Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч агентлагийн гаргасан хэвлэлийн МЭДЭГДЭЛ
2019 оны 5 сарын 30
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч (Fitch) агентлаг нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын банкны секторын талаар “Активын чанарын үнэлгээний нөлөөгөөр Монгол Улсын банкны салбар илүү хүчирхэг болно” гарчигтай хэвлэлийн мэдэгдэл гаргалаа.
1. Фитч агентлагийн хэвлэлийн мэдээ /2019.05.23/
Фитч агентлаг дараах зүйлүүдийг мэдэгдлээ:
- Капитал банкны үйл ажиллагааг зогсоож татан буулгасан нь Монгол Улсын банкны системд бүтцийн өөрчлөлт, сайжруулалт хийгдэж буйн илрэл гэж Фитч агентлагийн зүгээс үзэж байна. Мөн түүнчлэн зарим банкуудын хувьд цаашид өөрийн хөрөнгөө дахин нэмэгдүүлэх шаардлага байж болзошгүй ба бүр Активын чанарын үнэлгээ (АЧҮ)-ний үр нөлөөгөөр үйл ажиллагааг нь зогсоож ч магадгүй гэсэн хүлээлт тус агентлагийн зүгээс байгаа хэдий ч эдгээр нь эцэстээ Монгол Улсад ОУВС-гийн зүгээс хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн нэг чухал зорилт болох банкны тогтолцоог илүү чадавхжуулахад чиглэх юм.
- Монгол Улсын жижиг банкуудын нэг болох Капитал банк нь төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ хангалтгүй болсон ба үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь активын чанар эрс муудсантай холбоотой. Уг банкны нийт чанаргүй зээлийн харьцаа 80 хувьд хүрсэн.
- Активын чанар нь системийн хэмжээнд сул тал болсон хэвээр байна. Өнгөрсөн жил банкны секторын чанаргүй зээлийн харьцаа 10 хувийг давж өссөн ба зарим банкууд энэ жилийн хувьд ч өмнө олгосон зээл нь төлөгдөхгүй байгаагийн улмаас чанаргүйдэж байгааг тайландаа тусгасаар байна. Үүнээс үүдэн Монголбанк нь АЧҮ-ний дүнд үндэслэн авах арга хэмжээний хүрээнд зарим банкуудын хувьд, ялангуяа системийн нөлөө бүхий бус банкуудын хувьд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх эсвэл татан буулгах шаардлагатай дахин тулгарч болзошгүй.
- Өнгөрсөн жил Монголбанк зарим банкуудад өөрийн хөрөнгийн дутагдал үүссэнийг тогтоож, 2018 оны 12 дугаар сард багтаан дутагдлыг нөхөх шаардлагыг тавьсан. Худалдаа хөгжлийн банк активын чанар нь эрчимтэй муудсантай холбоотойгоор өөрийн хөрөнгийн харьцаагаа 2018 оны эхний хагаст 15 хувь байсныг жилийн эцэст 20 хувь болгож нэмэгдүүлсэн. Тус банкны чанаргүй зээлийн харьцаа 2019 оны 1 дүгээр улирлын эцэст 14 хувь болж өсөөд байна.
- Голомт банкны хувьд өөрийн хөрөнгийн харьцаа 2018 оны эцэст системийн нөлөө бүхий банкны зохистой харьцааны шаардлага болох 14 хувиас яльгүй илүү байсан. 2019 оны эхээс тус банкны чанаргүй зээлийн харьцаа эрчимтэйгээр муудсан ба 2018 оны эцэст 5 хувь байснаас 2019 оны 1 дүгээр улирлын эцэст 10 хувь болж өсөөд байна.
- АЧҮ-ний дүнд банкуудын өөрийн хөрөнгө нэмэгдүүлэх хэмжээ нь банкны секторын чанаргүй зээлийн харьцаа 9 хувь байх үед тогтоогдсон. Банкны секторын чанаргүй зээлийн харьцаа 2018 оны эцэст 10 хувь, 2019 оны 4 дүгээр сарын эцэст 11 хувьд хүрсэн нь банкууд дахин өөрийн хөрөнгийн дутагдалд орсон байх маш өндөр магадлалтай. Иймд Фитчийн зүгээс эрх бүхий байгууллага нь ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хүлээсэн үүргээ биелүүлэх болон банкны секторт итгэх итгэлийг нэмэгдүүлэх хүрээнд өөрийн хөрөнгийн дутагдалд орсон банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллана гэсэн хүлээлттэй байна.
- Капитал банк татан буугдсан нь банкны системд том нөлөө үзүүлэхгүй. Тус банк активын хэмжээгээр банкны системийн зөвхөн 1 хувийг бүрдүүлж байсан. Хадгаламжийн даатгалын корпорациас нөхөн олгогдох Капитал банкны хадгаламжийг Хаан банк (B/тогтвортой/b)-аар дамжуулахаар болсон ба энэ нь Хаан банк тэргүүлэх банкуудын нэг гэдгийг илтгэж байна. Мөн Хаан банкны хадгаламж болон хадгаламж эзэмшигчдийн тоонд богино хугацаанд тодорхой хэмжээний өсөлтийн нөлөөг үзүүлнэ. Хадгаламж нь даатгалаар нөхөн олгогдох ихэнх харилцагч нар Хаан банкны харилцагч болж үлдэнэ гэсэн хүлээлтийг Фитчийн зүгээс тавьж байна.
- Капитал банк татан буулгасан нь системийн нөлөө бүхий банкууд болох Хаан банк болон Хас банк (B/тогтвортой/b)-нд үнэлгээ тогтооход нь нөлөөлөх хүчин зүйл болохгүй гэж Фитчийн зүгээс үзэж байна. Мөн 2018 онд батлагдсан Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль нь системийн нөлөө бүхий банкны хувьд ‘туршигдаагүй’ буюу бүхлээрээ хэрэгжээгүй байгаа хэдий ч тус хуульд системийн нөлөө бүхий банкийг татан буулгахад үүсэх уршгийн нөлөөг тооцож, зарим тодорхой нөхцөл байдалд татан буулгахаас илүүтэй дэмжлэг үзүүлэхээр зорьсон байгаа гэж тус агентлаг үзэж байна.
2. Хавсралт: Fitch: Mongolia's AQR Fallout Should Lead to Stronger Banking System
Эх сурвалж: Монголынбанк
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
604162
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: