүг хатуугаар доогуур түвшинд авчирч байгаа нь сөрөг үр дүнд аваачина.

-Банкуудад ямар эрсдэл бий болох вэ?

-Том эрсдэл нь тэгвэл тэр зээлийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй хэсэг нь яах вэ. Тэр хүмүүс дахиад ямар нэгэн хэлбэрээр зээлээ авах гэж оролдоно. Тэгэхээр таны хэлдэг далд эдийн засаг, зохицуулалтгүй байгаа тэр хэсэг рүү явах том эрсдэл байгаа юм. Гурав дахь нь хээл хахуулийг хүртэл үүсгэдэг. Банкнаас зээл авч чадахгүй иргэд зээл рүү оруулаач гэж гуйж, арын хаалга хэрэглэхэд хүрнэ. Тийм нөхцөл байдалд хүүг тогтоосны дараа илүү хүнд болдог. Нөгөө талаар банкны ашигтай ажиллагаа багасна. Банк ашигтай байж тогтвортой ажиллаж тогтвортой үйл ажиллагаагаа хадгална. Ашигт ажиллагаа байхгүй болбол банк үйл ажиллагаагаа хангаж чадахгүй, дараагийн том цохилт нь “Капитал” банк шиг нөхцөл байдал руу орох эрсдэлтэй.

Ихэнх улс удаан хугацаанд тавиад эргэж буцсан байдаг. Нэг зүйл тавиад болохгүй бол буцна шүү гэдэг асуудал том хохиролтой. Манай зарим улстөрчид тэгж ярьж байгаа. Энэ хугацаанд Монголд байгаа зээлжүүлэлтийн хадгаламж, одоо бүрэлдэн бий болчихсон байгаа эрүүл зөв харилцаанууд тэр хугацаагаар байхгүй болно. Маш олон жижиг дунд бизнес эрхлэгчид зээл авч чадахгүйгээс дампуурч магадгүй. Ийм үр дагаварт хүрэхийг мэдсээр байж, мэргэжлийн байгууллага зөвлөсөөр байхад эдийн засгийг лаборатори болгох нь маш том эрсдэл. Түүнээс гадна мөнгөний бодлогод маш сөрөг нөлөөтэй. Мөнгөний бодлогын үр нөлөө мууддаг юм байна гэсэн маш том сургамж олон улсын түвшинд байгаа юм. Бүр аюултай нь төв банкны бие даасан хараат бус байдалд нөлөөлөх эрсдэл харагдаж байгаа юм.

-Шийдлийг юу гэж харж байгаа вэ?

-Бид шийдлийг маш тодорхой хэлж байгаа. Эхний ээлжинд зээлийн хүүг хууль гаргах замаар хатуу явах нь зохимжгүй гэж. Бидний шийдэл бол зах зээлийнх нь зарчмаар зээлийн хүүг бууруулах боломж байна гэж байгаа. Тэр бол зээлийн хүүг бууруулах стратегид бодлогын түвшинд юу хийх вэ, банкууд юу хийх вэ гэдгийг маш тодорхой тусгачихсан.

Үүнийг улс төрийн нөлөөллөөс үл хамаараад тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Наад зах нь инфляцийн найман хувийн зорилтоо алдахгүй, зургаан хувийн зорилт руу буулгах хэрэгтэй. Инфляци буурахаар бодлогын 11 хувийн хүү 8-9 нэгж рүү бууж ирнэ. Ийм болоход хадгаламжийн хүү нэг оронтой тоо руу бууж ирнэ. Зээлийн хүү өнөөдөр 16-17 хувь байгаа бол 14-15 болно.

Эцэст нь хэлэхэд шийдэл нь Монголбанкинд байгаа. Мэс засал хийх гэж байгаа эмчид яаж хийхийг заадаггүй. Эдийн засаг, банкны салбарын хүмүүс харчихаад үр дагаврыг хэлж байгаа бол тодорхой түвшинд сонсдог байж нийгэм зах зээл хөгжинө. Мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойноос холдсон шийдвэр гараад эхлэх юм бол буруу зүг рүүгээ явдаг. Энэ зүйлийг нийгэм сайн ойлгох учиртай.

-Мөнгө хүүлэлттэй холбоотой асуудал сүүлийн үед ихээр яригдах боллоо. Төв банк үүнд хэрхэн анхаарч байна вэ?

Түүнээс гадна мөнгө хүүлэлттэй холбоотой асуудлыг ойрын хугацаанд шийдэхээр ажиллаж байна. Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тухай хуулийн төслийг Монголбанкнаас боловсруулаад байна. Үүнд тодорхой нэг зүйлийг нэмсэн. Мөнгө хүүлэлт гэж юу вэ гэдгийг тодорхой болгосон. Мөнгө хүүлэлттэй холбоотой зохицуулалтыг нэг зүйлээр дэд зүйл болгож оруулж ирсэн. Энэ хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн бариулахаар шуурхай ажиллаж байна.

-Монгол Улсад банк дампууруулах хар технологи бий болчихлоо гэж мэргэжлийн зарим хүмүүс үзэж байна. Үүний үргэлжлэл, тод жишээ нь “Капитал” банкийг нэрлэж байна. Нөгөө талаар “Капитал” банкны дампууралд Монголбанк хариуцлагагүй хандсан гэсэн байр суурь сонсогдож байгаа. Энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Би 1996 оны, 1997-1999 оны банкны хямралыг мэдэхгүй. Банк дампууруулдаг технологи гаргаад дундаас хэн нэгэн хүн ашиг хонжоо олдог гэдэг зүйл түүхэнд байсан байж магадгүй.

Капитал банкны нөхцөл байдлыг аваад үзэхээр гарцаагүй л байсан зүйл. Нийт зээлийнх нь 80 гаруй хувь нь чанаргүй болчихсон. Нийт өр төлбөр нь активаасаа хэдэн зуун тэрбум төгргөөөр давчихсан. Тэгээд Монголбанкнаас мөрдүүлдэг гол шалгуур үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар гэдэг харьцаа байдаг. Тэр нь 25 хувь байх ёстойгоос 0.6 хувь хүртэл буусан. Энэ нөхцөл байдлаас харахад энэ банкийг татан буулгахаас өөр ямар нэгэн сонголт үлдээгүй. Энэ бол туйлын гарцаагүй үнэн.

-Чанаргүй зээл 80 хувьд хүрч, төлбөр гүйцэтгэх чадвар ингэж буурах хүртэл Монголбанк мэдээгүй хэрэг үү?

-Монголбанк мэдээгүй, хараагүй зүйл байхгүй. Бид “Капитал” банкинд 2014 оноос хойш, ялангуяа 2015 оны аравдугаар сар гэхэд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангахгүй байна, шат дараатай арга хэмжээ авч засч залруулах шаардлагатай гэсэн. Үргэлжлээд сонгууль ч болсон. Сонгуулийн дараа ч Монголбанкнаас шаардлагаа хүргүүлсээр байсан. Хугацаа өгсөн. Гэтэл 2016 оны аравдугаар сараас Монгол Улс ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан. Үүн дээр орж ирсэн хамгийн гол зүйл бол банкны салбар дээрх шинэчлэл реформтой холбоотой асуудал. Биднийг банкны салбар дээрээ эрүүл мэндийн шинжилгээ хий гэсэн. Тухайн үед Монголбанк таны эхний асуултад очихгүй байх шийдвэр гаргасан. “Капитал” банк манайхаас мэдэгдэл өгөх бүрт “Гадаадын хөрөнгө оруулалт маш их хэмжээгээр оруулж ирэх гэж байна. Сингапур, АНУ-аас том хөрөнгө оруулагч оруулж ирнэ.Өөрийн хөрөнгөө хангана. Тэгээд бид зохистой харьцаагаа хэвийн болгоно” гэсэн тайлбар хийдэг байсан. Бид ч удаа дараа шаардаж, зөвлөх үед зөвлөж хянасаар ирсэн. Тэгээд бүх банкуудад 2018 оны арванхоёрдугаар сар гэхэд асуудлуудаа шийд гэсэн шаардлага тавьсан. Тэгээд энэ хугацаа болж “Капитал” банкинд авсан арга хэмжээ энэ. Тухайн банк бол байнга өөрийн хөрөнгөө нэмэгдүүлнэ, бидэнд хугацаа өгөөч гэдэг байсан. Бүр татан буулгах өдрийн өглөө хүртэл тэр тайлбараа хэлж л байсан.

-Тэгвэл “Капитал” шиг дампуурах эрсдэлтэй банк байгаа юу?

-Монголбанк энэ жилийг банкны шинэчлэлийн жил болгон зарласан. Эрүүл банк бол эрүүл санхүүгийн салбарын үндэс, эрүүл санхүү гэдэг бол эрүүл эдийн засаг, хөгжлийн үндэс. Энэ агуулгаар банкны салбарын шинэчлэл бол гарцаагүй хийгдэнэ гэж Монголбанк харж байгаа. Эрүүлжүүлэх эмчлэх арга хэмжээг тухай бүрт нь үргэлжлүүлээд аваад явна.“Капитал”банкны үйл явдал бол эхлэл нь.

Б.ЭНХЗАЯА 

Эх сурвалж: “Өдрийн сонин"

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603463
0 эможи

keyboard_arrow_up